Wednesday, May 2, 2012

Зуун мянга дахь зочин шалгарав...

Уг нь түүнээс урдаад шинэ бичлэг оруулчих санаатай байсан ч зохион байгуулалт муутай хүн чинь амжсангүй ээ. Санаандаа олон хүн оролцуулчих гээд. Зуун мянга дах болоод зуун мянгад дөхүү гурван хүн сэтгэгдэл болоод эмайл бичсэн байна. Яг зуун мянга дах зочин маань дахин дахин орж байж зуун мянгат болов гэдгээ хүлээгээд булхайцсан гэж үзвэл гомдолгүй гэсэн байх юм. Харин 100005 ба 100008 зочид сэтгэгдэл үлдээж. Эхний хүнд булхай энэ тэр гээд байх нь хаашаа ямар ч гэсэн манайхыг гололгүй орж бас зуун мянга дах зочин болчихъё гэсэн зүтгэлийг үнэлээд, нөгөө хоёр зочиндоо бас сэтгэгдэл үлдээсэнд талархаад гурвууланд нь жижиг бэлэг явуулъя гэж шийдэв. Та бүхэн шуудангийн хаягаа peakfinder@yahoo.com эмайлээр явуулна уу.
Энэ сайхан завшааныг ашиглаад энэ блогоор орж гарч бас санал бодлоо хуваалцаж байдаг та бүхэндээ хамгийн хамгийн сайн сайхныг хүсээд, энэ сайхан талбарт дахин дахин уулзаж байхын ерөөл дэвшүүлье.

Friday, April 20, 2012

Зуун мянга дахь зочин...


Блог бичиж эхлээд овоо хэдэн жил болчихжээ. Саявтар даа зочны тоогоо анзаарвал 100 мянга уруу тун дөхсөн харагдана. Өдий олон жил миний бичсэн хэрэгтэй хэрэггүй бичлэгийг уншиж бодлоо хуваалцаж, урам хайрладаг зочиддооо баярлахгүй байхын аргагүй. Чухам уншигч байгаа болохоор л урамшин өдий хүртэл бичсэн билээ. Зуун мянга гэдэг миний хувьд их тоо, үүнийгээ тэмдэглээд зуун мянга дахь зочиндоо бэлэг барья гэж шийдлээ. Та бүхэн орж гарахдаа зочны тоог харж байгаарай. 100000 гэж байвал screenshot хийгээд шуудангийн хаягтайгаа хамт peakfinder@yahoo.com хаягаар явуулна уу.

Monday, April 9, 2012

Энэ одоо юу вэ?

