Wednesday, January 16, 2013

Вакцинжуулалтын тухай нийтлэл


Ийм нийтлэл FB дээр олсоноо зуун хувь санал нийлж байгаагийн хувьд хуулж тавилаа. 

Статус шинэчлэлт
Оруулсан: Anar Ganbold
Аан, за за...
Хүн болгон өөрийгөө бусдаас гойд гэж ерөнхийдөө боддогоороо яг адилхан. Гэхдээ жоохон жоохон юмаараа л бас ялгаатай. Тэрийг нь анзаарж таашаал авах бөөн кайф. Жишээлбэл, даварсан хаанаас зугтаж улс байгуулсан болхоор америкд янз бүрийн хуйвалдааны донтой гарууд элбэг; Оросууд анх үүсэхээс ээ л гадаадуудын дарамтан доор байсан болхоор бас бөөн паранойд сэтгэлгээтэй. Хятадууд одоогийн хэт үндэсэрхэг үзлээрээ өнгөрсөн зуун жилийн азгүйтлээ компенсацлдаг. Монгол хүний сэтгэлгээ бас зарим талаараа ориг. Согтохлээрээ бардаад бас тэрийгээ нүүдэлчин сэтгэлгээ гэнэ. Хаанаас хэн юу ч гэсэн хамаагүй дагана. Яг салхинд хийсч байгаа гялгар уут. Бодвол хээр тэнэж байхад баттай байтугай эх сурвалж байхгүй байсан болхоор үнэн худлын шалгуур сэтгэлгээнд нь ерөөсөө үүсээгүй байх. Есүхэй дээр нэг гар ирээд хасагууд 2 хоногийн цаанаа ирж явна гэхлээр итгэхгүй гэвэл авгайгаа дээрэмдүүлэх эрсдэл нь нэмэгдэнэ шт... Олон арван мянган жилийн туршид ийм мэдээллийн тарчиг нөхцөлд үүссэн сэтгэлгээний онцлог нь харин одоогийнх шиг хэт их мэдээллийн үед нэг л сайн зохицож өгөхгүй байгаа юм. Дэлхий сөнөнө- аан за за, хүн сармагчинаас үүсээгүй- аан за за, вакцин хортой- аан за за... Өөр газар ч гэсэн дэлхий сөнөхтэй давхцаад хүмүүс ууланд бүгээд байсан л даа, гэхдээ тэнд тэгэж бүгж байгаа хүмүүсийг харах гэж очсон хүмүүс их байсан. Монголд бол халтар царайт гарж байгаа мэт болсон. Олон утгагүй юманд итгэх дундаас вакциныг муу гэдэгт итгэдэг хүмүүсийн сэтгэлгээ лаг сонирхолтой. Өөр газар вакцин эсэргүүцэгчид байж л байдаг. Гэхдээ тэр дэмжигч, эсэргүүцэгчид нь өөрсдийн бодолдоо бат тогтсон бүлэг болоод хуваагдчихсан. Монголд бол юм мэдэхгүйдээ хоёрын хооронд болчхоод байгаа хүн нь илүү их юм шиг. Аюултай ч биш бүүр хортой шүү...
Дэлхийн төгсгөл, хүний үүсэл гэх мэт нь гүн ухааны чанартай хүний суурь итгэл гэж тайлбарлаж болох. Талибан вакцины эмч нарыг алдаг нь хүртэл вакцин эсэргүүцэгчидтэй харьцуулахад алдаатай ч гэсэн ядаж логиктой - лалын соёлын эсрэг хийж байгаа барууныхны явуулгатай тэмцэж байна гэж өөрсдийгөө боддог байх. Ертөнцийг үзэх үзэл гэх юм уу даа. Харин вакцин хортой гээд байгаа гарууд бол цэвэр техникийн асуудал дээр улайм цайм бүлтрээд байгааг үл ойлгомуу. Иймэрхүү ёоёотой гаруудтай зууралдах нь цагийн гарз гэж бодох хүн байх. Гэхдээ эволюцийг үгүйсэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй болхоор гаруудыг тоохгүй байж болно. Харин вакцин үгүйсгэж байгаа гарууд хүүхдүүдийн эрүүл мэнд, амьдралаар тоглож байгаа болхоор жирийн хүмүүст зөв мэдээлэлийг нь өгөхгүй байх нь айлын хүүхэд зодуулаад орилоод байхад орохгүй байхтай адил хариуцлагагүй явдал болох болвуу гэж бодоод бас салхи гаргамаар санагдав.
