Saturday, May 2, 2015

We agree to disagree

Анх Их Британид нүүж ирсний дараа их олон монгол хүн Англичууд бол маш их расист болоод муу санаатай онцгүй хүмүүс гэж хэлсэн нь гайхал төрүүлж байваа. Англид жил хагас, шотландад 4 жил хагас амьдрахдаа эдний араншинг хагас хугас ойлгохтойгоо болоод бас манайхны хийсэн дүгнэлтийн учрыг гадарлахтайгаа болж ирснийг тайлбарлах гэж оролдъюу гэж бодлоо.
Аливаа үндэстний хувьд нийтлэг араншин гэж бий. Бүх хүнд хамааралтай биш ч тухайн нийгэмд хүлээж авч болох болохгүй хэм хэмжээ гэх үү. Миний ойлгосноор Британичуудад эелдэг байх хамгийн чухал чанар гэнэ. Тиймээс маргаанд дуугаа өндөрсгөсөн нь ялагдагч, хаана ч дууны өнгө чангарахад хүмүүс сонсохоо больчих энүүхэнд. Янз бүрийн үйлчилгээний газар эмнэлэг дээр манай ажиллагсад хэл амаар доромжлохыг тэсвэрлэх шаардлагагүй тул зөв харьцана уу гэсэн утгатай сануулга олон харагддаг. Мэдээж олон сая хүн юм чинь маргаан гарна, маргааныг шийдэх хэрэгтэй болно. Учиргүй хашгичаад загнаад үр дүнд хүрэхгүй тул цаад хүндээ асуудал болоод өөрийн бодлоо маш сайнаар тэвчээртэй тайлбарлах хэрэг гарна. Бүдүүлэг авиртайд тооцогдохгүйн тулд хэлж ярьж байгаагаа зөөллөнө. Тэрнийг нь мань мэтийн гадныхан буруу ойлгоно. Энэ тухай нэг ийм хүснэгт ФБ байсныг энд оруулав.


Надад хэд хэдэн удаа ажил дээр ойлголцохгүй асуудал гарсан. Өнгөц сонсоод байхаар болж байгаа юм шиг, болохгүй байна гэсэн хэсэг нь нуугдмал, би болоод байгаа гэсэнд нь тайвшраад гол мэссэжийг нь орхигдуулсан. Дараа нь даргадаа би та нараас өөр хүн учраас асуудлыг шулуухан тавьж бай гэсэн хүсэлт гаргаж цэгцэрсэн. Асуудал энд ирээд овоо удсан хойно гарсан учир хал балгүй учраа олох боломж өгсөн. Ирээд удаагүй байсан бол бас нэлээн хэцүү байх байсан биз гэж боддог. Эд нар нэг их хүний мууд дурласандаа ч гэдэг юм уу, муу хүмүүсдээ биш болохгүйг их тойруу битүү ярьдаг учраас манайхан буруу ойлгодог юм болов уу гэж дүгнэсэн.
За тэгээд маргаанд хэн ялах вэ? Хамгийн зөв тайлбарыг уйгагүй нөгөө талдаа хүргэсэн нь гэх байх. Заавал нэг нь ялах шаардлагагүй, хэн хэнийхээ байр суурийг мэдэх ч гэж болно. Тэр тохиолдолд "We agree to disagree" гэж хэлдэг. Монголчилбол "бид хоёр санал нийлэхгүй гэдэг дээрээ санал нийлж байнаа" гэсэн үг.
Энэ чанарын сайн тал нь маргаан зөвхөн маргалдаж байгаа сэдэв дээрээ, илүү ажил хэрэгч. Цаашаа хальж нэгнээ элдвээр дуудах шаардлагагүй. Тийм болохоор аливаа асуудлыг шийдэх, зөвшилцөхөд амар гэж санагддаг.

5 comments:

Anonymous said...

hehe yostoi sonirholtoi yumaa. manaid british hun amidraad uzvel nud ni oroi deeree garaad suuder ch ugui zugtah yum bna daa.

miracle said...

Үнэн шүү. Ер нь гадаадууд их тойруу ярьдаг. Болоод бгаа болохгүй бгаа нь ойлгогдохгүй. Болоод бгаан бх гээд явж бтал гэнэт болохгүй бна би чамд зөндөө хэлсэн гсн асуудал гарч ирдэг

Блогчин хүү Commie said...

Сонин хүмүүс юм даа. Британичуудын тухай нэг онигоо сонссон юм байна. Галт тэргэнд нэг купенд англичууд явж байжээ. Тэгээд проводникнаас 1 стакан ус өгөөч гэжээ. Өгөөд л явуулж. Дахиад ирээд, 1 стакан ус өгөөч гээд нэлээн олон давтагджээ. Гайхаад та нар ч одоо яагаад байгаа юм бэ гэсэн чинь, онц юм болоогүй ээ, манай купе шатаад гэсэн гээд онигоо байдаг юм. Бараг л тэрэн шиг хүмүүс юм аа даа.

Муланка said...

Барууныхны энэ харилцааг ойлгоход заримдаа үнэхээр хүнд шүү. Юу нь буруу, юу нь муудаад байгааг шулуухан хэлнэ гэж ерөөсөө байхгүй сайн талыг нь дөвийлгөж дөвийлгөж байснаа тэрүүхэн тэндээ жижигхэн коммент хэлбэрээр гол санаагаа хэлэх жишээний. Тэрийг нь мань мэтийн монголчууд магтаж байна гэж ойлгоод үргэлжлүүлэн будлиан хутгах жишээний, хэхэ

Сүрэн said...

Хэхэ... япончуудтай төстэй хүмүүс үү үгүй юу? Би дээхнэ энэ хүснэгтийн тухай таньдаг англи хүнээс үнэн эсэхийг асууж байсан юм. Хариулт нь мэдээж "very accurate" :)

Хэзээ билээ дээ, монголд ажиллаж байсан япон танил ажилчид нь үгийг нь авахгүй байна, нэг алдаагаа дахин дахин давтаад байна, яавал дээр вэ гэж гомдоллоход анхааруулахдаа юу хэлдгийг асуутал "Ерөнхийдөө болж байна, сайн байна, яахав үүнийгээ л жаахан өөрчилбөл". Тэгээд "Энэ чинь мэргэжилтний хувьд байж болохгүй бүдүүлэг алдаа. Дахин ийм алдаа гаргавал зүгээр өнгөрөхгүй гэж мэдээрэй" гэж хэлэхийг зааж өгч билээ. Дахиж алдаа гараагүй гэсэн... кк