Өнөөдөр энэ мэдээг уншаад нүд ам орой дээр гарах дөхөв. Төрийн тахилгатай Бурхан Халдуны шороо ашигласан тул эмэгтэй хүмүүсийг төрийн тулганы гал бадраах ёслолд оруулаагүй гэжээ. Яахав эмэгтэй болохоороо тэгэж байна гэж бүү бодоорой, надад эгдүүцэх хэдэн шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт, энэ толгойд байгаа улс өөрсдөө хууль ёсоо мэддэггүй, хэрэгжүүлдэггүй нь эгдүүцмээр. Монгол улсын үндсэн хуулинд иргэдийг нас, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт бий, бий ч гэж би байдаг гэж боддог юм. Энэ бол зүгээр нэг тунхаг биш юм шүү дээ. Энэ ёслолоороо монголын төр иргэдийнхээ тал хувийг ялгаж үздэгээ тод томруун харууллаа даа гэж би ойлгоод байна. Эмэгтэйчүүд тэр болдоггүй уулан дээр гаръя гээгүй байхад өөрсдөө шороог нь авчирч төртэй хутгаад эмэгтэй хүн оролцуулахгүй гэдэг бол бас л аймаар байгаа юм шүү. Аягүй бол тийм хууль энэ тэр санаачлаад хэлэцэх юм байгаа биз. Хэзээ нэгэн цагт эмэгтэй хүн төр баривал тэгээд яах юм болж байна. Ерөөсөө эмэгтэйчүүдийг төр барих ажлаас шахан зайлуулъя гэсэн бодлого юм уу. Тэр цагт хэдэн хууль нь хоорондоо зөрчилдөөд баахан л юм болно биз дээ. Нөгөө төр төмбөгөр ёс ёмбогор гэдэг нь алга. Зүгээр л дураараа нэг ийм шоу үзүүлж яах гэж байгаа юм бол.
Цаашилбал, Тэр шороог авчирч ёслол хийхэд хэдэн төгрөгний зардал гарсан бол? Лав л хэн нэгэн машинд дайгдаж очоод атга шороо авчраагүй. Наанадаж л нисдэг тэрэг хөлөглөж сүр хүчийг үзүүлж улсын мөнгийг үрэн таран хийсэн байж таараа. Тэгээд энэ гал тойроод зогсож байгаа улсын дунд нь үгүй энэ чинь болохгүй байна гээд дуугарчих хүн байхгүй гэхээр бас л бэрх байгаа юм шүү. За тэгээд ийм юм санаачилж хийснээрээ монгол улс эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал дээр хэдэн алхам ухарсан хэрэг боллоо гэдгээ ойлгож байгаа юм болов уу.
Ер нь төр шашин холилдох их дэмий эд гэж би хувьдаа боддог. Төр шашин холилдчихсон лалын шашинтай хэдэн улс, Афганистан энэ тэр гээд тод томруун жишээ бэлэхнээ байгаа биз дээ. Тухайн хүн шашин шүтэх эрхтэй байж болно, гэхдээ түүнийг нь төр барьж авч бусдад тулгах гэдэг ардчилсан гээд байгаа нийгэмд тохирохгүй эд шүү дээ. Би өөрөө ямар нэг шашин шүтдэггүй, гэхдээ шүтдэг улсыг нэг их төвөгшөөдөггүй. Тэдний итгэл үнэмшлийг хүндэлж явдаг гэх үү дээ. Тэр утгаараа тэр янз бүрийн эмэгтэй хүн гарч болохгүй гэдэг газраар явна гэж зүтгэдэггүй ээ. Харин тэнд байгааг энд авчирчихаад эмэгтэй хүн оруулахгүй энэ тэр гээд байдаг бол харин ёстой илүү зан. Угаасаа тэгээд уул тахилаа л гэнэ, миний л мэдэхийн тахиж байна гээд баахан хог овоолчихоод нэг их хэрэг бүтээсэн улс шиг явдагаа болимоор байгаа юм. Тэгээд тэр улс чинь уулын оройд очоод улс орныг минь өөдлүүлж хайрла гэж залбирдаг гэдэгт би л лав итгэхгүй. Цаг сайхан болж иргэд сайхан амьдрах хэрээр тэр улсын чинь олзны уут хаагдах учраас битгий өөдлөөсэй гэж гуйдаг биз.
Бид Чингис хаан гээд л байдаг хэрнээ яг чухамдаа тэр хүн яагаад тийм агуу байсныг ухаардаггүй нь хачирхалтай. Юм хийж чадах нэгнийг бол гарал үүсэл ялгалгүй хажуудаа авч ажиллуулдаг тэр хэрээрээ амжилттай байсныг бодууштай. Өөрийг нь шархдуулсан Зэв, татарын өнчин хүү Шихи Хутаг гээд наад зах нь. Тэгэхэд өнөөгийн засаг төр нь тэрний эсрэг хамаатан саднаа өөд татах, бас заримыг нь гадуурхаж хагалах бодлого явуулж буй нь харамсалтай.
Эцэст нь хэлэхэд ийм шоу хийж олон нийтийн анхаарлыг тулгамдсан асуудлаас холдуулах заль мэх юм уу даа. Сонгуульийн сурталчилгаанд бид ингэж гал бадраагаад л гээд баахан дэмий ярьцгаах юм уу хайшаа юм. Хуулиа мэддэг бас дээдэлдэг зарчимтай төрийн түшээ гэдэг өнөө үед байдаг юм болов уу? Нөгөө алмас, эсвэл Нэсс нуурын мангас шиг домог төдий болоод хувирсан юм байлгүй дээ хөөрхий.
Тэр үндсэн хуулийн цэцийн шийдвэр бол бүр аймшигтай. Тахилгатай газрын шороог тулганд өрсөн тул эмэгтэй хүн оролцуулаагүй нь зөв гэж байгаа юм уу. Нэртэйгээр нь тэр шороогоо төрийн ордноор нэг дэвсчихээд хүүхнүүдийг оруулахаа больчих. Нөгөө цай майгаа чануулдаг улс бас хүүхнүүдгүй байж чадахгүй байх л даа. Инээх ч хэцүү уйлах ч хэцүү, ийм төртэй бид одоо яанаа. Харанхуй мунхагийн тод томруун жишээ.

