Friday, January 14, 2011

Хүүхдийн ирээдүйн тухай хэдэн үг...

Зул сар, шинэ жил, аялал, ханиад томуу гэсээр юм бичилгүй уджээ. Толгой өвтгөсөн нэг асуудлаа хүмүүстэй хуваалцмаар санагдаад суулаа. Асуудлын эзэн манай том хүү. Хойтон жил эндхийн дунд сургууль төгсөөд дээд сургуульд элсэх ерөнхий төлөвлөгөөтэй ч наана нь шийдэх олон асуудалтай нөхөр. Их Британийн их дээд сургуульд суралцахын тулд мэргэжлийнхээ багцааг дунд сургуульд байхдаа сонгож тэр чиглэлийн хичээлээр стандартчилсан шалгалт өгсөн байх ёстой. Тэгэхээр хүүхэд 14-16 насандаа ирээдүйн мэргэжлийнхээ чигийг сонгосон байх хэрэгтэй болж байгаа юм. Миний бодлоор дэндүү эрт байх шиг. Америкт бол дээд сургуульд ороод 1-2 жил болж байж мэргэжлээ сонгодог нь таалагддаг. Яаралгүй тухайн чиглэлийнхээ хичээлд сууж үзсэн хойноо сонголт хийж байгаа болохоор өөртөө тохирсон зөв сонголт хийх магадлал өндөр гэж санадаг.
Миний санааг зовоож байгаа асуудал бол хүү маань сонголтоо баттай хийж чадаагүй яваа. Энд миний талаас үзүүлсэн шахалт бас нөлөөлдөг байж магадгүй юм. Ямар ч эцэг эх хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа зовж, тэдэнд зөв сонголт хийхэд нь тусалахыг хүсдэг байж таараа. Хүүгийн бодол өнөөдөртөө бол нэг тийм мөрөөдөл маягтай, палентологич болоод монголын говьд ухалт хийх, эсвэл археологич болоод энд тэнд малталт хийх тухай бодоод байдаг. Ийм мэрэгжил зөвхөн ухалт хийхдээ биш харин олсон харсанаа олон жилээр лабораторид судалдаг гэдгийг сайн ойлгохгүй байх шиг. Нөгөө талаар ийм төслийн санхүүжилт хэцүү. Би болохоор практик талаас нь бодож аливаа мэрэгжил эзэмшээд тогтвортой ажил амархан олдох уу, цалин хөлс ямар байх вэ гэсэн асуудал тавиад байх.
Мэдээж ажилдаа дуртай байх сайхан хэдий ч хар хүн бид 2 шиг богино гэрээгээр ажиллах нь тогтвортой амьдрал босгоход хэцүү. Наад захын жишээ хүү маань 3-4 орны сургуулийн систем дамжиж, үргэлж шинэ орчинд дасан зохицох хэрэгтэй болдог. Хүү өөрөө энэ талаар гомдоллодог ч яг цаг дээрээ тулахаар бас л бид хоёрын замаар орох гээд байх. Нөгөө талаас энэ бол хүүгийн минь амьдрал сонголтоо өөрөө хийх нь зүйн хэрэг гэж бодсон ч тэвчилгүй үг хавчуулаад орхих нь энүүхэнд.
Хүүгийнхээ сонирхолд нийцүүлж дэмжлэг үзүүлэх гэдэг хэцүү асуудал юмаа. Нээрээ дургүй ажилтай хүн бол бас амжилт гаргах магадлал бага, тэгэхээр хүслээ хөөг гэж нэг өдөр бодсоноо үгүй амьдрал мэдэхгүй энэ хүн дуртай юмаа хөөж яваад аль ч үгүй хоцрох вий гэсэн түгшүүр маргааш нь сэтгэл өвтгөнө. Бодлын зөрүүг яаж тэнцүүлэх вэ.
Би заримдаа нэг хэвийн 9-5 хүртэл цагийн ажил насан туршдаа хийгээд санаа зовох юмгүй амьдрах сайхан байх даа гэж боддог. Амжилт гаргаад цалин хөлс өндөртэй бол хүссэн юмаа хийхэд саад бэрхшээл байхгүй шүү дээ. Хобби заавал ажил байх албагүй. Харин ч эсрэгээрээ хүн дуртай юмаа хийж амардаг байвал зүгээр юм уу.
Ай хөөрхий бага хүүхэд бага асуудалтай, том хүүхэд том асуудалтай гэж үнэн үг юм. Хүү маань тун удахгүй сонголтоо хийнэ, би санал нэмэрлэхээс хүслийг нь хорьж дийлэхгүй, хүүхэд өсгөхөд тулсан хамгийн хэцүү асуудал нь хүүгийн сонголт хийхийг харж суух юм байна шүү.

9 comments:

Дeстини said...

Миний хувьд бодоход тэр бусад хүүхдүүд ч гэсэн мөрөөдлийн дүнд мэргэжлийн багцааг гаргасан байгаа. Нэг /2,3 байх тусмаа сайн/ палеонтологичтай ярьж цаг аваад, хүүгээ дагуулаад оч. Тэр мэргэжилтэй холбоотой сайн, муу, мэдвэл зохих бүх асуултыг асууж, өөрийн зан араншин, нөхцөл байдалтай харьцуулж үзэхийг эндхийн сургуульд элсэгчдэд зөвлөдөг. Зарим хүүхдүүд ийм ярилцлага хийсний дараа санаагаа өөрчилдөг нь зүйн хэрэг. Нөгөө талаар өөрийнх нь хийж байгаа зүйлс юу илэрхийлж байна?- палеонтологийн музейд хэдэн удаа очсон, энэ талаар бие даан уншдаг, цуглуулдаг эсэх, гарын нарийн эв дүйээс гадна хөдөө гадаа тэнэж, байгалийн элдэв нөхцөлд хээр хонож, түүнээсээ таашаал авч чадах уу гэх мэт зүйл бодолцох хэрэгтэй байх. Хар нялхаасаа Монголоос гарсан болохоор Монголыг санасандаа, тэнд байнга очих бололцоотой байхын үүднээс энэ саналыг гаргаад байна уу, эсвэл чин сэтгэлээсээ палеонтологич болохыг хүсч байна уу? Угаас зориг шулуудсан бол та 2 дэмжихээс өөр аргагүй болох нь ээ.

Anonymous said...

Sudlaachidiin huuhduud dundaas hed n Nobel avsan yum?! Herev olon bol huugiin chine zuv herev bish bol haiguul urgeljilne... :D

Mongoloos l lav Barsboldia gedeg uleg gurvel baidag gehdee teriig oor 2 gadnii paltlgchid neeluu dee. Barsbold guai Rinchen guain huu.

Barimalch

ganga said...

Мэргэжил сонгох амьдралын хамгийн чухал алхам шиг санагддаг. Дестинитэй санал нэг байна, сониохож байгаа мэргэжлийн хүнтэй уулзуулж бодит амьдралд ямар бэрхшээл таашаал байж болхыг яриулах, тэр ажлын орчинг үзүүлэх нь зүйтэй байх.

Намайг бага байхад зураг урлаг хавьцаа жингүйдэж байхад, "техникийн нарийн мэргэжил сонго" хэзээ ч хаана ч ажил олдоно найдвартай цалинтай гэж ээж аав зөвлөснөөр инженер болсондоо бараг насан туршдаа харамсаж явдаг. Хүн дуртай юмаа хийгээд түүнээсээ таашаал аваад явах шиг сайхан юмгүй мэт.

Anonymous said...

Tanii bichlegiig unshaad ooriihoo bodliig bichmeer sanagdlaa. Bi USAd nileen sain ih surguulid surdag. Bagaasaa l aaviigaa dagaj engineer bolno gej morooddog baisan. Engineer hun yag yu hiidgiig medehgui ch, yagaad ch yum mash goe meregjil yum shig sanagddag baisan. 10 jild baihdaa mat, fiziktee sain baisan bolohoor ch ter uu engineer bolno gesen moroodloo neg ih ergetsuulj bodolgui end engineer bolohoor irsen yum. Harin end heden jil suraltsaad, deed kurst orj nariin meregjiliin hicheeluud uzsenii daraa ooriigoo engineeriin zov tosoololgui, mash oroosgol oilgolttoi yavdag baisanaa oilgoson. Huuhed, osvor uyiin mini sonirhol ongotshon uzemjind tulguurlaj, amidralaas hol baisniig uhaarsan. Buruu tosoolol deer tulguurlasan husel bol jinhene husel bish shuu dee. 10 jiliin ihenh huuhduud turshlaga baga bolohoor eniig uhaarch amjaagui baidag bolov uu. Tiim bolohoor etseg ehiin amidraliin turshlaga deer undeslesen zovlomj huuhdiin meregjil songohod asar ih chuhal baih. Tanii huuhdiin ireeduid hen boloh sonirhol n nad shig ongotshon uzel deer tulguurlasan bol ireeduid ter sonirhol n oorchlogdchihoj magadgui. Tiim bolohoor odoohondoo husliig n horij baina gej bodolgui, huudee sain zovloj, chigluuulj uguurui.

Arsun said...

Мэргэжил сонгохыг тулгаж болохгүй сайн зөвлөлдөх хэрэгтэй байх.

Tsatsral said...

Хошуу нэмэрлэмээр санагдаад болдоггүй ээ.

Би ер нь бол аав ээжээсээ зөрж мэргэжилээ сонгосон хүн. Манай аав өөрөө инженер мэргэжилтэй мөртөө намайг эмч болгоно гэдэг байсийн. Нэг хэсэг химийн хичээлээр нилээн ч явсан. Яг химийн гүнзгийд сураад ирсэн чинь би тооны аргаар химийн хичээл хийгээд байгаагаа мэдэрсэн. Тэгээд л анагаахад шалгалт өгч байна гэж гараад л өөрийнхөө хүссэн ангид шалгалт өгчихсөн. Дараа нь тэгээд үнэнээ л хэлсэн.

