Monday, April 29, 2013

Тодруулга


Өдөр шөнө өдөр шөнө гээд л блогдох зав болоогүй байтал өмнөх бичлэгт зөндөө олон хүн санаа бодлоо биччихсэн байна. Сэтгэгдэл үлдээсэн та нарт талархаад нэг тодруулга гялс хийчихье.
Хүмүүс манай эрдэмтэн 20 хүн эмчилсэн байтал америкийн нэг хүүхэд эдгэрсэнийг дуулиан болголоо гэж гомдоод байгаа бололтой. Үүнийг сөхвөл хоёр өөр асуудал болохыг тайлбарлах гэж оролдоод үзье. Түрүүн бичсэн Алдар гуай эмийн бэлдмэлээ 60 мянган хүн дээр туршсанаас хориод хүн эдгэжээ. Энэ бэлдмэл бол шинэ эм юмаа. Шинэ эм гаргаж байгаа тохиолдолд олон шаардлага тавьдаг; хамгийн түрүүнд эмчилгээний үр дүн, дараа нь уг эмийн үр дагавар (side effects) шалгах хэрэгтэй болно. Тэгэхээр дахиад олон мянган хүн хамарсан бас placebo controlled туршилт хийх хэрэгтэй болох ба ийм туршилтийн үнэ өртөг их өндөр гардаг юмаа. Хэрвээ та эмийн компанийн эзэн байгаад 60000 аас хориод хүн эдгээдэг эмэнд хөрөнгө оруулах уу гэдэг асуудал гарч ирнээ дээ? Бодоод үз л дээ хэрвээ энэ эмийг монголд хэрэглэлээ гэж бодоход бүртгэгдсэн зуу гаруй хүнээс хэд нь эдгэх вэ?
За тэр барьцаад байгаа америкийн тохиолдол бол шинэ эм бэлдмэл хэрэглээгүй, ээж нь ДОХ-ын халдвартай, жирэмсэн байхдаа эм бэлдмэл хэрэглэж байгаагүй учраас халдвар авсан нярайг төрөөд 30 цаг болж байхад нь ДОX-ын халдвартай хүмүүсийн уудаг гурван төрлийн эмийг өндөр доозоор өгч эхэлсэн нь үр дүнгээ өгч 2 жил хагасын дараа цусны шинжилгээ сөрөг гарсан тохиолдол юм. Тэгэхээр энэ бол мянга мянган хүн дээр хийсэн туршилт биш ердөө тэр нярайд зориулж хийсэн эмчилгээ нь үр дүнгээ өгсөн болно. Энэ тохиолдол болохоор халдварын эхэн үед эрчимтэй эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй байж болохыг харуулсан гэдэг утгаараа олныг шуугиулсан байх.
Миний энэ тухай бичсэн шалтгаан болохоор яг нарийн судлагдаагүй эм бэлдмэлийг нэг иймэрхүү маягаар сурталчилж хүмүүсийг төөрөгдүүлэх нь нөгөө бурхан бөөлждөгөөс илүү аюултай байж болох юм шүү гэдгийг онцлох гэсэн юм. Зөвхөн энэ тохиолдол ч биш хэвлэл мэдээллийг болсон болоогүй эм, элдэв эмчилгээний зар маягаар ашиглах явдал дэндүү их олширсон байгааг хараад их эмзэглэх юмаа. Тэр Herbalife-ийн зар бол хаа сайгүй л эмчийн зөвлөгөө маягтай явж байх юмаа. Хэрвээ яг ёс зүйгээ барьж яваа эмч бол ямар нэг бүтээгдэхүүн ингээд сурталчлаад байх ёсгүй л юм. Эртээд Өнөөдөр сонинд хаанахын хүн юм мэдэхгүй нэг эмч давсаг сулралыг мэс заслын аргаар эмчилнэ гээд бас сурталчилгаа маягийн ярилцлага өгсөн байсан. Мэс засал бол давсаг сулралын үед хамгийн сүүлийн арга байх ёстой, тэр бүү хэл эмийн эмчилгээг ч физик эмчилгээ үр дүнгүй үед л хийх ёстой байдаг. Харин тэр хүний хэлсэнээр мэс засал л хамгийн зөв эмчилгээ мэтээр ярьсан байна лээ.
Ингээд бодохоор ийм хүмүүс сонин хэвлэлд мөнгө төлж ийм ярилцлага хэвлүүлдэг юм болов уу гэж өөрийн эрхгүй бодох юм. Хар ухаанаар бодоход анагаахын мэрэгжилтэн хүн нэг ийм нийтлэл бичлээ танай сонинд тавья гэвэл хэд нь хүлээж авах бол? Тэгсэн хэрнээ илт юм зарах гэсэн цаагуураа мөнгө олох хэрэгсэл болсон юм болохоор ингээд хаа сайгүй байгаад байдаг нь их сонин.

No comments: