Friday, June 28, 2013

Еэ холилд гэж...


Уг нь өнөөдрийн төлөвлөгөө арваад хоногийн дараа харьж амрах гэж байгаагаа дуулгаад, эргэж иртлээ илүү амлах аргагүй болж байгаагаа дуулгасан зaрын шинжтэй шахуу товчхон бичээд гарах байлаа. Тэгсэн юу вэ, мэдээн дотор аймаар юм тууж явна. Хүмүүсийг юм мэдэхгүй гэнэ цайлганаар нь үнэн далимдуулах юмаа. Уг мэдээг үгчилж ойлговол ухаандаа бохир гарын шар (A) өвчний эсрэг вакцины нэг багц тунг хийхдээ хүний 1000 хөврөлийн эд эс хэрэглэдэг гэсэн байх юмаа. Нийтлэл бичигч нэрээ тавиагүй юм байна, яаж ч бодсон вакцин, биологи, эмийн үйлдвэрлэлийн талаар ямар ойлголтгүй нэгэн бололтой.
Бохир гарын шар ямар нэг ул мөргүй эдгэдэг, ийм халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувь нь энэ өвчний эсрэг дархлаатай болдогоо. Нийтлэл бичигчийн санаа ийм өвчний эсрэг вакцин хийгээд яах юм гэж байгаа бололтой. Яагаад вакцин хэрэгтэй вэ гэхээр халдвар авсан хүн 2-6 сар өвчилдөг, энэ хугацаанд маш олон хүнд халдвар тараах магадлалтай. Өвчний чинж тэмдэг томуутай төстэй, үргэлж ядарсан, халуурсан, нойр хоолонд муудах гээд. Урдчилан сэргийлж болох өвчнөөс болоод удаан хугацаагаар өвчтэй байх нь хүмүүсийн ажил төрөл, хичээл сурлагад нөлөөлдөг юм байгаа биз дээ.
Нөгөө талаар тэр вакцин хийхдээ хүний хөврөлийн эд эс хэрэгэлдэг талаар тайлбар хийх гээд үзье. Вакцин чинь өөрөө сулруулсан вирус юмаа, шарын вирус хүний эсэнд хөгжиж төлждөг юмаа. Тийм болохоор вирусээ хүний эсийн өсгөвөрт үржүүлдэгээ. Тэр эсийн өсгөвөр нь MRC5 гээд хүний хөврөлийн хучвар эсийн өсгөвөр байдаг юм. Энэ чинь нэлээн олон жилийн өмнө нэг хөврөлөөс гаргаж авсан өсгөвөр шүү дээ, тэрнээс вакцины тун хийх болгондоо шинэ өсгөвөр хэрэглээд байдаг юм биш. Тэгээд үржүүлсэн вирусээ ялгаж авна биз дээ. Тэгэхдээ тэр эсийг чинь задлах хэрэгтэй болноо, тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн тэр эстэй холбоотой юм байхгүй ээ.
Би энэ вакцин эсэргүүцдэг улсыг ерөөсөө ойлгодоггүй, хэний заавар явуулга байдаг юм байгаа юм. Тэртээ тэргүй энэ нийгэмд хэлэлцмээр зөндөө олон асуудал байхад вакцин эсэргүүцээд байдаг нь ямар учиртай юм болоо. Наанадаж эдийн засаг санхүүгийн том асуудал, цаанадвал хүний амь настай ч холбоотой эд шүү дээ. Вакцины тухай тун дажгүй нийтлэлийг би өмнө нь хуулж тавьсан байгаа.
Дахиад л хэвлэл мэдээллийн хариуцлагын талаар хэлмээр байнаа. Хэн нэгний ямар ч үндэслэлгүй дуулиан болгох гэсэн юмыг ингээд ямар ч шүүлтүүргүй тавьчихдаг. Цэнзүүрдээд бай гэсэн юм биш энэ чинь хэн нэгний л үзэл бодол байгаа ингээд нийтэлж байгаа бол мэргэжлийн хүний тайлбар дагаж явах ёстой байхгүй юу.

Хэд хоногийн өмнө дөө бас л мэдээний хуудаснаас сонин сонин гарчиг олж хараад бичиж авч байлаа. Хэл бичгийн боловсролтой хүн мэдээллийн агентлагуудаар байхаа больчихсон юм байх даа гэмээр. Жишээ:

- Зарим газраар ургамал цухуйгаагүй байна (уг нь монгол хүн чинь гандуу байна, ногоо цухуйгаагүй байна гэдэг биз дээ?)
- Худалдан авах ажиллагааны тендэр шалгаруулалтын ажил байдалтай... (юу гэх гэснийг нь ойлгосонгүй)
- Дээгий Уянгатай бүтэн сарны дор саатав (утга санааны хувьд алдаа байхгүй ч их болхи сонсогдов)
Цаашлаад Болд гэдэг дуучны "Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй" гэдэг дуу гэнэ юу гэмээр ч юм...

Энэ зүгээр манай монголоор тогтохгүй юм бизээ. Сүүлийн хэд хоног манай лабораторид нэг нөхөр радио тавиад, түүгээр нь нэг сонин дуу их олон явах юм. Сүүлийн үеийн boy band бололтой:
Тэр дуулж чадахгүй
Тэр бүжиглэж чадахгүй ч
Риханна шиг алхдаг болохоор
Бусад нь хамаагүй ээ..  гэх маягийн, нөгөө рок н ролл гуай амь тавьсан бололтой юмаа хөөрхий. Их олон явдагийг нь бодохоор бусдын таашаалд нийцсэн дуу байлгүй, ийм юм сонсож өсөхөөр хүний үнэлэмж, үзэл санаа, гүн ухаан мухааны тухай ярих хэрэггүй болох юм бизээ...
Харилаа марилаа гээд нээх баясгалантай бичлэг хийх гэсэн нэг ийм хар бараан болчихов уу? Уг нь их л настртай эхэлсэн юмсан.


2 comments:

Алим said...

Замдаа сайн яваад хурдан ирээрэй хө. Ирэхээр нь уулзъя, учиръя

mycolorfulworld said...

Манайхан нээрээ үнэн сонин сонин юм бичнээ. Тэгээд хамгийн гол нь тэрэнд нь хүмүүс итгэж л байдаг. Тан шиг мэргэжлийн хүмүүс л иймэрхүү зүйлсэд сайн тайлбар хэлж байхгүй бол манайхан элдвийн юмны аль муу, бурууд нь итгэх дуртайг яанаа.