Friday, February 4, 2011

Анхны анхны...


Зээ та бүхэн сайхан шинэлж байна уу? Туулай жилийн анхны бичлэгээрээ та бүхэнтэйгээ золгож, шинэ ондоо амжилт бүтээл, олз омог ихтэй байхыг ерөөе. Энд тэнд гоё ерөөл их явах юм, мэддэг хүнд ч үзүүлэхээс ичмээр дамшиг даа гэдэг шиг ичмээр ч үнэн сэтгэлээсээ чадлынхаа хэрээр өргөж буй болхи ерөөлийг минь болгоон хүлээж авна уу?
Цагаан сарын шинийн нэгэнд хар үүрээр гараад харанхуй шөнөөр ирсэн ажилтай байсан тул хань ижил, үр хүүхэдтэйгээ амар тайван сууж баяраа тэмдэглэх боломж олдоогүй нь анхных... Учир нь би гэдэг хүн Глазгоу хотод амьдраад Эдинбүүрг хотод ажилладаг болсонд байгаа юм. Ажилд ороод удаагүй тул галт тэрэг болоод автобусны цагийн хуваарьт хавчигдаж амьсгаа дээр харайлгасаар өдөр хоногийг өнгөрөөж байна даа. За тэгээд анх удаа оршин суугаа хотоосоо өөр хотод ажиллаж, галт тэргэнд олон цагийг өнгөрөөж үзэж байгаа нь тэр.
Өчигдөр анх удаагаа салхинд хийсч үзэв. Нутагт маань шинийн нэгэн хаврын анхны өдөр гээд нэг л уян дулаан болчих шиг санагддагсан. Харин энд усан бороо ширүүн салхитай хачин өдөр байв. Орой ажлаасаа гарч ирэнгүүтээ хүчтэй салхинд цохиулаад гурван метр орчим хийсэв. Дараа нь галт тэрэгний буудал орох шатан дээр бүүр хүчтэй салхи таарч би гэдэг хүн хийссээр замын хашлаганаас зуурч тогтов. Тэр хашлага байгаагүй бол тэр чигээрээ хөдөлгөөн ихтэй зам уруу гүйж орчих байлаа. Хэдэн минут хэртэй хөдөлж болсонгүй, тэгэж нэг юм салхи арай зөөлрөхөд нь ум хумгүй буудал уруу явж оров. Ширүүн салхи өнгөрсөн оны тоос буртагийг сайн гөвсөн буйзаа хэмээн найдаад байна. Өнөөдөр бас л их салхитай байна, хийсчилгүй шиг яваад харих юмсан.
Аа тийм шинэ ажил гэснээс анх удаа эмэгтэй даргатай болж үзэж байна. Бодоод байхнээ намайг хариуцсан дарга, багш нар дандаа эрэгтэй байж.
Өнөө өглөө галт тэргэнд өөдөөс харсан суудлын эмэгтэй аягатай кофегоороо намайг мялааж орхисон. Үүнээс хойш аягатай юм барьсан улсаас хол сууж баймаар юм байна. Галт тэргээр бараг цаг орчим явна, юм унших цагтай боллоо гэж олзуурхаад байгаа.
Туулай жил миний хувьд иймэрхүү маягтай эхлэх шив.

5 comments:

Эрдэнэбаатар said...

Сар шинийн мэнд

Light said...

мялаалгаад бэлэг дэмбэрэлтэй юм биш үү.туулай жилдээ элбэг дэлбэг явах юм бн.

ZAYA said...

Билэг дэмбэрэлтэй юм болжээ.
Сар шинийн мэндчилгээ нэг иймэрхүү.
Сар шинэдээ сайхан шинэлэж, даага далантай, бяруу булчинтай онд мэнд оров уу?
Аа, тэгээд хүүхэд байвал айл хэсэж, алт мөнгө их цуглуулав уу? гээд л... хэхэ
Одоо хүмүүс бүүр ч бэлэн цэцэн үгтэй болж...

Arsun said...

Туулай жилийн мэнд

Дестини said...

Туулай жил бидэнд ивээл жил юм гэсэн шүү.