Thursday, September 24, 2015

Ойлгомжгүй юмнууд

Хэзээ ч билээ дээ арал дээр амьдрадаг хүмүүсийн араншин өөр, тэр утгаараа бритүүд япончуудтай төстэй гэж уншиж байсан юм. Японд очиж үзээгүй ч овоо олон япончуудтай харилцаж байсныхаа хувьд тэр нийтлэг чанарыг арай олж харж амжаагүй. Харин бритүүдийн хувьд нутагт нь байгаагийн хувьд нэлээн сайн ойлголттой болж авсан ч ойлгомжгүй бас дасдаггүй юм нэлээн таардаг. Ойрд ой санамж тааруу болсон учраас зарим нь орхигдох биз, санахаараа нэмэхийг бодноо.


1. Сантехник. Холигчгүй халуун хүйтэн усны тусдаа цорго. Дэлхийн 2-дугаар дайны үеэр Черчилл гуай ЗХУ-д гэрээнд гарын үсэг зурахаар очихдоо холигчтой цорго үзээд ихэд сайшааж тэмдэглэлдээ бичсэн гэж яриа байдаг. Миний багад Улаанбаатарт анх баригдсан зарим орон сууцнууд тийм тусдаа цорготой байсныг санадаг, гэхдээ хүмүүс ихэнхдээ резинэн хоолой ашиглаад гэрийн нөхцөлд холигч хийж хэрэглэдэг байсныг мэдэх юм. Анх энд ирээд байрандаа орохдоо хамгийн их гайхсан зүйл гал тогоо, ванны өрөөний цоргонууд халуун хүйтэн тусдаа байсан нь. Эхлээд их л хуучны юм хэрэглэдэг юм байх даа гэж бодож байсан, дараа нь тийм тусдаа цорго одоо ч дэлгүүрүүд зардаг хүмүүс худалдаж авдагийг хараад маш ихээр гайхсан гэж байгаа. Бритүүдтэй энэ тухай ярихад тусдаа цорго тийм хачирхалтай юм гэж хэн ч боддоггүй, тэр байтугай тусдаа цоргоны ашигтай тал гээд сонин сонин юм ярина. Ихэнх нь хоолойд үлдсэн ус холигчтой болохоор бүлээн болоод бактери үржих нөхцөл болдог гэж тайлбарлана. Уг тайлбар дээр үеийн усны баллонтой бойлэр хэрэглэдэг хүмүүсийн хувьд үнэний хувьтай харин өнөө үед тийм юм байхгүй гэсэн тайлбар энд амьдардаг гадны хүн бичсэн байсан кк. Халуун усны цоргоноос час халуун ус гоождог болохоор гараа ихэвчлэн хүйтэн усаар угааж таарна. Хүйтэн ус, бүлээн усыг бодвол илүү муу угаана, тэр хэмжээгээрээ хүний гаранд үржих бактерийн тоо харин улам их баймаар. Хуучин ажлын дарга шүдээ угаагаад цэв хүйтэн усаар амаа зайлах нь зүгээр ш дээ гэж байсан, холигчтой цоргоор цэв хүйтэн ус гоожиж болно гэдгийг ойлгож амжаагүй юм шиг байгаа юм. Хамгийн тэнэгдүү гэмээр тайлбар бас хамт ажилладаг нэг хүн шүдээ угааж амаа зайлчихаад нулимахаар тосгуурын дунд байх ганц цоргонд толгойгоо цохичихдог гэж авсан, юу ч гэхэв дээ ккк. Ерөнхийдөө миний амьдарч байсан газруудаас сантехник нь хамгийн хуучны бүдүүлэгдүү газар. Анх бид зохиосон гээд цаашаа дэвжиж хөгжсөнийг тоогоогүй орхисных байх. Ер