Вакцинд хийлгэхгүй хүмүүсийг хоёр бүлэг болгож болох байх. Эхнийх нь их актив- өөрөөр хэлвэл уриалан дууддаг, хэвлэж нийтэлдэг, идэвхитэй эсэргүүцдэг. Монголчуудын мэдэх жишээ бол эмэгтэйчүүдйин эмч Л. Баярсайхан, гал үндэстэн холбооны Э. Одонгэрэл нар. Нас хүйс боловсрол орлого харгалзахгүйгээр вакцин эсэргүүцэж байгаа нь төрөлхийн паранойд хандлагатайг нь харуулж байгаа болхоор ийм хүмүүстэй эрүүл ухаанаар харьцаж дийлэхгүй байх. Пассивууд нь бол хөрөнгө, боловсролоос үл хамааран итгэмтгий, сүрдэмтгий хүмүүсийн ерөнхий зураг харагдаад байдаг юм. Активууд нь пассивуудаа яаж мунхруулж байгааг нь сайн үзвэл хэд хэдэн нийтлэг логикийн но байна. Энэ бичлэгт алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй ч санаанаасаа зохиож бичээгүйгээ батлахын тулд хаанаас ямар мэдээлэл авсан аа ишлэн бичлээ. Хэрэггүй бол илгасна биз...
1- “Чанартай вакциныг баруунлуу явуулаад, чанаргүйг нь ядуу улсруу явуулдаг”- дэлхийд нэг тийм бүх үйлдвэрлэгдсэн вакцины сайн мууг тогтоогоод мууг нь ядуу бидэнд хүргүүлдэг нэг тийм айхтар нарийн систем байх шиг байна. Сүүлдээ нарийсаад “чанарыг А, В, С гэж ангилдаг” гэдэг болж. Бодвол энэтхэгүүд дураараа үржээд байгаа болхоор тоог нь хязгаарлах гэж байгаа юм байлгүй. Вакцины үйлдвэр болгоны олон мянган эзэд, ажилтан, хувьцаа эзэмшигчид энэ маш нууц бүлэгт ороод, ДЭМБ-ийн ядуу улсуудад зориулсан вакцин худалдан авалтыг өөртөө ашигтайгаар шийдэж аль муу сери нь ямар улсад очихийг нууцаар нарийн зохицуулж чаддаг бололтой. Хэрэв тэгэж чаддаг бол АНУ-ын ТTГ-аас мундаг байх нь. Баян улсууд өөрсдөө вакцинаа худалдаж авдаг болхоор тэдний ЭМЯ-нд бас хүн нь байдаг байж таарна. Уг нь бол ядуу улсууд олон жижиг худалдан авалт хийхийн оронд нийлүүлээд нэг том захиалга үйлдвэрт нь өгвөл хямдаар авч болдог болхоор ДЭМБ ядуу улсуудын вакцинжуулалтын ажилд тусалдаг юм. Дээрээс нь вакцины зардалд дотаци өгдөг. Вакцинд зарсан нэг доллар болгон өвчний эмчилгээний 18 доллар хэмнэдэг гэсэн байсан. Тэгэхлээр байгаа жоохон мөнгөөрөө аль болох олон хүүхэд тарих нь зөв менежмент байж таараа. Энэ зарчмын дагуу олон хүүхдэд хэрэглэх тунг нэг савлаж бас зардал хэмнэдэг. Нээрээ Энэтхэг, Нигерийг үргүй болгох гэж байгаа бол маш муу л ажиллаж байгаа бүлэг байна даа. Хүн ам нь сүүлийн 40, 50 жилийн турш улам нэмэгдсээр л... Тийм хуйвалдааны онолд дуртай юм бол Роберт Ладлумын Матаризын Тойрог номыг олж уншицгаагаарай, Жейсон Борны гурвалыг бичсэн зохиолч. Тасархай, итгээд наачхана. Дууссаныхаа дараа харин номноосоо гарах хэрэгтэй.
