
Өнөөдөр BBC цахим хуудсан дээр аз жаргалтай гэрлэлтийн шалтгаан юу вэ гэсэн нийтлэлд Чарльз Дарвиний гэрлэлтийн тухай бичсэн нь сонин санагдсан тул хэсгээс нь авч өөрийн бодолтой холилоо. Нийтлэлд олон жил ханилсан жаргалтай хосууд байхын тулд тэдэнд нэгэндээ тэмүүлэх хүсэл тачаал, инээд наргианч чанар, итгэл хүлээх, даах чадвар байх ёстой гэж томьёолжээ. Энэ бас л голыг нь олоод хэлчихэв үү гэж санагдав.
1863 онд залуу Чарльз Дарвин гэрлэлтийн тухай бодлоо гэрлэхийн ашигтай болоод ашиггүй талын жагсаалт маягаар тэмдэглэсэн нь өнөөг хүртэл хадгалагдсан байдаг аж. Ашиггүй талыг жагсаалтанд хүүхэд өсгөх өртөгтэй асуудал, гэрлэсэн хүн агаарын бөмблөгөөр нисэх аргагүй болно гэх мэтийн шалтгаан орж. Ашигтай талд нь болохоор нас өндөр болоход хань ижилтэй, найзтай байх, ямар ч гэсэн нохойноос дээр гэж бичиж үлдээжээ. Түүний энэ тэмдэглэл этгээд хэдий ч мань хүн гэрлээд хэн хүнд тохиодоггүй аз жаргалтай амьдарч, насан өөд болохдоо хэлсэн сүүлийн үгс нь "Миний хайр, миний олдошгүй хайр" байжээ.
Нийтлэлийг зохиогчийн бодлоор Дарвиний гэрлэлт хүсэл тачаалаар дүүрэн байсны гэрч нь тэдний төрүүлж өсгөсөн 10 хүүхэд (тэд 17 жилийн дотор 10 хүүхэд төрүүлжээ). Түүний эхнэртээ бичсэн захидал, эхнэрийнх нь эрдэмтний тухай бичсэн тэмдэглэл нэгнийхээ тухай хошигнолоор арвин байсан нь инээд наргианаар дутаагүйнх биз гэж. Дарвиний эхнэр Эмма сүйт залуудаа "бидний гэрлэлтийн дараа чи миний тухай бүхэл бүтэн онол гаргах бөгөөд намайг уурлаж аашлах үед чи "Энэ юуг баталж байна вэ?" гэж бодлогшрох биз" гэж бичсэн байдаг. Итгэл хүлээх даахын хувьд Эмма бүсгүй өөрөө христос шашинд үнэнч нэгэн байсан ч нөхрийнхөө эволюцийн онолын төлөө тэмцэлд үргэлж дэмжиж хажууд нь байжээ. Тэр үед чинь бурхангүйн үзэлтэй байх чинь хүнийг нийгмээс тусгааралах хангалттай шалтаг болж байсныг дурдах хэрэгтэй биз. Нийгмийн байр сууриа үл хэрэгсэн нөхрийнхээ талд зогсоно гэдэг бас л том зориг байгаа биз.