Tuesday, September 11, 2012

Түрүүний бичлэгээ үргэлжлүүлбэл...


Соронзон Франц үнсэлтийн тухай дурджээ. За иймэрхүү юм бичих авьяас хүрэхгүй тул француудтай холбоотой өөр төрлийн үнсэлтийн тухай дурдъя. Францад хоёр хүн таараад мэндлэхдээ нэг нэгнийхээ хацар дээр үнсдэг. Заримдаа огт танихгүй хүнтэй ч тэгэж мэндлэх тохиолдол байна. Үнсэх ч гэж өөрийн гэр бүл болоод дотны хүмүүс биш бол хацраа хацарт ойртуулаад хий "ммаа" гээд болоо. Гэртээ бол өглөө нэг нэгэнтэйгээ үнсэж мэндлээд орой унтахдаа мөн үнсэж сайхан нойрсохыг ерөөнө. За даа харчууд нь хаа нэг үнсэхгүй гар барьж мэндэлж харагддаг юм. Би болохоор хүүхдүүдээ л гэхээс өөр хүмүүстэй нэг их үнсэлдээд байх сонирхолгүй учир бас тиймэрхүү.  Хажиг хүн юм шиг байгаа юм. Олон ч удаа явсан гэхэд нэг их ойр биш хүнтэй дэндүү ойртож мэндлэх тийм таатай санагддаггүй. Гээд яахав усыг нь уувал ёсыг нь дага гээд явна л даа.

Бас нэг сонирхолтой санагддаг юм юy вэ гэхээр бид соёлын хувьд француудтай их ойр. Яаж гэж гайхаж байна уу? Түрүүний бичлэгт Соронзон Эдит Пиафф, Мирэй Маттэй, Жо Дассан гээд бичсэнийг харж байгаа биз дээ. Эднийг азид монголчуудаас өөр мэдэх хүн тун цөөн гэчихвэл нэг их буруудахгүй. Цаашлаад монголчууд францын утга зохиолын томчуудыг сайн мэднэ ш дээ. Тийм ази үндэстэн бараг л байхгүй болов уу. Тэгээд ярихаар нөгөө францчууд чинь их гайхнаа. Та нар манай соёлыг яасан сайн мэдэж байнаа гэж ирээд л. Харин одооны залуус сайн мэддэг эсэхийг мэдэхгүй юм. Францчууд өөрсдөө ч Эдит Пиафф, Жо Дассандаа хайртай. Мирэй Маттэйг мэддэг ч нэг их яриад байдаггүй, яагаад гэж асуухаар сайн дуучин ч жаахан тэнэгдүү гэцгээнэ. Харин фарнцаар ярьдаггүй орнуудад их алдартай гэнэ.

Тэр үед дуулж байсан Жулиен Клэрк, Алан Сушон, Эдди Митчэл, Жак Брэл, Нино Фэррэр гээд жагсаавал уртаас урт жагсаалт болно. Цаашилбал намайг дунд сургуульд байхад Voyage, voyage гэдэг дуу үдэшлэг болгонд тавьдаг байлаа. Францчууд энэ дуугаа сайн мэднэ, манайд их алдартай байлаа гэхээр бас гайхацгаадаг юм. Энэ соёлын солилцоо орос францын харилцаатай их холбоотойнх биз. Цагтаа оросын язгууртнууд зөвхөн францаар ярьдаг байсан цаг түүхийн хувьд тийм ч хол биш. Оросоор дамжиж маньд ирсэн юм биз. Гэхдээ бид өөрсдийнх нь колони байсан вьетнамчуудаас илүү хүлээж авсан байдаг нь бас л сонин. 

4 comments:

Anonymous said...

Sonirholtoi n Quebect dund surguulid France-iin songodog uran zohioliig barag unshuuldaggui yum bilee, esvel manai huuhduuded tegj taarsan uu medehgui bna. Ene jil l 10-r angiin ohin maani heden songodogt analyse hiih yum bilee. Gehdee bagad n ch bi uuruu daguulj yavj hyalbarshuulj hevlesen songodoguud hudaldaj avch ugch unshuuldag bsan l daa, yamar saindaa french helnii bagsh n "chamd hund bish bna uu?" gej asuj baihav. Ah n harin unshij bhiig ogt haraagui yum bna, hehe. Bid ch bagadaa oros-mongol orchuulagchdiin achaar frantsiin uran zohioliig chamgui unshsan shuu, quebecchuud tegj heleheer gaihaad bdag yum.

Canadaas.

Nogoohon said...

Харин оросууд францтай ойр байсны ачаар бид социалист оростой хамт байсны хүчээр ч гэх юмуу франц уран зохиол манайд бусад азийн орнуудаас илүү дэлгэрсэн юм шиг байгаа юм. Энд японд франц юм аймаар ихтэй, нарийн боовноос авахуулаад дэлгүүр хоршооны нэр кофе шоп элдэв сувенир энээ тэрээ гээд л. Эйфелийн цамхагийн дүрс түүний хэлбэртэй сувенир юмнууд хаа сайгүй. Тэгсэн францууд япончуудад жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд нь тусалж байсан юм билээ. Бүр Токиогийн төвд байдаг Мейжи юу ч билээ том төв паркад нь баахан франц дарсны торхнууд байна лээ. Сонирхвол миний блогт зураг нь байгаа. Тэгсэн мөртлөө япончууд францын утга зохиолыг сайн мэддэггүй, шадар гурван цэрэг гэвэл аан кино юу гэх жишээний. Гэтэл манайд бараг захын хүн л шадар гурван цэрэг гэвэл Александр Дюма гээд хэлчих байлгүй дээ. Одоо бас тэгэж хэлж чадахаа байсан юм шиг байна лээ тэр АХА энэ тэрийг харж байхад. Дуу хөгжим ч гэсэн дээ манайхан бол бүгд Жо Дуссей гэвэл аан мэднэ мэднэ гэх байх даа. Ядаж л ганц дууг нь сонсгоход аан сонсож байсан юм байна гэнэ дээ.
Дашрамд, франц хэл гоё хэл шүү. Надад лав гоё, харин манай ажлынхны хэлдгээр эрэгтэй хүн францаар ярихаар шалиг сонсогдоод байдаг гэсэн хахаха. Хэрэглэхгүй байсаар мартах нь дээ.

A.Амарсайхан said...

Би "Шадар гурван цэрэг" дээр гардаг Бордо дарсыг амсаж үзэх юмсан гэж их боддог байж билээ. Нэгдүгээр курсэд сурч байх жилээ Москвагийн франц дарсны дэлгүүрт ороод тэр золигийн дарсыг нь олохгүй хөглөж, худалдагчаас нь асуутал "Бордоау-икс" гэсэн хачин сунжирсан нэртэй юм өгөхөөр нь "Мөн гэж үү?" гэж гайхсан гэж байгаа. "Зүгээр л БОРДО гээд биччихгүй яасан балай юм бэ?" гэж хэлээд онигоонд орж билээ.

peakfinder said...

Canadaas>> Сонирхолтой юм байна. Хэл нэг болохоор сайн мэддэг байх гэж бодсон ш дээ.
naraa >> Нээрээ япончууд францын бараанд нугасгүй гэдэг юм билээ.
Франц хэл сайхан сонсогддог. Суръя гэж боддог ч завдал болохгүй өдий болчихжээ.
A.Амарсайхан>>Ёстой янзтай түүх байна даа хэ хэ... Нээрээ францаар бичсэн зүйл дуудсанаасаа хамаагүй олон үсэгтэй харагдаад байдаг юм.