Friday, February 3, 2017

Дунд сургууль

Гурван долоо хоногийн өмнө манай тосгоны дунд сургуулиас хүүхэд тань хойтон гадаад хэлний хичээл авах шаардлагатай тул ямар хэл сурах хүсэлтэйгээ сонгож мэдэгдэнэ үү гэсэн захиа ирсэн юм. Нэг сард шүү дээ, охин маань ирэх намар дунд сургуульд орно. Өнгөрсөн долоо хоногт хөгжмийн ямар нэг хөтөлбөрт хамрагдах боломжтой тул сонголт хийнэ үү гэсэн эмайл ирсэн. Өчигдөр дунд сургуульд намар элсэж орох хүүхдүүдийн эцэг эхчүүдийг цуглуулж танилцуулах яриа хийв. Манай тосгоны сургууль муждаа ч биш улсдаа сайнд тооцогддог сургууль бөгөөд өчигдөр тэр ярианд суухдаа аргагүй юмаа гэж бодогсон.
Америкт хүүхдүүд бага сургууль буюу 5-р ангиа дүүргээд дунд сургуульд гурван жил, ахлах сургуульд дөрвөн жил сурдаг. Хүүхдийн сэтгэлзүй, физиологийн их өөрчлөлттэй давхацдаг тул дунд сургуульд суралцах үе хамгийн ярвигтайд тооцогддог. Ер нь 6-8 ангийн үе хүүхдүүн хамгийн хурдан өсөлттэй давхацдаг гэнэ. Яриа нээсэн сургуулийн захирал эцэг эхчүүдэд хүүхэддээ санаа зовох хэрэггүй бид маш сайн харж хандах болно гэж тайвшруулсан өнгө аястай эхэлсэн юм. Ярианд голлох үүргийг 6-р ангийн долоон сурагч гүйцэтгэв. Тэд сургуульд энэ сургуульд орохоосоос өмнө юунаас бэрхшээж байсан, юу хэцүү байсан гэх мэт эцэг эхийн асуултанд хариулсан нь зүгээр багш нар яриад өнгөрөхөөс арай л илүү сонирхолтой байлаа.
Энэ дунд сургууль баригдаад хэдхэн жил болж байгаа юм байна. Их сайхан тохитой, анги танхим нь уужуу саруул барилга байна. Биднийг номын санд цугуулсан, бас л сайхан танхим байлаа.
Дунд сургуульд 750 гаруй хүүхэд суралцдаг юм байна. Манай тосгонд дөрвөн бага сургууль бий, тэнд төгссөн бүх хүүхдүүд нэг л дунд сургуульд цуглаж сурдаг. Хичээл өглөө 8:15 д эхэлдэг ч сургуулийн хаалга 7:00 гэхэд нээгдэнэ. Эрт ирсэн хүүхдүүд өглөөний сагсан бөмбөг тоглох програмд оролцох эсвэл номын санд сууж даалгавраа хийх, ном унших боломжтой. Хичээл үдээс хойш 2:51-д тараад хагас цаг хэртээ багш нар тухайн өдрийн даалгавар болоод ямар нэг ойлгомжгүй байгаа асуудалд хариулж тусалдаг. Сургуулийн номын сан дөрвөн цаг хүртэл ажилладаг, сургууль орой 6 цагт хаалгаа барьдаг гэж байна. Багш нар гэрийн даалгавар болоод хэзээ хурааж авах календарийг интэрнэт портал дээр тавих ба хүүхдүүдийн дүн, багшийн дүгнэлтийг эцэг эхчүүдийн мөн цахим хуудаснаас үзэх боломжтой. Хүүхдүүд багштайгаа бас эмайлээр харьцах боломжтой. Хичээлийн дараа хүүхдүүд сайн дурын клуб, дугуйланд хамрагдах боломжтой. Охин гадаад хэлэнд франц хэл сонгосон, сонгосон ч гэж хар хүн бид хоёр сонгуулсан. Сургуулийн найрал хөгжимд орох сонирхолтой гээд бүртгүүлсэн.
Хүүхдүүдийн эхэндээ хамгийн түгшдаг асуудал  шүүгээний түгжээгээ онгойлгож чадахгүй байгаад хичээлээсээ хоцрох явдал гэсэн ккк. Тийм учраас хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө 6-р ангийнхныг авчирч шүүгээний цоож онгойлгохыг зааж өгдөг юм байх. Ассултанд хариулсан долоон хүүхэд долуулаа цоож хамгийн хэцүү асуудал байсан гэж байна.
Энэ сургуульд гурван guidance counsellor ажилладаг гэнэ. Нэг нь эхний жил хүүхдүүдийн бага сургуулиас дунд сургуульд шилжих үед тусалдаг, нэг нь ерөнхийдөө сахилга батын асуудал хариуцдаг бололтой, нэгнээ шоглох, дээрэлхэх асуудалд гол төлөв анхаардаг, гурав дах нь сүүлийн жил хүүхдүүдийн мэрэгжил сонгох, их дээд сургуульд элсэх бэлтгэлд нь зөвлөж тусалдаг юм байна.
Сайн гэж үнэлэгдсэн сургууль, бас дээр нь захирал, багш нарын хандлага их зүгээр санагдлаа. Ерөнхийдөө бид нар хүүхдүүдийг чинь сайн сургаж өгнө, санаа зовох хэрэггүй гэсэн маягийн мэссэжтэй. Би ч тайвширлаа ккк. Ирэх сард хүүхдүүдийн хичээлийн хуваарь гарчихна гэнээ. Их эрт юмаа төлөвлөдөг юм байна. Одоо тэгээд дунд сургуулийн багш, guidance counsellor нь бага сургуулиудаар явж хүүхдүүдтэйгээ танилцдаг гэнээ. Тэгээд хичээлийн жил дуусахаас өмнө лав л хоёр удаа хүүхдүүдийг дунд сургуультай нь танилцуулах юм байх.
Санаанд хамгийн их таарсан зүйл бол хүүхдүүд сургуулийн цагаар гар утас хэрэглэхийг хориглодог. Утас хэрэглэсэн тохиолдолд хурааж аваад оявахад нь өгдөг гэнэ. Утас хэрэглэдэггүй хүүхдүүд цөөнгүй гэсэн нь миний санааг амраав. Охиндоо утас авч өгөхгүй бол бусдаас ялгагдчих юм болов уу гэж санаа зовж байсан юм.

2 comments:

Jagdag said...

Дунд сургуулийн эхний ангийг нүдэнд харагдтал гоё бичжээ, уншихад сонрхолтой, урамтай байлаа. Саяхан би цэцэрлэгийн талаар блоглосон - http://argamag.blogspot.com/2017/01/blog-post_13.html. Одоо бага сургуулийн талаар бичих гээд цаг завгүй гэсэн улигт тайлбар бамбаа барьсаар...тэгээд дунд сургуулийн талаар мөн өгүүлэх санаа бий, өөрийн чинь блог бичлэг олон санаа төрүүллээ. Баярлалаа...

Буруу зөвлөгөөнөөс хамгаалах тухай мөн их хэрэгтэй, гоё блог санагдсан.

peakfinder said...

Jagdag>> Сайн уу, танай блогийг уншсаар л байгаа, тэр болгон сэтгэгдэл үлдээж амжихгүй юм. Сургуулийн тухай бодууштай сайхан бичсэн байна лээ.