Thursday, March 29, 2012

Дахиад үхрийн бөөрдвөл...

Өнөөдөр тээврийн час өдөр гэмээр л өдөр байх чинь вэ? Өглөө босдог цагтаа босоод аахилж амьсгаадаад галт тэрэгний буудал дээр ирсэн чинь 6:31 галт тэрэг "cancelled", үгүй ерөөсөө Эдинбүрг явдаг галт тэрэгнүүд явахгүй байна, галт тэрэгний шугамд гэмтэл гарсан гэж байх юм. Арай тойруу чиглэлийн галт тэргэнд суувал ердийн өдрөөс бараг 20-иод минутын хойно ирдэг юм байна. Энэ галт тэрэг Лондон ордог арай тухтай, хүн цөөтэй чимээ шуугиан багатай, суудал элбэг юм. Зүгээр ч юм шиг. Гэм нь Эдинбүрг эцсийн буудал биш болохоор над шиг унтдаг хүн буудлаа өнгөрөөд баларч мэдэх юм.
Эдинбүргийн галт тэрэгний буудлаас эмнэлэгийн ажилчид зөөдөг автобусанд амжиж суугаад удаагүй байтал өмнө нэг дугуйтай хүн онхолдчих шиг үсрээд бараг 3 метрийн цаана унаж байна. Ахиулаад харсан бидний өмнө явсан жижиг машин мөргөжээ. Их ойроос ийм юм үзсэн чинь зүрх дэлсээд хачин болoв. Юун төлөө эмнэлэгийн автобус билээ, дотор явсан 3 эмч бууж унасан дугуйчныг үзэж түргэн дуудав. Тэгэж ингэсээр автобус бас л хэдэн минут саатсаар ажилдаа ирдэг цагаасаа бараг бүтэн цагаар хоцорч ирэх шив.
Орой буцахад галт тэрэг хуваариараа яваасай даа, өнөөдөр охины багштай уулзах юм. Гэснээс Гилийн хатны энэ бичлэгийг уншаад нээрээ тийм шүү гэсэн бодол төрсөн юм. Охин маань нэгдүгээр ангид ороод лав 8 сар боллоо. Эцэг эхчүүд өөрсдөө л унших, тоо бодохыг заахгүй бол энэ сургууль юм заадаггүй юм шиг санагддаг. Орой ирээд за юу сурсан гэхээр, өнөөдөр тийм тоглоомоор тэгэж ингэж тоглосон гэхээс юм сурсан гэж ер ярьдаггүй ш дээ. Сүүлдээ аргаа бараад өөрөө ном авч өдөр бүр унших давтлага хийж байгаа. Хоёулаа ажилтай улс хэцүү, орой 6 цаг өнгөрөөж сууна, өдөржин эрхэлж тоглосон хүүхэд тэр цагт ядарсан байна, ээж аав нь ядарсан бас уцаартай байна, жаахан дуугаа өндөрсгөхөөр охины нүдэнд нулимс цийлэгнэнэ, хэцүү хэцүү...
Монголд бол багшид хүлээлгэж өгөөд 2 сарын дараа хүүхэд уншаад сурчихдаг шиг санах юм. Дээр нь англи хэлээр яаж уншихыг 5 настай хүүхдэд заах хэцүү. Энэ үсгийг ийм үгэнд ингэж дуудана, өөр үг болохоор бас өөрөөр дуудана гэхээр хүүхдийн толгой эргэнэ биз дээ. Бага сургууль дүүргэхдээ уншиж сайн сураагүй хүүхэд байдаг гэж дуулдах л юм. Яахав бага багаар өдөр бүр суусны үр дүн бас гарч л байх шиг...
Хүү болохоор хоёр гурван жил монголд сургуульд сураад насаараа багшилсан эмээгийнхээ хажууд байсан гэсэндээ арай гайгүй. Гэхдээ л бие дааж юм хийх гэдгийг мэдэхгүй шүү дээ. Саваа мод бариад сүрдүүлсэн маягтай хажууд нь зогсож байхгүй бол юм хийхгүй шинжтэй. Ийм хүн яаж дээд сургуулийн оюутан болох юм бүү мэд. Дээр нь орчин цагт сатаарах юм их байдгийнх ч байж мэднэ.
Пөөх бөөн гомдол шиг юм болчихов уу. Өө тийм 2 жилийн өмнө монгол явж ирээд Булганд буусан баазын тухай энд бичсэн юм. Тэгсэн өчигдөр тэр баазын эзэн ийм сэтгэгдэл үлдээжээ: "D.Battulga said...

