Friday, June 17, 2011

Ном унших тухай хэдэн үг...

Сэтгүүлч, орчуулагч Д. Оюунчимэгийн уйгагүй хөдөлмөрийн үр, хүүхдийн уран зохиолын "Эрдэнэсийн сан" цуврал хэвлэгдсэн тухай өнгөрсөн сард дуулаад их баярлаж билээ. Унших ном зохиолын сонголт их байх нь хүүхдүүд номонд дуртай болох, цаашлаад сэтгэн бодох чадвар хөгжих, хүнлэг энэрэнгүй болж хүмүүжихэд нөлөөтэй гээд сайн талыг тоочоод баршгүй билээ. Унших ном бэлэн байх сайн хэрэг, харин хүүхдүүдэд ном унших, уншсанаа задлан шинжлэх чадвар хэрхэн олгох талаар хэдэн илүү үг нэмэрлэмээр санагдсан юм. Энэ бол миний өөрөө бодоод олчихсон зүйл биш харин эндхийн англи хэл, уран зохиолын хичээл, шалгалттай холбоотой ажиглалт болно.
Манай хэвлэлүүд тийм тийм улс орны дунд сургуульд заавал унших ёстой номын жагсаалт гэж их ярьж бичих нь жаахан ташаа хэрэг юм уу гэж бодогддог. Америк, Англи, Шотландын аль ч сургуульд ийм номнууд заавал унш гэсэн жагсаалт ирж байсангүй ээ. Харин "Recommended list " гэж бий, энэ нь уншихад бас сургалтын хөтөлбөрт оруулахад тохиромжтой гэсэн жагсаалт гэж би ойлгоод байгаа юм. Энэ жагсаалтнаас англи хэл, уран зохиолын багш нар сургалтын хөтөлбөртөө сонгодог.
Хүү маань ахлах сургуульд орсоноос хойш хичээлдээ холбоотой уншсан ном тоотой хэд:
Emily Bronte: Wuthering Heights
Alan Bennet: History boys
Jonh Steinbeck: Of mice and men
Багш нар ном сонгохдоо их урт биш ч хүнд үлдэцтэй, утга зохиолын хувьд жинтэй, хэлэлцүүлэх асуудал олонтой ном сонгосон харагддаг. Номоороо дамжуулан хүний болоод нийгмийн ээдрээтэй харилцааг хэлэлцэж зөвхөн утга зохиол талаасаа ч биш залууст үзэл бодол, ёс зүй, түүх, соёл, хүмүүнлэгийн чухал хүчин зүйлсийг таниулж байгаа хэрэг. Сонгосон номоо хайн маш нарийн судалж олон талаас нь задлан шинжилж үзэх бөгөөд шалгалтандаа сонгосон номынхоо талаар олон асуудал дэвшүүлсэн зохион бичлэг бичүүлдэг юм байна лээ. Шалгалтын дүн номоо задлан шинжилж, өөрийн бодлоо тусгах чадвар дээр нь найруулан бичих чадвараас хамаарна. Хүүгийн маань хувьд англи хэлний хичээл хамгийн хүндэд ордог, яагаад гэвэл математик, физикийн хичээл шиг бодлого бодоод зөв хариу гарвал сайн дүн авах биш харин олон чадвар шаардаж байж сайн дүн авах учраас тэр байх.
Үүний дүнд хүүхэд ном уншиж, уншсан зүйлээ задлан шинжилж өөрийн гэсэн дүгнэлт гаргах чадвартай болж байгаа юм. Энэ нь цаашдаа зөвхөн утга зохиолын хичээлээр хязгаарлагдахгүй, өөр ажил мэрэгжилтэй болсон ч уншсан зүйлээ цэгцэлж, өөрийн бодлоо илэрхийлэх чухал чадвар бий болгож өгч байгаа хэрэг.
Дээхнэ би бас зохион бичлэгийн тухай энд бичсэн. Бодлоо цэцгэлж, ойлгомжтой бас хүний сэтгэлд хүргэж бичих том чадвар шаарддаг ажил билээ. Намайг сургуульд байхад монгол хэл, уран зохиолын хичээл зөв бичгийн дүрэм, уншсан номын тоо төдийгөөр дүгнэгддэг байсан нь өрөөсгөл санагддаг. Харин одоо тэр бодлого бага ч гэсэн өөрчлөгдсөн болов уу гэж найддаг.

5 comments:

ganga said...

"уншсан зүйлээ задлан шинжилж өөрийн гэсэн дүгнэлт гаргах чадвартай болох, мэргэжлээрээ ч уншсан зүйлээ цэгцэлж, өөрийн бодлоо илэрхийлэх чадвартай болж байгаа" санаатай санал нэг байна.

Unknown said...

Дэмжиж байна. Одоо тэгээд нэг үеэ бодвол бас ном сайхан хэвлэгддэг болжээ.
-------------------------------
www.internews.mn Мэдээллийг мэдлэг болгоно.

A.Амарсайхан said...

Нээрээ л бид хүүхдүүдээ дарамталж хэзээ юунд хэрэглэх нь бүү мэд илэрхийлэл батлуулж, график зуруулж суух юм. Түүний оронд амьдралд юунд хэрэглэдэг. Энэ тоог инженер хүн яг ямар техник шийдэл гаргахад хэрэглэдэг гэдгийг нь давхар тайлбарлаж, ийм байдлаар хичээлээ явуулаасай гэж мөрөөддөг дөө

Nogoohon said...

Хэвээрээ хэвээрээ яг хэвэндээ байгаа. Хэдэн ном унш гэж нэрийг нь өгөөд л болоо. Түүнийгээ задалж өөрийн ойлгосноо дэлгэрүүлж бич энээ тэрээ гэсэн толгой ажиллуулах сэтгүүлж дэлгэрүүлж бодуулах юм огт байхгүй. Манай дүү 10 жилээ төгсөж байгаа юм.

peakfinder said...

ganga >>Энэ л хамгийн чухал зорилго байх ёстой болов уу гэж бодоод байдаг юм. Миний хувьд өөрөө энэ асуудал дээр их гацсан болохоор ч тэгдэг байж магадгүй.
Mendee >>Нэг үеэ бодвол унших материал элбэг байна гэдэг сайн хэрэг. Одоо харин яаж уншиж, яаждүгнэлт гаргах вэ гэдгийг заадаг болчихвол ч..
A.Амарсайхан >>Сургалтыг амьдралтай холбох их чухал, гэхдээ барууны сургалт амьдралд ойртуулж байна гээд хэт хялбарчлах гээд байх шиг санагддаг. Хичээлийн хөтөлбөрийг амьдралд нийцүүлэх гэдэг тийм амархан асуудал бас биш бололтой. Эдний системээр хүүхдүүдийг их багаас нь ангилаад байна уу гэж харагддаг.
naraa >>Миний бодлоор арван жил төгсөж байгаа хүүхэд ямар төвшиний ямархуу мэдлэгтэй байх вэ гэдгийг цогц байдлаар авч үзэж, хөтөлбөрөө боловсруулмаар байх шиг. Миний хувьд олон ном уншсан тоогоор биш харин уншсанаа хэр боловсруулж дүгнэж чадах вэ гэдгийг дүгнэвэл зөв. Яагаад гэвэл энэ чадвар цаашдаа амьдралд тун чухал.