Monday, April 4, 2011

Milan Kundera: The unbearable lightness of being

Энэ номны нэрийг монголчлох гэж янз бүрээр үзээд дийлсэнгүй ээ, донжийг нь олоод оновчтой орчуулж чадах хүн байвал тус болно уу гэж хүсэх байна. Чехийн зохиолч Милан Кундэрагийн энэ ном түүний хамгийн сайн зохиол гэж утга зохиол судлаачид үздэг. Үйл явдал 1968 онд зөвлөлтийн арми чехэд орж ирсэн үетэй давхцах бөгөөд энэ үйл явдал болоод ерөнхийдөө дарангуйлал, коммунизм хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буйг мэс заслын эмч Томаш түүний эхнэр Тэрэзa бас нууц амраг Сабинагаар төлөөлүүлэн үзүүлжээ. Гүн ухааны эрэгцүүлэл ихтэй, хүнд ихийг бодогдуулсан ном байлаа. Сонирхолтой санагдсан хэсгүүдээс (эрэгцүүллээс) дурдвал:
- Сталины хүү Яковын үхлийн тухай (үнэн эсэхийг мэдэхгүй) өмнө нь дуулж байгаагүй хувилбар. Уншаагүй хүмүүсийн сонирхол буурах учир ингээд орхилоо.
- Эдипүсийн домог ерөнхийдөө өөрөө мэдэлгүй хийсэн муу үйлдээ хэн нэгэн хариуцлага хүлээх хэрэгтэй юу гэсэн эрэгцүүлэл.. Энэ эрэгцүүлэл их юм бодогдуулахаар.
- Хамгийн их таалагдсан эрэгцүүлэл бурхан хүнийг өөрийн дүрээр бүтээсэн гэх боловч энэ дүр хэр үнэн дүр вэ? Жишээ нь хүн идсэн ууснаа ялгадас болгон гадагшлуулдаг харин бурхан яадаг бол? Хэрэв бурхан бие засдаггүй бол хүн түүний үнэн хуулбар биш, харин бие засдаг бол бурхан гээч тийм ариухан зүйл биш болчихно. Энэ хэсэг бидний багадаа Ленин багш бие засдаг байсан эсэх тухай маргадаг байсан үеийг санагдуулж билээ. Энэ маргаан одооны хүүхдүүдэд их сонин санагдах байх даа.
Нэгэнт дөхүү сэдэв таарсаных сүүлийн үед хэвлэлээр шуугиад байгаа Сүхбаатарын тухай маргааны талаар илүү үг хэдийг хавчуулмаар санагдаад сууж болсонгүй. Өнөөдрийн Washington post гарчиглаж суутал Мартин Лютэр Кингийн тухай бас сонин нийтлэл гарсан нь бүр далим болчихлоо.
Уг нийтлэлийн гол утга нь Мартин Лютэр Кингийн амьдрал, хувийн зан чанар ном, кинонд бодит байдлаас их хол тусдагийг шүүмжилжээ. Нийтлэлийг бичигч Кингийн үйл хэрэг ариун байсан хэдий ч Кинг өөрөө жир нүгэлтэн байсан юм шүү гээд: тэрбээр архи ууж, тамхи татаж, нууц амраг олонтой байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Яагаад гэвэл энэ бүхнийг дэлгэвэл арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл ямар нэг байдлаар үнэ цэнээ алдчих мэт санагддаг учраас. Гэхдээ хүн гэдэг хүн, алдаа мадаг, муу зуршилгүй төгс хүн гэж үгүй учраас энэ бүгдийг нуух нь утгагүй харин ч үнэнийг ил тод байлгах нь түүний гаргасан алдааг хэн нэгэн дахин гаргахаас сэргийлэх учиртай гэсэн байгаа юм.
Сүхбаатарын хувьд ч гэсэн бас ижил; тэр хүн тухайн үеийн түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн. Сайн үйл хэргийн төлөө зүтгэсэн хүн бас өөгүй өндөг шиг байдаггүй, өөтэй байлаа гээд үйл хэрэг хямдардаггүй л гэж бодогдох юм. Харин муу сайныг нуугаад ирэхээр нөгөө хүнийг тахин шүтэх гэдэгт дөхчих гээд байгаа биз?
За нөгөө номны тухай эхэлсэн маань баахан нуршуу маргаан болчихов уу? Харин энэ номыг боломж гарвал уншаарай, ихийг бодогдуулах юм билээ. Уншсан нь бодлоо хуваалцвал бас их талархана шүү.

5 comments:

saixan said...

Олон жилийн өмнө уншиж байсан, их сонирхолтой ном байсан. Нэрийг нь орчуулах гэж оролдохоос ч халширч байна.

Anonymous said...

Би энэ номон дээр review бичих гэж оролдож байхдаа би нэг удаа орчуулсан. Одоо бол би өөрөө яг юу бичсэнээ ч санахгүй байна. Гэхдээ постоо линклэлээ.

http://anuharchu.blogspot.com/2010/05/unbearable-lightness-of-being.html

deegdalantai said...

Өөрийнхөө орчуулгын оролдлогуудаас энд тавихгүй юм уу?
Уншихад амар, ойлгоход хялбар боловч яг монгол хэлээрээ хэлэх гэхээр үнэхээр таг болох гээд байна шүү хэхэ. Нэг нэгийн харьцаатай шууд орчуулах хэцүү юм. Үг нэмж хасч байж сая сонсголонтой зүйл гаргаж авах байх. Би бол иймэрхүү хэлбэрүүдээр орчуулах юм байна:
Оршихуйн тэвчишгүй хөнгөн чанар, оршихуйн гүндэхь тэсвэрлэшгүй хөнгөн чанар, Бий бүхний тэвчишгүй хөнгөн ахуй ... сүүлийнх нь арай хэтрүүлэг болчихлоо. Гэхдээ би бол нэг энэ зүгрүү л хөрвүүлэх юм байна.

Anonymous said...

харин тийм монголруу юу гэж орчуулмаар юм гэж би бас зөндөө бодсон шүү сайн орчуулагч бол яг олоол хэлэх байхдаа миниихээр бол Оршихуйг минь үгүйсгэгч эрх чөлөө гэхиймуу хайшаа юм хэ хэ би чехээр уншсан
харин сүхийн хувьд бол хүний хувийн зан чанараас илүү түүхэн хүний хувьд гүйцэтгэсэн эрэмбийн асуудал гэж би ойлгосн тиймээс ч талбайг хэзээ нэг цагт чөлөөлөхөөс өөр яахав

mlyndo

peakfinder said...

S >>Орчуулахад хэцүү нэр байгаа биз?
Anu Harchu >> Чиний review-г уншлаа. Чи бид хоёр хоёр өөр талаас нь харж уншсан юм байна.
Дугуйлан - философийн клуб>> Санаанд таарсан хувилбар ерөөсөө буухгүй байгаа юм. Үгчлэхгүй утгачилж орчуулбал зүгээр юм уу. Миний хувьд lightness гэсэн үгийг хэрхэн сонсголонтой монгол уруу хөврүүлэх вэ гээд таг болчихсон...
mlyndo >> манайхаар зочилж сэтгэгдэл үлдээсэнд талархав.