Friday, August 14, 2015

Хэвлэсэн бүхэн үнэн биш, зөвлөгөө өгнө гэдэг хариуцлага

Би гэдэг хүн 5 жил бодисын солилцооны эмгэг, зүрх судасны өвчин, таргалалттай холбоотой судалгааны төвүүдэд ажиллаж байсан маань энэ талаарх мэдээлэл, шинэ судалгаа үзэх сонсох боломж нээж өгчээ. Манайд ч энэ талаар их ярьж бичдэг болсон юм байна. Гэхдээ олон нийтийн хэвлэл мэдээлэл, цахим хуудсуудаар буруу ташаа мэдээлэл их явдаг нь сэтгэл түгшээдэг. Зүгээр дурын хүн биш мэргэжлийн хүмүүс ч илт буруу ярих нь олон. Манайд анагаахад хүний физиологийг хэр сайн заадаг вэ? Клиникийн судалгааны аргачлал гэж хичээл ордог болов уу? Ажаад байхад шинэлэг юм ямар нэг хурал зөвлөгөөнөөс олж мэдээд тэр тухай ярихдаа илүү дутуу хачир нэмдэг, эсвэл их хуучин мэдээлэлтай байдаг, эцэст нь судалгааны арга барилын ямар ч суурь байхгүй учраас дүгнэлтээ их гоомой гаргадаг нийтлэг дутагдал голчлох юмаа. Саяхан эрүүл хооллох талаар 2-дугаар эмнэлэгийн хоол зүйч ийм ярицлага өгсөн байна. Ерөнхийдөө дажгүй зөв ярьсан юм байнаа байна. Овоо зөв явж байснаа дундуур нь гэнэт сонин мэдээ орж ирэх нь гайхалтай. Бүгдийг нь тайлбарлах цаг зав үгүй тул ганц хоёр жишээ дурдаад өнгөрье. Энэ тухай миний бичээд байдгийн учир нь та нар минь янз бүрийн мэдээллийг нухацтай бодож хүлээж авах хэрэгтэй шүү, хэвлэсэн бүхэн зөв биш, алив эрүүл мэднийн зөвлөгөөг уншихдаа аль болох цаана нь ямар судалгаа юу байна вэ гэж сонирхож байгаарай л гэх гэсэн юм. Иймэрхүү жишээ маш олон гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ.

"Хамгийн сайн өглөөний цай гэвэл үр тарианы төрөл тэр дундаа овьёос будааны төрлүүд гэж үздэг"- энэ хуучирсан мэдээлэл. Өглөө уураг агуулсан хүнс тэр дундаа өндөг хэрэглэж бай гэсэн зөвлөгөө сүүлийн 2 жилд яваад байгаа. Нүүрс ус агуулсан хүнс амархан задардаг/шингэдэг учраас хурдан өлсгөдөг. Тиймээс эслэг, уураг өглөөний цайнд орох нь зөв.

"Би сая эмнэлгийнхээ эмч нарт нэг сарын турш баланстай хоол идүүлэх хөтөлбөр явуулсан юм. Тэр хөтөлбөр маань дуусаад би яг одоо репортыг нь бичээд сууж байна л даа. Хөтөлбөрт хамрагдсан эмч нар маань хоолидэж эхлэхээсээ өмнө урьдчилсан шинжилгээ өгсөн. Дуусаад бас урьдчилсан шинжилгээ өгсөн. Гэтэл эмч нар маань даралтын эмээ уухаа больчихсон. Би хоолоо бэлтгэхдээ давс, өөх тос маш бага хэрэглээд, таван төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон, зөв цэвэрлэж, зөв боловсруулсан хоол өгсөн юм л даа. Давс ер нь бараг л хэрэглээгүй гэж болно. Гэтэл даралт ихтэй эмч нар маань даралтны эмээ уухаа больчихсон, бие хөнгөрөөд сайхан байна гээд эерэг өөрчлөлт орсон. Бас цусны сахарын хэмжээ нь илт буурсан. Нэг эмчийн
цусны сахарын хэмжээ нь 10-тай өндөр гардаг байсан чинь энэ хөтөлбөрийн дараа 6-аас дээш гарахаабольсон байгаа юм. Гол нь тэр эмч нар бага давстай, бага хоол гэдгийг мэдээгүй, өмнө иддэг байсан хоолнуудаа санагалзаагүй. Яагаад гэвэл бүх амин дэм байгаа болохоор хурдан цадаж, шаардлагатай амин дэмээ авсан байгаа юм. Миний таньдаг IV цахилгаан станцын хоол зүйч маань бас ийм хөтөлбөр хэрэгжүүлсэн чинь эмч нарын ерөнхий эрүүл мэндийн байдал эрс дээшилсэн байгаа юм. Тэгэхээр баланстай хооллоод л сурчихвал элдэв өвчнөөс хол байж чадна. Эрүүл байхад оройтсон гэж бодох хэрэггүйг энэ хөтөлбөр баталсан." -Энэ хөтөлбөр юуг баталсан нь тодорхойгүй. Хэрвээ судалгааны тухай ярих гэж байгаа бол хэдэн хүн оролцсон, үр дүн хэдэн хүнд гарсаныг, бас яаж хэмжсэнийиг заавал дурдах ёстой. Наад зах нь энэ судалгаанд нэг дор ажилладаг хүмүүс оржээ. Тэд бүгд нэг л цайны газар хооллодог байж. Тэр цайны газрын хоол өөх тос давс ихтэй тааруу хоолтой. Судалгаанд хоол өөрчлөгдсөн нь оролцсон хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлсөн гэж үзвэл нийт иргэдэд хэр хамааралтай вэ?

