Wednesday, October 24, 2012

Далайн эрэг дээр амарсан нь

Дундуур нь хадуурсаар байгаад нөгөө амралтын аялалын тэмдэглэлээ тасалдуулсан байна, тэр хооронд бас мартсан санасан юм олон болж байна уу даа. Лион хотоос гараад урагшаа давхисаар Лө Лаванду (Le Lavandou) гэдэг Газар дундын эрэг дээр орших жижиг хотод очсон юм. Биднийг урьсан айлынх Сан Клээр (Saint Claire) хэмээх элсэн эрэгтэй их ойр байртай юм. Тэр байрандаа жил тойрон байхгүй л дээ, ах дүүгээрээ ээлжлээд зуны амралтаа өнгөрүүлдэг гэсэн. Энд болохоор гол төлөв дундаж давхаргын хүмүүс амралтаа өнгөрөөх дуртай газар гэнэ. Өглөөнөөс орой болтол далайн эрэг пиг байх юм билээ. Очсон өдөр их халуун байлаа, дээр нь манай машин АС байхгүй, жигтэйхэн халууцсан хүмүүс буунгуутаа усанд булхаж сэрүүцэв. Далай тув тунгалаг, цэв цэнхэр, эхний сэтгэгдэл ер нь л дажгүй. 




Бид уг нь долоо хононо гэж төлөвлөж гарсан, тэр оройдоо нөгөө хүлээж авсан хүмүүс чинь ийм сайхан байхад арав хоноод яв гээд байх. Дахин халуунд машинаар хол явна гэдгээс айсандаа тэгье тэгье гэчихсэн буруудсан байна лээ ккк. Яагаад гэж үү? Ерөнхийдөө их халуун болохоор далайн эрэг дээр хэвтэхээс өөр юм хийх боломж бага. Өглөө айлын эзэн эрт босож элсэн дээр байраа авна. Алчуур, шүхэр, эвхдэг сандал, хөвдөг матраасаа дэлгэнэ. Оройтвол зай олдохгүй. Бид босож цайлаад далайн эрэг дээр үдийн хоол болтол хэвтэнэ. Үдийн хоолны дараа байрандаа даахан унтаж байгаад дахиад далайн эрэг очиж оройн хоол болохоор буцаж ирнэ. Эхний хоёр хоног унтаад л идээд л сайхан амарч байгаагаа гайхаад л байснаа гурав дах өдрөөс нь уйдна биз дээ. Хийдэг ганц  активити нь усанд сэлэх. Би болохоор сайндаа 400 орчим метр сэлээд уйдаж орхино. Хүлээж авсан айлын эзэд гэрийн ажилд оролцуулахгүй, хүнээр хамаг юмаа хийлгээд байхаар бас санаа зовоод тиймэрхүү, арав хоногийг ёстой арай гэж барсан. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг үнэн болж таарав уу? Дээр нь идээд хэвтээд байхаар жин нэмээд бүр замбараагаа алдсан. Дундуур нь ганц хоёр сонин газраар өдрийн аялал хийсэн (тэр талаар дараа жич бичнэ). АС-гүй машинтай хүмүүс чинь хайлчих гээд бас их олон явж болоогүй ээ.


Харин охинд маань л их сайхан байсан даа. Тэгсэн хойтон далайн эрэг явахдаа энэ тэр гэж биднийг сандаргасан шүү. Хойтон өөр тийшээ явна гэж байж арай өрөнд оролгүй үлдсэн. Одоо болтол далайн эрэг дээр амарсанаа яриад л зураад л байдаг юм.




Францчуудын ихэнх нь зун Газар дундын тэнгисийн эргээр амардаг юм шиг байгаа юм. Хүн пиг, францчуудаас гадна итали, герман, голландууд олон байсан. Биеэ борлуулах уралдаан гэлтэй, хүүхнүүд нь topless байх нь олонтаа. Бид очингуутаа тэр хавийн хамгийн цагаан хүмүүс байснаа удалгүй бусдаас ялгарахаа больсон. Нээрээ ёстой сайхан борлосон шүү. Өдөржин хэвтэж байгаа юм болохоор жигдхэн их гоё борлосон. Одоо болтол ил далд байсны ялгаа харагдсаар л байгаа.