2- Хоёр дахь таамаглал нь эмийн компаниуд вакцинаар аймар их мөнгө хийгээд баяжаад байна гэдэг. Мэдээж аймар их мөнгө гэдэг ойлголт харьцангуй. Тэгэхлээр эмийн том компаниуд жилд хэдэн долларын гүйлгээтэй байдгийг үзэх хэрэгтэй. Ийм мэдээлэлийг АНУ-ын үнэт цаасны хороонд мэдүүлсэн байдлаар нь харж болно. Эмийн компаниуд хувьцаа гаргасан байдаг болхоор эргэлтийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх ёстой, буруу мэдээлсэн бол хуулийн хариуцлага хүлээдэг. 2009 оны баримтаас хархад эмийн бизнесээр хамгийн өндөр гүйлгээтэй компани нь Жонсон ба Жонсон /61,9 тэрбум ам. доллар/ байсан байна [1]. Эхний аравт бичигдсэн компаниудын хамгийн бага нь 22,3 тэрбум ам. долларын гүйлгээтэй Германы Байер Хэлскер байсан байна [2]. Харин дэлхийн нийт эмийн зах зээлийн хэмжээ Английн эмийн компаниудын холбооны тооцоолж байгаагаар 2009 онд 800 тэрбум ам. доллар байсан байна [3]. Харьцуулахад Монголын ДНБ 2009 онд 10,63 тэрбум ам. доллар байсан гэж АНУ-ын ТЕГ-ынхан үзсэн байхад [4] ОУВС 6 тэрбум ам. доллар байсан гэж үзсэн байна [5]. Гэтэл нөгөө вакцинууд маань нийт хэдэн долларын зах зээлтэй вээ? Тоо бас л судалгааны эх үүсвэрээсээ хамаараад янз бүр, гэхдээ ДЭМБ-ийн баримтан дээр 24 тэрбумыг тэмдэглэсэн байна [6]. Вакцинаар дэлхийн хамгийн их борлуулалт хийсэн компаниудыг нөгөө л АНУ-ын ҮЦХ-нд 2009 онд мэдэгдсэн байдлаар нь жагсаавал эхэнд нь Английн ГлаксоСмит Клайн 5,772 тэрбум ам. доллараар нийт гүйлгээнийхээ 12,8% [7], хоёрт Францын СанофиАвентис 4,980 тэрбум ам. доллараар нийт гүйлгээнийхээ 8,3% [8], гуравт АНУ-ын Мерк 3,631 тэрбум ам. доллараар нийт гүйлгээнийхээ 13,2%-ийг олсон байна [9]. Вакцины судалгаа, үйлдвэрэлэл, түгээлтийн хүндрэлүүд нь жирийн эмнийхээс их байдаг болхоор /байнга хүйтэн байлгах хэрэгтэй г.м/ цэвэр ашгийн хэмжээ бага, зах зээлийн хэмжээ нь хурдан өсөж байгаа ч /2016 онд 56,6 тэрбум ам. доллар болох тооцоо байна [9]/, жишээлбэл, антибиотикийн 2009 оны зах зээлтэй харьцуулашгүй /2009 онд 78 тэрбум ам. доллар/ бага байгааг эмийн компаниудын өөрсдийн тооцоо нь харуулж байна [10]. Эмийн компаниудад хамгийн их борлуулалт өгдөг эмийн бүлгүүд бол зүрх судасны эмүүд 160 тэрбум ам. долларын зах зээлтэй, сэтгэц, төв мэдрэлийн системийн эмүүд- 132 тэрбум ам. доллар, антибиотикууд 78 тэрбум ам. доллар, хавдрын эмүүд 49 тэрбум ам. доллар [10]. Өөрөөр хэлбэл өвчнөөс урьдчлан сэргийлэхээс илүү хууч өвчид зориулж эм үйлдвэрлэх нь ашигтай байгаа учир туршлагатай чадалтай компаниуд шинэ вакцины судалгаанд хөрөнгө зарах явдал аа багасгаж байна.
