Monday, February 27, 2017

Цагаан сарын дурсамж

Миний санадаг хамгийн анхны цагаан сар хөдөө өнгөрсөн юм. Би дөрөв, таван настай байсан юмдаг уу даа. Ээж, аав хоёр дээд сургуулиа төгсөөд хөдөө нэг суманд томилогдоод удаагүй байсан цаг. Хорин хэдтэй тэр хоёр бусдын жишгээр өөрсдөө ул боов хийж, ууцаа чанаад, ээж гурван биедээ шинэ хөвөнтэй дээл оёж өмсүүлж байсан их тод санагддаг. Миний шинэ дээл навчин хээтэй бор торгоор хийснийг би овоо хэдэн жил өмссөөн. Сумын төвийн багш нарын ихэнх нь багш нарын гэх том хашаанд амьдардаг байлаа. Битүүний орой хашааны хамгийн ахмад болох нэг багшийн ээжийнд айл бүр савтай цай, тавагтай бууз барьж ороод битүүлж билээ. Шинийн нэгэнд нар мандахаас өмнө босч цайгаа чанаж, буузаа жигнээд нар ургахтай зэрэг гурвуулаа золгож байлаа. Тэр үед мөр гаргасан эсэхээ санахгүй байна. Дараа нь томчууд яасныг мэдэхгүй, би гэдэг хүн хашааныхаа хэдэн хүүхэдтэй нийлж аваад сумын төвийн бараг бүх айлаар олж бэлэг цуглуулсан байхаа ккк. Бүгдээрээ шинэ дээл өмсчихсөн додигор хүүхдүүд бөөн аз жаргал. Эхлээд хашааныхаа айл тэгээд гараад гудамжаа гүйцээгээд, дараа нь бүр өөр гудамжаар ороод. Айлын өгсөн бэлгийг дээлийн өвөртөө бас малгайндаа хийж аваад дүүрчихээр нь гэртээ орж ирж орон дээрээ асгаад л буцаад их зугаатай байсан юм шиг байгаа юм. Айлууд өөрсдийн хийсэн алган чинээ том хавтгай боов, хоёр гурван ёотон эсвэл цаастай чихэр, 12 мөнгөний дэвтэр, балын харандаа, баллуур голдуу өгч байлаа. Арай ховор таарсан нь дөрвөн төгрөгний үзэг, зургийн дэвтэр, өнгийн харандаа, усан будаг байв.
Дараа нь сургуульд орох жилээ Улаанбаатарт нүүж ирээд хотод цагаан сар болдоггүйд нь их гонсойж билээ. Тэр үед хотод цагаан сар хийхийг хориглодог, битүүний орой заавал урт хурал хийдэг байсан санагдана. Шинийн нэгэнд ажил, сургууль тасалбал хатуу шийтгэлтэй. Бид эмээгийндээ бүүр орой болсон хойно очиж битүүлээд өглөө нар мандахаас өмнө хальт золгож, эмээгээсээ бэлгээ аваад сургуульдаа явдаг байлаа. Мөр гаргах, тухтай сууж цайлах зав гардаггүй байв. Хориотой ч гэсэн хүмүүс ямар нэг хэмжээгээр ёсолж тэмдэглэнэ. Сургуулийн хүүхдүүд чихэр солилцоно, жаахан том болоод золгодог болсон. Хэн нь ахмад гэдгээ өдөр цагаар тооцно шүү дээ ккк.
Цаг өөрчлөгдөж цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг болоход би гэдэг хүн нутгаасаа гараад явчихсан байжээ. Хамгийн сүүлд хориод жилийн өмнө цагаан сараар гэртээ байж таарсан юм. Эмээ, өвөө, аав маань бүгд амьд мэнд элэг бүтэн сайхан баярлаж билээ. Эмээ битүүнд яг өөрийн гарын хоол бэлдэнэ. Тэрэн шиг тансаг сайхан амт байдаггүй л гэж боддог. Шинийн нэгэнд өвөөгийнд очоод битүүлгийнх нь үлдсэн хуушуурнаас идэх бас гоё. Ааваараа өглөө чанасан мах огтлуулаад сайхан шаргал цайнд хийж идэх бас л тансаг мэдрэмж шүү.
Хүний газар явахдаа монголчууд ойр бол нийлж тэмдэглэнэ, ойр үгүй бол гэр зуураа. Ном ёсоор нь таваг засч тэмдэглэх нас арай болоогүй гэж үздэг тул бууз жигнээд, сайхан хооллоод хүүхдүүдээ аль болох сайн баярлуулах гэж үздэг дээ. Өргөн дэлгэр тэмдэглэж үзээгүй ч том болсон хойноо цагаан сараар их сайхан баярладаг байж билээ гэсэн дурсамж үлдэг гэж боддог юм. Би хүүхдүүддээ гарын бэлэг бэлдэнээ. Тэрийг бол их эртнээс бодож, нэг их үнэтэй биш гэхдээ санаанд хоногших бэлэг авах гэж хичээдэг. Нөгөө л дараа нь дурсамж болж үлдэх юм гэсэн үг. За тэгээд нэг их удалгүй энэ хэддээ монголын цагаан сарыг үзүүлчихвэл тэгээд том хэрэг бүтэх юм даа.
Энэ жил ганц хоёр хүн уриад жаахан өргөн дэлгэр битүүлчих санаатай байсан бага охин гэнэт өвдөж эмнэлэгт хэвтээд амжаагүй. Багтраа өвчин хөдөлсөн байгаад түргэний машинаар эмнэлэг явж их л адал явдал боллоо.
Өчигдөр хальт дэлгүүр орж идэх юм цуглуулаад бууз жигнэж, бялуу хувааж хэр тааруу битүүлэг хийсэн. Хэдэн бууз илүүчлээд шинийн нэгэнд гээд хөлдөөчиxсөн. Орой тэрийгээ жигнэж идээд, бэлгээ тараана даа. Бэлэг аваад царай нь яах бол гэж бодохоор инээд хүрээд байх юм.

2 comments:

Тэмээчин бүсгүй said...

Сар шинийн мэнд хүргэеээ.

Бэлэг өгөх ч бас нэг гоё ажил шүү.

Хүүхэд байх үеийн Цагаан сар л хамгийн их хоногшиж үлджээ. Бид нар хөдөөнийх юм болхоороо гэртээ ирэхдээ хэнийх ямар бэлэг өгснийг ягштал цээжилж ирэхээс гадна гэрээс гараад гэртээ ирэх хүртлээ бүх үйл явдалыг ягштал цээжлээд аав, ээждээ ярьж өгдөг байж билээ.

Аятайхан бас хөгтэй явдал бол дахин дахин ярьж инээлдэцгээнэ.

Unknown said...

сайхан дурсамж байна, баярлалаа таньд