Monday, December 26, 2016

Энэ оныг үдэхсэн гэж яарахуй

Нэг сайхан тухлаж аваад юм бичих завдал гарахгүй явсаар байтал 2016 гэдэг он дуусах тийшээ хэдхэн хоног үлджээ. Нүүдэл суудал, жижиг сажиг ахуйн асуудлуудын араас гарч чадахгүй болохоор өөр хүнд сонирхуулчих юм ховор нь бас нэрмэх юмаа гэж. За он дуусахаас өмнө хэд хоног толгойд эргэлдээд байгаа ундуй сундуй хэдэн бодлоо жагсаагаад, жаахан замбараатай болгочихвол ирэх жил илүү аятайхан байх ч юм билүү.
Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн талаар илүү амлаж амжаагүй байгаа билээ. Үгүй ер ч гэмээр, гутармаар ч юм шиг. Гэтэл манай монголчуудын сэтгэгдэл бүр ихээр гайхашруулав. Ерөнхийдөө бол тийм баян хүн тэнэг биш л байж таараа. Мундаг ном бичсэн мундаг хүн тэгээд ч БН нам монголд элэгтэй байдаг гэсэн мэссэж их явлаа. Асуудлын гол нь Трамп гэдэг хүн тэнэг эсэх, хэдэн ном бичсэнээс жаахан холуур юм л даа (угаасаа тэр номыг нь хөлсөөр хүн бичиж өгдөг). Өнөөдөр манай улсад нийгмийн, эдийн засгийн, засаглалын олон асуудал бий. Олон хүн энэ асуудлын зангилаа нь хээл хахууль газар авсан, улс төрчид болоод том бизнесийн ашиг сонирхлын зөрчлөөс үүсэлтэй гэж үздэг. Тэгвэл хүмүүс ямар удирдагчийг хүсдэг вэ? Үнэнч шударга, ёс зүйтэй, янз бүрийн хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх цаашлаад өндөр боловсрол, мэдлэг, нийгмийн давхарга бүрийг төлөөлөх чадвар гээд олон чанарыг жагсааж болно. Гэтэл Трамп гэдэг хүн энэ жагсаалтаас нэлээн гадуур тууж яваа шүү дээ. Сонгуулийн сурталчилгаанд худлаа мэдээлэл тараасан (энд ч мань хүн ганцаараа биш), татварын мэдээллээ одоо болтол ил зарлаагүй, Трампийн Их Сургууль нэрээр олон хүн хохироосон, эмэгтэйчүүдийн талаар дундад зууны маягийн үзэлтэй, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчидтай дотно, шинжлэх ухааныг үгүйсгэгч, боловсролын төвшин нэг их өндөр биш гээд тоочиж бас болно л доо. Мань хүн сонгогдсоноосоо хойш багаа хэрхэн бүрдүүлж байгаа нь миний л хувьд манай монголын төр засгийн удирдлагатай улам л дөхүү харагдах. Сонгуулийн кампаанийн үеэр хамгийн их мөнгө өгсөн улсууд нь албан тушаал авч байна. Америкийн түүхэн дэх хамгийн олон саятан тэрбумтнаас бүрдсэн засгийн газрыг байгуулж байна. Бизнес эрхэлж байсан хүн ерөнхлийлөгчөөр сонгогдсон тохиолдолд тангараг өргөхөөсөө өмнө зарах эсвэл өөртэй нь хамаагүй шинэ ТУЗ-д бүрэн даатгах жишигтэй юм байна. Трамп болохоор хүүхдүүддээ удирдлагаа шилжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр бизнесийн асуудал эдний гэр бүлийг орхихгүй гэсэн үг. Цаашлаад хүргэн хүүгээ цагаан ордны тодорхой албан тушаалд дэвшүүлэх арга зам хайж байгаа бөгөөд энэ нь тус улсын Нэпотизмийн эсрэг хуультай зөрчилдөж байгаа болно.
Хүмүүс төрд орохоосоо өмнө баян болсон хүн огт шуналгүй болчих юм шиг андуу боддог. Тэгвэл нийгмийн эрх ашгийн төлөө юу ч хийж байгаагүй хүн ямар зорилготой төрийн эрхэнд гарахыг хүсэх билээ? Трамп бизнесийн ашиг сонирхлоо орхихгүй гэдгээ ч нуусангүй. Тайваний ерөнхлийлөгчтэй утсаар ярьсан нь тэнд зочид буудал барихаар хөөцөлдөж буйтай нь холбоотой гэдгийг хэд хэдэн том сонин шуугиад авсан. Сонгуулийн дараахан японы ерөнхий сайдтай уулзахдаа охиноо байлцуулсан нь ч бас тийм санамсаргүй хэрэг биш гэх юм билээ. Хөвгүүд нь аавтайгаа уулзуулах эрхийг нэлээд хэдэн дойлуураар тарааж байгаа сурагтай дээр гадаад дотоодын зочид нь хүлээж авч байгаа хүнээ гомдоохгүйн тулд Трампийн зочид буудалд бууж орлогыг нь өсгөж байгаа л гэнэ.
Тэгэхээр Трампийн засаглал ер нь манай монгол маягийн засаглалтай илүү ойрхон болох төлөвтэй. Монголын хувьд хүмүүс АНУ, хятадын харилцаанд үүсэх дов сондуул манайд ашигтай байж магад гэж харж байх шиг. Гэхдээ тэр ашиг түр зуурынх л байх, нэгэнт манай засаглал аливаад хурдан рэакц үзүүлэх чадвар муутай тул нэг их том өөрчлөлт авчрахгүй бизээ.
Тэгвэл энэ засаглалын өв юу байх вэ? Эмэгтэйчүүд, үндэсний болоод цөөнхийн эрхийн талаар гарсан дэвшил ухрах магадлалтай. Трамп дээд шүүхийн эзгүй байгаа суудалд шүүгч томилох ажилтай. Тэр нь үр хөндөхийн эсрэг үзэлтэй хүн байх болно гэдгийг нуугаагүй. Конгрес ба сенатийн олонх нь бүгд найрамдах намынхан тул дурын хүнээ томилох боломжтой. Обамагийн санал болгосон шүүгчийг энэ намынхан зориудаар хэлэлцэхгүй унагаад удаж байгаа. Гэр бүл төлөвлөлтөнд зарцуулах санхүүжилтийг бууруулах хандлага байгаа.
Байгал орчны ба дэлхийн дулаарлын судалгаа түүнтэй холбоотой гарсан хууль зохицуулалт буцах магадлалтай. Угаасаа дулаарлыг ил эсэргүүцдэг хэд хэдэн хүн түүний засгийн газарт орсон. Хамгийн түрүүнд дулаарлын судалгааны санхүүжилт өртөх байх. Энэ нь мөн л Трамп газрын тосны комапнид хувьцаа эзэмшдэгтэй холбоотой. Саявтар Өмнөд Дакотад болсон уугуул иргэд, газрын тосны компанийн тэмцэл өөрөөр эргэх магадлалтай. Угаасаа бид ялагдаагүй шүү дээ гэж газрын тосныхон мэдэгдсэн.
Угаасаа засгаас шинжлэх ухааныг санхүүжүүлэх нь буруу гэж үздэг хүн төсөв барих болсон тул шинжлэх ухааны бусад салбарын санхүүжилтэнд өөрчлөлт орох байх. Боловсролын сайд нь дунд сургуульд эволюцийн онол заахыг эсэргүүцдэг тэрбумтан гээд дүр зураг тааруу л бууж байна.
Гэхдээ Олон эрх ашиг хуулиар хамгаалагдсан, зохицуулагдсан байдаг тул алга урвуулахтай адил ч бас байхгүй л дээ.Тэгээд ч олон сая хүний эрх ашиг хөдөгдөхөд бүгд чимээгүй бууж өгөхгүй, их л олон шүүхдэлт болох байх.
Миний ажигласнаар хэсэг хүн баяжихаар бусдынх нь амьдрал дагаад дээшилнэ гэдэг либэртариан үзэл лав бидний хувьд тийм зөв зам биш юм шиг санагддаг. Хүний нэг амьдралд хэдэн байшин, хэдэн хувцас, хэдэн машин хэрэгтэй вэ? Дэмжээд томруулсан бизнесүүд жижиг бизнес бий болох хөгжих орон зайг хааж боодог үзэгдэл хаа сайгүй. Одоо л сайн сайхны үлгэр жишээ болсон болохоос Билл Гэйтс гуайн монополчлол олон бизнесийг дампууруулсан шүү дээ. Өөрөө өөрийгөө тэжээх боломж байхад нь боож хаачихаад дараа нь өглөг маягийн юм өгөөд өгөөмөр царайлах бас тийм. Тэгэхээр бид арай өөр зам, өөр зорилго, өөр мөрөөдөл хайх нь зөв болов уу? Бид цөөхүүлээ, манай зах зээл жижиг, газар зүй цаг агаарын бас соёлын өвөрмөц тогтолцоотой. Тэгтэл заавал бусдыг дуурайж буянаа барах шаардлага бий билүү? Би ядуу зүдүү амьдаръя гээгүй шүү дээ. Боломжийн байр орон сууц, эрүүл саруул орчин, сайн чанарын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг 3 сая хүн хүргэх тийм хэцүү гэж үү? Хүн аятайхан амьдрахад өөр юу хэрэгтэй вэ?
Энэ олон дайн мөргөлдөөн гол нийгмийн шударга бишид бухимдсан олны уур хилэнг ашигласан бас л эрх мэдэл, эд баялагийн төлөөх шунал өрддөг. Ер нь мөнгө шүтэхээ болиод шуналаа хянах аргатай бол нийгмийн бүх биш ч ихэнх асуудал шийдэгдэх байх даа.
Энэ оны сүүлийн бичлэг жаахан бараан болчихлоо. Наастр тийм болохоор өөр арга алга. Харин ирэх жил төсөөлсөнөөс өөр гэгээлэг байх болтугай гэж ерөөгөөд дуусгая даа.

