Friday, November 9, 2012

Заргалдсан нь


Манайх Глазгоуд нүүж ирээд сургууль сайтай гайгүй дүүрэгт галт тэрэгний буудалтай ойр байр бас гайгүй үнээр олж орсон юм. Гайгүй дүүргийн гайгүй үнэтэй байр гэхээр ойлгомжтой, хананы цаас нь хууларчихсан, халтар дороож, хонхойж ёнхойсон шал, цав гарчихсан угаалтуур, хуучин тавилга гээд. Нэг авах юм нь сайхан том зайтай ч дан цонхтой учир тэр хэрээрээ хүйтэн байр байлаа. Гэхдээ яахав, чадлынхаа хэрээр цэвэрлэж арчлаад сэтгэл нэг их хангалуун биш ч амьдарч болоод л байсан юм. Нэг жил өнгөрлөө, гэрээгээ дахиад нэг жил сунгах уу гэж байна, бид хоёр ч дахиж байр хайх, нүүхээсээ төвөгшөөгөөд сунгая сунгая гээд гар хөлийн үсгээ зурчихлаа. Тэгсэн таван сар орчмын дараа байр хөлслүүлсэн агентаас "энэ байрны эзэн байр хөлслүүхээ болихоор шийдсэн тул 2 сарын дотор байраа суллаж өгнө үү" гэсэн захиа ирдэг юм байнаа. Сүүлийн үед юм хум эвдрээд нэг л онцгүй, би дотроо дэмий хугацаагаа сунгалаа гэж бодож байсан тул уухайн тас зар үзсэн манай эсрэг талын байранд хэмжээгээрээ ижил, арай дээр засвар болоод тавилгатай, дороожгүй, модон шалтай, тэр бүү хэл сарын төлбөр нь  арай хямд байр яг танайд зориулав гэсэн юм шиг байж байна. Баярлаад тэр дор нь орлоо гээд долоо хоногийн дотор нүүх болов. 
Ингээд тэдэнд нүүлээ гээд хуучин байр хариуцсан хүмүүс уруу бичсэн, та нар эрт нүүсэн учир барьцаанд тавьсан 850 паундыг чинь буцааж өгөхгүй гэж авдаг юм байгаа. Өөрсдөө гэрээгээ цуцалчихаад, бас тэдний дотор нүү гэснээ одоо болохоор эрт гарлаа гэж аймаар уур хүрнэ биз дээ. Баахан захиа нааш цааш нь бичлээ, эдний иргэдэд хуулийн зөвлөгөө өгдөг газар очлоо (дашрамд хэлэхэд тэр газар ямар ч тус болсонгүй). Биднийг газаад хүмүүс аягүй бол бичиг баримтгүй ч байж мэднэ гэж элэг барьсан уу сүүлдээ нөгөө газар чинь бүр таг чиг.
Болохоо болиод өөрөө эдний байр хөлслөх хөлслүүлэх хууль тогтоомжийг нь олж судлав. Ерөнхийдөө ихэнх заалт нь байр эзэмшигчийг хамгаалах талдаа байдаг юм байна. Гэхдээ хөлслүүлж байгаа газар барьцааны мөнгийг тусгай дансанд хийх ёстой, тэр данснаас авахдаа байр хөлслөгч хөлслүүлэгч аль аль нь гарын үсэг зурах дүрэмтэй юм байна. Тэр нөхдүүд бидний барьцааны мөнгийг тэгэж дүрэм журмаар нь байршуулаагүй нь тодорхой болов. Хоёдугаарт, байр хөлслүүлж байгаа хүмүүс барьцааны мөнгийг ямар нэг юмны төлбөрт авч үлдэж байгаа бол яг чухам юунд хэдийг ямар учраас авч байгаагаа бичгээр мэдэгдэх ёстой гэнэ. Бидэнд ямар ч тийм тооллого хийсэн, юуг юунд суутгасан бичиг ирээгүй юм. 
Их Британид 5000 паундаас бага мөнгөний маргааныг жижиг маргааны шүүхээр шийддэг гэдгийг ч олж мэдэв. Өөрсдөө гомдол өргөдлөө тодорхой бичээд, баримтаа хавсраад 65 паунд төлөөд болоо. Хуульч энэ тэр хөлслөх шаардлагагүй. Асуудлыг 2 сарын дотор шийддэг юм байна. Бичиг баримтаа бүрдүүлээд өглөө, 10 сард өгсөн өргөдөл 12 сард багтааж шийдэгдэнэ гэнэ. Тун удахгүй нөгөө талд шүүхэд дуудсан бичиг баримт явууллаа, 12 сард шийдвэрээ сонс гэсэн захиа ирлээ. Тэр захиа ирсэнээс 2 хоногийн дараа нөгөө үл хөдлөх хөрөнгийн агентлагаас 7 сарын өмнө явуулсан чек очоогүй юм уу гэж утасдаж байна ха ха. Улаанцайм хүний мөнгө дээрэмдсэнээ булзааруулах гэж байгаа бололтой. Утсаар мөнгийг чинь өгье, та нар өргөдлөө буцаагаад авчих гэнээ. Бид ч барьцааны мөнгөн дээрээ нэмээд шүүхийн хураамж, мөн танай уруу явуулсан захиануудын шуудангийн төлбөрөө нэмээд 1000 паунд дансанд хийчихээ тэгсэний дараа л гомдлоо эргүүлж авъя гэлээ дээ. Шотландууд болсон хойно наймаалцаж байна тэгээд 950 дээр тохиров. 
Би өмнө нь ингэж шүүх цагдаа болж үзээгүй юм. Ямар ч гэсэн ингээд асуудал манай талд шийдэгдэв. Ер нь тэгээд элдэв бичиг цаас захиа занааг архивлаад хадгалж байх хэрэгтэй юм байна. Ямар нэг асуудал гарахад тэр чинь аминд ордог юм байна. Ер нь янз бүрийн гэрээ энэ тэр хийхдээ дүрэм журмыг нь үзэж харж, үгүй дээ л хүн амьтнаас яадаг ийдгийг нь асууж мэдэж авах хэрэгтэй юм байна шүү та минь ээ. 850 паунд чинь манайдаа нэг хүн монгол явах зардал, бид дөрвүүлээ гээд бодохоор их л мөнгө байгаа биз дээ. Үгүй бага байсан ч гэсэн зүгээр өгөөд тараагаад явах гэж юу байхав... 

9 comments:

mycolorfulworld said...

Хаха, "Шотландууд болсон хойно наймаалцаж байна..." гэснийг уншаад саваад уначихлаа. Би өмнө нь шотландуудын харамч зангийн тухай онигоо л сонсож байсан болохоос жинхнээсээ амьдрал дээр иймэрхүү гэж дуулж ч байсангүй. Хаа газар иймэрхүү хүмүүс байх юм даа нээрээ.

naraa said...

Дийлсэн нь сайн байна.

Тэмээчин бүсгүй said...

Ашгүй дээ мөнгөө буцаагаад авчихдаг нь аштай юу даа.

Нээрээ энэ цаас, бичигнүүд хадгалж байхад хэрэгтэй юмаа.

Anonymous said...

Haana ch bsan helnii medleg ih heregtei gedeg n haragdaj bna. Ednii heleer huuli durmiin daguu yarihad bolohgui yum gej baidaggui, tiimees hel saitai bh iim l tustai.

Canadaas.

Гилийн хатан said...

haa gazar iimerhuu humuus baih um daa

Barimalch said...

Bi neg mashinii hajuu buuriig honhoilgoson hergeer namaig morgogch taliin daatgaliin ajiltan amerik avgaitai "Zagalmailsan Etseg" kinonii shuuh deer heldeg ugsiig n davtaad heleed baisan amarhan diiltsen. Gadaadad eldev adal yavlduud ih tohioldnoo. Arai jaahan sophisticated handval baruuniihan ih amarhan hulhi n buudag.

Gavaa Lkhava said...

Gkk, haa gazar bairtai holbootoi iim asuudal garah ymaa. Bi yostoi genen, huuchin bairandaa sar bur hulsiig n belneer ugdug blaa, ug n geriin ezen uvgun avdag ym. ter udur uvgun bhgui emee bhr emeed ugchihsun chini suuld n nadad uguugui gej guriigd, dahij awna gej neheed professoriin neriig barij mungu ugulgui nuuj garsan daa. odoo bol dandaa dansaar tuldug. Er n alivaa ymnii barimtiig n hadgalj bmr ym bilee. Muuhai emgen suuld n hed heden hujaa oyuutniig tegj hulhidsan gsn

Anonymous said...

Aziudyg eleg barij baigaa yum. Busdyg ni bol ulaan tsaim ingej chadahgui. Manai end ch bas iimerhuu yum baidag. Cong-s!

Сүрэн said...

Mundag baina shuu, bayar hurgeye ! Yumaa sudlaad medeed yarij hiij baigaa huniig hen ch yaaj ch chadahgui shu. Amjilt !