Thursday, November 19, 2009

Үхрийн бөөр

За хө нэг үхрийн бөөр шиг бичлэг бичээд орхиё. Сүүлийн хэдэн сар ганц бие өрх толгойлсон эмэгтэй болж хувирав. Салж сарнисан юм биш шүү, хар хүн өөр хотод ажилладаг болоод тэр. Алба амины асуудлыг амжуулах гэж тэрхэндээ түүртээд компьютэрийн өмнө өнгөрөөх цаг танагдаж орхисон. Гэртээ ажилдаа санаа зовоод, ажил дээрээ болохоор гэртээ санаа зовоод хаа ч тайван сууж болохгүй юмаа. Хааяа сонин хачин сонсохоороо бичихсэн гэж өндөлзөвч цагт хавчигдаж хойшлогдсоор боломж гарахаар хөөх юу билээ хө гэж шилээ маажсан шиг өдөр хоногийг өнгөрөөж байна даа.

Сониноос паспортаа сугуулах гэж элчин сайдын яам орсон юм байна. Хаа очиж их аятайхан сэтгэгдэл төрсөн шүү. Яагаад ч юм элчин гэхээр засвар хийх болчихсон хуучин байр, албан тасалгаа амины сууцны зааггүй, хуучин хивсний таагүй үнэр, ханан дахь хүний сэтгэлд торохооргүй хямд зураг санаанд буудаг юм. Харин Лондонгийн яам өөр цэвэрхэн цэлгэр, хөнгөн шуурхай үйлчилгээтэй гээд л магтаад баймаар байлаа. Ядаж л ханандаа өвөрмөц содон гоё зураг хадсан юм билээ.

Элчин орсон далимаараа Лондонгийн Кэнсингтон дүүргээр жаал сэлгүүцсэн. Байгалийн түүхийн болоод шинжлэх ухааны музеи үзсэн юм байна. Бас яахав орчин тойронтойгоо бага багаар танилцаж л явна. Энэ дүүрэгт хатан хаан Викториагийн нөхөр Алберт хун тайжид зориулан бариулсан олон дурсгалт газрууд байдаг юм байна. Ануухандаа өөд болсон нөхрийнхөө хойноос хатан хаан үхэн үхтэлээ дөчөөд жил гашуудсан юм гэнэлээ. Кэнсингтоны цэцэрлэгт бариулсан дурсгалын цогцолборыг урлагийн сайхан бүтээл гэмээргүй ч хатан хааны чин хайрын бэлэгдэл байж дээ гэж уярмаар. Угаасаа хун тайж залуухан хатан хааны олон шийдвэрт зөв нөлөө үзүүлсэн гэж түүхчид үздэг юм билээ.

Ойрд телевизийн BBC сувгаар "Амьдрал" нэртэй амьд ертөнцийн тухай цуврал баримтат кино үзэж байгаа. Байгал дэлхий юутай гайхамшигтай гэж дуу алдмаар сонин гойд кино байх юмаа. Шалбааганд амьдардаг уушигт загас амаараа шавар ухаж үүр засаад түрс шахна. Түрсэндээ агаар дутах вий гээд эр загас амаараа үүр лүүгээ хэдэн өдрийн турш зогсоо зайгүй агаар зөөхийг харвал уярмаар. Далайн луу гэх сонин халбэртэй загасны (далайн амьтны) эр нь түрсээ боловсортол биедээ тээдэг юм байна. Өвөл болохоор Канадаас Мексик хүртэл хэдэн мянган километр нүүдэллэж ичдэг эрвээхий гээд сонин хачин амьтад олон байх юмаа. Британид байгаа хүмүүс BBC iPalyer дээр үзэж болох юм байна лээ шүү. Киноны анги болгоны төгсгөлд үзүүлсэн амьтдын зургийг яаж авсанаа бас сонирхуулдаг нь сайхан санагдсан.

Энэ зун намрын заагаар овоо хэдэн ном уншсан юм байна. Эргээд бодсон дандаа их дарамттай гунигтай номнууд уншжээ. Сүүлдээ өөрөө сэтгэлийн гутралд орох шахав. Энэ тухай дараа тухтай бичнээ.

Соронзон ба Сувдан охины хүсэлтээр Кембрижийн их сургуулийн номын сан уруу бодон бодон байж нэг өдөр ажлаа зохицуулаад аппаратаа үүрээд очсон чинь "Өнөөдөр манайх номоо тоолж байгаа учир нийтэд үйлчлэхгүй" гэсэн зарлалтай хаалга мөргөөд буцсан. Гэхдээ бас хоосонгүй гадна талынх нь зургийг авсанаа тавилаа. Барилга нь шинэхэн юм билээ. Энэ номын санд Их Британид хэвлэгдэж буй бүх ном байдаг юм гэсэн.





Үүдэндээ ийм номон баганатай...

Харин Тринити коллежийн номын сан жижиг боловч илүү сонин санагдсан. Кристофэр Врэний (Christopher Wren) зургаар 1695 онд баригдсан энэ номын санд хүн үзмээр олон сонин ном үзмэр байдаг юм билээ. Кристофэр Врэн гэгч Английн хамгийн алдартай архитекторч гэнэ. Зөвхөн Лондонд түүний зургаар барьсан 55 сүм байдгаас xамгийн алдартай нь ариун Полын (Saint Paul's) катедрал юм байна. Энэ номын санд 13-р зууны үед хэвлэгдсэн гоёомсог Библийн судрууд, Францын Луй хааны хатан Австрийн Аннагийн хэрэглэж байсан мөргөлийн судар, Исаак Ньютоны ажлын гар бичмэл, тэмдэглэлийн дэвтэр, хэрэглэж байсан цаг, таяг, зохиолч Милнэгийн Винни Пүү зохиолын гар бичмэл гээд сонин сонин үзмэрүүд байна лээ. Харамсалтай нь номын сан дотор зураг авахыг зөвшөөрдөггүй юм билээ.

За байз өөр бичмээр юм зөндөө л байх шиг санагдсан цагаа болсон ингээд санаанд ордоггүй гэж. Дараа санахаараа нэмнээ.

6 comments:

Soronzon said...

Гэхдээ бас хоосонгүй л явсан юм байна шүү дээ.
Энэ гадна талынх нь номоор хийсэн чимэглэл их зүгээр юмаа.
Манайх чинь удахгүй нэг том номын сантай болно л гээд байгаа. Гэвч газрынх нь асуудал шийдэгдэхгүй гацаад байгаа гэсэн. Аким гуайд үзүүлмээр зураг байна даа.
Шерлок Холмс авгайнд зочлохоо мартаагүй биз дээ? Хүлээж л суугаа шүү!

Pearle Deppsu said...

Номон ббагана нь их сонирхолтой юм байна шүү

Chandmani said...

Элчин сайд хэн билээ?

Дeстини said...

Эргээд харахад бид чинь бараг өдөр бүр сонин сонирхолтой зүйлийн гэрч болсон байх юм. Тэр Кенсингтоны цэцэрлэг цаанаасаа эрхэмсэг, дээдсийн шинжтэй. Тэгсэн мөртлөө энгийн иргэдэд нээлттэй байдаг нь их сайхан санагдсан.
"Амьдрал" цувралыг хагас хугас бас харсан юм байна. Нүүдэлддэг эрвээхэй гэснээс, энэ хавар шинээр гарсан EARTH кинонд Монголоос Энэтхэгт уруу нүүдэлддэг тогоруунуудын талаар хальт гардаг. Гималайн нуруу давах гэж нилээн юм болно доо.

БЭ said...

yee chi bid hed l yag adilhan amisgaa davchdaad yavaa yum baina shuu. bid hed ch bas suuliin ued neeren huuchin shig za blog oo bichiye ee geed suudag tsag hovor boljee.
yutai ch london orvol ene gazryg chin zaaval ochij uzne ee. tnx
neeren hese-giin siddharta-g unshisan uu, yostoi aguu nom bailee.

peakfinder said...

Соронзон>> Харин тийм надад их таалагдсан юм. Энэ номнууд нь тэнхлэгээрээ эргэдэг бас гарчиг нь харагддаг юм билээ. Шэрлөк Холмсийн зочлохоо мартаагүй ээ, тохироо бүрдэхгүй л яваад байна.
Сувдан охинд >> Харин тийм байгаа биз?
Чандмань >> Алтангэрэл гэдэг хүн гэсэн байхаа. Би харин Энхбаяр гэдэг хүнтэй уулзаж бичиг баримтаа сунгуулсан юм.
Дестини>>Тэр үнэн шүү. Ингээд бодохоор амьдрал гээч баян эд юмаа.
Болжгоно >> Харин тийм. Нээрээ үүгээр ирвэл ороод гараарай даа. тэр номыг чинь уншаагүй юм байна. Сонрхоноо.