Thursday, November 22, 2012

Эрүүл мэндийн үйлчилгээ


Их Британид ирээд хамгийн их гайхсан зүйлийн нэг бол эдний эрүүл мэднийн үйлчилгээ үнэ төлбөргүй байсан явдал юм. Тэр дундаа ийм үйлчилгээний үнэ өртөг дээгүүрт орох АНУ-аас ирсэн болохоор ч тийм байж магад.

Анх Америкт очоод сурсан сургууль семестрийн $625 эрүүл мэндийн даатгалд авдаг байсан. Өвдөж хавдвал сургуулийн эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлээд, эм тангаа тэндээсээ үнэгүй авдаг байлаа. Нарийн мэргэжлийн эмч энэ тэрд үзүүлэх хэрэг гарч байгаагүй тул эмнэлэгт хэвтэх энэ тэрийг нь сайн мэдэхгүй юм. Тэр сургуулиа төгсөөд Нью Иоркод нэг жил мэргэжлээрээ ажиллахдаа тэндхийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлд хамаарагддаг байв. Сарын $20 үйлдвэрчний эвлэлийн татварт төлөөд гэр бүл юутай хээтэйгээ эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байлаа. Ийм даатгал эмийн сангаас бусад бүх зардалыг (нүд шүд хүртэл) даадаг байв. Аймаар хямдхан юун сайхан гэсэн бас их учиртай эд байсан юм. Ийм даатгалтай өвчтөн хүлээж авдаг эмч харин цөөхөн байдаг байсан юм билээ, яагаад гэхээр энэ даатгал бусдыг бодвол эмч нарын хөлсийг багаар үнэлдэг юм шиг байгаа юм. Тэгээд эмчид очих гэж аймаар хол явна, сар гаруй хүлээнэ гэх мэт чирэгдэл ихтэй. Нэг юм болохоо болиод цаг авна, тэгээд оочироо хүлээсээр байтал нөгөө өвчин чинь тэгэсгээд гайгүй болчихно, цаг авсан юм чинь очиж үзүүлнэ, эмч миний цагийг дэмий үрлээ гэж уцаарлана гэх мэт. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд заавал өөрийн харьяалалын эмчээсээ бичиг авах шаардлагатай.
Дараа нь дахиад оюутан болоход сургуулийнхаа шугамаар даатгалтай болсон. Ганц бие оюутан бол үнэгүй, харин гэр бүлтэй оюутнууд сарын $300 гаруйг төлнө. Энэ даатгалаар дуртай эмчдээ үзүүлж болно. Харин эмчид үзүүлэх болгондоо эхлээд $10 төлдөг байснаа жил жилд өссөөр төгсөх жил $35 болсон байсан. За тэгээд хоёр хүүхэд нэг сард хоёулаа өвдвөл хэцүүдэж байгаа юм чинь. Эхлээд эмчид нэг үзүүлнэ, эм бичиж өгөөд дараа тэдийд ир гэнэ. Эмээ авахдаа $15-25 төлнө. Дахиад үзүүлэхдээ дахиад мөнгө, харин мөнгө авсаныхаа хэрээр сайн үзэж сайн эмчилдэг байсан юмаа.

Нью Иорк муж улс орлого багатай хүмүүсийн хүүхдүүдийг хямд үнээр даатгаж байсан. Энэ даатгалд хамрагдахад АНУ-д оршин суух виз, зөвшөөрөл, бичиг баримт бүрэн байх ёстой. Харин тэтгэврийн насныхан болоод орлого багатай иргэд улсын Medicare, Medicaid хөтөлбөрт хамрагдаж үнэгүй эсвэл хөнгөвчилсэн үнээр эүрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Обамагийн шинэ хуулиар одоо бүр дээр болсон байлгүй. Гэхдээ нэг муухай юм нь хүн хувиараа даатгуулж байгаа бол pre-existing condition гэж айхавтар эд бий. Ямар нэг суурь өвчин бий эсэх гэсэн асуулт л даа. Цусны даралт их, чихрийн шижин өвчтэй гэнгүүт даатгалын төлбөр суга өснө. Тэр мэдээж ойлгомжтой, эрүүл мэндийн даатгал чинь хэн нэгний хоолоо олж идэх бизнес юм чинь. Хорт хавдартай бол даатгалын үнэ тэнгэрт хадаад явчихна. Хавдар тусаад хамгаа гүвсэн хүн Америкт олон, тэд нэг их ядуу ч биш бас баян биш дундаж орлоготойхүмүүс байх нь элбэг.