"Жимсийг хоолтой хамт хэрэглэх бас зохисгүй. Жимс чихэрлэг учраас тодорхой хэмжээгээр илчлэг өгдөг. Гол нь ходоодны хүчлийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэг болохоор хоолыг шингээх тал бол байдаг. Гэхдээ жимс, ногоог хамтад нь хэрэглэх ер нь дэмий. Аль болох зайтай хэрэглэх хэрэгтэй."- анх удаагаа жимс хоолтой хамт хэрэглэх зохисгүй гэж сонсож байна. Хоолны дараа бялуу амттаны оронд жимс хэрэглэ гэдэг зөвлөгөөг яах билээ. Жимс чихэрлэг ч эслэг агуудаг учраас цусан дахь глюкозын хэмжээг огцом өсгөдөггүй сайн талтай гэдэг дээ уг нь.

"Үр тарианы төрөл хэрэглэхгүй байна гэдэг чинь гаднаас ямар ч энерги авахгүй, өмнө нөөцөлсөн энергиэ л зарцуулж байна гэсэн үг."- буруу өөх тос, уураг хэрэглэхэд энерги авна.

"Бидний улаан хоолой чинь хоол идсэний дараа ходоод руу хоолыг бага, багаар оруулж байдаг. Ходоод тэр бага багаар ирж байгаа хоолыг боловсруулж нарийн гэдэс рүү жаахан жаахнаар өгч байх ёстой."- хүний физиологи сайн мэддэггүй бололтой. Улаан хоолой чинь хоол нөөцөлдөг сав болчихов уу. Уг нь сурах бичигт хоол залгиур хоолойноос ходоодонд ороход 7 секунд болно гэдэг л дээ.

"Жирэмсэн эхчүүд хоол хүнсэндээ үхрийн элэг, ногоон байцаа, шош зэрэг фолийн хүчил, төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй."- баруун Европт А витамины илүүдэл урагт хортой тул жирэмсэн эхчүүдийг элэг идэж болохгүй гэдэг. Дараа нь өөрөө А витамин илүүдвэл элгэнд маш хортой тухай ярьсан байх юм.

"Харшил үүсгэгч хүнсний бүтээгдэхүүнд цитрусын төрлийн жимс, өндөг ордог"- Дархлааны систем алив бодисыг хэр хүлээж авахаас шалтгаалж ямар ч хүнс харшил үүсгэж болно. Ийм хоёрхон төрлөөр хязгаарлагдахгүй. Өөр юманд харшилтай ч дээрх 2 хүнсэнд харшилгүй бас байж болно.

Зүгээр нэг ажиглалт та бүхэнд сонин бас юм бодогдуулж магадгүй гээд энд хавчуулаад орхиё
Сүүлийн 30 жилд дэлхий даяар таргалалт маш хурдан нэмэгдэж байгаа. Баян барууны орнуудаас халиад хөгжиж буй орнуудад ч таргалалт эрүүл мэнд, эдийн засгийн асуудал болоод эхэлчихсэн гэдгийг мэдэж байгаа бизээ.
Таргалалтын гол шалтгаан их идсэнийх гэж үздэг. Их идэхдээ хүнсний бүх төрлөөс их иддэг болсон уу? Тоо баримт харъя; сүүлийн 30 жилд хүмүүсийн идэх уураг болоод өөх тосны хэмжээ бараг өөрчлөгдөөгүй юм байна. Харин 1980-аад оноос өөх тос багасгах зөвлөмжийн дагуу хэрэглээ харин ч буурсан (хүнсний нийт илчлэгийн 40% байснаа 30% болсон). Уургийн хэрэглээ 15% хэвээрээ. Хэрвээ өөх тос уургийн хэмжээ өөрчлөгдөөгүй юм бол юу нэмэгдсэн бэ? Нүүрс усны хэрэглээ нийт илчлэгийн 40% байснаа 55% болж нэмэгджээ. Түүнээс цардуул 49%-иас 51% болж өссөн бол фруктозын хэрэглээ 8%-иас 12% болж нэмэгдсэн байна. Хүүхдүүдийн дунд фруктозын хэрэглээ зарим тохиолдолд 15% хүрсэн байдаг.
Сүүлийн 30 жилд хүмүүсийн сахарын (2 дахин өссөн) хэрэглээ тэр дундаа фруктозын хэрэглээ их өссөн нь харагдаж байгаа биз? Фруктозын хэрэглээ таргалалт болоод бодисын солилцооны эмгэгтэй ямар хамааралтай болох талаар ойрд их ярьж бичдэг болсон байна. Сахароз (элсэн чихэр) нэг глюкоз нэг фруктозын молекулаас тогтдог, жимсний шүүс фруктоз ихээр агуулдаг, эрдэнэ шишийн сироп бол цэвэр фруктоз (их хямд, америкчууд ундаа болоод бэлэн боловсруулсан хүнсэндээ маш их хэрэглэдэг, эрдэнэ шиш тарьдаг тариачдын болоод хүнс үйлдвэрлэгчдийн том лобби байдаг гэдэг, европт хориотой). Манай Кока Кола чихрээр амталсан байдаг уу, эрдэнэ шишийн сиропоор амталсан байдаг уу?

Хүнд зөвлөгөө өгнө гэдэг хариуцлагатай ажил. Буруу ташаа мэдээ тараагаад хүний эрүүл мэнд хохирвол яана. Нөгөө талаар уншигчид ч гэсэн нийтлэгдсэн бүгд үнэн бодит мэдээ биш гэдгийг санаж давхар өөр эх үүсвэрээс шалгаж байх хэрэгтэй.

5 comments:

Anonymous said...

kkkk. erdeneshishiin syrop demii geed medeed bsiimaa. usa-d barag buh yum ni nairlagadaa corn syrop getsen bdag yum bna lee. mongold haritsangui gaigui shuu. bi l lav tiim yum olj haraagui l bna odoohondoo.

MRowan said...

Баярлалаа. Сайхан мэдүүштэй зүйлс байна. Илүү ихийг оруулаарай.

erhtsas said...

Би яг энэ гарчигийг хадам ээждээ байнга хэлдэг юм. Манай хадам ээж маш их юм уншдаг бас уншсан бүхэндээ бараг итгэж дагна бас бид нарыг дагахыг шаардана. Хааяа би бүр тэсэхээ байхаараа, та яаж үнэн гэдгийг нь мэдэх юм, энэ бүхнийг яг тань шиг эсвэл над шиг л хүн ямар ч судалгаа шинжилгээ хийхгүй, өөрт таарсан, тохиолдсон явдлаар л бичиж байгаа тэгээд ч таны биед таарсан зүйл магадгүй миний бас тэдний биед ч таарахгүй байж болно шүү дээ... гээд л бас хөөрхөн тэмцэл үүснэ ээ.

Тэр жимс идэхийн тухайд Тайваны нэг ардын уламжлалын эмч л хоолны дараа жимс идэх муу, идвэл зөвхөн хооллохоос 2-3 цагийн өмнө идэх хэрэгтэй гэж бичсэнээс болоод л нэг иймэрхүү зөвлөгөө, тодорхойлолт яваад байгаа юм байна лээ.

Anonymous said...

Аливаа зүйлийг шинжлэх ухааны үүднээс авч үзсэн мэдээлэлд их дуртай. Бид ч яахав ойлгоод байна. Гэтэл нийгмийн масс маань ямар ч наад захын боловсролгүй мэдлэггүй, хэний ч хамаагүй хэлсэн ярьсан зүйлд шууд итгэж байна, мухраар даган дуурайж байна.

Mom of twins said...

Сайхан нийтлэл уншлаа. Манай анагаахын сургуульд Nutrition талаар хичээл орох хэрэгтэй гэж боддог. Та эмч үү эсвэл...
Манай эмч нар сүүлийн үеийн мэдээ мэдээлэл унших нь бага гэж хувьдаа боддог тэгэх ч зав боломж гардаггүй байх. Ер нь бол манайхан их зоригтой ярьдаг мэддэг ч байсан ч мэддэггүй байсан ч. Бас судалгааны талаарх мэдлэг зарим хүмүүст үнэхээрийн хомс санагддаг.