Saturday, May 23, 2015

Өгөөмөр сэксизм

Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь сайжирч байгаа ч асуудал бүрэн шийдэгдэх хүртэл маш олон саад бэрхшээл байсаар л. Энэ удаад би сонгох сонгогдох эрх, хүчирхийлэл, бэлгийн дарамт хамгийн өргөн яригддаг сэдвээр биш харин хүний санаанд ордоггүй өнцгөөс харж үзэх гээд үзэх үү.
Эхлээд саявтар уншсан ганц хоёр жишээ…
1. Алберт Эйнштэйний нас барахад эмэгнэж бичсэн сонины нийтлэлд:
"Тэрбээр өдөр бүр ажлаа тараад хоол хүнсээ цуглуулж, хогоо асгаж, сандлын бүрээсээ гараараа угаадаг байв. Дагавар охиныхоо хувьд зүгээр л аав байсан түүнийг " тэр хэрэгтэй үед үргэлж дэргэд минь байдаг байсан" хэмээн дурсжээ.
Мягмар гаригт мөнх бусыг үзсэн Алберт Эйнштэйн ажил дээрээ атом үнэхээр байдаг эсэхийг харуулах гэж зорьж байлаа. Түүний фотоэлектроны нөлөөлөл хэмээх нээлт нь алдартай Нобелийн шагнал авчирсан юм" гэж байсан бол та гайхах уу? Олон хүн энэ одоо юу вэ гэж гайхах биз. Энэ эмэгтэй эрэгтэй эрдэмтдийн эмгэнэлийн нийтлэл хэр ялгаатайг харуулах гэсэн сэтгүүлчийн хошигнол байсан юм.
Тэгвэл пуужин зохион бүтээгч Ивонн Бриллийн эмэгнэлийн нийтлэл дээр:
"Тэрбээр сайхан хоол хийж, нөхрөө даган ажлаас ажилд шилжин, 3 хүүхдээ өсгөх гэж ажлаасаа 8 жилийн завсарлага авсан юм. Түүний хүү Матью дэлхийн хамгийн сайн ээж гэж түүнийг тодорхойлжээ.
Харин өнгөрсөн Лхагва гаригт 88 насандаа Принстон хотод мөнх бусыг үзсэн Ивонн Брилл 1970 онд пуужингийн тийрэлтийн систем зохион бүтээсэн үнэхээр чадалтай эрдэмтэн байсан бөгөөд түүний нээлтийн хүчээр хиймэл дагуулууд тойрог замаас хадуурч гарах асуудал үгүй болсон юм." гэж үнэхээр бичсэн байдаг.
Асуудлын гол нь Ивонн Брилл сайн эзэгтэй бас сайн эрдэмтэн байсанд биш зүгээр тэр эрэгтэй хүн байсан бол түүний эмгэнэлийн нийтлэл арай өөр байж байж гэдэгт л.
Яагаад эмэгтэйчүүдийн ололт амжилтыг энэ бас сайн ээж гэсэн тодорхойлолт дагах ёстой гэж? Тэгвэл гэр орондоо санаа тавьж хүүхдээ өсгөхөд ижилхэн хувь нэмэр оруулсан эрчүүдийн хувь нэмэр яагаад дурдагдахгүй өнгөрөх ёстой вэ?
Эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд гэр бүл ажлын тэнцвэртай байдал олохын тулд арай илүү ажилладаг нь үнэн. Эмэгтэйчүүдийн дээрх тодорхойлолт бас л тэр илүү үүрэг хариуцлагын тусгаж, эмэгтэйчүүдэд дэмжлэг өгөх зорилготой бичигдсэн байх. Иймэрхүү тодорхойлолтыг "өгөөмөр сэксизм" (benevolent sexism- үгчлээд хөрвүүлээд тавьчихлаа, арай оновчтой орчуулга санал болгох хүн байвал баярлана шүү.) гэж тодорхойлдог юм байна. Сайн сайхан юм хэлж байхад юу нь буруу байна гэж бодож байна уу? Ийм тодорхойлолтын нөгөө тал нь эмэгтэй хүнийг сул дорой, эрчүүдээс арай дутуу гэдгийг тодотгож байгаатай утга нэг болчихдогт учир нь байгаа гэнэдээ. 1996 онд Глик бас Фрискэ гэсэн 2 судлаач 19 оронд 15000 хүн хамарсан судалгаа хийгээд эмэгтэйчүүдийн талаар "өгөөмөр сэксист" коммэнт хэлдэг бичдэг хүмүүс эмэгтэйчүүдийн эсрэг их хатуу бодолтой хүмүүс байдгийг тогтоожээ. Иймэрхүү үзлийн аюул нь нийгэмд байгаа эрх тэгш байдлыг нуун дарагдуулах, хүмүүсийн эрхийнхээ төлөө үг хэлэх идэвхийг бууруулах муу нөлөөтэй гэж дүгнэсэн байдаг. Энэ талаар бичсэн нийтлэлийн эх энд.
Саяхандаа яруу найрагч Б. Лхагвасүрэн гуай "Эмэгтэй хүнийг ухаан зартал бүү зовоо" гэж хэлсэн нь үнэхээр сонгодог жишээ. Эсэргүүцсэн хүний амыг эмэгтэйчүүдийг хайрла л гэж байна ш дээ гээд хаачихна. Яг нарийндаа эмэгтэй хүний ухаан богино гэдгийг арай гоё болгоод л хэлчихсэн байдаг. Иймэрхүү үзэл бодол хэр их байх нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурьтай урвуу хамааралтай байдаг юм байна. Тэгэхээр манайд хийх ажил их байнаа л гэсэн үг.
2. Энэ сард Нью Иорк Таймс сонинд CRISPR/Cas9 системийн нээхэд гар бие оролцсон эмэгтэй эрдэмтэн Жениффэр Дуднагийн тухай нийтлэл гарчээ. Дээрх нээлт бол сүүлийн хэдэн жилийн дотор гарсан хамгийн том нээлтүүдийн нэг бөгөөд генийн өөрчлөлтөөр олон өвчин анагаах боломжийг ойртуулсан чухал ажил байгаа юм. Нийтлэлд түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг дурдахаасаа өмнө Харвард төгссөн тэрбээр шаргал үс, цэнхэр нүдтэй, нөхөр нь түүнийг ажлын дарамт тэсэх чадвартай гэж тодорхойлсон гэж эхэлж байгаа юм даа. Хэрэв нийтлэлийн баатар эрэгтэй хүн байсан бол түүний нүд, үсний өнгө, эхнэрийнх нь тодорхойлолт бичигдэх байсан болов уу гэсэн асуултанд та юу гэж хариулах вэ? Эмэгтэй эрдэмтдийн тухай нийтлэлд заавал дурдагддаг зүйлс:
- Түүнийг эмэгтэй гэдгийг тодотгоно
- Нөхрийнх нь ажил
- Хэдэн хүүхэдтэй, хүүхдээ яаж асардаг талаар
- Өөрийнх ажилладаг салбар дахь өрсөлдөөн тун хэцүү санагдсан тухай
- Бусад эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болсон эмэгтэй
- Ямар нэг юм хийсэн анхны эмэгтэй гэсэн тодотгол
Эрдэмтэн хүний нээлтийн ач холбогдол нь уг хүн эрэгтэй, эмэгтэй байхад биш, эмэгтэй бол түүний нөхрийн тодорхойлолтонд биш, хүүхэдтэй эсэхэд биш, хэн нэгэнд үлгэр жишээ болохуйц хүн гэдэгт ч биш зүгээр л тэр нээлт шинжлэх ухаанд ямар хувь нэмэр болсон бэ гэдэгт л байгаа юм.
Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал хүмүүсийн төсөөлдөг шиг зөвхөн боловсрол нимгэн давхаргад биш хаа сайгүй байдгийн жишээ энэ болов уу. Шинжлэх ухааны байгууллагад эмэгтэйчүүдийн байр суурь бас л 100% шийдэгдээд сайхан болсон юм байхгүй. Харин ч эмэгтэй хүн эрдэмтэн гэдэг утгаар дэвших хэцүү, судалгааны ажилд орох өргөдөл өгөхөд эрэгтэй хүний сонгогдох магадлал өндөр гээд асуудлууд зөндөө. Энэ талаар Их Британи, АНУ гээд салбар тэргүүлж яваа улсууд их ярьж байгаа ч над мэт шиг хүмүүст яг бодитой шийдэл болоод буух нь арай л болоогүй юм шиг байна.
3. Гурав дахь жишээ бол бүр инээдтэй. Судалгааны ажил хийгээд үр дүнгээ хэвлүүлэх болоход peer review гэсэн процесс бий. Тухайн салбарт ажилладаг судлаач таны ажлыг уншиж үзээд сэтгүүлд хэвлэх дайны бүтээл мөн үү үгүй юу гэдгийг шийддэг. Саяхандаа xоёр эмэгтэй судлаачийн нийтлэлийг шүүсэн хүний "Зохиогчийн жагсаалтандаа эрэгтэй хүн оруулчихвал нийтлэл чинь илүү сайжрах юм байна" гэсэн коммэнт бааахан шуугиан тарьсан. Би эхлээд хэн нэгэн хошигнож байна уу гэж бодсон үнэхээр тийм юм болсон байгаа юм даа.
Жэндэр мэндэр ярьсан хүүхнүүд гээд иймэрхүү юм ярьж бичдэг хүмүүст дургүй талдаа байдаг нь бас л манай нийгэм, манай хүүxнүүдийн нийгэм дэх байр суурийг тольдох нэг үзүүлэлт мөн болов уу. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн тэгш эрх ярьсаар энэ эрчүүд хөөрхий байдлтай болчихлоо архи уудаг, боловсролоос хоцордог гэсэн гомдол бас явдаг. Энэ асуудал бол харин ч эмэгтайчүүдийн нийгэм дэх байр суурь сайжрах тусам багасна гэж би бодоод байдаг юм. Бод л доо эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд амьдралд яг ижил боломж, ижил эрх хүлээж байхад эцэг эхчүүд нэгэнд нь илүү анхаарал тавих нь багасна тэр хэмжээгээрээ эрэгтэйчүүд боловсролоос хоцрохгүй. Хоёрт эрэгтэй эмэгтэй хүмүүс амьдралд ижил үүрэг хүлээдэг бол эрчүүдийн би л гэр орноо авч явах ёстой хүн гэсэн сэтгэл санааны дарамт хөнгөрөх үү. Та нар юу гэж бодож байна?