Их Британид хууль ёсоор оршин суугаа хүн эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй авах эрхтэй. Хууль бус хэдий ч эмнэлэгийн түргэн тусламжийн тасагт яваад очиход харьяалал хамарахгүй тусламж үзүүлнэ. Эмчийн жороор авах эмийн үнэ англид 7-8 паунд, харин шотландад үнэгүй. Хүүхдүүд шүдний эмчид 18 хүртлээ үнэгүй үзүүлэх эрхтэй; англид бол Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээ (NHS) -д хамаарах шүдний эмнэлэг, харин шотландад бол аль ч шүдний эмнэлэг хүүхдэд үнэгүй үйлчилдэг. 

Эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд өөрийн оршин суух хаягт хамаарах өрхийн эмнэлэгт бүртгүүлсэн байх шаардлагатай. Тэд бүртгэхдээ виз, оршин суух зөвшөөрөлтэй хамаатай бичиг баримтыг шалгадаг. Бүртгүүлээд авбал дахиж бичиг баримт болох шаардлагагүй, NHS -ээс бүргэлийн дугаар бүхий захиа ирүүлдэг. Нүүхдээ өрхийн эмчээ хаягийн дагуу солих шаардлагатай болдог. Нарийн мэгэжлийн эмчид үзүүлэх бол өрхийн эмчээрээ дамжуулан цаг авна. Хурц яаралтай арга хэмжээ авах шаардлагагүй тохиолдолд 3 долоо хоног хүртэлх хугацаагаар хүлээх хэрэг гарч болно. 

Эрүүл мэндийн үйлчилгээг архаг хууч өвчтэй болоод хорт хавдар зэрэг хүнд өвчтэй хүмүүс мөн бусдын адилаар үнэгүй авах эрхтэй. Чинээлэг давхаргынхан хувийн эрүүл мэднийн даатгал төлөөд хувийн эмнэлэгт үзүүлэх нь бий. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхдээ удаан хүлээхгүй гэсэн сайн тал бий ч үнэ хөлс нь өндөр юм.
Шотландад оршин суугчид жилд нэг удаа хараагаа үнэгүй шалгуулах эрхтэй. Жараас дээш насныхан болоод 18 хүртэлх насны хүүхдүүд мөн minor ailment scheme-д хамрагдаж, ойр зуур ханиад хүрэх, хоолой өвдөх, экзэм, харшил зэрэг хүнд биш өвчний үед эмийн санчид үзүүлээд тохирсон эм бэлдмэл үнэгүй авдаг. 

Үнэгүй гэдэгтээ тэр үү манайтай таарсан өрхийн эмч нар тийм сайн биш санагддаг. Энэ нь бас хөрөнгө мөнгөтэй холбоотой байж мэднэ. Ялангуяа Кэмбрижэд байсан эмч, наад захын жишээ нь; хүүг салхин цэцэг тусахад оношилж чадаагүй... Сүүлийн хэдэн жилийн туршлагаас ажаад байхад яг чухам өөрийн оношоо өөрөө тогтоож байгаад эмчээсээ яг юу хэрэгтэй байгаагаа хүсвэл арай дээр юм шиг. Харин эмнэлгийн түргэн тусламжийн тасгууд нь тун чадвартай юм. Хүүхдүүд нэг нэг удаа сандаргаж очиж байсан тус бүрт нь түргэн шуурхай сайн үйлчилсэн. Нарийн мэргэжлийн эмч нарын хувьд сайн муу аль аль нь таарсан.

NHS бол Британичуудын үндэсний бахархал, тэр ч утгаараа өнгөрсөн зун олимпийн нээлтэнд тод томруун туссан (энд байдаггүй хүмүүс сайн ойлгоогүй юм шиг байгаа юм). Эдийн засгийн хямрал нүүрлээд санхүүгийн бэрxшээл байгаа, улс төрчид бол зоригтой гар дүрж өөрчлөлт хийж чадахгүй байгаа салбар. Улсын гэдэг утгаараа үрэлгэн. Энэ шинэчлэлийн тухай яриа гармагц хүмүүс биднийг америкчууд шиг хөөрхийлөлттэй байдалд оруулах нь гэж эсэргүүцэж эхэлдэг. Харин америкчууд Обамагийн шинэчлэлийг биднийг британичууд шиг хөөрхий болгох нь гэж зарладаг нь инээдтэй. 

Дээр судлаач Ганхуяг гэдэг хүн орон орны эрүүл мэндийн салбарыг харьцуулж бичихдээ жаахан өрөөсгөл дүгнэсэн санагдсан. Америкийн системийг сайн харин их британичууд бол урт дарааллаас болоод бараг үхэцгээдэг гэж туйлширсан байсан. Харин тооцоогоор бо АНУ-д жилд 45000 хүн эрүүл мэндийн даатгалгүйгээс эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй нас нөгчдөг бол Их Британид тийм тохиолдол байхгүй (систем нь өөр учраас). Мэс засал болоод эмчилгээ авахад үүсдэг дараалал бол аминд насанд аюулгүй өвчнүүдэд хамаарна. Харин хурц болоод хорт хавдар амь насанд халтай өвчний үед дараалал харгалзахгүй, шаардлагатай эмчилгээ даруй хийнэ шүү дээ.

Миний ажигласнаар америкийн системийн сайн тал нь урдчилан сэргийлэх үзлэгт их ач холбоглдол өгдөг. Ямар нэг даатгалтай хүн бүр жилд нэг удаа нарийвчилсан үзлэгт орно (цусны бүх төрлийн шинжилгээ, эмэгтэйчүүд бол савны амсрын хавдрын үзлэг гэх мэт). Их Британид болохоор архаг хууч өвчтэй гэж бүртгэгдээгүй хүн өөрөө тийм шинжилгээ өгмөөр байна гэж хүсэх хэрэгтэй болно.

Харьцуулбал аль аль нь сайнтай муутай, харин зарчмын хувьд хүний халаасан дахь хэдээс хамааралгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт хүргэх Их Британи арай дээр гэж боддог юм. 





5 comments:

Тэмээчин бүсгүй said...

Ганц Канадад үнэгүй байдаг байх гэж бодож байсан чинь Англи бас тийм юм байна.

Гэхдээ энд шүдний даатгал нь ордоггүй ш дээ.

Тэр их олон сарын хүлээлт үүсгэдэгийг нь сайн ойлгохгүй байсан чинь таны бичлэгийг уншаад ойлголоо.

Гэхдээ энд үзүүлэхээр бүх эрхтэн зүгээр эв эрүүл гээд Монголд үзүүлэхээр ёстой эрүүл эрхтэн алга гээд тэгдэг тээн хэ хэ хэ.

АНУ-ын урьдчилан сэргийлдэг үзлэг нь дажгүй юм гээч.

Darambazar Gantulga said...
This comment has been removed by the author.
Darambazar Gantulga said...

Сонирхолтой, хэрэгтэй бичлэг байна. Английн эрүүл мэндийн даатгалын талаар ойлголттой болоод авлаа. Баярлалаа.

Enerelt Bayar said...

Ямар өвчинийг үнэгүй эмчилдэг бол? энэ талаар мэдээлэл өгөөч. Лүпүс гээд өвчиний талаар бас?
Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

peakfinder said...

Тэмээчин бүсгүй>> Эндхийн шүдний даатгал зөвхөн хүүхдийнхээ.
Darambazar Gantulga >> Нэг ч гэсэн хүнд хэрэг болж байвал миний зорилго биелж байгаа нь тэр...
Enerelt Bayar >> Энд оршин суух эрхтэй бол тийм ийм өвчин гэж ялгахгүй үзнэ шүү дээ.