Wednesday, February 16, 2011

Чөтгөр гоймонд дурлав гэдэг шиг...

Та нар ийм зүйр цэцэн үг хаа нэгтэй сонссон уу? Энэ үгийг би их залуудаа тамхи татаж баригдахдаа ааваасаа сонсож билээ, би заримдаа аавыгаа өөрөө зохиосон болов уу гэж харддаг юм. Энд би өөрийнхөө тамхи татсан адал явдлын тухай бас аавынхаа тухай бичих гэсэнгүй, харин монголын үндсэрхэг үзэлтэн гэж өөрсдийгөө нэрлээд гаднах байдлаараа нацистуудыг дуурайж явдаг хүмүүсийн тухай илүү ам гаргамаар санагдаад л...

Өмнө нь энэ тухай монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байсан ч нэг их ойшоож тоолгүй өдий хүрчээ. Харин саявтархан даа, сонин.мн дээр байна уу, Их Британий Guardian сонинд эдгээр залуусын тухай сурвалжлага гарсан тухай мэдээлэнгээ барууныхан ер нь сүртэй тэгэж ярих юм бол хас тэмдэг чинь монголоос үүдэлтэй, тэр сурвалжлагч нь өөрөө хятад гаралтай юм байхчуулээ, хятад юм болохоороо монголын нэр хүндийг унагаахаар ийм юм бичиж байна энэ тэр гээд тэднийг өмөөрсөн утгатай зүйл бичсэн байсан юм. Хэрэгт дуртай хүн яахав уг сурвалжийг олж үзэхээр дурдсан сонины вэбсайтыг онгичвол нэг тийм фото сурвалжлага бараг жилийн өмнө гарах нь гарчээ. Зураг дээр хар цамц өмсөж, хүзүүндээ загалмай зүүсэн богино үстэй залуусын монгол үндэсний хээ угалз биш харин яах аргагүй нацистуудын улаан цагаан дэвсгэр дээр зурсан хар өнгөтэй хас ханцуйндаа зүүсэн зураг янз бүрээрээ гарчээ. Энэ зургийг үзээд дээрх үг өөрийн эрхгүй санаанд орсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон нутгийн хүмүүс нацизм фашизмын хор уршгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн учраас иймэрхүү үйлдэлд эмзэг ханддаг. Нөгөө талаар фашизм гэдэг эдүгээ хүн төрлөхтөнд учирсан хамгийн эмгэнэлтэй түүхийн хэсэг, хүнлэг ёсны тэс эсрэг гажуудал байсан учраас эрүүл ухаантай хэний ч хувьд тэднийг дуурайж буй хүмүүс ойлгомжгүй, гаж харагдах нь зүйн хэрэг юм. Миний бодлоор дээрх залуус яг чухам хэнийг юуг дуурайж байгаагаа сайн ойлгоогүй улс болов уу.

Яг нарийндаа бол фашизм гэдэг монголчууд бидэнд таг хамаагүй зүйл гэж би боддог. Тэд хүмүүсийг яс угсаагаар нь ангилаад шаргал үстэй, цэнхэр нүдтэй хүмүүс бол дээд ангилалын хүмүүс, тэд гарал муутай бусдынхаа (өөр өнгөтэй хүмүүс) хувь заяаг шийдэх эрхтэй гэж үзэж байжээ. Тэр ангилалаар бид хаана нь явсан юм, юм муугаар эргээд фашизм дэлхийг нөмрөхөд бидний хувь заяа яаж эргэх байсныг хэн ч мэдэхгүй. Тийм үзлийг жанжин шугамаа болгож залсан онигор нүдтэй, бор царайтай энэ залуусыг юу хийж байгаагаа мэддэг эсэхэд итгэхэд бэрх.

Монгол үндэсний үзэл фашизм хоёр тэс өөр зүйл гэж би ойлгодог. Ярьсан хэлсэнийг нь уншаад байхад эх орон маань хятадаар дүүрчихлээ, бид чинь цөөхүүлээ шүү гээд санаа зовоод байгаа юм шиг. Ингэхээр би ч бас нээрээ тийм шүү гэж бодоод байх, харин тэс хөндлөн фашистуудыг дуурайхаар нь юу билээ гэж дотор арзасxийм. Яг цаг дээрээ тулахаар зүгээр нэг хэлбэрдэл ч юм шиг. Үнэхээр нутаг орныхоо төлөө санаа зовж, юм хийе гэж бодож байгаа хүмүүс бас ингэж явахгүй байх. Яагаад гэвэл яг ижил асуудлаар санаа зовж явдаг арай эрүүл ухаантай хүмүүсийн дэмжлэгийг хорьчихож байгаа нь үнэндээ зорьсондоо хүрье гэж огт зүтгэхгүй байгаагийн илрэл биш гэж үү.