Одоогийн мэргэжилийг минь эмэгтэй хүнд тохироогүй энэ тэр гэдэг л юм, гэхдээ л надад сонирхолтой санагддаг. Бас одоо өөрийгөө хараад байхад би эмч болсон бол тохиромжгүй санагдаад байдаг юм. Амархан хямарчих гээд байдаг бас хүний үгээр орчих гээд байдаг.

Тийм болохоор би өөрийнхөө дураар сонгосондоо ч тэрүү их дуртай л байдаг юм. Дараа нь хүн буруутгаж суухын оронд өөрийнхөөрөө явсан дээр биз дээ. Хийx байсийн гэхийн оронд хийгээд чадсангүй гэж байсан нь дээр гэж бодож байна.

Харин Дэстинигийн санаа надад их таалагдлаа, хүү маань том болохоор нь яг энэ аргаар мэргэжил сонгоход нь тус болох юм шүү.

ZAYA said...

Эцэг эхчүүд өөрсдийнхөө алдааг хүүхэд дээрээ засах гээд хичээдэг гэнээ.
Жишээ нь би сургуульд байхдаа тооны төрлийн хичээлдээ дургүй биш ч гэлээ сайн байгаагүй болохоор тоо л бодохгүй бол яахав гэсээр хэлний хүн болчихсон.
Гэтэл амьдрал дээр тоо ямар хэрэгтэйг сургуульд байхдаа ойлгоогүйгээр ойлгож, охиноо харин тоочин болгохоор мухайрдаж өгсөн. Охины хувьд багаас нь тооны хичээлд нь анхаарал хандуулсаны хүчинд муу биш ч гэлээ, дуртай биш. Энэ асуудал мэргэжил сонгоход бас их нөлөөтэй байх шиг...
Чадах, бас үнэхээр амжилт гаргах салбараа зөв сонгоход нь туслана гэхээр л үл ойлголцол үүсчих гээд хэцүү асуудлын нэг дээ.

peakfinder said...

Дeстини>> Хүүгийн маань сонголт дандаа хөдөө гадаа явах ажилд дуртайгаас үүдсэн хэрэг. Тэгээд л би ийм ажилтай хүмүүс үргэлж аялаж ухалт хийдэггүй гэдгийг л ойлгуулах гэсэн санаатай. Миний бодлоор өөрөө ч бас юу хиймээр байгаагаа сайн мэдээгүй л яваа болов уу. Орой болгон шахуу л ярилцах, заримдаа сансар судлал, цөмийн физик болчихно. Миний хүсэл бол жингүйдэж яваа мөрөөдлийг нь бодит байдалтай холбож ухааруулах гэсэн санаатай.
Barimalch >> Алдар нэртэй болох гол биш юмаа. Өөрийн ажил амьдралдаа сэтгэл хангалуун явж чадаж байвал боллоо гэсэн зорилго тавиад байгаа ухаантай. Харин юу хийвэл сэтгэл хангалуун амьдарч чадах вэ гэдэг нь тодорхой бус байна даа...
ganga >>Дуртай ажил бас амьдралын хэрэгцээний тэнцвэрийг олох хэцүү асуудал... Би ч бас хүүгээ инженер болооч гэж хэлээд байгаа. Миний бодлоор хүү маань сонголт хийхэд арай л балчирдаад байна уу гэж бодогдоод байх юм.
Anonymous>> Харин тийм.. Дараа нь харамсахгүй сонголт хийгээсэй л гэж хүсэх юм.
Arsun >> Тулгаж мэдээж болохгүй л дээ. Өдий насанд ээж аавын үглэлт хүүхдэд унацтай тусдаггүй юм шиг байна. Зөвлөлдөж л байна.
Tsatsral>> Дуртай ажлаа хийх мэдээж сайхан. Би ч гэсэн өөрийн дуртай ажлаа хийж яваа, гэхдээ ажил маань аж амьдралд маань заримдаа тээг болох нь бий. Энэ ажил л намайг нүүдэлчин болгож, одоо болтол төвхнөж амжаагүйд маань нэмэр болсон гэж боддог юм. Ганц бие хүн бол хамаагүй л дээ, гэр бүйлтэй болоод ирэхээр заавал аль нэгийг нь сонгох хэрэгтэй болдогт би дургүй. Хүүгээ тийм амьдарлаар бүү амьдраасай л гэж хүсэх. Миний хүсэл тэр хүний бодол жаахан зөрүү гараад байгаад юм.
ZAYA >> Яг үнэн... Би хүүгээ миний алдааг дахиж бүү гаргаасай гэж л хүсээд байгаа ухаантай.

Тэнүүн-Тэлмэн said...

Сайн байна уу?
Би эхлэн бичигч болж байгаа юм.
Хэд хоногоос манайхаар зочилоорой.