Sunday, May 22, 2016

Хаврын синдром

Сонгуулийн сургаар миний хаврын синдром бас хөдлөх шинжтэй. Уг нь бичиж байгаа ажлаа дуусгах хугацаа товлоод, өдрийн ажлаа төлөвлөөд жигтэйхэн зохион байгуулалттай үзэж тарж байснаа сонгуультай холбоотой мэдээ тасрахаа байхтай зэрэгцээд ажилдаа анхаарал төвлөрөхийг байлаа хөөрхий. Сонгууль дандаа хэл ам дагуулж, талцуулж байдаг нь нэг их шинэ юм биш л дээ. Гэхдээ жил ирэх тусам хэрүүлийн шалтгаан агуулга улам дордоод байх шиг. 
Коммунист систем сольсон цагаас хойш би гэдэг хүн хийж байгаа бүхэнтэй нь санал нийлдэггүй ч АН болоод тэдний нөхдийг дэмжиж ирсэн билээ. Ажил хийж байгаа хүнд алдаа дутагдал байлгүй ч яахав, амьдрал үргэлжлэх тул сайжрах юм байна. Харин энэ удаад сонгуулийн тойрог хувааж байгаа, хуулийн нэр солих гэж гаргасан тайлбар, зарим хүмүүсийн хэмжээгүй эрх энэ тэр бас арай л биш юмаа. Миний хувьд сонголтгүй сонгууль, түрүүний сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн тул гадаадад байгаа хүмүүсийн санал өгөх эрх тодорхойгүй тул ингээд өнгөрөх юм шиг байна. 
Гэхдээ зүгээр манай тал танай тал эсвэл манай талын бүдүүн дарга танай бүдүүн дарга гэхээс өмнө сонгогчид бид өөрсдөө чухам ямар нийгэм байгуулж яаж амьдрах хүсэлтэй, ямар итгэл үнэмшилтэй вэ гэдгээ эргэж нэг бодох ёстой юм шиг байгаа юм. 
Миний хувьд хамгийн чухал асуудал хүний эрх тэгш байдлын хууль эрхийн асуудал, хуулийн хэрэгжилт хамгийн чухал. Манай сонгуулийн өнгө төрхөнд эдийн засгийн үзүүлэлт, амлалт зонхилдог. Хар ухаанаар бодвол эдийн засаг сайн байвал эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах хөрөнгө нэмэгдэх тул нэгдүгээр асуудал байх нь зөв. Гэтэл бодит байдал дээр тийм байж чаддаг уу?
Надад тодорхой тоо баримт энд алга. Тэгвэл манай эдийн засаг хурдан өсч байсан үед эмч, багш нарын цалингийн өсөлт эдийн засгийн өсөлттэй бодитой уялдаж байсан уу? Эмнэлэгийн ор, хүн амд оногдох эмч, сувилагчийн тоо нэмэгдсэн үү? Жилд баригдах сургуулийн тоо эдийн засагтай уялдаад илүү олон байж чадсан уу? Ухаан нь засаг татвар гэж цуглуулсан орлогынхоо хэчнээн үр ашигтай төсөлд хэчнээн нь хэрэггүй юманд зарцуулагдаж байгааг мэдэх нь чухал. Гэхдээ улс төрчид иймэрхүү тоо баримтыг янз бүрийн аргаар мушгиж хүмүүсийг төөрөгдүүлэх нь бий. Зөвхөн манайд ч биш хаа сайгүй тийм. Өрсөлдөж байгаа хоёр улс төрчийн гаргаж ирж байгаа тоо баримт дандаа зөрдөг. За тоо тийм байж. Тэгвэл арай өөрөөр дүгнэж цэгнэх арга бий юу?
