Wednesday, June 17, 2015

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бидэнтэй адилхан эрх эдлэх л ёстой





Бага охин бид хоёр өглөө БиБиСи-ийн хүүхдийн сувгаар "Something special" нэвтрүүлэг үздэг болоод овоо хэд хонож байна. Энэ нэвтрүүлэгт хөгжлийн бэршээлтэй хүүхдүүд оролцож, дохионы хэл бага сага заадаг. Жаахан хүүхдүүд үзэх их дуртай л даа, манай том охин ч бас багадаа их үздэг байсан. Энэ сувгийн хөтлөгчдийн нэг нь гаргүй эмэгтэй байдаг. Манайхыг энд нүүж ирэхэд л байсан. БиБиСи-д тэргэнцэртэй нэвтрүллэгч, хөтлөгч хэд хэд байдаг юм шиг байна лээ.

Манай охины сургуульд нуруу нугасны гэмтэлтэй бололтой тэргэнцэртэй хүү явдаг. Өчигдөр туслах багштай шатаар өөрөө явах гэж оролдож байхтай таарсан.

Гэрийн ойролцоо ахлах сургуулиас тарж яваа хүүхдүүдийн дунд Дауны өвчтэй нэг охин явдаг. Бусад хүүхдүүдтэй хамт л инээж хөхрөөд явж харагддаг.

Манай гэр зуурын жишээ иймэрхүү. Эрүүл мэнд, тэтгэлэг, асрамж гээд олон асуудал яригддаг ч тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар бид их чимээгүй байдаг. Энгийн жишээ гудамжинд явж байгаа нэгнийг шоолох, тас ширтэх, гайхах, сэжиглэх хандлага их байдаг. Үүний уршиг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг гэрийнхэн нь нуудаг. Бусдаас хамгаалж байгаа арга нь тэр байх л даа.

Би анх Америкт очоод нийтийн тээвэрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс их явдагийг хараад гайхаж байлаа. Манайхан ийм хүмүүс манайд цөөн гэх монголчууд олон таардаг. Цөөндөө биш нийтийн дунд гардаггүй учраас цөөхөн санагддаг гэвэл өөдөөс ямар ч тоо баримтгүй байж маргах нь цөөнгүй.

Хүүхдүүд ийм хүмүүсийг харж өссөн бол гайхаад байдаггүй, жирийн хүүхэд хүн гэж үздэг.

Кэмбрижэд манай лаборатори эмнэлэгтэй нэг байранд байлаа. Манай давхарт бичиг цаас хариуцдаг бололтой оффис байсан. Тэдний ахлагч нь хөл муутай тэргэнцэртэй, нэг ажилтан нь төрөлхийн бололтой хөлгүй, бас хуруу дутуу ч юм шиг. Тэр хүн орой ажлаа тараад цахилгаан тэргэнцэртэй лифтнээс буугаад унаагаа хүлээж байхтай нь олон таардаг байж билээ.

Гэртээ хоригдсон хүмүүсийн хувьд бусдад дарамт болж байна гэх мэтээр сэтгэлээр унах тохиолдол олон, энэ нь цаашаа эрүүл мэндийн, эдийн засгийн гээд олон үр дагавартай байх. Харин ингээд ажил хийгээд нийгмийн нэг хэсэг болж яваа нь сэтгэл өөдрөг явдаг нь ойлгомжтой. Үр дүн нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнх биш ажил хийж татвар төлнө, төрд ирэх дарамт багасна гээд наад захын жишээ нь.

Бид хүүхдүүддээ зөв тайлбарлаж ийм хүмүүст хүндэтгэлтэй хандахыг зааж өгөх хэрэгтэй байх. Сургууль, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ талаар анхаармаар. Бид нэвтрүүлэгч гэхээр нэг л их гоё хүмүүс байх ёстой гэдэг бодлоос салмаар. Зөв ярьж чаддаг бол тэргэнцэртэй хүн яагаад болохгүй гэж гэх мэт.

Чухам ийм хүмүүст хэрхэн ханддагаар нь нийгэм хэр хүнлэг вэ гэдгийг мэдэж болох юм шиг надад санагддаг. Тийм бол бид хаана явна вэ?

3 comments:

Piglet said...

Манайхан чинь гадаад байдал, харагдах байдалд нь илүү ач холбогдол өгөөд байдаг. Энд манай том охины сургууль дүүрэгтээ ганц өвөрмөц нь буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй хамт хичээллүүлдэг сургууль. Манай охин л лав тэргэнцэртэй, Дауны хам шинжтэй, бас бус ховор тохиолддог өвчтэй хүүхдүүдийн талаар мэдлэг сайтай. Тийм хүн таарлаа гээд учиргүй эргэж хараад л, шохоорхох эсвэл сэжиглэхгүй болсон. Харин ч ийм хэцүү байж бид нараас ялгарах юмгүй мундаг хүүхдүүд гэж ярьдаг. Манай нийгэм хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь биш ХҮН гэдгээр нь хүлээж авдаг болчихвол ч.

byambaa said...

tiim shu, ohinii baga surguulid bas tergentsertei huuhed bdg bsn. tamiriin udurlugt oroltsood l, hen ch terniig ad shoo uzehgu, bugd demjeed l. etseg ehcuuded hurtel tom sorilt bolj bgaan.

manaihan tiim humuusee tag nuudag, niigemtei haritsuuldaggui bolohoor, ted ih uurtai, utsaartai boldog yum bilee.

Блогчин хүү Commie said...

Та гурав бодвол гурвуулаа гадаадад байгаа байх. Тэгээд тэндхийнхээ тухайн нийгмийнхээ байдлыг тусгаад яриад байна. Тэгвэл эх оронд чинь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг битгий хэл, 50 гарчихсан хөгшин үрчгэр багш нарыг дунд сургуульд сурагчидтай ажиллуулдгийг болиулмаар байна. Тэд чинь цаг үеэсээ хоцроод, хүүхдүүддээ гологдоод байна гээд санал гаргаад байвал яах уу. Энэ бол онигоо биш, Монгол болж байгаа бодит үйл явдал.