Wednesday, July 3, 2013

Бидний араншин


Явах өдөр дөхөөд л би гэдэг хүн санаагаараа харьчихаад сууж байнаа. Явахаас өмнө амжуулах ажил их байдаг, замдаа Истанбулд ганц хоног саатна гэсэн бас тэнд үймээд байх шиг нэг тийм түгшүүртэй санагдаад ч байх шиг. Хамт ажилладаг америк хүүхэн тэнд амьдардаг найз уруугаа утас цохиж намайгаа тайвшруулав.
- Манай найз одоо бүх юм тайван болсон, санаа зоволтгүй гэж байна. Нөгөөх чинь чамайг хаа хүрч яваа юм гэхээр нь монгол гэлээ. Тэгсэн пөөх харин монгол чинь хэцүү газар ш дээ. Халаасны хулгай нь бүр гаарчихсан гэж байна. Би чамайг харьж яваа юмаа гэсэн... гэж хуучлав. Надад гомдолтой санагдсан ч халаасны хулгайчдыг яаж өмөөрөхөө мэдэхгүй зогстол нөгөөх чинь мэдсэн юм шиг
- Халаасны хулгайч хаа сайгүй л байдаг ш дээ тээ? гэнэ. Би:
- Үгүй ээ манайд арай их байдаг юмаа л гэсгээд салав.
Ямар ч газар хулгайч худалч улсууд бий. Гэтэл монгол нутаг яахаараа ийм алдартай болчихдог билээ гэсэн бодол төрлөө.

Би анх халаасны хулгайчтай арваад насандаа таарч байлаа. Тэр зун хүн ихтэй автобусанд нэг хүний гар хажуугаар чихээд, тэр гарыг дагуулаад харвал өмнөө зогссон хүний халаасыг өөрийн юм шиг онгичсон хулгайч байлаа. Би юм хэлэх гэсэн дуу гардаггүй ээ, бас хэнд юу гэж хэлэхээ мэддэггүй. Цочирдоод нөгөө хулгайчаас нүд салгаж чадсангүй, тас ширтээд байхаар халаас ухагч эрх биш болиод над уруу гараа зангидаж зангаад автобуснаас буугаад явчихсан юм. Орой гэртээ ирээд болсон явдалаа яривал өвөө маань пээ хүү минь тэд нар чинь яасан сайн хардаг нүдтэй юм гээд нүдийг чинь зүсчихдэг юм. Харсан ч хараагүй мэт явж бай гэж сургаж билээ.
Баруун Европын орнуудаар дэлгүүрт хулгай хийдэг монголчуудын тухай их дуулддаг. Голланд хүнтэй суугаад очсон монгол хүүнийг дэлгүүрт орохоор худалдагч нь дагаад алхаад байдаг гэсэн яриа байдаг даа. Цаашлаад өнгөрсөн жил Францын нэг жижиг хотод гоо сайхны бараа хулгайлдаг нэг бүлэг хүмүүсийг барьсан тухай мэдээ харсан. Хоёр гурван жилийн турш гэв үү хулгай хийж байсан бараг хагас сая еврогийн хохирол учруулсан гэсэн байхаа. Хулгайлсан бараагаа монгол уруу контэйнэрээр явуулдаг байсан гээд зураг хөрөг нь гарчихсан байсан.

Олоон жилийн өмнө монгол уруу 1970-аад оны үед аялсан нэг хүний яриа сонссон юм. Тэрбээр монголчуудад ямар нэг эд зүйл чинь таалагдвал яаж ийж наймаалцаад авах гээд зүтгэчихдэг юм билээ гэж ярьсан бас санаанаас гардаггүй юм.
Ингэхэд бид чинь хүний юм илүү харж явдаг соёлтой улс уу? Энэ юунд байдаг юм бол?
Хулгайг өөгшүүлдэг, жигшдэггүй тийм заншил яваад байдаг байх.
Хамгийн наад захын жишээ бусдын хөрөнгөнд гараа дүрдэг сайн эрсийг шүтдэг асуудал мөн үү. Тэдний тухай домог хэлцэж, одоо бүр хөшөө дурсгал босгодог болсон юмдаг уу. Суурин соёлтой хүмүүст ойлгох хэцүү эд байх л даа. Баячуудаас аваад ядууст тараадаг нэртэй ч чухам хэдийг аваад хэдийг нь тараасан баримт байхгүй байхаа даа. Тэгээд л тэднийгээ магтаад л хийморьтой гэж шүтээд л байдгийг сайн ойлгодоггүй юмаа. Үнэндээ бол хэн нэгэний хөдөлмөр шингэсэн эд хөрөнгийг чи чинээлэг учраас гээд туугаад явчих аймаар ш дээ.
Бас сайн үйл хийсэн бол ганц удаа хулгай хийхэд яахав гэсэн үзэл байх юмаа. Нөгөө Энхбаярыг баривчлах үеэр зарим хүмүүс их өрийг тэглэсэн гавьяатай хүн улсаас жаахан юм аваа л биз гэсэн яриа яваад байсан бас л сонин. Нүүдэлчний сэтгэхүй гэх үү?
За тэгээд өөр хүнийг ухаж байвал надад хамаагүй гэсэн сэтгэлгээ бас муухай. Тэр хулгай хийж байгаа хүнийг харсан ч хараагүй дүр үзүүлдэг нь тэднийг улам өөгшүүлдэг байх даа.
Энд болохоор хааяа цүнх онгорхой явбал хүмүүс цүнх чинь онгорхой байна гээд сануулаад байдаг юм. Бидэнд нэг тийм сэтгэл яагаад дутуу байдаг юм бол?
Номын хулгай хулгай биш гэсэн хачин яриа бас явна. Хэн нэгэн мөнгөөрөө худалдаж авсан юм хямдхан ч бай авахдаа санаа зовдоггүй бас аймаар шүү.
За тэгээд хаа ч явсан монголын тухай шүүмжлэлд таарсан хариу өгч чаддаг ч энэ хулгайн асуудал дээр тайлбар хийх өмөөрөх хэцүү, дэмий л хүний өмнөөс ичих юмдаа хөөрхий... Сайн дураараа хулгайчдыг толгой дээрээ гишгүүлсэн ард түмэн үү бид?




12 comments:

Barimalch said...

Лондонд бүр гадаа ил ресторанд ширээнд хоолоо идээд сууж байгаа 2 хүний нэгнийх нь нөүтбүүкииг ширээн дээрээс нь хулгайч шууд шүүрээд зугтаж байгаа секурити камерийн бичлэг саяхан 5 сард Англиийн мэдээ болоод цацагдсан бас бус нилээн проблемууд байдаг юм билээ. Саяхны европын жуулчиллын мэдээгээр Барселон Ром Парис 3 тивийн гол халаасны хулгайн нийслэлээр тодорсон. Яахав барууных нь Монголыг нилээн буруугаар ойлгоод сөрөг маркетингд орсон байгаа. Монголыг эерэг маркетингээр дэмжидэг газар ер нь хэдхэн жижиг компаниас өөр субьектууд байдаггүй байх, төрийн дэмжилэг бол 0,01% л байх.

Barimalch said...

Өө Лондон 4т орсон байна: http://travel.yahoo.com/blogs/compass/where-tourist-crime-happens-most-171502067.html?page=1

mongolbusgui said...

Haa gazar l bdg bh, manaid hyanaltiin camer tsuuhun, biye biyedee anhaaruuldaggui n hulgaich nariig uugshuuldeg. Solongost hulgai garah nuhtsul bhgui, barag 500m dutamd hyanaltiin camertai, odoo mashin bur blackbox-toi bolson blhr 24 tsagiin tursh orchiihoo buh hudulguuniig bichij bdg blhr hulgaich gemt heregten doroo barigdana. bas hunii ymiig hulgaij bolohgui gdg uhamsar mash gun shingsen bdg. Gudamjind ymaa hayah geeh tohioldold butsaj ochood awtal baij l bna. Yaahaw manaihiig hulgaich ihtei gdg yaria gadaad ih bdg l daa haramsaltai n.
bid l huuhduudee zuv humuujuulj chadwal 50 jiliin bidnii huuhduudiin ue irehed shn boloh bhaa gej naidaj bna

mongoldoo ochood shn amraarai :)

Anonymous said...

