Wednesday, October 17, 2012

Сонин юм үзнэ гэж..


Үгүй өнгөрсөн хэд хоног яасан их сонин хачин сонсогдовоо. BBC -ийн мэдээн дээр Лениний хөшөөг буулгалаа гэсэн мэдээ хоёр билүү гурав хоногийн өмнө гарсаныг уншаад нэг их юм бодолгүй өнгөрсөн юм. Тэгсэн энэ үйл явдал монголчууд Ленин багшдаа маш их хайртай хэвээр байгааг тодруулсан үйл явдал болжээ. Ухаан нь Ленин багш чинь монголын тусгаар тогтнолын төлөө их хөөцөлдөж бидэнд гавьяа байгуулж өгсөн хүн гээд байх шиг байгаа юм. Миний бодлоор нөхцөл байдлыг зөв дүгнэж хөдөлсөн тэр үеийн монголын төрд зүтгэж явсан улсын гавьяа. Нөхцөл байдал манайд ашигтай таарсан (тусгаар улс болоход). Зөвлөлт засаг болоод Ленинд монголыг өөрийн нөлөөнд байлгах ашиг сонирхол байсан учраас энэ үйл хэрэгт оролцсон гэж боддог. Хүмүүс Ленин сайн хүн байсан тэр муу Сталин л бүгдийг буруу тийш эргүүлсэн гэж боддог бололтой юм. Тийм тал бий байх, гэхдээ коммунист дэглэм тогтооход хүч хэрэглэх, гайгүй чинээлэг нэгний хөрөнгийг хураах, хорих лагерь байгуулах энэ тэр чинь угаасаа Ленин багшийн чинь санаа гэдгийг хүмүүс мэддэг болов уу. Нөгөөтэйгүүр коммунизм гэдэг санаа сайхан байж болно гэхдээ амьдрал дээр болдоггүйг өнгөрсөн зуунд ийм дэглэмээр замнасан орнууд бэлэхнээ харуулсан биз дээ. Соронзон өнөөдөр Лениний бодитой намтар хэвлэгдсэн бол хүмүүст ухаарал өгөх байж гэж бичсэнтэй санал нийлж байна. Сайн мууг ялгаж салгаж олонд дуулгах л хэрэгтэй юм. Хэний сонирхол байдаг юм манайхан коммунист дэглэмдээ их л өршөөнгүй хандах юм даа. Саяхан шахуу л шинэ хуучин МАХ намууд чинь бид чинь чухам коммунист биш гээд л байснаа өдий болтол Ленин багшаа шүтсээр л байгаа юм биш үү. Би хувьдаа тэр хөшөөнд нэг их ач холбогдол өгч байгаагүй юм, одоо бодохоор нураасан нь зөв. Нураагаагүй учраас хүмүүс гайгүй залуу байсан гээд буруу ойлгоод байдаг юм шиг байна.

Тэгсэн өнөөдөр нэг ийм нийтлэл мэдээллийн хуудаснуудад харагдлаа. Нөгөө Ленин багшаа баахан магтжээ. Тэгээд сүүлдээ Н. Энхбаярыг ч зүйрлүүлэх гээд байх шиг ккк. Хэдэн сарын өмнө баривчлагдахад нь манай даргыг оросын цагаан хаан шиг хэлмэгдүүлж байна гээд л зарлаад байсан, тэр хэлмэгдүүлэл чинь Лениний тушаалаар хэрэгжсэн байтал өнөө манай дарга Лениний хөшөө шиг хэлмэгдэж байна гэх гээд байгаа бололтой. Өө тийм зоригт бүргэд торны цаана шаналж байна ч гэнэ үү. Шууд л өнгөрсөн зууны далаад он шиг л сонсогдож байгаа биз. Нээрээ тэр үед Ленин багшийг магтсан яруу найргийг тоймлосон сонирхолтой нийтлэл энд байгаа, үзээрэй. Бялдуучлахын туйл гэж тийм байдаг байх. Алиман сар шиг Ленин багш гэж ирээд л ккк.

Аа тийм дээрх нийтлэлд Ленин багш 54 настайдаа цус харваж нас барах хүртлээ 54 боть ном бичсэн мундаг хүн гэж магтсан байна лээ. Та нар дунд тэр 55 ботиос нь уншсан хүн байна уу. Би сургуульд байхдаа юунаас билээ болоод Лениний нэг ботиор шагнуулсан юм. Сөхөж хараагүй ш дээ, сүүлд нь манай аав ээж хоёр завсар нь мөнгөө хадгалдаг байсан юм кк. Хулгай орвол Лениний номыг хэн ч сонирхохгүй гэсэн логикоор. Нөгөө талаар их юм бичиж болно, онолдож болно, гэхдээ түүний бичиж хүн төрлөхтөнд юу авчирсан билээ гэдгийг бодох л хэрэгтэй. Үнэндээ Гитлэр Сталин Ленинд тийм их ялгаа байхгүй (миний хувьд).

Түүний үхлийн тухай 90 онд оюутан болчихоод Чехэд байхдаа их сонин юм олж уншсан юм. Оросууд угаасаа нэртэй цуутай хүмүүсээ нас барахаар нь тархийг нь авч хадгалдаг л даа. Юу ч билээ нэртэй тийм хүрээлэн бий. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы тагнуул тэр хүрээлэнгээс Лениний тархиний хэсгийг хулгайлсан гэж байгаа. Тэрийг нь бүр сүүлд баруун германы эмч судлаачид үзээд тэмбүүгээр үхсэн байна гэж тодорхойлсон гэж бичсэн байлаа. Тэр үед би нь тийм юм уншаад нүд ам орой дээрээ гарч байлаа. Сүүлд дээ 2004 онд New York Times дээр бас тиймэрхүү утгатай нийтлэл гарсан байсан Дүгнэлтийг Израйлчууд тэр Лениний өвчний түүхээс нь үндэслэж хийсэн гээд. Нэрийг нь дараад шинж тэмдэг өвчлөлийн түүхийг нь ямар ч эмчид үзүүлсэн тэмбүү гэдэг гэж.. Оросууд уруу тархинаас нь жаахныг өгчих шинжилгээ хийе гэсэн Оросууд зөвшөөрөөгүй юм гэнэ лээ.

Гэснээс Энxбаярын үсийг солонгос уруу явуулаад шинжлүүлсэн хордсон гэж гарсан. Одоо америк уруу явуулж юунаас хордсоныг тогтооно гэсэн мэдээ түрүү долоо хоногт яваад байсан. Тэр бас их сонион.. Хүний үсийг шинжлэхдээ ердийн үсэнд байдаггүй ямар химийн бодис байна гэж шинжилнэ биз дээ. Тэгээд үсэнд байдаггүй тийм бодис байна, тийм учраас тийм юмнаас хордсон байна гэж... Харин хордсон байна харин юунаас хордсоныг мэдэхгүй гэдэг шинжилгээний хариу жаахан жогорхойтой сонсогдоод байгаа биз? Монголчуудын цуу ярианд итгэмхийг гөөмөн их далимдуулах юмаа даа. Цаашилбал тэр явуулсан үс нь Энхбаярынх гэдгийг яаж батлах юм бэ? Тиймдээ тулбал шүүх цагдаагаас гэрч байлцуулж битүүмжилж явуулна биз дээ. Хэний шийдвэрээр яаж тэр үсийг нь явуулсан нь сонин..