Америкт далайн эрэг дээр аврагчид нь өндөрлөсөн сандал дээр суугаад л шүгэлдээд л байдаг энд тийм юм байхгүй. Аврагчид нь харагдахгүй. Харин нэг өдөр бидний ойролцоо гэнэт 4-5 хүн ирээд сууцгаах шиг болсон аврагчид байсан. Тэнд байсан хүүхэн наранд цохиулж унасан уу нэг тиймэрхүү асуудал болоход анхан шатны тусламжийн тариа хийж, дусал залгаад аваад явсан байх. Ямар ч чимээ шуугиан гаргахгүй сүрхий юм билээ.

Гайхалтай санагдсан юм гэвэл далайн эрэгтэй ойр мөртлөө Францын өмнөд хэсэг их хуурай цөлөрхөг байсан. Би чинь тийм их усны эрэг дээр байгаа юм чинь их чийгтэй байх гэж санасан тийм биш. Бидний байсан хотын эргэн тойрон сайхан уултай, харин их хуурай тул галын аюулаас сэргийлж хүн гаргадаггүй гэсэн. Ер нь айлууд ч гэсэн цэцэрлэгтээ газар хуурай өвс ургамлын хог байлгаж болохгүй гэсэн журамтай гэнэлээ.
Өдөрт их халуун хэрнээ далайн ус заримдаа хүйтэн байдаг нь далайн салхитай холбоотой гэнэ. Харин хойно Ла Маншийн хоолойд бол ингэж халбал ус нь бүв бүлээн гоё байдгаас өөр юм.

Энд усан үзэм их тарьдаг юм байна лээ. Усан үзэм чинь халуун дулаан бол цөлөрхөг газар муу хөрсөнд сайн ургадаг гэхэд нь гайхав. Францийн хамгийн өргөн хэрэглээний Cotes du Rhone гэх дарс энэ нутгийнх.

Энэ аялалын дараа нөхөр бид хоёр хааяа нэг 9 сард халууны илч бууж хүний хөл татарсан хойно явбал зүгээр юм гэж дүгнэв. Тэр үеэр хөлсний байрны үнэ ч бас гайгүй буудаг юм шиг байна лээ. Бид ч яахав айлд зочилсон, харин тэнд байр хөлслөж амарна гэвэл жижгэвтэр 2-3 өрөө байр дунджаар долоо хоногийн 1000 евро гэв үү аймаар толгой эргэмээр тоо дуулдсан. Бидэнтэй ойр эрэг дээр хэвтдэг байсан залуу хос ойрхон их хуучны байранд (тохижилт муутай) сарын 1000 еврогоор амарч байгаагаа их олзуурхан ярьж байсан.

Байшин барилга нь цонхоо сүүдэрлэж нарнаас халхалсан том тагтнуудтай (сүүлийн үеийнх нь), харин хуучны барилгууд нь цонхныхоо гадна давхар халхавчтай байдаг юм билээ. Өдрийн цагаар түүнийгээ тас хаачихна. Тэр хавийн тосгонууд нь дандаа уулан дээр, арай сэрүүнийг бодсон нь тэр юм уу гэж бодсон.

Хүн гэж хачин амьтан хойно нэг их халууцаад л, аахилаад л, гомдол тавиад байсан Шотландад буцаж ирээд сар болсоныхоо дараа пээ тэр халуун газар луугаа дахиад явах юмсан гэсэн бодол төрсөнийг нуухгүй ээ. Энэ эргийн зурагнууд нэг их онц биш байгаа. Ирийсэн хүмүүсийн зургийг зөвшөөрөлгүй аваад байх эвгүй байсан тул олон зураг дарсангүй.

No comments: