Friday, September 5, 2008

Алимтай бялуу болоод бас бус...

Хоёр хоногийн өмнө бичсэн ажлаа хураалгаад амьсгаа авахтай болов. Хураалгахын өмнө хүн амьтан дайчилж элдэв алдаа мадаг байх вий гэж шалгаж шалгаж хураалгасныхаа дараа үзсэн өмнө нь үзэгдэж харагдахгүй байсан алдаанууд хэд хэдээрээ буржийгаад байж байх юмаа. Дахиад нэг засварлах боломж бий, тэр үед их л нарийн шалгахаас. Уг нь ажлын талаар бичье гэж бодоогүй юмаа. Юмаа хураалгачихаад жаахан завтай болонгуутаа уулзсан хүн амьтны талаар бичих гэж л ийм гарчиг тавьсан юм.

Манай дарга зуны гурван сард судалгааны ажил хийх сонирхолтой ахлах сургуулийн хүүхдүүд лабораторидоо ажиллуулах дуртай. Миний энд байх хугацаанд манайхаар лав таван хүүхэд дамжсан юмдаг. Франц гаралтай Дафни, оросын еврэй Лариса, ортодокс еврэй Питэр, нэг их шүтлэггүй еврэй Бэн, хятад гаралтай залхуу Франк гээд бүгд л хичээл номондоо сайн сониуч бөгөөд бас угсаа гарал, шашин шүтлэгээсээ хамаараад өөр өөр ааштай хүүхдүүд байлаа. Дашрамд хэлэхэд залхуу Франк ердөө ч залхуу биш, харин шаардлага өндөртэй аав нь залхуу гэдэг болохоор тэгээд үлдчихсэн хэрэг. Дафни, Лариса, Питэр нар одоо бүгд дээд сургуулийн оюутнууд болсон. Харин Бэн маань энэ жил ахлах сургуулиа төгсөөд дээд сургуульд элсэн орж байгаа юм байна. Тэр өнөөдөр ээжийнхээ жороор хийсэн алимтай бялуу өөрөө хийж ирж биднийг дайлав.

Бэний эмээ манай сургуульд профессор байгаад тэтгэвэрт гарсан сүрхий хөгшин бий. Тэр эмээ ноднин жил ач хүүгээ бараг л чихдэж авчирч манай даргад тушаасан юмдаг. Сайн дураараа ирээгүй болохоороо ч тэр үү бусдаасаа арай өөр. Чинээлэг айлын хүү гэдэг нь харангуут анзаарагдана. Ноднин ирэхдээ гранж маягийн замбараагүйдүү урт үстэй, ерөнхийдөө идэвхгүй ч юм шиг хүү байж билээ. Тэгсэн хэрнээ ресторан, үзвэр гэх мэтийн сэдвээр яриа гарахад хамгийн түрүүнд оролцож, заримдаа ажил хийж байгаа хэн нэгнийг шоглож загнуулдаг байлаа. Ямар ч гэсэн бүтэн зун ажиллаад дуусах хэрд хийж байгаа ажилдаа сонирхолтой болж байгаа нь илт мэдрэгдсэн юмдаг. Энэ бас нэг талаар хүнийг голохгүй уйгагүй юмаа тайлбарлаж өгдөг даргын гавьяа гэх үү дээ.

Бэн энэ жил ахлах сургуулиа төгсөөд Сэнт Луйсын Вашингтоны их сургуульд оржээ. Үсээ богинохон засуулаад овоо намба суусан санагдав. Гэхдээ сургуульдаа энэ намар биш өвлөөс явж эхэлнэ. Тэр болтол нэгэн фото зурагчны туслахаар Израйл яваx гэж байгаа. Ирээд Нью Орлэансын үерт нэрвэгдсэн хүмүүст туслахаар сайн дураараа хэдэн сар ажиллах сонирхолтой байгаа гэж ярив. Нээрээ нэг жилийн дотор хэнэггүйхэн дүрсгүй хүү тодорхой зорилготой том эр хүн болж өссөнийг хараад бахархах сэтгэл төрөв. Тэр сургуулийн амралт эхлэнгүүт нэг найзтайгаа хамт Европоор аялаад ирсэн сониноосоо бас хуваалцав. Аялалын тэмдэглэл хөтөлж хөөрхөн вэб сайт хийжээ. Өөрөөс нь зөвшөөрөл авч амжаагүй тул энд тавихаасаа түдгэлзэв.