Булган аймаг дахь Туст тур жуулчны баазын эзэн Д.Баттулга байна а. Манай амралтын газрын талаар блогтоо сайхан тэмдэгдэл үлдээсэнд уншихад их таатай байлаа. Манайхаар дахин тавтай ирж тухлан амраарай. Танд болон танай гэр бүлийнхэн найз нөхдөд аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе!"

Сайныг жишээлсэн нь эзэндээ хүрч гээд сэтгэл нэг их өег болоод явчихсан.

Wednesday, March 28, 2012

Би өөрөө л...


Түрүүний бичлэгийн үргэлжлэл болох нь уу? Охиноо нөгөө музеитэй өдөр сургуулиас нь аваад замдаа за тэгээд та нарын хийсэн музеи сайхан болов уу гэсэн чинь "Гоё болсон. Хүүхдүүдийн ээж аав нь ирээд л... Манайхаас хэн ч ирээгүй болохоор би яахав хийсэн юмаа өөрөө л үзчихсэн" гээд том санаа алдсан шүү хөөрхий.

Wednesday, March 21, 2012

Завгүй завгүй гэдэг бичлэг...

Энэ завгүйгээс гөөмөн их залхаж байнаа. Ерөнхийдөө хувийн зохион байгуулалт тааруу хүн болохоор завтай байх нь ховор л доо, гэхдээ сүүлийн нэг хоё долоо хоног юу вэ л гэмээр болчихлоо.
Ажлын хувьд бид хэд нэг төсөл бичээд хэдэн цаас олж авсан юм. Тэр хэдэн цаас нь яг тийм хүмүүстэй хамтарч ажилла гэсэн болзолтой бөгөөд нөгөө хамтарч ажиллах хүмүүс маань өдөр болгон элдвийн юм асууж бичиг цаасаар дараастай. Маргааш би гэдэг хүн хүрээлэнгийн сэминарт presentation тавих юм. Тэрэндээ бэлдэнэ гээд гэртээ суугаа хүн ингэсгээд ажил хийдүүлж сууна. Хэ хэ оюутан байхдаа шалгалт дөхөхөөр хичээлээс өөр юу л байна хийх сонирхолтой болчихдог зан бас намайагаа орхиогүй бололтой.
Өнгөрсөн долоо хоногт хүүгийн сургууль дээр "Young musician of the year" гэдэг хөгжмийн уралдаан болов. Хүү маань оролцсон болохоор бид очиж үзлээ, охин ахыгаа дэмжиж монгол (буриад) дээлээрээ гоёв. Уралдааны сүүлийн шатанд шалгарсан хэд тоглож байна, зарим нь мэргэжлийн хөгжимчинөөс дутах юм алга. Хүү яахав морин хуураа үүрээд очсон, гуравдугаар байранд орлоо. Хүү маань тийм авьяаслаг хөгжимчин биш л дээ, ер нь бол хөгжмийн сонггол муу талдаа, гэхдээ морин хуураа тоглох дуртай. Бусдаас онцгойрсон авьяас байхгүй ч зүтгэл бас морин хуурны аялгууны сайхан ингээд юм дуулгаад