3 comments:

Barimalch said...

Amerikuudiin shashindaa bohirdood sensertsen baidal Mongolchuudiin shashin suseg bishreldee jiveed sensreed bohirdson baigaatai mash adil uchiraas Mongolchuud ch ergeed hav haranhui MAN-aa songodog mun Amerikuud ch adil hamgiin bohir buduuleg Trumpaa songoj baina. Hillary n 65 say hunii sanal avaad Trump n 62 say hunii sanal avsan baihaa teglee geed tednii burangui sistemeer Trump n yalsan. Bushiinh shig suirel ANU-d bolhod nileen tohiroo n burdlee geed barag buh progressive ediin zasagchid ba erdemted uzej baigaa.

Unknown said...

Баярлалаа, таны бичлэгийг унших урамтай шүү. Танд, таны гэр бүлд 2017 онд хамгийн сайн сайхныг хүсье.

Anonymous said...

Minii %-d Trump garsan ni ih zuv. Shiidemgii hun yum hiih baih: Arabuudiig orohiig hyazgaarlana,Mexico US 2-n hoorond hana bosgoj ted nariig huuli busaar orj irehiig haana gej helsen. Arabuud IT, sanhuu, Mexicuud uilchilgee ruu tulhuu ortsgoodog, Tiim ursuldugchid bagasval end baigaa bid nart l iluu ih bolomj garch irne gesen ug.