Sunday, May 22, 2016

Буруу мэдээлэл уршигтай

Өчигдөр улаан бурхан өвчний эсрэг вакцинтай холбоотой ийм жиргээ анхааралд өртөв.

Ямар үндэслэлтэй ийм цуурхал тараагаад байна гэсэн эмч нарын зөвлөгөө болоод ийм нийтлэл байна гэж хариулсан. Монцамэгийн нийтлэлд зулбах эрсдэл нэмдэг тул бага сартай жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийхгүй л гэсэн байх юм. Өрхийн эмч нар хоёр сар хэртээ жирэмсэн болохгүй байхыг сануулж гарын үсэг зуруулж сурагтай. Гарын үсэг зуруулдаг нь вакцин хийлгэж байгаа хүнд эрсдэлийн талаар мэдээлэл өгсөний л баталгаа.
Улаан бурханы вакцин жирэмсэн болоод жирэмсэн болохыг оролдож байгаа эмэгтэйчүүдэд хийлгэхгүй байхыг зөвлөдөг нь үнэн. Учир нь энэ вакцин идэвхгүйжүүлсэн вирус агуулдаг "амьд вакцин" юм. Жирэмсний эхэн үед улаан бурханаар өвдөх нь урагт нөлөөтэй, янз бүрийн гажиг үүсгэдэг тул эрсдэл бий болгохгүйн тулд ингэж зөвлөдөг болно. Яг вакцинаас болж ураг өвчилсөн бүртгэгдсэн тохиолдол Их Британийн засгийн газрын цахим хуудсанд тавьсан нийтлэлээс үзвэл байхгүй. Хэрэв вакцин хийлгэснээс хойш 28 хоногийн дотор жирэмсэн болох, эсвэл вакцин хийлгэх үедээ жирэмсэн байсан бол харьяа эмнэлэгтээ мэдэгдэх хэрэгтэй гэж эдний эрүүл мэндийн үндэсний албанаас зөвлөдөг. Ингэж зөвлөхдөө урагт янз бүрийн өөрчлөлт орох магадлал маш бага тул санаа их зовох хэрэггүй гэсэн байх юм.
Жирэмсэн бол вакцин хийлгэхгүй байх нь зөв, вакцин хийлгэсэн бол 28 хоногийн дотор жирэмснээс сэргийлэх арга хэмжээ авах нь бас зөв. Энэ вакциний эрсдэл бол онолын эрсдэл юм шүү дээ. Харин ямар нэг шалтгааны улмаас дээрх зөвлөгөөг дагаж чадаагүй бол учиргүй сандрах, үр хөндүүлэх ч шаардлага байхгүй.  Мэргэжлийн эмчээс л зөвлөгөө ав. Интэрнэтээр шуугисан бүхэн үнэн биш. Ингэж шуугин хүний сэтгэл санаа үймүүлэхийн хор уршилг мэдээлэл байхгүй байснаасаа илүү ч байж мэднэ.

No comments: