Tuesday, October 21, 2008

Ховор юм үнэ цэнэтэй

Бага байхдаа эмээгээ гурилтай шөл хамгийн сайхан хоол гэхийг сонсоод гайхдагсан. Хүүхэд байхад ховор юм сонин байдаг хойно хааяахан хийдэг нарийн хоолонд дуртай байсных юм болов уу. Одоо болохоор гурилтай шөл идэх дуртай хэдий ч гурил зуурахдаа хойрго болохоор хааяа л хийж иддэг юм. Тэр үед хоёр хүүхдийн маань нар гарах шахна. Хоёулаа хамар дээрээ хөлсөө бурзайлгаж ирээд л идэхийг нь харахаар өхөөрдмөөр. Гурилтай шөл хийсний маргааш бага охин маань шөлөө идье гэж нэхдэг нь инээдтэй. Юм ховор байх тусмаа үнэ цэнэтэй байдгийн жишээ юм болов уу.

Энд ирсэнийхээ дараа хүүхэдтэй монгол айлд зочлохдоо яаж гар хоосон байх вэ гээд дэлгүүр зүглэнэ. Чихэр жимс нь элбэг дэлбэг байж л байдаг болохоор хүүхдэд сонин биш байх шиг харагддаг юм. Багахан байхад дэлгүүрт зөвхөн өвөл зардаг алимны үнэр гудмаар нэг үнэртээд хорвоо дээр түүнээс илүү амттан гэж үгүй юм шиг санагддагсан. Энэ тухайгаа хүүдээ ярихаар жигтэйхэн их гайхдаг юм.

Одоо бол зав зайгаараа хааяахан ордог орос дэлгүүрийн баавгайтай чихэр л энэ хоёрт сонин сайхан зүйл байгаад байх шиг. Саявтар ээж маань илгээмжээр хэдэн ширхэг ааруул явуулсаныг хоёр гуравхан хоногт худалч хүнд бараг булаацалдаад дуусгаж орхисон. Дууссан хойно охин маань ааруул нэхэж сандаргав. Ааруул тавьж сурдаг ч юм уу гэсэншүү юм бодоод л сууж байна даа.

5 comments:

A.Амарсайхан said...

Пээ нээрээ, тэр алим уу? Одоо ч үнэртэж байна. Хайрцагнаас нь хүртэл үнэр нь ханхлаад л.

Тийм алим дахиад идэх юмсан.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

ааруул аарц тараг гээд энд хийж болох юмнууд бнаа. Яалаа гэж яг мүнгүлынх шиг байхав гэхдээ их төстэй бараг л адилхан болдог юм билээ

ganga said...

Нээрээ ховор юм амттай гэж үнэн. Гурилтай хоол бас л хааяа хийхээрээ хөлс гараад байдаг ккк. Орос дэлгүүрээс хааяа халва, сушки авч сонирхдог. Төстэй юмаа.

peakfinder said...

a.амарсайхан >> tiim amttai bas unertei alim odoo baihaa bolichihson yum shig. esvel ter uyedee hovor nandin baisan bolohoor setgeld neg tiim goyo gej uldchiheed baigaa yum bolov uu.
бумбаарай >> yaj bodson manai nutgiin ideeg yaj guiceh ve. gehdee turshaad uzvel gej bodogdood baigaa heregjitlee bas udan baihaa.
ganga >> oros delguur orohoor huuhed bolchihson yum shig sanagddag yum.

ZAYA said...

Шинэ жил дөхөөд ирэхээр алим иднэ гэж баярладаг байлаа гэсэн чинь, манай хүүхэд тиймхэн юманд яагаад баярладг юм болоо гээл гайхаад байсан.
Ховор юм үнэ цэнэтэй юмаа яах аргагүй.