Monday, June 22, 2015

Амартүвшин Cardiff Singer of The World тэмцээнд амжилттай оролцлоо





Манай дуучин Амартүвшин тэмцээний үзэгчдийн шагнал хүртэж, Беларусийн сопрано тэмцээнд тэргүүллээ. Амартүвшингийн хувьд дууны сонголт түрүүнд хүрэхэд саад болчихов уу? Дуурийн дууны тэмцээнд чадалтай сайхан хоолойноос гадна жүжиглэх чадвар, цомнолын хэллэг, өргөлт гээд их нарийн нарийн шалгууртай. Мэргэжилтнүүд бүгд дуу нэгтэйгээр Амартүвшинг мундаг дуучин гэж үнэлж байсан ч төгсгөлийн шатанд мань хүний сонголт тиймхэн болчихов уу гэж санагдсан. Нэг төрлийн драм эмэгнэлт аринууд дуулсан. Тайлбарлагчид арай өөр хурдан хэмнэлтэй хөгжилтэй маягийн дуу дуулсан бол гэж дуугарч байсан. Вагнер жаахан тааруу сонголт болчихов уу. мань хүний герман хэллэг италидаа хүрсэнгүй гэх шив. Ер нь бол янз бүрийн өнгө төрх хоолойн цараа үзүүлэх ёстой байсан юм шиг. Бас нэг мэргэжилтэн зурагтаар ердөө нэг л театрт дуулдаг байсан нь рэпэртуар болоод дуулах арга барилд нөлөөлсөн байж магад гэж байна лээ. Арга барил нь их "Old school" юм гэсэн.

Миний хувийн бодол; сопрано баритон уралдах жаахан хүч тэнцвэргүй юм шиг. Хөгжмийн зохиолчид дуурь бичихдээ сопрано, тенор хоолойнд суурилж хамгийн шилдэг аригаа тэдэн зориулсан байдаг гэж боддог. Баритон хоолойтой хүнд сонголт арай бага байж мэднэ. Түрүү авсан Надин Кучэр олон маш өөр өөр хэмнэл, өнгө төрхтэй дуунууд төгсгөлийн шатанд сонгосон нь зөв болжээ. Нарийн шүүмжийн хувьд эхний Моцарт тиймхэн байсан, франц хэлний хэллэг бас оноогүй, хамгийн сүүлийн ариний төгсгөлийн ноот буруу гарсан гээд байнаа. Мань хүний орос Иван Грозны дуурийн ари маш өндөр үнэлэмж авсан. Өөрийн төрлөх хэлээр дуулах шал ондоо шүү дээ.

Төгсгөлд нь Амартүвшин хэдий түрүүлээгүй ч нэрээ дэлхийн дуурийн тавцанд гаргаж чадсан. Өөр олон орноор явж дуулах боломж нээгдэх байхаа. Англи хэл сурах хэрэгтэй юм байна. Ярилцлаганд орчуулагчаар дамжуулах санаа оноо, тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөн зөв гарахгүй жаахан тийм юм. Тайзан дээр дуулахаас гадна үзэгчиддээ санаа бодлоо өөрөө хэлдэг өөрөө ямар хүн гэдгээ таниулах урлагийн хүнд их чухал шүү дээ. Ер нь манайхан ярилцлаганд нэг тийм жижүүрийн юм ярьдаг заншлаас салмаар юмаа. Зөвхөн миний хувьд биш монголын урлагийн хувьд их ач холболгдолтой гэх мэт… Үзэгчдэд тэр юунд ач холболгдолтой нь сонин биш харин тэр хүн юу бодож дуугаа сонгосон тэр дууг дуулахад юу бодогддог гэх мэт нарийн дотны яриа сонин шүү дээ.

Амартүвшингийн тухай яриа Ганбат агсаны тухай бас бодогдуулаад нэг тийм баримтат кино олж үзсэн жаахан сэтгэл дундуур үлдсэн. Нэг л тийм уянгын халил хорвоод олдохгүй өөгүй сайхан хүн байлаа эвий минь гээд л нэг цаг. Юугаараа тийм мундаг дуучин байваа, мэргэжлийн талаасаа юу нь түүнийг бусдаас ялгаатай харуулав гээд жаахан олны мэдлэгт хувь нэмэр хийчих юм ярьж болноо доо. Чухам тийм учраас энэ киног үзсэн хүмүүс нэг тийм сайхан хүн байж гэхээс өөр дурсах юм үлдэхгүй. Ид сайхан дуулж байхад нь студид хийсэн бичлэг цөөн. Зохиолын хэдэн дуу л байх шиг. Дуурийн тайзан дээр хүн гар утсаараа бичсэн бололтой тааруу бичлэг харагдаж байсан харамсалтай. Уг нь одоо тайзан дээр гарч байгаа дуучдаа албан ёсоор бичлэг хийж архивлаж баймаар. Урлаг соёлын өв гэдгээрээ чухал гэж бодоод байдаг юм.

Хэд хоног энэ тэмцээнийг бодож Амартүвшингээ дэмжиж, хөгжим сонсож сайхан байлаа. Сэтгэл сэргээж, сонгодог хөгжмөөр сонор мялаасан дуучиндаа баярлалаа. Уран бүтээлийн замнь өлзийтэй сайхан болтугай.


3 comments:

Блогчин хүү Commie said...

Анх СУИС-ийг байгуулагдаж байхад за, манайхны бэлтгэдэг сонгодог урлагийнхан гэж юу байхав дээ гэж голонгуй байдаг байлаа. Одоо ингээд 20-30 жилийн дараа эргээд харахаар Ганбат, Амартүвшин бас бус үнэхээр дэлхийн хэмжээний одуудыг төрүүлж гаргасан. Балетчин Алтанхуяг байна. Монголын заяа буян байгаад ийм сайхан авъяас байгалиас заяаж байгаа л байх. Тэгтэл тэднийг олж илрүүлээд дэлхийн хэмжээний од болгоно гэдэг бол Монголын соёл урлагийнхны потенциаль үнэхээр өндөр түвшинд хүрсний баталгаа юм даа. Социализмын үед мөнгө хайрлахгүй Софи, Киев, Москва, Свердловскийн консерваторид бодлогоор хамгийн авъяастайгаас нь шигшиж явуулж бэлдэж байсны л үр дүн юм даа гэж бодогддог шүү.

peakfinder said...

Манайх ч орос школтой улс л даа. Концертмэйстэр, бүжиг дэглээч нар орост төгссөн хүмүүс л байдаг байх. Муу биш, гэхдээ бусад улс бас нэг байрандаа суугаад байлгүй урагшилж байна. Манайхан ч гэсэн хоцрохгүй шинэ зүйл эрж хайх хэрэгтэй байх. Хоёр жилийн өмнө Улаанбаатарт балет үзэхэд хореограф миний хүүхэд байсан үеийнхээс нэг их өөрчлөгдөөгүй байсан. Бодмоор л байгаа юм.

Сүрэн said...

Хэдэн өдөр дэмжээд, догдлоод, баярлаад сайхан байлаа :) Ярилцлагын хариултын хувьд санал нийлж байна, тиймэрхүү тал нэлээд ажиглагддаг.