6 comments:

Anonymous said...

Peeeh yag minii bodoj yavdag bodliig ultai undesteini bichchihej. Bur nadaas uur hun ene talaar duridaad bdagguig haraad gaihaj bn ch tsahim yurtuntsuur mundag emegteichuud maani bas bodoj sanaj l yavdag yum bna. Bi ter Lhagvasuren guaig harahaar dotor evguirheed bdiin.ter ugiig haraad bas durgui hursen. alban bus huiseer yalgavarlan gaduurhagch amaar "banzaldagch".(joohon slang ug bichchihlee sorry) eniig bas horduulj bgaad em uguh gedeg bhaa. naaguuraa magtaad tsaaguuraa hiigeed bgaa hereg.

Anonymous said...

tegeed ter huuhnuud lhagvasuren guain ter ugiig yu ch bodolgui likedaad postlood bhiin :( Mongol maani bas l boloogui bna daa l gej bodhiim daa.

Anonymous said...

taniig magtah mialah zeregtsuuleed (ner hundtei darga yumuu prof ch yumuu) bval ta baidlaas yaj evteihen garah ve?

Piglet said...

Загатнасан газар маажив гэдэг нь боллоо. Ажилд орох үед CV-гээ өгдөг дөө. Тэрэн дээр албан ёсоор ялгаж бичээгүй байдаг ч гэлээ эмэгтэй бол гэр бүлийн байдал, хүүхдийн тоо тэр битгий хэл хүүхдийн насыг нь хүртэл бичих ёстой гэсэн шаардлага тавьдаг газартай таарч байлаа. Харин эрэгтэй хүн бол тэрийг бичсэн бичээгүй ялгаагүй гэж байсан. Ярилцлаганд орох үед тодруулж асуугаад, нэг бодлын ар гэрийн байдлыг харж ажлын ачаалал шийдэгдэх магдалалтай гэж бодох ч нөгөө бодлын бас л хүйсээр ялгаад байгаа хэрэг. Эрэгтэй хүн хүүхдээ асарч, өвдсөн үед чөлөө авах хэрэггүй, эмэгтэй хүнд хамааралтай гэдэг утгаар нь хандаад ч байх шиг. Ингээд бодохоор эмэгтэйчүүдэд ирэх ачаалал бол дийлдэшгүй. Адилхан ачааг эрэгтэйчүүд үүрч дийлэхгүй, үүрэхгүй байх угаасаа. Тийм ч учраас Эмэгтэйчүүд эрчүүд шиг амжилтанд хүрэх нь хэцүү, Учир нь тэд нарт эхнэр байдаггүй гэдэг байхаа.

Anonymous said...

Санал нэг байна. Эмэгтэйчүүд ч гэсэн өөрсдөө сексист. Ээж, эхнэр гэдэг дүрдээ өөрсдийгөө бүрэн оруулсан, тэрийгээ бас байнга тодотгож байдаг. Заримдаа мэдээгүй ийм дүрдээ ордог байх :)

Unknown said...

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүйсийн ялгаа харин ч арилаж байна гэж боддог.