Sunday, June 14, 2009

Өвлийн өвгөн

Халуун зунаар юу яриад байнаа гэж бодож байна уу? Ямар ч л гэсэн өвлийн өвгөнтэй уулзсан л юм даа гэсэн. Компьютэрийн R хэмээх програм ашиглаж биостатистикийн анализ хийх тухай гурав хоногийн курсэд суух завшаан гэх үү таарсан юм л даа. Эхний өдрийн өглөө товлосон газраа заасан өрөөнд ороод өө андуурчихаж гээд эргэж гарах шахсан юм. Үүдний хавьцаа урт цагаан сахалтай, шилээ давсан урт цагаан үстэй, том нүдний шилтэй, том гүзээтэй хүн зогсож байх нь тэр. Хичээлийн танхимыг тойруулаад харвал хана, цонх ер нь тавьж болох газар бүрт тавиур тавьж элдэв жижиг тоглоом, газар газрын сувенир битүү өрсөн нь өвлийн өвгөний гэр ийм байдаг болов уу гэсэн төсөөлөлтэй яв цав нийлж байгаа юм чинь. Тэр ханаар лав л хэдэн зуун янзын жижиг шавар шаазан ваар, бас л янз бүрийн материалаар хийсэн амьтны барималууд, дурсгалын хавтан, түлхүүрний оосор, жижиг далбаа, янз бүрийн газрын нэртэй аяга шаазан, үгүй ер тоолоод барамгүй олон зүйлийг нямбай өрөөд, зарим түлхүүрний оосрыг хооронд нь хэлхэж ханаа чимсэн байв. Танхимын арын хананд гал тогоо хөөрхөн тохьжуулчихсан за тэгээд бас л тоо томгүй олон янзын аяга шаазан өрөөд, бойлерийн төмөр хавтан дээр ардаа соронзтой жижиг дурсгалын хавтанг зай завсаргүй өрсөн харагдана. Ийм юм үзэхээр хүн гайхах нь аргагүй байгаа биз. Урт сахалтай өвөө курсийг зохион байгуулж байгаа хүн гэнэ. Хичээлийн дундуур халуун кофе, цай, жигнэмэг жимсээр дайлаад үдээс хойно тавагтай чихэр бариад ширээ хооронд алхаж явах. Курсын төгсгөлд хүн болгонд жижиг дурсгалын зүйл сургалтын дипломтой хамт өгч билээ.
Яриаг нь сонсохноо олон газар янз бүрийн сургалт зохион байгуулах завшаан таарч явсан газар болгоноосоо бэлгэнд авсан болоод худалдаж авсан дурсгалын зүйлээ ингээд хичээлийн танхимдаа өрчихсөн юм гэнэлээ. Хамт хичээлд суусан залуу "Та тэтгэвэрт гарахдаа энэ их юмаа яаж цэвэрлэнээ?" гэж санаа зовонгуй асууж сонсогдсон. Гэр бүлийн хүн нь биш байх л даа гэхдээ үдийн завсарлагаар сайхан ааштай эмээ ирж аяга таваг цэвэрлээд нэг тийм үлгэрийн ч юм шиг. Нэг тийм ер бусын хүнтэй таарсанаа дахин мартахгүйн тулд энд сараачиж үлдээв. Найман сард тэнд бас нэг сургалтанд сууна. Тэгэхдээ тэр танхимын зургийг авахсан гэж хорхой хөдлөөд байгаа юм.

4 comments:

Anonymous said...

Хэ хэ хэ. Тэр урт цагаан сахалтай, гүзээтэй өвөө яг төсөөлөгдөж байна шүү. Үнэхээр хойд туйлаас уйдсан Санта өвөө тэгээд явж байвал яана аа? Сонин штээ. Гэхдээ байж болно шүү. ЖИлийн нэг өдөр нь хүмүүст бэлэг тараагаад, харин бусад 364 өдөрт ньийм ажил хийгээд явдаг байж болох юм.

Ганга said...

Ямарч байсан хүнд мартагдахааргүй өвөрмөц орчин бүрдүүлж байж хичээл заадаг хүн юм.

Саяхан зурагтаар хөгцний тухай сонин баримтат кино үзлээ. Бичмээр байвч, хальт сонссон мэргэжлийн хүн биш тул мэдээж дутуу дульмаг ойлгосон байж таарах энэ сэдвийг хөндөж зүрхэлсэнгүй. Чи завандаа, хөгцний талаар мэргэжлийн хүний хувьд сайхан бичлэг оруулаач.

3apaa said...

Зургий нь авсан бол их л сонирхолтой байх байждээ тэ?

Barimalch said...

Iim gesnees ene evropchuudiin huuhduud n bagadaa (1-3 nasandaa) shar esvel tsagaan ustei baigaad tomroh tusmaa hurenteed ongondoo ordog sonin uzegdel bainaa. Getel busad tiviinhen bagaasaa har ustei nas hogshirohooroo tsaidag.