Миний хувьд иргэн бүр банкинд эсвэл гудсан дороо хадгалсан мөнгөнийхөө тооноос үл хамаарч нийгмийн үйлчилгээнд тэгш эрхтэй байх ёстой гэдэг хамгийн чухал зарчим. Манай засгийн газраас олон улсад чансаагаар дээгүүр ордог их дээд сургуульд тэнцсэн хүмүүст санжүүжилт олгодог гэж би ойлгоод байгаа. Харвардад тэнцлээ, төгслөө гээд магтаал дагуулсан мэдээ цахим ертөнцөөр дүүрэн. Энэ нь сайн хэрэг. Харин энд бид ийнхүү санхүүжилт авсан хүмүүс/хүүхдүүдийн хэд нь улсын сургууль тэр дундаа хотын захын болоод хөдөө орон нутгийн сургуулийн төгсөгчид вэ гэж асуух ёстой юм. Өөрөөр хэлбэл боловсролын чанар хөрөнгө мөнгө, газар зүйн хэр их байрлалаас шалтгаалдаг вэ гэсэн асуулт. Үүнтэй ижлээр эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжид дээрх хүчин зүйл хэр их нөлөөтэй вэ? 
Бодит байдал дээр өндөр үнэтэй хувийн сургуульд сурдаг хүүхэд, хотын захын гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн сурагчийн сурах боловсрох орчин, боломж, ирээдүйд нээгдэх үүд хаалга маш их ялгаатай. Хүнлэг энэрэнгүй, эрх тэгш нийгмийн зорилго нь иймэрхүү зөрөөг багасгах, хүүхэд бүр амьдралд хөл тавихдаа ирээдүй нь эцэг эхийн нийгмийн гарал, хөрөнгөнөөс үл хамаарч адил тэгш боломжтой байх явдал гэж би ойлгоод байдаг. Гэтэл энэ талаар сонгуулийн үеэр хэн ч ярьдаггүй. Хичээлийн агуулга, програмийг шинэчлэх тухай гарч ирсэн засаг болгон ямар нэг шинэ юм гаргаж сэдээд хэдэн жилийн турш бужигнуулж байгаад дуусдаг. Сурагч бүрийн мэдээлэл, мэдлэгт хүрэх боломжийн эрх тэгш байдлын талаар дурдсан сайд болоод ИХ-ын гишүүн таарч байсангүй ээ. 
Ингэхээр сонгогчид улсын төсөв, нийгмийн халамжтай холбоотой амлалтаас илүү тухайн улс төрчийн нийгмийн талаарх төсөөлөл бүр мөрөөдөл нь юу вэ? Тухайн хүний итгэл үнэмшил, зарчим нь юунд тулгуурласан байна вэ гэдгийг харж сонгох нь зөв байх. Олон улс төрч, авилгачдыг, хулгайчдыг зайлуулна гэсэн уриатай гэрч ирдэг. Хүмүүс ч тийм хүмүүсийг талархан дэмждэг. Гэтэл тэд шүүгч, прокурор биш. Их Хурлын гишүүн болонгуутаа хүмүүсийг яллаж, шийтгэх эрхтэй болчихгүй. Харин ч улс орны хөгжил, нийгмийн бодлогын дүр зураг, тодорхой төсөөлөлгүй хүн хууль тогтоогч болохоор нийгмийн чухал асуудлууд шийдэгдэхгүй, нөгөө байдаг хэрүүл маргаанаар дүүрсэн дөрвөн жилийн цикл болчихдог талтай.
ИХ-ын гишүүний үндсэн ажил нь бодлого, хууль боловсруулж батлах. Тиймээс сонгогчид өмнө нь ИХ-д сууж байсан гишүүн бол ямар хууль боловсруулж, ямар хуулийн төсөлд яаж саналаа өгч байсныг нь сонирхох, шинээр нэр дэвшигч байгаа бол бодлогын асуулт тавьж байж хэнд саналаа өгөхөө шийдэх нь чухал байха. Хууль эрхийн орчин зөв бол нийгмийн сөрөг үзэгдэл аяндаа багасна, тэгш бус байдал аяндаа намжина. 




No comments: