Wednesday, January 23, 2013

Итгэл үнэмшил ба хууль


Сая Обама тангараг өргөхдөө өөрийнхөө жинхэнэ итгэл үнэмшилдээ тулгуурласан үг хэллээ гэж бодлоо. Бүгд найрамдахчууд Обамаг дэндүү либэрал гэж шүүмжилдэг, америкчууд ер нь хуучинсаг үзэлтэй хүмүүс тул мань хүн эхний 4 жилд тун болгоомжтой байсан. Энэ нь түүнийг дэмжиж сонгосон хүмүүсийн нэлээд хэсгийг нь гонсойлгож байсан билээ. Харин одоо дахиж сонгогдох юм биш гэсэн үү зоригтойгоор жинхэнэ өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэв үү дээ. Энд нийгмийн альч давхаргын хүмүүсийн тэгш эрхийн тухай онцолсон нь анхаарал татав. Арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага хамаарахгүй хүн бүрт тэгш эрх байх ёстой гэсэн итгэл үнэмшил тодоос тод сонстов. Мэдээж яриад бүтэх биш үүнд хүрэхийн тулд хууль журам боловсруулах нь хууль тогтоогч төр барьдаг хүмүүсийн ажил. Америкчууд, зөвхөн америкчууд ч биш ардчилсан нийгэмд амьдрадаг хүн бүхэн өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлаж хууль тогтоогчоо сонгодог бизээ. Тэр утгаараа сонгох сонгогдох эрх, түмний сонголт хэн нэгний явцуу эрх ашиг, үзэмжийн хэрэг биш юмаа.

За тэгээд тэр итгэл үнэмшил дээр тулгуурлаж сонгогдсон эрхмүүд хууль боловсруулж баталнаа. Тэр хууль нь хүмүүсийн үзэл бодол, өмч хөрөнгө болоод ардчилсан хэмээх нийгмийн үнэт зүйлийг дээдэлсэн байх зарчимтай байх тийм үү. Тэгвэл манай өнөөгийн эрх баригчдын барьж гүйгээд байгаа хуулийн төслүүдийг юу гэж ойлгох вэ.
Би хувьдаа нэг хүн нэг явцуу эрх ашгийн төлөө хууль боловсруулж батлуулах гээд гүйгээд байна гэж ойлгоод байгаа. Уянга гэдэг гишүүн төрийн тэргүүн байсан хүмүүс юу хийж болох болохгүй жагсаалт маягийн юм барьчихсан, бас цаашлаад эвслийнхээ даргыг хэргээс чөлөөлүүлэх хуулийн төсөл,  Батзандан болохоор Оюунгэрэлийг их хурлаас гаргах, нөгөө Удвал сайд нь даргаа эмнэлэгт хэвтүүлэх гээд будилж сайд нарын эмнэлэгт хоригдол эмчилдэг болоод дуусч байгаа юм шив дээ хөөрхий. Баабар гуай энэ талаар зүүн талаар нь гүйцэж түрүүлээд гээд сайхан бичсэн байна лээ.

Дээрх хууль тогтоомжууд нь (Удвалын алдаанаас бусад нь) үндэсний аюулгүй байдал гэдэг халхавчтай логикоор бодвол үндсэн хуультайгаа харшилдсан байгаа биз. Хүмүүс яахав үндэсний аюулгүй байдал гэнгүүт өө тэгэлгүй яахав зөв гээд алгаа таших шинжтэй. Дээр нь төрийн том албан тушаал хааж буй хэдхэн хүнтэй хамааралтай гэнгүүт өө надад хамаагүй юм чинь яахав яахав гээд толгой дохих. Өнгөц харвал албан тушаалаа хувийн ашиг сонирхолын үүднээс ашиглах боломжгүй болгох гэсэн санаа, харин цаагуур нь бодвол бидний таны эрхийг бага багаар хумслаад байгааг олж харсан болов уу?

Жишээ нь, Оюунгэрэл гишүүн Улаанбаатарын Хан Уул дүүргээс нэр дэвшиж сонгогдсон хүн (намын жагсаалтаар биш). Сонгогчид гадаад нөхөртэй гэдгийг нь мэдэж байсан тэгээд энэ бол асуудал биш гэж үзээд энэ хүнийг сонгосон тийм үү? Энэ сонгогчдын хувьд хүлээж авах аргагүй асуудал байсан бол энэ хүн сонгогдохгүй байсан. Энэ бол ардчилалын зарчмаар Их Хурлын гишүүний гэр бүлийн хүний харьяалалын асуудал шийдэгдсэн гэж би ойлгоод байгаа юм. Харин одоо хууль гараад Оюунгэрэл гишүүн ажлаа өгөх болбол түүнийг сонгосон сонгогчдын эрх зөрчигдөж таараад байнаа даа. Хэдэн жилийн өмнө ард түмний сонголтыг луйвардлаа гээд жагсаал цуглаан удирдаж байсан хүн өөрөө эргээд хүмүүсийн сонголтыг боох гээд байна уу даа энэ чинь... Үндэсний аюулгүй байдал энэ чинь гэж ирээд Оюунгэрэлд хандсан ил захидал ч бичсэн байх шиг.

Гадаадынхан тагнуулдъя гэвэл хэн нэг төрийн дээд албан тушаалтан болох найдвартай хүмүүсийг тагнуулуудаараа эргүүлдүүлж суулгаад өчнөөн жил хүлээгээд л байдаг чинь бараг үлгэр биз дээ. Харин гадаадад томилолтоор яваа эхнэртэй харчууд уруу гоё хүүхэн явуулаад л хэргээ бүтээчих юм биш үү. Эсвэл шуудай хүүдий мөнгө харуулахад дуртай нэг нь гэр бүлийн хүн нь монгол уу биш үү гэдгээсээ хамаарахгүй ш дээ, итгэл үнэмшил, хүний чанараасаа л хамаарч авах авахгүйгээ шийднэ биз дээ. Тэгээд нэг их эрлийз хурлийз, монгол биш гээд шуугина. Түүхээ эргээд харахаар халх Занабазар, түвд Жавзандамбын хийсэн амьдарсан түүх өөр л юм хэлээд байгаа биз дээ энэ чинь.

Анхны хэвлэлийн бага хурал дээрээ гадаад улсуудад тийм жишиг бий гэсэн хэрнээ ямар улсад байдгийг нь хэлээгүй. Гадаадынх л байвал манайхаас дээр байдаг юм уу. Орос, хятадын жишиг нэг өөр, Еврoпын холбооны улсын жишиг нэг өөр. Хэрвээ Европын жишиг байсан бол нэрлээд хэлэх байсан тийм биш байх гэж хардав. Эдний deputy prime minister манайхаар бол шадар сайд юм уу Ник Клэг гэдэг хүн испани эхнэртэй ш дээ. Эд нар тэр тухай еөөр ярьдаггүй, тийм харьяалалын хууль байхгүй угаасаа байх ёсгүй юм.   За цаашилбал өнөөдөр хэдэн хүний эрхийг хязгаарлаж болно. Дараа нь сэмхэн энд хамаарах хүмүүсийн хүрээг тэлээд байвал яах вэ? Өнөөдөр гадаадын харьяат гэр бүлтэй байж болохгүй гэж байна, дараа нь хэн нэгнийг нэмэх хууль зүйн боломж гаргаж өгөөд байгаа нь бас аймаар л байхгүй юу даа.

Дараа нь тэр гадаадад өмч хөрөнгөтэй байж болохгүй энэ тэр гэсэн бүтэхгүй заалтууд байна. Үгүй бүтдэг бол баярлах байлаа. Даанч тийм хөрөнгөтэй хүний өмч өөрийнх нь нэр дээр байдаггүйг бүгд л мэдэж байгаа ш дээ. Тэгээд яах юм, төрийн том албан тушаалтаны гэр бүл, үр хүүхэд цаашлаад ах дүү аав ээжийнх нь эрхийг хязгаарлах юм уу? Яаж хязгаарлаж яаж хянах юм? Түүнийхээ оронд банк санхүүгийнхээ үйлчилгээ, бүртгэлийг боловсронгуй болгоход болно ш дээ. Эх үүсвэр нь мэдэгдэхгүй их мөнгө гараад ирэхэд нь мэддэг, бас шалгадаг болчиход ингээд л хүний эрхэнд халдаад байх хэрэггүй болноо доо.

Эцэст нь тэр сэтгэгдэл хянах Сайханбилэгийн санаачилга бол бүр онигоотой. Цахим хуудаснууд өөрсдөө л хууль гэхгүй шийднэ биз дээ. Хамгийн тод томруун жишээ нь бидний хэдэн блгочид байна ш дээ. Би бол хэн нэгнийг хараасан бас насанд хүрээгүй хүүхдүүдэд тохиромжгүй гэж үзсэн сэтгэгдлийг цэнзүүрлэдэг. Харин Дамдаа болохоор сэтгэгдэлд хязгаарлалт тавьдаггүй, уншигчиддаа юу дуртайгаа хэлэх талбар тавьж өгдөг. Тэгээд өөрийн итгэл үнэмшил баримталдаг зарчмын дагуу болоод л байгаа биз дээ. Ийм хууль батлагдвал эргээд үг хэлэх эрх чөлөөнд халдах үүд хаалга нээж өгсөн хэрэг болно шүү дээ.

Төгсгөлд нь хууль гэдэг чинь нэг хүн ингэмээр юм байна гээд өөрийнхөө ч юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцүүлээд бичдэг эд бишээ. Нийгмийн нарийн ширийн харилцаа, хүний эрх ашиг, аюулгүй байдлыг зохицуулж байх учиртай сайн бодож, тохируулж хийх учиртай эд гэж би ойлгодог. Сайн хууль гэдэг түүх цаг хугацааны шалгуурыг давж чадах бас ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой юм. Сонирхолтой жишээ дурдвал өнөөгийн Францын нийгмийн олон асуудал Напалеоны үзэглэсэн хуулийн дагуу шийдэгддэг юм билээ. Бид ч бас тийм л холыг харж чадсан чамбай хуулиудтай байгаасай даа.

7 comments:

Naraa said...

Ideh hool, omsoh huvtsasnii tsaana yugaar ch solishgui "hair durlal" bdag gej Tungalag Tamir deer gardag shde. Teren shig yugaar ch solishgui itgel unemshil gej bh yostoi.

Setgegdliin huvid FB, buh torliin email, twitter, busad olon niitiin suljeegeer damjuulaad bicheed bj bolno shde.

Anonymous said...

Goyo bichsen baina, tanii blogoor oird ailchilsangui. Demjij bainaa!

Nogoohon said...

Харин энэ удаагийн сонгогдсон УИХ гэж нэг учираа мэдэхээ байсан хэдэн юмнууд юу хийхээ ч мэдэхгүй эргүүтээд байгаа юм шиг л харагдаад байх юм. Хэт дүрдээ итгэчихсэн ч юм шиг, хэт өөрийгөө дөвийлгөөд бодчихсон ч юм шиг, ер нь эцсийн эцэст ямар ч төлөвшил хүмүүжил намба суурь алга. Дамдаагийн хэлээд байдаг улстөрийн төлөвшил гэж 0 хүмүүс байна дахиж сонгохгүй ээ харж байгаарай гэдэг үнэн шд.

Piglet said...

Санал нэг байнаа. Хуулийн төслүүд ихэвчлэн тухайн цаг үеэ, бараг л тэр хэсэг хүмүүсийн эрх ашгийн төлөө заалттай, тэгээд олигтой хэрэгжиж эхлээгүй байхад л өөрчлөлт оруулна, хоорондоо болоод үндсэн хуультайгаа зөрчилдөнө. Ингэхэд та хариад энэ мэт эрүүл санаа оноогоо ил гаргаад эх орондоо ажиллахгүй юм уу.

Unknown said...

Manai AN-han uneheer hereg alga daa hoorhii. Er ni yamar ch uls toriin namiin heb shinjiig olj harahaa bailaa. Hairan sanal mini.

ZAYA said...

Сэтгэгдэл хяналт тавьбал тавина л биз, хэлэх үгээ хэлж л таараа ш дээ, Зарим талаараа нөгөө нээлттэй нийгэм биш, хаалттай нийгэмрүүгээ яваад байгаа юм шиг.
Манай аль ч салбарт болохгүй зүйл байгаа ч заавал хүчээр, дарангуйлж хаах оролдлого нь муу үр дүнд хүргэнэ биздээ.
Түүний оронд хүмүүст ойлгуулж ухамсарлуулах ажлыг янз бүрийн аргаар эрч далайцтай өрнүүлбэл....

Сүрэн said...

Yostoi zagatnasan gazar maajih gegcheer saihan bichje. Bayarlalaa.