байдаг юм. Концэрт дуусаад орой гэртээ ирсэн хойноо би гараа хугалчихсан юм шиг байнаа гэж авдгийн. Юу билээ гэсэн өдөр сагс тоглож байгаад гараа эвгүй дараа уначихсан одоо өвдөөд байна гэх, үгүй чи тэгээд яаж морин хуур тоглосон юм бэ гэсэн, тэсэхгүй юу гэнэ. Хөөрхий дөө, муу хүүгээ хичнээн өрөвдөв. Маргааш эмнэлэгт үзүүлэв, бугуйгаараа яс хугарсан бас үений гэмтэлтэй. Шохой тавиад дахиж ирж MRI д харуул гэнэ. Өчигдөр үзүүлсэн чинь үений гэмтэл чиг тавиад эдгэхгүй тул дөрөв дэх өдөр хагалгаа хийнэ гэж байх юм. Ийм хагалгаа 6 сар болж байж л бүрэн эдгэнэ, ядаж байхад баруун гар нь, 2 сарын дараа сургууль төгсөх шалгалттай байдаг яадаг шүү юм байгаа юм.
Өчигдөр ийм мэдээ дуулаад яая гэж байтал охин нэг урилга авчрав. Эдний анги энэ улиралд эртний Египэтийн тухай үзэж байгаа юм. Тэгээд сурсан мэдсэнээ ашиглаад өөрсдөө жижиг музеи хийсэн тэрийгээ эцэг эхээ урьж үзүүлэх гэж байгаа юм байна л даа. Тэр нь бас маргааш, би нөгөө айхавтар presentation тэй, хар хүн хүүтэй эмнэлэг дээр өнжих болчихоор хэн ч очиж чадахгүй гэсэн, охин маань ээжийнхээ цээжинд нүүрээ нааж байгаад нэг их уйлав. Үгүй бас охиноо баахан өрөвдөв. Хүний газар бас хэцүү юмаа, гэртээ байсан бол хөөе тэр минь энэ минь гээд хамаг юм уур уцаар, уйлаан майлаангүй амжихгүй юу.
Аа тийм энэ бүтэн сайнд охины төрсөн өдөр. Хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэдэг тоглоомын газар захиалга өгсөн, бас бэлэг, торт, ирсэн зочиддоо өгөх жижиг бэлэг гээд ажил бас байнаа.
Өнгөрсөн бүтэн сайн нээрээ эндхийн ээжүүдийн баяр байсан. Миний муухай охин ээждээ ийм мэндчилгээ хийж өгсөн. Үгүй нээрээ эд яасан хурдан өсч байнаа?

Friday, March 9, 2012

Balmaha hike

Энэ жилийн анхны зугаалга. Манайхаас машинаар цаг орчим явж хүрэх газар Ломонд нуурын эрэг Балмаха гэдэг газар. Бидний aвирсан уулыг Cone hill гэдэг юм байна.
Хүчтэй салхитай бас бороо үе үе шивэрсэн өдөр байлаа. Салхинд нүүрний арьс салчих гээд байх шиг ч байгалийн сайханд нүд баясаж хийморь сэргэв. Цаг зав гаргаад ингэж зугаалах юм шүү хэмээн дотроо амлав.
View Larger Map
Loch Lomond