Taivan gazar bj bgad irheer ter halaasnii hulgaichid yumaa aldchina gej yerusu sanaand orj irdguin bnle. Medee seremjtei l yavj bsn ni deer yum bnle shuu. Bas tendhiin id, bank card geh bichig barimta ali boloh biyede avj yavahgui bvl zugeer. Bi mongol, amerik buh bichig barimtaa heregtei yum shig turiivchindee hiij yavad hulgaid aldtsan;-(

Nogoohon said...

Би бүр монголд хулгайд алдчихна гэж айгаад түрийвч хэрэглэж чаддаггүй байсан гээд бод л доо. Тэгээд японд ирсэн чинь түрийвчнээс хэрэгтэй юм алга. Одоо буцаж хариад түрийвч хэрэглээд сурчихсан яана даа л гэж бодох юм. Яасан ч хэцүү юм дээ. Хүн тайван амьдарч болохоор нэг ширхэг ч сайн сайхан нөхцөл байна уу?

Meegaa said...

Za saihan amraad ireerei! Goyo goyo zurag avaad, sonin saihnaa huuchlaarai.

Piglet said...

Би бас охиноо тээж байхдаа автобусанд бүлэг залуус хулгай хийж байхыг харсан шд. Тэгээд хулгайгаа хийхээ больсон ч шууд л дохио зангаагаараа дуугай байхгүй бол .... шүү л гээд байсан аймаар. Жирэмсэн байсныг ч хэлэх үү буух буудал дээрээ буухаасаа айгаад тэд нарыг буусны дараа бууж байж билээ. Хэлэх гэхээр айгаад дуу ч гараагүй, тэр үед ёстой аргагүй байдалд орсон.
Сайхан амраад болгоомжтой яваад ирээрэй!

Piglet said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Өө манайхан кэцүү шд. Амьдралын түвшин доогуур гэдгээрээ түрий барих нь их ч гэсэн угаасаа амар хялбар амьдраад сурчихсан, таны хэлдгээр хүмүүс айдаг болохоор бүр тэрэндээ өөгшчихсөн нөхдүүд зөндөө. Одоо бүр жижиг хулгайчид зохион байгуулалтанд ороод худалч хүнд мафи шиг юм болсон байна лээ. Иймэрхүү хүмүүсийг өөгшүүлмээргүй, их л хатуу шийтгэдэг болмоор байгаа юм.

Anonymous said...

Нээрээ болгоомжтой байхгүй бол горьгүй. Тэр жил нутаг очоод, хоромхон зуур гараа өргөж авах юмаа заах зуур цунх булаагаад цугтаад алга болсон. Гадаад дотоод холилдсон мөнгөө алдсан. Ямар азаар бичиг баримтаа ихэнх гадаад мөнгөө гэртээ орхиж гарсан юм.

nana said...

номын хулгай хулгай биш гэдэг эртний үг.дээр үед судар ном зардаггүй, судар ном зарах нь том нүгэлд тооцогддог байсан юм билээ, ер нь ч үнэлэх аргагүй үнэ цэнэ шингэсэн зүйл гэж бас байна, дээрээс нь өдрийн өвдөл цөвдөлхөнөө олж идэхийн тулд судар байтугай юм зарахааргүй, ашиг хонжоо хайдаггүй эгэл, номын мөр хөөсөн хүмүүсийн зарчим нь байсан байхөө. Одоо олон хүн бичиг үсэг боловсролтой болсж, номын эрэлт хэрэгцээ ихэссэн болохоор ном гэдэг бизнес болж, үнэлэхээс өөр аргагүй болж. Номын хулгай хулгай биш гэдэг одоо бол олиггүй санаа шүү яах аргагүй...

Anonymous said...

sain bna uu? bi tanii blog deerees l unshij bsn sanagdaad baihiin odoo bolhoor haigaad oldogguiee. manai malchid galzuursan maliin mahiig zes togoond chanadag, teriig n sudlaad uztel uneheer shinjleh uhaanii undesleltei baisan, bidnii ovog deedsiin uhaan uneheer aguu yumaa gesen utgatai. ta tiimerhuu niitlel bichij bsn uu? esvel bi anduuraad baigaan boluu? za saihan amraarai.