Хийсэн алимтай бялуу нь жигтэйхэн сайхан амттай болжээ. Манай ажлынхан ам уралдан магтаад үртэс ч үлдээхгүй хуваагаад идчихсэн. Зургийг нь авдаг байж гэж идсэнийхээ дараа санав. Бялуу идэж байхдаа хоёр жилийн өмнө манайд түр хэдэн сар ажилласан япон залууг дурсацгаав. Яагаад түүний тухай ярих болсоноо санадаггүй ээ, ямар ч гэсэн орой болгон идэх гэж байгаа хоолныхоо зургийг авдаг залуу байж билээ. Нэлээн урт хугацаанд ийм зураг авч мянгаад зурагтай болсон тэр түүгээрээ орчин цагийн урлагийн бүтээл хийх санаатай гэдэгсэн. Хүний сонирхолоо гэж. Саявтар тэр бас ирээд явсан, хоолны зураг авахаа болиод өдөр бүр иддэг тарагны саваа цуглуулдаг болсон гэнэ. Хоёр жилийн дараа тэр савнуудаа өрөөгөөрөө нэг тарааж байгаа зургийг нь авах юм байхаа. Бас л сонин сэтгэж байгаа юм шүү.

Нээрээ ойрд еврэй хүмүүсийн тухай нэлээн бичжээ. Эд нар их сонин ёс заншилтай улс. Еврэй сургуульд сурч байгаагийн хэргээр тэдний соёл түүхтэй танилцах завшаан таарсан хэрэг. Энэ талаар ажлаа дуусахаар хэдэн бичлэг хийе гэж бодоод л байна.

9 comments:

Cаарал said...

Юмаа хураалгасан нь болж дээ.

A.Амарсайхан said...

Сонин бас тэгдэг юм аа. Үзэж үзэж, харж харж явуулдаг. Нэг юм уу, хоёр бөөс явчихаад байдаг.
Гэхдээ голцуу яарч сандарч уншсанаас, эсвэл хэн нэгэнд хэт итгэснээс алдаа явна л даа. Нэг удаа эх бэлтгэгчдээ "Л.Одончимэд" гэснийг "Лувсангийн Одончимэд" болгочихоорой гэсэн даалгавар өглөө. Давхар монгол хэлний багш мэргэжилтэй, дээд боловсролтой болохоор нь түүндээ итгээд лавлаж шалгасангүй. Маргааш нь сониноо хартал "Лавсангийн Одончимэд" гээд аваад хаячихсан байх нь тэр.

Дeстини said...

ӨӨ томоос том баяр хүргэе. Тэр мэр сэр алдаа заавал байдаг юм, түүнийг чиний шүүмжлэгч олж хараад үг болгож байвал чиний ажил их сайн байна гэсэн үг. Түүнээс өөр шүүмжлэх зүйл олоход түвэгтэй байжээ гэж ойлгож болно. Манайд бас ахлах сургуулийн нэг сурагч ажиллав. Сүрхий байгаа, одоо ч заваараа ажиллая гээд л. Харин Шотландаас нэгэн оюутан солилцооны шугамаар ирээд явлаа, бараг олигтой зүйл хийгээгүй боловч 5 дахь өдөр бүр бялуу идэх уламжлал манай ажил дээр бий болгоод буцлаа. Бид ээлжээр бялуу авчирдаг болов, миний ээлж таарахад би худалдааны бялуугаар "хуурч" орхисон, дараагийн ээлжинд өөрийн гарын бялуугаар дайлна гэж бодож байгаа.

ZAYA said...

За ашгүй дээ. Бичгийн юм гараас гарахдаа их удаан, ингэдэг ч юм уу? ийм үгээр сольдог ч юм уу гэсээр байгаа хэд дахин шалгаснаа ч мэдэхгүй болж орхидогийн.

Pearle Deppsu said...

Сайн уу эгч минь?

Тэр алимтай бялууг анх Syntia Cox гээд анхны англи хэлний багш маань хийж өгч билээ. Их гоё амттай байсан санагддаг юм. Би үр хүүхэдтэй болохоороо хийж сураад амралтын өдрүүдээр хийж өгч байнаа гэж боддог шүү хэхэ.

Tsoomii said...

buh byaluun dotroos alimtai byaluu hamgin goyoo, amjily husii

ganga said...

Ashgui tom ajliin tsaana garchee, bayar hurgiye.
Sanaand oromgui yumaar hobbidoj baigaad suuldee chuluu bolgodog humuus baih yumaa. Jaraad oni ued oyutan baihdaa negdugeer emnelgiin barilga deer ajillaj baisan neg czech say neg ochihdoo avsan zuragnuudtai haritsuulaad mongoliin goluud gesen photo uzesgelen gargaad Europoor neg heseed baigaa.

Barimalch said...

sayhan neg evreitei neteer margav ih territorial markiin hun baina, evreinuud ih iimerhuu baij magadgui ee gazraa bainga bulaatsalddag.

oiroos evreinuudiig harhad nileen yavtsuu zan zanshil hemneleer baidag shig l sanagdaad baidag, neg ih uulzaj uzeegui ee.

бж said...

25555 dahi zochin shuu. Sanaandgui harsan chini goyo dugaar baina. Helehgui garval aldas bolno beez?