3- “Өөр хүмүүс вакцинжуулагдвал би тариулах хэрэггүй”- энэ бас буруу ойлголт, аль болох олон хүн дархлаатай байжээж нярай, дархлалын хомсдолтой эмзэг хүмүүсээ хамгаалж, халдвар дэгдэхгүй, тархахгүй байх боломжийг бүрдүүлдэг. Энийг сүргийн дархлаа гэдэг. Гадаадаас халдварт өвчтэй хүн ирэх зарим тохиолдолд вакцин хийлгээгүй хүн өвчнийг тараах, хүндрүүлэх үүр болох тохиолдол байдаг. Вакциныг дархлааны хомсдолтой зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүсээс бусдад бүгдэнд хийж байж дархлааг бүрэн үйлчилдэг болгоно, халдвар гарсан ч хор нөлөө багатай эмчилж болно.
4- Дараагийн нэг хэлдэг үг бол “эрүүл хүүхдэд бактери вирус тарих хэрэггүй, өөрөө олж аваг”- гарууд зөвхөн ханиад томуу мэтийн лайт өвчинг л вакцинддаг гэж бодоод байх шиг байна- үгүй л байхгүй юу. Саа гэж нэг лай байсан, вакцины ачаар мартсан бололтой. Энэ бол вакцины гавьяа. Өөрийнх нь хүүхэд нь өрөөл татанхай болвол байгалийн юм зүгээр гэх нь байна л даа. Цэцэг өвчин арьсыг алаг эрээн болгож хүүхдийг насаар нь эрэмдэг болгодог байсан. Азаар, цэцэг өвчин одоо байгальд байхгүй, бас л вакцины гавьяа. Гахайн хавдар эрэгтэй хүүхдийг үргүй болгодог, бас вакцины ачаар бүгд мартаж. Өвчний вирус, бактерийн халдвар авсан хүүхэд болгон үхэж, зовохгүй ч багагүй хувь нь эрүүл мэнд, амь насаараа хохирдогийг гарууд мартсан байна. Улаан бурхан 2000 онд л гэхэд дэлхий даяар нийт 800000 /найман зуун мянга/ хүүхэд алсан, харин вакцинжуулалтын ачаар 2010 онд энэ тоо 139000 болж буурсан гэж ДЭМБ тооцоолсон байна [11]. Гэхдээ л цаг болгон 15 хүүхэд хамгаалж болох өвчнөөс болоод нас барж байна. Вакцин эсэргүүцэж байгаа хүмүүсийн хүүхдүүд энэ статистикт орсон бол яах байсан бол? МУ-д энэ өвчнөөр 2007 онд 6 хүн өвчилсөн гэж ЭМХҮТ-ийн тайлан дээр бүртгэгдсэн байна, нас баралт байхгүй [12]. Ховор болхоор хүмүүс арьсан дээр улаан тууралт гараад жоохон халуураад болоо гэж боддог юм шиг байгаан. Уг нь бол эмчлэхгүй бол өвчлүүлсэн хүүхдүүдийнхээ 10%-ийг тархины үрэвсэл мэтийн хүнд өвчнөөр алж чаддаг халдвар. Монголын вакцинжуулалт нь 98,4% байсны гавьяа. АНУ зэрэг ЭМ сайтай газар устгагдсан гэж үздэг, гэтэл 2011 онд 222 хүн өвчилсөн байна, үүнээс 86% нь вакцинаа ямар нэгэн шалтгаанаар тариулаагүй байсан байна. Үлдсэн 14% нь нярай, гадаадын иргэд гэх мэт шалтгаантай байсан байна. Вакцин тариулаагүй нярай хүүхдүүдийн дунд 4 нь ах эгч нь зориудаар вакцин тариулаагүйгээс болж халдвар авсаны улмаас дам халдвар авсан байсан байна. Хэрэв эргэн тойронд нь байгаа том хүүхдүүд дархлаажуулагдсан байсан бол сүргийн дархлааны зарчмын дагуу тэр нярайнууд халдвар авахгүй байх байсан. Тэгэхлээр вакцин эрэгүүцэнэ гэдэг нь зөвхөн тухайн хүний хувийн сонголт биш юм. Өрөөл бусдын хүүхдийг хамгаалах үүрэг тэр хүмүүст байгааг харуулж байгаа бөгөөд үүнийг зөрчвөл нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж байна гэж үзэх үндэслэл бий болж байгаа юм. Ийм учир Унгарт л гэхэд вакцинаа хүндэтгэх бус шалтгаанаар бүрэн хийлгээгүй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт авдаггүй.
5- “гаж нөлөө ихтэй, хийлгэхгүй”- ямар вакцины ямар гаж нөлөө гэдэгээс бүх юм хамаарна. Бүх гаж нөлөө адилгүй. Хүмүүсийн санаанд ордог өрөөл татанхай болгодог үхүүлдэг гаж нөлөөнүүдийг хүнд гаж нөлөө гэж ангилаад 100000 /зуун мянга/ тун тутамд нэгээс их тохиолдох магадлалтай бол вакциныг хэрэглээнээс хасах хүртэл арга хэмжээ авдаг. Одоо эргэлтэнд байгаа вакцинуудын гаж нөлөөг олон жил олон улсад тандсан судалгаанаас хархад хүнд гаж нөлөөтэй вакцин байхгүй болсон.
6- “мөнгөн устай”- мөнгөн ус нь гажиг үүсэгдэгийг баталсан ямар ч судалгаа баримт байхагүй ч одоо мөнгөн устай вакцин үйлдвэрлэхгүй байгаа
7- “Вакцинд байдаг вирус бактери нь эргээд өвчин үүсгэдэг”, “жоохон хүүхдэд гэнэт тийм их бактери вирус тарих нь муу”- вакцины үйлчилгээний механизмын талаар мэдлэг муу байгаагийн шинж. Вакцин болгон өөр бүтэцтэй байдаг ч гол зарчим нь дархлааны тогтолцоонд өвчин үүсгэгчийн нийтлэг уургийг таниулж цагаан эсүүдээр эсрэг бие үүсгүүлдэг. Тэр нийтлэг уургийг, уургийн хэсгийг эпитоп гэдэг. Эпитопыг хэд хэдэн аргаар биед оруулж болдог. Өвчин үүсгэгчийг химийн бодисоор сулруулж/устгаж байгаад тарих арга их хэрэглэгддэг байсан. 1963 оноос 1996 он хүртэл хэрэглэгдэж байсан амаар уудаг саагийн сулруулсан вакцин 2,4 сая тунд нэг удаа саажилт үүсгэх магадлалтайг илрүүлсэний дараа үхүүлсэн вирусын гаралтай тариагаар эхлэж дархлаажуулдаг болсон. 1997 оноос хойш вакцины гаралтай саа бүртгэгдээгүй. Тухайн уургийг эсвэл уургийн хэсгийг дангаар нь нийлэгжүүлдэг ДНХ-ийн хэсгийг өөр амьд биетэд суулгаж байгаад /ген өөрчлөгдсөн амид биет/ гаргаж авах шинээр хэрэглэгдэх болсон. Энэ аргыг ген рекомбинацын арга гэдэг. Шинэ вакцинууд энэ аргаар үйлдвэрлэгддэг болсон учир вакцин тарихад өвчин үүсгэх боломж байхгүй. Уламжлалт аргаар үйлдвэрлэгдсэн вакцины тохиолдолд ч гэсэн тунд агуулагдах өвчин үүсгэгч эпитопын тоо нь халдварын үед авах хэмжээнээс хэд дахин бага байдаг.
8- “Ядуу орнуудад вакцин туршдаг”- монгол улсын эмийн хуулиар зөвхөн 3 өөр улсад анх бүртгэгдээд 3-аас доошгүй жил болсон, ДЭМБ-ийн баталгаатай үйлдвэрлэгчээс эм, вакцин импортлохыг зөвшөөрдөг учир туршилтын шатанд яваа ямар ч эмийг их хэмжээгээр оруулж ирэх боломж байхгүй /ганзагын аргаар орж байгааг энд дурьдсангүй/. Үүнээс гадна вакцин авах процесс нь ДЭМБ-ийн өөрсдийн шалгаруулалтын явцын дагуу сонгогдсон үйлдвэрлэгчээс ДЭМБ-ийн тохирсон үнийн дагуу МУ худалдан авж байгаа учир чанарын шаардлага хангаагүй вакцин нийлүүлэгдэх магадлал маш бага. Элэгний үрэвслийн В вирусын вакцинтай холбоотой хийгдсэн МУ-ын өөрийн судалгаанаас хархад вакцинжуулалтын улмаас үүссэн эсрэг биеийн хэмжээ хүүхүүдэд хангалттай түвшинд байгааг харуулсан нь хэрэглэгдэж байгаа HBV эсрэг вакцин лав үр дүнтэй байгааг батлаж байгаа юм. Тэр судалгаанд илэрсэн нэг доголдол бол харин хүйтний улиралд орон нутагт тарьсан вакцин нь хэрэгтэй эсрэг бие үүсгээгүй байх магадлал харьцангуй өндөр байсан нь вакцин хадгалалтын горим алдагдсан байх /хөлдсөн/ магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна [13].
9- “Вакцин тархины хөгжлийг гэмтээдэг”, “хавдар үүсэгдэг” энэнд бол хэлэх ч үг алга. Ямар баримт байна? Хэн тэгэж байна? Youtube ээр гарсан бичлэг болгон үнэн байдгүйг гарууд эрх биш мэдмээр юм аа. 2012 онд Монголд байгаа улсууд шүү дээ уг нь, ямар Афганистан, африк, Пакистан биш дээ. Жоохон тархиа ажиллуулмаар юм.
Вакцин бол маш нарийн бүтэцтэй эмзэг бараа. Үзүүлэх үйлчилгээ нь ч гэсэн ээдрээтэй механизмаар явагддаг. Гаж нөлөө ямар ч эмэнд байдаг. Гэхдээ тэр гаж нөлөө нь чухам яг вакцинаас болж үүдсэн үү, эсвэл цаг хугацааны хувьд давхардав уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Ихэнх вакцинаас болж нас барлаа гэсэн мэдээлэлүүдийг мэргэжлийн үүднээс шалгахад тохиолдолын чанартай үхэл, эсвэл өөр өвчний улмаас байсан нь мэдэгддэг. Монголд сүүлийн хэдэн хоногийн өмнө сонин дээр гарсан хөл мэдээгүй болсон охины тухай мэдээлэл ч гэсэн вакцинтай холбоотой гэхээсээ илүү тохиолдолын чанартай мэдрэлийн өөр өвчин байсан байх магадлалтай. Гиллян-баррегийн өвчин мэдрэлийн үрэвслийн цочмог хэлбэрээр илэрдэг, хэсэг хугцааны дараа өөрөө эдрэгэх нь олонтаа. Энэ ч байсан байж болно. Статистикийн аргаар судлаж байж вакцин суумгай болгож байгаа эсэхийг баттай хэлж болно. Хүн болгонд үзүүлэх гаж нөлөө нь ч адилгүй. Адилхан өвчин хүртэл өөр өөрөөр илрэх тохиолдол байдаг. Зарим хүүхдүүд вакцин хийлгээд удаан халуурна, зарим нь халуурахгүй. Зарим нь толгой нь эргэнэ, зарим нь эргэхгүй. Хүний өөрийн онцлогоос хамаарах болхоор зөвхөн вакцины гаралтай гэж хэлхэд хэцүү. Нэг судалгаанд хэсэг хүнд В вирусын вакцин, нөгөө хэсэгт нь плацебо /эмгүй тариа/ тариад гаж нөлөөг судалсан байна, өвчтөн, эмч нар ямар тариаг нь авч байгааг мэдээгүй бөгөөд бүгд вакцин тариулж байна гэж бодсон байна. Илэрсэн гаж нөлөөг шалгахад хөнгөн /толгой эргэх, өвдөх гэх мэт/ хэлбэрийнх нь хоёр бүлэгт адилхан давтамжтай байсан нь гаж нөлөөнд хүний сэтгэлийн байдал хүртэл нөлөөлж болхыг харуулж байгаа юм.