Бялдууч гэснээс Дагвадоржийн тухай хийсэн нэвтрүүлгийн тухай бас их олон хүн бичжээ. Зарим нь хэт дөвийлгөж магтлаа, зарим нь яадгийн гавьяа байгуулсан хүн хүн зодсон ч яадгийн гэж ирээд л.. Сониучирхаад үзлээ. Пээ бүү үзэгд.. 15 минутаас илүү тэссэнгүй, яасан ч нялуун... Эвий эвий монголчуудын зовлонг үүрч байгаа юм гэж ирээд л Ийсүс маягийн хүн юм уу хаашаа юм. Яруу найрагч Лхагвасүрэн гуайн үнэлгээ миний толгойд шууд буурч байна лээ ш дээ. Энэ бас бид юмыг дандаа хар цагаанаар хардагийн жишээ. Монголын 100 алдартан билүү, Дагвадорж орох нь зөв л дөө. Сайн барилдсан, аварга болсон, нутгийнхнаа баярлуулсан тэр бүгд үнэн. Гэхдээ тэр болгон чинь танхайрч хүнд гар хүрэх эрх өгдөггүй л байхгүй юу. Та нар санаж байна уу, хэдэн жилийн өмнө хөл бөмбөгийн дэлхийн аваргын шигшээ тоглолтон дээр Зидан италийн тоглогчийг мөргөөд талбайгаас хөөгддөгийг.. Зидан яах аргагүй мундаг хөл бөмбөгч нутагтаа ч нэртэй, тэр тоглолт түүний зодог тайлах тоглолт байсан. Ердөө л тэрхэн мөчид уураа барьж чадаагүй хүн мөргөсөн, тэр мөргөлт багийнхаа хожих боломжийг үгүй хийсэн. Тэгэхэд Францууд Зиданийг өмөөрөөгүй ш дээ. Яагаад гэвэл нутгийнхаа нэрийг өргөж явсанаа бас шавартай хутгасан учраас тэр. Дараа нь хэвлэлээр итали нөхөр чинь Зиданы ээжийг нь доромжилсон байх энэ тэр гээд баахан таамаглал дэвшүүлсэн. Яг дүрэм ёсоороо бол Зидан хөөгдөхгүй л байсан. Яагаад гэвэл түүний хүн мөргөхийг талбай дээр байсан шүүгчдээс хэн нь ч хараагүй. Шүүгч дараа нь дэлгэцнээс мөргөхийг нь хараад шийдвэр гаргасан. Зидан ямар нэг тайлбар эсвэл өөрийгөө зөвтгөх юу ч хэлээгүй, яагаад гэвэл тэр буруу юм хийснээ ойлгосных байх. Угаасаа тэр хүнд хүрэх гэдэг хууль бус үйлдэл учраас. Дагвадоржийн хувьд ч тэр тийм л логик үйлчлэх ёстой. Сумогийн дэвжээг өөрөө л сонгосон, нэгэнт сонгосон хүн дүрэм журманд нь захирагдах л ёстой байсан. Бааранд хүн зодсон гэдэг хууль зөрчсөн асуудал, цаанаас нь өдөөн хатгасан гээд биеэ өмөөрдөг нь илүү. Нэгэнт олны танил байх тийм асуудал дагуулдаг тэр хэмжээгээр өөрийгөө зохицуулаад аваад явах ёстой байсан байх. Лхагвасүрэн гуайн Дагвадорж монголын төлөө барилдсан гэсэнтэй санаа нийлсэнгүй. Тэр хүн өөрийнхөө л төлөө барилдсан, өөрийнхөө л төлөө тийм спорт сонгосон, аваргалаад өөрөө л их мөнгөтэй болсон, тэрийг нэг их эх оронч энэ тэр гэсэн уянгын халилтай хутгаад байх хэрэггүй. Би Дагвадоржийг сайн бөх гэж бодож явдаг (зодог тайлсанаас нь хойш сумо үзэхээ байсан), сайн бөх гэдгээрээ түрүү бариад зодоон цохион хийчихээд өөрийгөө зөвтгөөд байдагт нь дургүй.

Зодоон гэснээс тэр төрийн ордонд нэг нэгэндээ гар хүрдгүүдэд ч бас энэ хамаарна. Намайг хэл амаар доромжилсон гээд барьж авч зодоод байдаг хуулинд нийцэхгүй. тэр дундаа хууль тогтоогчид нь өөрсдөө тийм байж болохгүй. Их Британийн парламэнтийн гишүүн ноднин бааранд агсан тавьсан гээд шууд огцруулж байна лээ ш дээ. Тиймэрхүү дүрэм журам байх хэрэгтэй байх. Саяхандаа эдний нэг сайд дугуйгаараа зөвхөн машин ордог хаалгаар орох гэж зүтгээд шаардлага тавьсан цагдааг "f****ng pleb" (pleb гэдэг нь хүнийг доогуур гаралтай гэж доромжилсон үг юм гэсэн) гэж хараасан гээд одоо огцрохоос өөр замгүй байдалд орчихоод байгаа. Манайхан болохоор Хүрэлсүхийг өмөөрсөн маягтай байна лээ. Бид ч гэсэн бас сэтгэхүйгээ өөрчлөх цаг болсоны дохио юу.

Ёоx яасан урт болчиховоо, ам нээснийх уушиг нээгээд Цэдэнбалын тухай хэдэн үг. Энэ хаанаас ухуулга хийгээд байгаа юм тэр хүнийг магтаад байдаг болчихож. Дөчин жил төр барьсан, улс орныг хөгжүүлсэн гэж ирээд. Миний бодлоор тэр хөгжил гэдэг нь тэр хүнтэй хүнгүй ирэх байсан юмаа. Шийдвэр Улаанбаатарт биш Москвад гардаг байсан юм хойно. Оросууд үгэнд нь орох хүнээ л тавина биз дээ. Өөрийн бодолтой, холыг хардагуудыг нь бүгдийг нь хороочихсон биз дээ, цаана нь хэн үлдэх нь ойлгомжтой биш гэж үү.

6 comments:

Anonymous said...

harin ter nevtruuleg ystoi taalagdaagui. tegsen humuus aimaar surtei dagaj uilsiin baihoo. dagvadorjiin helsen ugnees ish tatsan ch baih shig, yoyoy .Lkhagvasuren guai barag l ene chin odoo hoorch ongirdog nas n ingehgui yadiin, hun bolgond iim ue baidag chihshig. yu wee, hun zoddog n zov yumuu haashaa iin... unelge navs unasaan.

Dreamer said...