нь бол нээх сайхан халуун шүршүүрт орно гэдэг бас хүн бүрт заяах хувь тавилан биш ккк. Өөрийн байр бол сайныг хэрэглэдэг байх. Хөлслүүлж байгаа байрны бойлэр дандаа хуучин, хүчин чадал муутай таардаг. Усанд орж байхад хэн нэгэн гал тогоонд ус нээвэл тэгээд л шүршүүр чинь цэв мөс болох энүүхэнд. Хүмүүс цахилгаан шүршүүр их хэрэглэдэг. Арай хямд тусдаг гэдэг юм билээ гэхдээ л нэг тийм жул сонин санагдаад байдаг даа.
2. Эмнэлэгийн байгууллагууд. Эдний үндэсний эрүүл мэндийн салбар олон нийтийн хамгийн хайртай байгууллага, ихэнх хүмүүс манай ситем дэлхийд нэг ноймор л гэнэ. Харин өөр улсаас ирсэн хүмүүс ихэнхдээ санаа нийлдэггүй. Ялангуяа америкаас ирсэн хүмүүс их гайхнаа. Америкт ямар нэг юм анзаараагүйгээс алдаа гаргасан бол дараа нь шүүхэд дуудагдах магaдлал өндөрийнх үү, бас бизнес талдаа учраас хийсэн үйлчилгээ болгондоо мөнгө авдагийнх уу, маш их шинжилгээ хийнээ. Тэр нь хүмүүст бас нэг тийм аятайхан сэтгэгдэл төрүүлдэг байж мэднэ. Харин энд бол эсрэгээрээ аль болох бага үзлэг, шинжилгээ хийнэ. Юм болгоныг шинжилсэний ашиг гэж байхгүй, харин ч зарим тохиолдолд хор болох талтай гэж үздэг. Цусны шинжилгээ энэ тэр тийм юм биз, гэхдээ бүр маш энгийн юман дээр ч тиймэрхүү байдаг нь сонин.
Том охин америкт, бага охин энд төрсөн болохоор ялгааг бол маш их мэдэрсэн. Сар болгон үзлэг хийнээ. Америкт жирэмсэн болсон бол харьяа эмэгтэйчүүдийн эмчтэйгээ цаг авч үзүүлдэг. Анхны үзлэгээр жигнэнэ, цус авна, дотуур үзлэг хийнэ. Цаашлаад удамзүйч уруу явуулж бас цусны шинжилгээ хийхээс гадна, гэр бүл дотор ямар нэг удамшлын асуудал бий эсэхийг лавлаж их л нарийн үзнэ. Тэгээд дараа дараагийн үзлэгээр бас л жигнэнэ, гэдэс хэмжиж үзнэ, хуваарийн дагуу өөр цусны шинжилгээ байвал хийнэ. Үзлэг бүрээр нэг л эмч, сүүл рүүгээ таньдаг мэддэг болно. Ээлж таарвал энэ л эмч эх барьж авна.
Энд болохоор эмэгтэйчүүдийн эмч биш эх барих үйлчилгээ гэсэн клиник уруу явна. Эхний үзлэгээр авдаг шинжилгээгээ авна, жигнэж үзнэ. Дахиж биеийн жин үзэхгүй, ямар нэг хэрэгцээтэй мэдээлэл өгдөггүй учраас гэж тайлбарласан. Сар бүрийн үзлэгээр өөр өөр хүн таарна. Ямар нэг асуудалгүй бол төрөхөд ганц эх баригч л байдаг юм билээ.
Америкт хүүхдээ төрөхөөс өмнө хүүхдийн эмчээ сонгодог юм билээ. Төрсөн өдөр нь эсвэл маргааш нь тэр хүүхдийн эмч төрөхөд ирж хүүхдийг үзээд хүлээж авна. Тэгээд ой хүртэл нь сар бүр тэр л эмчдээ үзүүлнэ. Үзлэг бүрээр жигнэнэ, чагнана.
Энд төрсөний дараа 2 долоо хоног нөгөө төрөх эмнэлэгээс эх баригч гэрээр ирж эх хүүхдийг эргэж тойрно. Тэгээд ямар нэг асуудал байхгүй бол дахиж үзэхгүй. Асуудал гарвал өрхийн эмчдээ үзүүлнэ. Эрүүл мэндийн төлөөлөгч гээд нэг хүн ганц хоёр сар гэрээр ирж бас үздэг юм билээ. Энэ төлөөлөгч вакцинаа хариуцна. Охиныг маань төрөхөд нь нэг, дараа нь гэрт ганц хоёр удаа жигнэсэн. Өрхийн эмчийн өрөөнд нялх хүүхэд жигнэх жин байхгүй. Охин маань хоолонд муу байгаад жигнүүлье гэсэн нөгөө төлөөлөгчөө гэртээ дуудаж байж жигнүүлсэн.
Ихэнх тохиолдолд хүүхэд эрүүл саруул бойждог учраас нэг их үзээд байх шаардлагагүй нь үнэн. Гэхдээ Их Британи өндөр хөгжилтэй орнууд дотроо эх нялхасын эндэгдлээр дандаа дээгүүр давхидаг бөгөөд энэ аль болох бага үзнэ гэсэн философи нөлөөтэй гэдгийг яагаад ч хүлээн зөвшөөрдөггүй. Эмч хүнтэй энэ сэдвээр маргавал бариулж идүүлэх шахна.
Зэргэлдээ Францад эмнэлэгт үзүүлэх тэс өөр. Америк шиг бүгдийг үзнэ гэхгүй ч хүүхдээ жигнүүлье гээд өрхийн эмнэлэг дээр очиход асуудалгүй.
Бритүүд бид эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй авдаг гэдэг, гэхдээ ажил хийж байгаа хүн бүрийн нийгмийн даатгал ямар нэг хэмжээгээр санхүүжүүлдэг гэдгийг орхигдуулдаг. Сонгуулиар популизм хийдэг ганц сэдэв. Улс төрч энэ салбарт шинэчлэл хийнэ гээд дуугарчихвал сонгогдох найдвар бараг байхгүй. Маш их мөнгө иддэг салбар. Хүмүүс урт насалдаг болсон, зүрх судасны өвчлөл нэмэгдэж байгаа нь санхүүгийн дарамтыг улам их нэмж байгаа ч өөрчлөхгүй гэж гүрийсээр.
3. Үйлчилгээ. Хаа газар үйлчилгээ сайн муу байна л даа. Гэхдээ эднийх их сонин. Америкт байхад бас л сайн муу таарч байсан. Эргээд гомдол тавихад сайн хүлээж авна. Тэр дор нь хүнийг хохиролгүй болгохоос гадна урамшуулал ч өгнө. Монголд зарим үйлчилгээ их шуурхай сайхан. Энд асуудалгүй бол дажгүй. Ямар нэг алдаа асуудал гарвал маш ядаргаатай. Хувийн, улсын байгуулагын ялгаа бараг байхгүй тэр тал дээр. Их л боловсоноор танд түвэг удсандаа уучлал хүсч байна гэнэ. Худалч хүнд тэрнээс өөр арга хэмжээ авахгүй ккк. Тээр жил манай хүн хуралд яваад гэртээ галт тэргээр ирж явсан цас ороод галт тэрэг явах аргагүй болсон гэж байгаа. Тэгсэн бид цаашаа явах аргагүй боллоо, түвэг учруулсандаа уучлал хүсье одоо буу гэсэн гэдэг. Тэгээд бүх зорчигчдоо хээр буулгасан гэж байгаа. Жижиг сажиг юман дээр гомдол тавиад явж болно л доо тийм систем бий, тэр нь бас л түвэгтэй, хойноос хөөцөлдөх маш их цаг авах учраас тэгэсгээд орхидог болсон кк.

3 comments:

Anonymous said...

Хэхэ тэр хээр буулгадаг арай л аймар юмаа. Тэгээд одоо тэр хүмүүс яаж гэртээ харих юм бол? Би словакт бдаг юм. Манай энд бас үйлчилгээ муу сайн юм ихтэй. Ёстой уучлаарайгаас өөр юм бараг хийхгүй дээ. Гэхдээ цас ороод явахгүй буу гэж арай ч хэлж бгаагүй юм. Нэг өвөл эдний хамгийн захын хотод оччихоод буцаж явж бтал аймар шуурга болоод төмөр зам дээр нь мод уначихсан гээд манай вагон 5н цаг явдаг газарт бараг 12 цаг явсан. Буу муу гэхгүй радиогоороо уучлаарай ийм ийм асуудал гарлаа бид одоо шийдвэрлэхийг хичээнээ хэзээ ч явж магадгүй тул та вагоноос буухгүй бна уу гэж бсан. Бас нэг удаа оюутны дотуур байранд оччихоод гарахдаа уул нь картаа өгөөд гарсан гэдгээ тэмдэглүүлсэн юм. 2 хоногийн дараа нөгөө зочилж очсон охинд маань танай өрөөнд ийм хүн 2 хоносон тулд хоносон төлбөрөө төлнө үү гээд мэйл ирлээ яах уу гэж ярив аа. Би ч хоноогүй бж юу гэж төлдийн гээл очлоо. Мэдээж тухайн тохиолдолд хаалгач л буруутай миний уулзах гэж очсон хүн бид 2 бие биендээ итгэх тухай асуудал л яригдаж бгаан. Би ч би хоноогүй ээ яагаад тэр хүн гаргаагүйг мэдэхгүй гэхээр тэр хүн таныг гарсан л бол гаргасан бх ёстой гээл тэр хүн алдаж болно шдээ та нар камераа шалга нтр гээл нилээн юм болж бж төлбөргүй болгосон. Заримдаа бол тас гүрийгээд заавал төлүүлдэг л гэж бна лээ нөгөө охин маань. Заримдаа их хайнга тэгээд тэрийгээ хүлээн зөвшөөрөх их дургүй хүмүүс шиг санагддаг юм словакууд

Piglet said...

Танаас санаа аваад би бас тэгж байгаад гайхаад бардаггүй, минийхээр бол утга учиргүй зарим нэг анзаарсан зүйлсээ бичнээ.
Энэ усны цорго үнэн сонирхолтой эд байнаа, бага насны хүүхэд түлэгдэж балрахаар юм байна. Эмнэлгийн үйлчилгээ ч гэсэн дээ гайхуулж өөрсдийгөө магтаад байхаар биш гэдгийг сая найздаа тохиолдсон явдлаас мэдсэн. Эгч нь ханиад хүрсэн шинж илрээд өрхийн эмчдээ үзүүлсэн чинь огт тоогоогүй, уушгинд юм байх шиг байна рентгенд харж өгөөч гэж гуйгаад, цусны шинжилгээ өгье гэж гуйгаад эмчийгээ зөвшөөрүүлж чадаагүй байсаар байгаад эцсийн шатанд орж уушиг руугаа үсэрхийлсэн бөөрний хавдраар нас барчихсан. Арай л санагдсан нуулгүй хэлэхэд. Заримдаа тэр илүү дутуу шинжилгээ чинь их хэрэгтэй.

peakfinder said...

Anon>> Үгүй тэгэж байтал замаа цэвэрлээд буцаагаад суулгасан гсн. Уг нь бол автобус дуудаж бж хүмүүсээ буулгах ёстой байхгүй юу.
Piglet>> Японд хачирхам юм олон байдаг байх даа. Бичиж сонирхуулаарай. Эдний эмнэлэгийн хувьд бол манай гэрийнхэн чинь харьцангуй эрүүл саруул хүмүүс нэг их эмчилгээ шаардаад байхгүй гэхэд л янз янзын юм тохиолдох юм бна шдээ.