Энэ бүгдээс хархад орчин үед мэдээлэл тараадаг, тархдаг, олж авдаг аргууд өдөр ирэх тутам өөрчлөгдөж, нэмэгдэж байгаа учир иргэд аль болох найдвартай, албан ёсны эх сурвалжид хандаж байх хэрэгтэйг харуулж байна. Мэргэжлийн албад, мэргэжлийн хүмүүс харин шинэ үетэй зохицож ажиллаж сурахгүй бол дутуу, удаан, хангалтгүй мэдээлэл хүргэж байгаа нь хүмүүсийг төөрөлдүүлж, итгэл алдуулж, хариуцлагагүй хүмүүсийн өгөөш болход хүргэж байгааг анхаарах хэрэгтэй байна. Буруу мэдээлэлийг санаатай тарааж байгаагаас болж зөвхөн тэдэнд итгэсэн хүний хүүхдүүд хохироод зогсохгүй та бидний хүүхдүүд ч хүртэл гэмтэх магадлалтай байгаа учир бүгд мэдлэгээ дээшлүүлж, шаардлага тавьж, хүүхдүүдээ хариуцлагтайгаар вакцинжуулах хэрэгтэй байна.
1. Johnson, J.a. 2009 Fourth-Quarter and Full-Year Results. 2009; Available from:http://www.jnj.com/connect/news/financial/20100125_130000.
2. Healthcare, B. Annual report 2009. 2009; Available from:http://www.bayer.com/en/annual-reports.aspx.
3. ABPI. Global pharmaceutical industry and market. 2011; Available from: http://www.abpi.org.uk/industry-info/knowledge-hub/global-industry/Pages/industry-market-.aspx#fig1.
4. CIA. Annual report. 2009; Available from:https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.html.
5. IMF. Annual report. 2009; Available from:http://www.imf.org/external/pubs/ft/weo/2012/02/weodata/weorept.aspx?pr.x=63&pr.y=9&sy=2010&ey=2017&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=948&s=NGDPD&grp=0&a.
6. WHO, Reducing risks to health, promoting healthy life. JAMA: The Journal of the American Medical Association, 2002. 288(16): p. 1974-1974.
7. Kline, G. Annual report. 2010; Available from:http://google.brand.edgar-online.com/EFX_dll/EDGARpro.dll?FetchFilingHTML1%3FID=7088103&SessionID=7zmvHFqxm7HIH77.
8. Sanofi. Annual report. 2009; Available from:http://www.sec.gov/Archives/edgar/data/1121404/000119312510054671/d20f.htm.
9. Alliance, T.W.B.a.G. Immunization Financing Toolkit. 2010; Available from:http://www.who.int/immunization_financing/tools/Brief_15_Vaccine_Market.pdf.
10. AstraZeneca. AstraZeneca annual report. 2010; Available from: http://www.astrazeneca.com/Investors/SEC-filings.
11. WHO. WHO report on measles. 2000; Available from:http://www.who.int/mediacentre/factsheets/fs286/en/.
12. төв, Э.м.х.ү., ЭМ-ийн үзүүлэлтүүд, 2007, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв: Улаанбаатар. p. 27.
13. Davaalkham, D., et al., Administration of hepatitis B vaccine in winter as a significant predictor of the poor effectiveness of vaccination in rural Mongolia: evidence from a nationwide survey. Journal of epidemiology and community health, 2007. 61(7): p. 578-584.