За тэр Дагвадоржийн тухай нэвтрүүлгийг угаасаа үзэж чадахгүй байсан шиг байгаам. энд тэндээс комментууд харж байхад..Дээрээс нь тэр талаар хүмүүстэй муудаад авсан. Монголд гавъяа байгуулаад Монголын төлөө хамаг хөлс хүчээ шавхсаныг нь би мэдээгүй өнгөрөөсөн юм шиг байна лээ ккк. Миний мэдэхээр циркийг маапаантай хувьчилж аваад дээврийг нь оранж өнгөөр будсан, энд тэнд хүн зодсон. Гэхдээ миний хамгийн дургүйцдэг зүйл нь хүний нутагт байж, хоолноос нь идэлцэж, амьжиргаагаа залгуулчихаад тэдний соёлыг хүндэлдэггүй нь. Манайд нэг японы бөх ирээд барилдсан бол манайхан яаж амьдаар нь барьж идэж байгаа болоо?

Гэснээс харин Цэдэнбал гуйан тухайд бол харин арай өөрөөр боддог юм байна. Яаахав оросуудын үгээр хөдөлсөн байж болно. Угаасаа л тэгэхгүй бол өөрөө хороогдох байсан нь тодорхой. Гэхдээ бидний мэдэхгүй хөшигний цаана яг юу болж өнгөрснийг, тэр хүн яг юу хийж бүтээснийг, эсвэл юуг золиосонд явуулсныг юм уу өөрөө үнэхээр юуг Монголын эсрэг хийснийг бид нар мэдэхгүй. Ямар ч байсан хойно очоод үхэх хүртэлээ ямар их зовлонтой байсан, эх орноо санаад уншдаг номынхоо хуудас бүр дээр нь хуучин Монгол бичгээр юм бичсэн байдаг гэдгийг нь хэдэн жилийн өмнө уншаад хэцүү санагдаж билээ. Дээрээс нь ухаан санаанд нь нөлөөлөх янзүрийн тариа хийдэг байсан гэж бичсэн байсан. Тийм болхоор тэр хүнийг бас хамаагүй шүүж чаддаггүй ээ. Давст уулаа оросуудад өгсөн л гээд байдаг юм. Бараг л төрсөн бууцаа хүнд өгөхөд ямар л олиг байсан байв гэж дээ гэж боддын.

Гэхдээ ер нь 1990 оноос өмнөх Монголын түүхийн талаар ямар ч улс төржөөгүй, түүхэн баримтуудыг оруулж өгсөн сайн ном унших юмсөөөн. Хэн нь хэн байсан, хэн яг юу хийсэн гээд мэдээр байдын. Хаа нэг ушсан номууд нь хэтэрхий хувийн үзэл бодлоор бичигдсэн санагдаад байдын.

Gavaa Lkhava said...

Harin leninii tuhai tiimerhuu shum yawaad uur hurch l bailaa. Socialism bguulna yamar olon ornii huwi zayaagaar togloson nuhur bilee dee. Davgadorj deer ch bas, erh medel ner hund usuh tusam haiurtslaga nemegddeg ter hemjeegr biye barij surah yostoi gedegiig zaluust heleh yostoi atal umuuruud ch bh shig. tantai bol sanal neg baina, ta sanaagaa bichlegee ih goyo gargalgaatai bichih ymaa.

Anonymous said...

leninii tarkhind shinjilgee hiisen (sayakhan baikh) ter tembuu ene ter talaar hudlaa bolokh ni batlagdsan .
Zugeer tarkhinii sudasnii hatuural etseg ni bas uvdej baisan geniin huvid etsgeesee uvlesen bololtoi.
Bi lab leniniig 20 -r zuunii hamgiin boldoggyi genii hun gej boddog shuu!
yaj huvisgal hiihee onoliin huvid yag bicheed ter daguu hiisen, arai l ert uhchikhsenees bish

Anonymous said...

Dagvadorjiin tuhai nevtruulgiig uzeegui, gehdee l oroltsson gedgiig ni sonsonguut shuud sonin sanagdsan. Tuunees deer 100 hun Mongoloos oldohgui bna gej uu gej bodogdson. Ih l saihan yarij, ih l uilsan suragtai. Matryn nulims. Tiim huniig oroltsuulsan gej bodohoor Lhagvasuren guain talaarh bodol mini ch bas uurchlugdsun. Manai mongolchuud zuv hunee tanihgui heveeree l baina daa.

Anonymous said...

za tuuh tuuheeree uldeh um hoino,ter leninii hoshoog zaaval buulgah hereg bhgui,tanktai hoshoog shiljuulsen shig yadaj oor gazar shiljuulj boloh bsan...aygui bol ter gazar der n odoo neg baishin barigdana da!!