Friday, October 14, 2011

Норманд нутаг

Францын баруун хойд хэсгийг эзлэн орших Норманд нутаг Францын газар нутгийн 5%-ийг эзэлдэг аж. Үүх түүх нь энд ирж суурьшсан викинг гаралтай хүмүүсийн нутаг гэх. Викингчууд хот тосгод дайрч дээрэм тонуул хийгээд болохгүйд нь тухайн үеийн эзэн хаан нутаг тасалж өгч, Норман гүнлэг хэмээн нэрлэсэн гэдэг. Өдгөө энэ нутаг засаг захиргааны хоёр мужид хуваагддаг (Haute-Normandie, Basse-Normandie); дээд доод Норманд. Энэ зун дээд болоод доод Норман нутгаар овоо хэдэн хоног хэсүүчлэх боломж таарсан юм.
Дээд Норманд нутаг хөдөө аж ахуйн том бүс нутаг. Бороо хур ихтэй, үржил шимтэй хөрсөнд юу ч тарьсан сайхан ургадаг гэлцдэг юм байна. Улаан буудайн ургац жилдээ хоёр удаа авдаг гэж уулзсан тариаланч хэлж байсан. Норманд бас сүүн бүтээгдэхүүнээрээ алдартай. Хүрэн алаг Норманд үнээний сүү тослог ихтэй, ийм сүүний цөцгий, цөцгийн тос, бас тослог зөөлөн бяслаг (brie, camamber) нь алдартай.
Эндхийнхэн алим их тарина, цаг агаар нь тохиромжтой болоод тэр биз. Алимны нухаш, алимтай бялуу, исгэсэн алимны шүүс (cider; манайхаар бараг бараашиг гэвэл болмоор), бас шүүсээ нэрж хийсэн алимны архи (calvados) нь энэ нутгийн онцлох бүтээгдэхүүн аж.

Гахайн цусан зайдас төмс алины нухаш, алимны бараашигтай

Эндхийн үнээтэй бас газар тариалан эрхэлдэг хоёр ч фэрмээр зочлох завшаан таарсан юм. Бидний байрлаж байсан байрнаас холгүй томоохон фэрмийг нэг залуу авга ахтайгаа хамтарч ажиллуулдаг. Яг хэн нь эзэн болохыг мэдэхгүй учраас ажиллуулдаг гээд тавьчихлаа. Өөрийн болоод түрээсний 40 гаруй га газарт маалинга, эрдэнэ шиш, арвай, улаан буудай тариад хурааж байхтай нь таарсан юм. Тариагаа хураагаад сүрлээр нь том том ороомог хийгээд фэрмдээ жимбийтэл хурааж... Залуугийн ярьсанаар аав нь энэ фэрмийг ажиллуулж байгаад тэтгэвэртээ гарсан, эднээс холгүй амьдардаг. Тариалнгаас гадна 200 аад үнээ саадаг гэсэн байх юм.


Сүрлэн бухалнууд

Нөгөө нь хуучны танил фэрмэр. Эднийх бас тариа тарьж 50 орчим үнээ саадаг. Хоёр хоног тутам 2000 литр сүү тушаадаг гэсэн байх шүү. Нэг үнээнээс хоногт 20 литр сүү гардаг гэхэд нь анх их л гайхаж билээ. Үнээний фэрм их тохьтой, үнээгээ цахилгаан саалтуураар саана, саасан сүү нь шууд 4000 литрийн багтаамжтай хөргүүртэй манайхны хэлдэгээр ёмкст шууд орчихдог юм билээ. Тавиас олон үнээ саах сонирхолгүй, жил бүр илүү гарсан тугалаа борлуулдаг гэж байсан. Эхнэр нь фэрмийн ажил цаг наргүй, амралт авч ийш тийш аялах юм үзэх боломж гардаггүй гэж гомдоллоод авна лээ.





Эднийх хэдэн жилийн өмнө фэрмийнхээ "байшинг" өвлөж авсан юм. Хашилтанд хийсний учир байшин нураад гаднах 4 хананаас өөр юм үлдээгүй басныг тэр жил очиход харуулж байсан юм. Хоёр жилийн дараа нөгөө байшингаа сайхан засаж янзлаад орчихсон байна лээ. Тохь тух бол ярих юмгүй.

Байшингийн дотор (гаднах зураг авахаа мартсан байна лээ)

Доод Нормандад түүх дурсгалын олон газраар явсан учир хүмүүсийн аж амьдралтай нэг их ойр танилцаж чадаагүй. Дээд нутгаа бодвол цаг агаар нь дулаан бас үзэх харах юм ихтэй учир жуулчин овоо цугладаг гэх. Дээр дурдсан Ренёнвилийн цайз доод Нормандад бий. Бас алдартай Mont Saint Michel үзэх боломж гарсан, энэ тухай тусад нь бичнээ.




Ла Маншийн хоолойн эрэг; өмнө зүгийн эргийг бодвол хүн сэлүүхэн

Дэлхийн хоёрдугаар дайны баруун фронт Их Британи, Америкийн цэргүүд Нормандын эрэг дээр бууж эхэлсэн. "Байлдагч Райаныг аварсан нь" гэдэг киноны үйл явдал чухам энэ нутагт болсон хэрэг. Гэхдээ кино зургаа Ирландад авсан юм билээ. Бид Colleville тосгоны америкийн дайчдын оршуулгын газраар орсон юм байна. Дайн гээд ярих нэг хэрэг ч энд ирсэн хэн бүхэнд амь үрэгдсэн залуу хөвүүдийн хойноос харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ.



Omaha beach

D day-д зориулж барьсан бетонон усан онгоцны зогсоолын үлдэгдэл

4 comments:

SUNshine said...

тэр эхний зураг :P идэх апетит ёстой төрөхөөргүй юм гээч
би блогоор чинь зочлох дуртай шүү :)
анх удаа л коммент бичиж байна

peakfinder said...

SUNshine>> Хэ хэ энэ нэг жаахан тийм юм болсон байна шүү. Амтны сайхныг нь бодсоноос өнгө үзэмжийг нь бодолгүй энэ зургийг тавьжээ. Зоогийн газар биш хөдөө зуны байшинд хооллосон байдал л даа гээд өөрийгөө өмөөрчих үү? Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.

Unknown said...

Mont sain michelle үнэхээр сайхан газар шүү. 1997 онд очих завшаан тохиолдож байлаа. Эндээс холгүй saint-malo гээд бас сайхан газар байдаг.

miracle said...

Энэ бөөн цагаан цагаан загалмайтай оршуулгын газар уу ямар сайхан цэвэрхэн эмх замбараатай ногоон юм бээ тээ