8 comments:

naraa said...

Одоо бүр байтлаа вакцин хийлгэхгүй гэдэг болсон юмуу монголд? Өө бүр дэлхий сөнөнө гээд байсан одоо бүр галзуурцгааж байгаан байна л даа.

Anonymous said...

ene ungersen zuunii eruul mendiin ololt bol medeej vaktsin mun.
harin ene grippiin vaktsiniig sain oilgodoggyi ee.
Grippiin virus ni neg turliin, tegeed ter ni ene jil tarkhana terniig ni tusna gej naidaj bolokh uu, grippiin virus-iin shtamp ni uur uur baikhad neg vaktsin yaj uilchildeg yum bol ?

Naraa said...

Haniadnii vaccine herhen ajilladag talaar "Doctors" TV nevtruulegiin 1 hotlogch emch tailbarlaj bsan l daa.

Ehleed vaccine tariulahad ug vaccine n inactive bdaltai bied bairlana. Haniadnii virus orj irenguut vaccine-nii nogoo idevhgui bsan virus-uud sergej haniadnii irautai temtsdeg.

Jil buriin hanaid oor oor virus-r uusgegddeg bolohoor nondin jiliin haniadnii vaccine ene jiliinhend uilchlehgui bh taltai. Iim bolohoor jil bur haniadnii uliral ehlenguut vaccine-aa tariulj bgaarai gej zovloj bsan.

Bi 1 udaa hogiin savnii hajuud bsan shilend holoo zusuuleed 911 duudaj emeneleg orohod hamgiin turuund hiisen emchilgee vaccine bsan.

Cаарал said...

Манайд шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээлэл дутагдаад байгаагаас иймэрхүү ойлголт их дэлгэрч байх шиг. Үүнд ТВ, сонин, мэдээллийн хэрэгслүүд ч бас их нөлөөлөлж байна. Жишээ гэхэд л EТВ-ээр Эрүүл монгол хөтөлбөр гээд нэг цуврал нэвтрүүлэг явж байна. Оршлыг нь харахаар ЭМЯ, НЗДТГ энэ тэртэй хамтарсан сүртэй том хөтөлбөр, иргэдэд хамгийн сүүлийн үеийн үнэн зөв мэдээлэл өгөх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх гэх мэтийн мэдээлэл өгөх зорилготой гэх. Гэтэл дотохи мэдээлэл нь тэр аяараа америкийн NSP гэдэг компаний сапплментийн реклам байх юм. Индианчуудын иддэг өвснөөс гаргаж авсан эм, 600 төрлийн бактерийг устгана ч гэх шиг.

Тэр компани нь хорт хавдар, үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилтээс авахуулаад хеликобактер устгадаг, нүдний хараа сайжруулдаг эм хүртэл зардаг, ер нь бараг л эмчилдэггүй өвчин байдаггүй бололтой. Нэвтрүүлэгт үнэхээр эрүүл мэндийн яам хамтраад байна уу, эсвэл ТВ-ийхэн яамны нэрийг зээлдээд байна уу гэдэг нь тодорхойгүй. Зарим нэвтрүүлэгтээ Эрүүл монгол хөтөлбөрийг NSP компани санхүүжүүлж байгаа гэсэн байх юм. Яамныхан бизнес хийгээд байна уу, ТВ-ийхэн бизнес хийгээд байна уу, ойлгомжгүй. Ер нь хэн нь бизнес хийнэ үү яана уу хамаагүй асуудал л даа. Гэхдээ тэр ТВ-г үзсэн ард түмэн буруу мэдээлэл авч, хууртаж, тархиа угаалгаж байна. Энэ тал дээр хүүе хаая гэдэг хүн, албан тушаалтан, байгууллага нэг ч алга.

mycolorfulworld said...

Хүүе ийм юм яриад байгаан муу бас? Би ёстой дуулаагүй явж байгаа юм байна. Ямар сонин тэнэг хүмүүс вэ, ийм юм ярьж байдаг. Удахгүй ерөөсөө өвдвөл эм битгий уу, тэр чинь хор гэж ярьдаг болох юм байна даа аягүй бол.

Zaya said...

Ene niitlel uneheer taalagdlaa. Linkiig ni oruulah bolomj baival oruulj ugnu uu?

peakfinder said...

Zaya>> eh n' end: http://assdaa666.blogspot.co.uk/2013/01/blog-post_8895.html

Zaya said...

Thanks very much for the link, Peakfinder.