Saturday, September 5, 2015

Хичээлийн шинэ жилийн бичлэг

Энэ талаар бичих гэсээр өнгөрөөд мартах тал руугаа явжээ. Манай эндхийн сургуулиуд 8 сарын 13 цугласан. Шотландад сургууль 6 сарын сүүлээс эхлээд зургаан долоо хоног л амардаг. Англид бол 7 сарын дундаас эхэлж 9 сарын эхээр ордог юм билээ. Мартсан нэг шалтгаан нь энд хичээлийн шинэ жилийн нээлт гэж сүртэй юм ерөөсөө болдоггүй. Жирийн хичээлийн өдөр шиг цуглаад л тараад л болоо. Харин хичээлийн сүүлийн өдөр хүүхдүүд багшдаа цэцэг болоод янз бүрийн бэлэг өгдөг юм билээ. Ажилтай байхдаа сургууль ордоггүй байсан учраас бэлэг энэ тэрийг өнгөрсөн 6 сард л анзаарсан. Ажаад байвал шилтэй юм (вино) хийсэн бэлгийн уут их харагдана лээ.
Охины хичээлээс гадуурх ажил нэмэгдсэн. Эднийх жилийн турш 6-10 долоо хоногийн хугацаатай богино хугацааны спортын дугуйлангууд хичээллүүлдэг. Хүүхдүүд шинэ юм туршиж үзэх, идэвхтэй байлгах зорилготой. Үнэ төлбөргүй, зарим нь үдийн завсарлагаанаар (ийм дугуйланд оролцсон үед нь эцэг эхчүүд өдрийн хоолыг нь бэлдэж өгч явуулна), зарим нь хичээлийн дараа. Охин маань үдийн цайны цагаар орчин үеийн бүжгийн, хичээлийн дараа хөл бөмбөгийн дугуйланд оролцож байгаа. Дуусахаар нь дахиад өөр дугуйлан эхэлдэг, хүүхдэд сонирхолтой зүгээр.
Төлбөртэй ганц дугуйлан нь хөгжмийнх. Бүр 1-2 ангийнхны сонсголыг шалгаж авна. Эхний нэг хоёр жил хөгжмийн хэмнэл, дуу заана, дараа нь шалгаад бас багш хөгжмийн зэмсэгийн боломжоос хамаарч зарим нь хөгжим тоглож сурна. Охинд гитар таарсан. Өөрөө лимбэ юм уу хийл санаатай байсан нь таараагүй. Гэхдээ хөөрхий тоглож сурна гээд гитараа үүрээд явдаг. Хагас цаг гитарын хичээл хагас цаг найрал дуу. Төлбөртэй дугуйлангаас гадна ахлах сургуулийн хөгжмийн багш хичээлийн үеэр ирж дугуйлан хийдэг юм байна. Энэ жил охин ийм дугуйлангийн хийлийн ангид тэнцсэн. Өөрөө хөгжмийн зэмсэгээ худалдаж авна, хичээл нь үнэ төлбөр байхгүй. Тун сэтгэл хангалуун байгаа. Анх удаагаа өөрөө хүссэн юмандаа шалгуулж тэнцээд орсон учраас.
Сургуулиас хамааралгүй Лхагва гаригт охиноо бассеинд явуулдаг. Хичээл учраас төлбөртэй, нэг их биш. Арван хичээлийн блок нь гучин хэдэн паунд байна уу. Хагас сайны өглөө франц сургуульдаа бас явна.
Ингээд хичээл, даалгавар болоод хичээлээс гадуурх ажил (үүнд хөгжмөө давтах цаг бас орно) дуусахад тоглох зав нэг тиймхэн. Нөгөө талаар завтай үедээ компьютэр таблэт үзэх гээд байдаг хүн завгүй байвал бас зүгээр ч юм шиг. Охин завгүй болчихоор дагаад бид хэд бас дураараа хүссэн үедээ гараад явах цаг хумигдчих нь тиймэрхүү юмаа.

5 comments:

Mom of twins said...

Хичээлийн гадуурх хүүхэд хөгжүүлэх сургалт дугуйлан ихтэй сайхан юмаа. Монголд ийм юм ховор юмаа.

soulmate said...

охин нь хэдэн настай вэ?
миний хүсдэг дугуйлан секцүүд байна даа яг.
УБ-т иймэрхүү олон дугуйланд явуулна гэвэл их мөнгө, хүргэж өгөх авах хүний цаг зав орно бас хүүхдээ их ядраах болчоод байх юмөө. Уг нь олон төрлийн, бас биеийн болоод оюуны гээд тэнцвэртэй байлгавал сайн сан гэж бодох юм...

peakfinder said...

Охин 9 настай. Ихэнх дугуйлан сургууль дээрээ болохоор ийш тийш явах шаардлагагүй нь сайхан. Олон тийш явах бол амжихгүй л дээ.

Unknown said...

Sain bnauu,

Blogiig ni guilgeed harlaa Scotland-d amidardag ym bna. Bi Scotlandiin University of Glasgow Caledonian gd ih surguuliin masteriin hutulburiig sonirhoj bgaanmaa. Bi nuhur, huuhdee abch yabah zorilgotoi bgaan. Er ni yamarhuu be? Surah, ajillah, secondary school ed nar ni? Bi uuruu suraad ajillah nuhtstul ni her boloo? Anglid minii mergejliin daguu master ni tulbur ni arai undur ymaa. Ene sur arai baga tulburtuitei bas amijirgaanii zardal ni arai baga sanagdsan.

peakfinder said...

Onon E>> Оюутны визтэй бол ажиллах цагийн хязгаар байдаг байх шүү, тэр талаар сайн мэдэхгүй юм байна. Ер нь гадны оюутнуудыг ажиллуулахгүй байхаар арга хэмжээ их авч байгаа юм шиг билээ. Цаг агаараас бусдаар бол амьдрахад дажгүй л газар. Бусад газрын жишгээр сайн сургуультай дүүрэгт байрны хөлс өндөр гэх мэт. Хүн ам цөөтэй учир боловсрол, эрүүл мэндийн салбар нь английг бодвол арай чанартай байх.