Sunday, November 9, 2008

Түүхэнд үлдэх өдөр


Америкт ирсээр гурав дах ерөнхийлөгчийн сонгууль үзэж буй хэдий ч энэ удаагийн сонгууль олон шалтгааны улмаас онцлог болж өнгөрлөө. АНУ түүхэнд анх удаа өнгөт арьстан ерөнхийлөгчтэй болов. Сонгуулийн дүн гарахад зөвхөн америкт биш дэлхийн олон улс оронд баярласан хүмүүс цуглаж шинэ эрин үе эхэлж байгааг зарлав. Обама ямар ерөнхийлөгч байж ажлаа хэр сайн хийхийг цаг хугацаа харуулах боловч Кенийн малчин залуугийн хүү дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгчөөр сонсогдсон нь үнэхээр онцгой үйл явдал билээ. Энэ сонгуулийн дүн африк гаралтай америк залууст итгэл найдвар, үлгэр дууриал болж байгаа бөгөөд арьсны өнгийг чухалчлах үзэл үеэ өнгөрөөж байгаагийн дохио юм болов уу.

Миний ярилцсан хүмүүсийн ихэнх нь ардчилсан намыг дэмжигчид байсан нь шинжлэх ухааны салбарт ажиллагсадын үзэл бодлын нэг илэрхийлэл байх гэж боддог юм. Сонгуулийн өмнөх өдөр зарим нь Обамагийн ялалтанд итгэж баярлаж байхад зарим нь ялагдах вий хэмээн болгоомжлон догдолж байлаа. Сонгуулийн дүн гарахад бүгд тайвшран амьсгаа авахдаа америк хүмүүсийн саруул ухаан ялав гэж дүгнэцгээж байв. Миний танилуудын олонх нь Бушийг хоёр удаа сонгосон түмэнд итгэх итгэл алдарсан байсан гэдгээ хүлээцгээсэн юм. Энд бас Обамаг хүндлэн биширч саналаа өгсөн нэг хэсэг байхад хүнд нь биш зарчмын хувьд ардчилсан намын нэр дэвшигчид саналаа өгсөн нэг хэсэг бас бий. Дээр хэлсэнчлэн Обама чухам ямар ерөнхийлөгч болох вэ гэдгийг цаг хугацаа шалгана, харин энэ сонгуулийн дүн америкийн түүхэнд арьс өнгөөр ялгаварлах үзлийг давсан чухал алхам болсон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Хэдий хүн бол гарал үүсэл арьсны өнгө хамаарахгүй эрх тэгш байх ёстой гэж тунхаглаад хагас зууныг үзэж байгаа ч амьдралд энэ үзэл амь бөхтэй оршсоор байгаа юм. Зүгээр энгийн жишээ авахад африк гаралтай хэн нэгэн цагаан голдуу хүмүүсийн оршин суудаг хэсгээр явж өнгөрсөнийхөө төлөө зодуулах тохиолдол космополитан гэгдэх Нью Иорк хотын дүүргүүдэд гарсаар л байгаа. Нөгөө талаар хар бор голдуу улс оршин суудаг хэсгийн сургууль, эмнэлэгийн чанар тааруу байдаг. Энэ бүлгийнхэн эмзэг, бага орлоготой бүлгийн дийлэнхийг эзэлдэг. Хэрэв хар арьстай залуу эрэгтэй бол цагдаа зогсоож шалгах магадлал өндөр. Эдийн засгийн болоод оршин сууж байгаа байршилаасаа болоод энэ бүлгийн залуус гэмт хэрэгт холбогдох тохиолдол өндөр байдаг. Эрүүл мэндийн үйлчилгээний өртөг өндөр учраас хорт хавдар болоод зүрх судасны ужиг өвчин энэ бүлгийн хүмүүст оношлогдох эмчлэгдэх магадлал бага гээд амьдралын хэм хэмжээ арьсны үзлээс хамаарах жишээ олныг дурдаж болно.

Дээр дурдсан жишээ зөвхөн цагаан хүмүүс бусдыг ялгаварлаад байгаагаас биш африк гаралтай хүмүүс өөрсдөө хэцүү байдлаас гарах гэж тэмцэх биш нөгөө л боолчлол дарангуйлалд автаж байсан өнгөрсөнөө дурсаж цагаан хүмүүсийг буруутгаж байдаг. Олонх нь бид хар учраас яаж ч зүтгээд юмны оргилд хүрч чадахгүй гэсэн үзэл түгээмэл байгаа нь ажиглагддаг юм. Обама сонгогдсоноор арьсны өнгө зорьсондоо хүрэхэд саад болохгүй, хөдөлмөрч чанар хамгийн чухал болохыг харуулж чадсан гэж боддог. Олон мянган залуус өнөөдөр мөрөөдөлд дээвэр үгүй, зүтгэвэл хүрч болно гэсэн найдвар олж харсан болов уу. Ингээд бодохоор Обама сонгогдсон энэ сонгууль түүхийн хуудсанд томоор бичигдэх үйл явдал болов гэж бодож, хүмүүс гарал үүслээсээ хамааралгүй тэгш эрхтэй амьдрах цагийн эхлэл тавигдав хэмээн магнай тэнийв.

9 comments:

A.Амарсайхан said...

Буш гэж нэг даварсан баагий хаана л дайн болно тэнд хуруугаа дүрчихсэн байдаг байлаа. Үүнд цэг тавьсан Америк хүмүүст баярлалаа.

Дeстини said...

Condoleezza Rice setgel uvdum neg ug helsen baidag. USA har aristnuudad durgui baihad, har aristnuud USA-d itgel naidvar ugun, durlan zurgej irsen, ene bol bidnii tuuh yum aa gej.

MW said...

Жорж Вашингтон, Авраам Линкольн, Жон Кеннеди нартай эн зэрэгцэх нэртэй төртэй ерөнхийлөгч болон түүхэнд үлдэх байх гэж бодож байна.

Муланка said...

Сайхан бичжээ. Бүгд л Обамаг ямар нэгэн түүхэнд тэмдэглэгдэх том үйл явдлын эзэн болно гэж итгэж байгаа. Тэр итгэлийг нь бүү алдаасай.

ZAYA said...

Айлын сонгууль сайхан болох юмаа.
Гарна гэж үзэж байсан хүн нь гарчихаар ард түмэнд ч гэсэн сэтгэл хангалуун байдаг биз.

Pearle Deppsu said...

Чандмань ах бас гоё бичсэн байсан

Barimalch said...

Ene Songuuliin sonirholtoi barimtuud: har afrik amerikuudiin 96% n Obamad sanalaa ogson baihad, shar amerikuudiin 55% n nogooh orsoldogchid sanalaa ogson baina, Obamagiin uuguul muj Illinoisiinhon 76% n nutgiin huugee demjisen baihad New Yorkt Manhetnii orshin suugchidiin 85% n Obamag demjisen baina.

Ene songuuliin gol ontslog n mass hemjeegeeree bugd nairamdah namiinhniig uls toriin tavtsand doosh n chihsen chigleltei bolson. Ardchilsan nam songuulid 750 say $ iin iveen tetgeleg olson baihad bugd nairamdah 450 say $-iig tsugluulj chadsan.

Erkhembayar said...

Songuuliin dund delhii niiteeree setgel hangaluun baina. Neeree ezen hicheevel zaya hicheene gegcheer Obama saihan baharhmaar yum hiisen hun shuu

Munkhbayar said...

tiim bh shu