Нөгөө талаар монголд байгаа хятадуудыг айлгаж сүрдүүлэх, зодож нүдэх, эсвэл тэдэнтэй холбоотой гэх охидын үс хуссан төдийгөөр асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Их сайндаа гэмт үйлдэл дээрээ баригдсан нэг нь нарсанд хоригдож хайран залуу насаа үрнэ, энэ хэнд ашигтай билээ. Яг нарийндаа байдал иймд хүрсэн нь авилгал авдаг эвэртэн туурайтны буруу биш гэж үү. Нэг хэсэг хятадыг айлгаад хөөлөө, гэвч ханаж цаддаггүй нэг албан тушаалтан дахиад өөр нэг хэсэг хүмүүсийг яаж ийгээд оруулаад л ирнэ шүү дээ. Харин ингэж жүжиг тавьж байхын оронд хууль тогтоогч эрхэм гишүүдийг ээрч, лоббидож хууль батлуулах шахалт үзүүлэх , дүрэм журам зөрчсөн албан тушаалтныг олж илрүүлж баримттай нь хуулийн байгууллагад тушаах ажилд зүтгэвэл арай үр дүн дээр байх болов уу. Тэгээд ч олны дэмжлэг авна шүү дээ. Муу санаалбал бараг хятадууд ийм байгууллагыг санхүүжүүлдэг болов уу гэж хардмаар.

Туйлшрал хэзээ ч сайн юманд хүргэдэггүй, тэдний үйлдэл өнөөдөр монголд тулгарч байгаа хятадын асуудлыг харин ч бүрхэгдүүлж, тэднийг хохирогч болгон харагдуулж байгаад харамсаад ч барахгүй.


3 comments:

A.Амарсайхан said...

Агуулагыг нь сайн ойлгоогүй байж хэлбэрийг дуурайх ч гэж байх уу даа?
Гэхдээ бас энэ залуустай уулзаагүй байж шууд буруутгах ч ухаангүй хэрэг болно байх.
Адольф Гитлер гэдэг хүн Сибирийн их тайгын цаана морь унасан монголчууд бий, тэдний толгойноос нэг ширхэг ч үс унагаах ёсгүй гэж хэлсэн тухай энд тэндгүй бичдэг юм билээ.
Яг ингэж хэлсэн нь ч бүү мэд. Үнэн юм уу худлаа юм уу. Энэ үгийг үнэн гэж үзээд фашистуудыг дуурайгаад ч байгаа юм болов уу?
Хас тэмдгийн хувьд ч яах аргагүй бүр Сүхбаатар гуайн ардын намын туган дээр хүртэл байсан юм билээ. Тэр үеийн сонины иллюстраци зурган дээр байдаг юм.
Энэ залууст хэлэхэд фашизм гэдгээ сайн судлаад, хүнийг махны дэлгүүрийн лангуун дээрх гулууз шиг ангилж, хоёр гуравдугаар зэргийнхийг нь шууд амьдаар нь шатааж байсан харгис үзэлтэн гэдгийг уншаасай. Фашистууд ялсан бол монгол өдийд байх болов уу? Нутгаар минь дүүрэн япончууд байж ч мэдэх шүү дээ

peakfinder said...

A.Амарсайхан >>Зургаас харвал яахын аргагүй хэлбэрдэл... Монгол үндэсний бэлгэдэл тэмдэгтэй огт хамаагүй яах аргагүй тухайн үеийн герман цэргийн дүрэмт хувцас дуурайсан харагдаад байгаа юм. Миний хэлэх гэсэн гол санаа энэ хэлбэрдэл нь тэдний дуу хоолойг эгэл жирийн хүмүүст хүрэхэд нь саад тотгор болоод байгааг, нөгөө талаар хүний ёсноос гажуу харгис дэглэм шүтэн бишрэх гэдэг юмны учир олоогүй улс юм уу гэж бодоход хүргэж байна гэсэн ухаантай. Мэдээж хэн ч гэсэн өөрийн үзэл бодолтой байх эрхтэй ч хүнлэг ёсны дэг жаяг алдагдах ёсгүй юм.
Нөгөө талаар бид иймэрхүү үйлдлийн хажуугаар чимээгүй өнгөрөөд байдаг нь бас буруу юм уу даа. Аливаад үйлсийн буруу зөвийг тунгаан хэлэлцэж байвал залуу улсад сургамжтай байх болов уу, асуудлыг олон талаас нь харж сурах болов уу гэж бодоод...

www.gegeen.com said...

hehe, bas byatshan nacist