Thursday, June 16, 2016

Брэкситийн талаар хэдэн үг

(хүсэлтийн хариу)
Энэ сарын 23 нд Их Британийн иргэд Европийн холбооны гишүүнээр үлдэх үү, эсвэл холбооноос гарах уу гэдгээ бүх нийтийн санал асуулгаар шийдэх юм. Өнөөдөр засгийн эрх барьж байгаа консерватив нам 2010 онд ийм санал асуулга явуулна гэсэн амлалттай сонгуульд орж олонхийн санал авч байв. Эрх барьж байгаа нам дотроо ЕХ-нд үлдэх үлдэхгүй талаар хуваагдмал байр суурьтай байгаа бөгөөд ерөнхий сайд Дэвид Камерон болоод зарим сайд болоод парламентийн гишүүд нар үлдэх нь зөв, харин Лондонгийн захирагч асан Борис Жонсон тэргүүтэй зарим нь гарах зөв хэмээн кампани өрнүүлж байгаа.
Яг өнөөдрийн байдлаар Finacial Times сонины явуулсан тандалтаар оролцогчдын 48% нь гарах, 43% нь үлдэх сонголт хийсэн бол Independent сонинд нийтлэсэн тандалтаар гарах хүсэлтэй 53%, үлдэх хүсэлтэй 47% байна. Тэгэхээр ерөнхийдөө иргэдийн дунд холбооноос гарах сонголт давамгайлж байгааг харуулжээ. Гэхдээ иймэрхүү тандалтын дүн саяхан болтол эсрэгээрээ байсан нь олон хүн санал асуулгад хэрхэн хариулахаа шийдээгүй байсантай холбоотой байж болох юм.
ЕХ-оос гарахаар санал өгөгсдийн дийлэнх хувь нь ЕХ-ын бусад орноос ирж суурьшигчдын тоо замбараагаа алдлаа, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ ачааллаа даахаа болилоо, орон сууцны хүрэлцээ муу байна гэсэн үндэслэлтэй сонголтоо хийж байгаа.
Гэхдээ газар зүйн байрлал болоод хүн амын нас бас сонголтонд том нөлөөтэй. Их Британи бол Англи, Шотланд, Уэлс, Умард Ирланд гэсэн засаг захиргааны дөрвөн хэсгээс бүрддэг. Үндэстний хувьд анлгичуудаас бусад нь кэлтик (заримдаа сэлтик гэж дууддаг) гаралтай үнсэдний цөөнх гэж хэлж болно. Энэ хуваарилалтаар бол зөвхөн англичууд холбооноос гарах санал давамгайлж байгаа бүлэг юм. Шотландчуудын саяхан Их Биртанийн бүрэлдэхүүнээс гарах эсэхээр санал асуулга явуулах үндэслэлийн нэг нь шотланчдууд ЕХ-ны гишүүн байх хүсэлтэйнх гэж байсан. Шотландчууд хэрэв холбооноос гарах санал ялбал манайх дахин Их Британийн бүрэдэлхүүнээс гарах санал асуулга явуулна гээд л байна. Уэлсчүүд ба ирландчууд ч гэсэн холбооноос гарах сонирхолгүй байгаа. Гэвч энэ нь санал асуулгын дүнд тийм тулхтай нөлөө болж чадахгүй, учир нь нийт хүн амын 83-84% нь англичууд юм.
Цаашлаад залуучууд ЕХ-нд үлдэх сонголт хийх нь илүү бол дундаж болоод тэтгэврийн насныхан гарах санал өгөх магадлал өндөр гэнэ. Энэ нь мөн санал асуулгын тэнцвэр өөрчлөх боломж муугийн учир нь залуучууд дундаж болоод тэтгэвэрийн насныхнаас сонгууль, санал асуулгад оролцох идэвх муутайнх. Харин залуучууд маш идэвхтэй оролцсон тохиолдолд санал асуулгын хариу урдчилсан таамгаас өөр гарах магадлал өндөр гэнэ.
Их Британи ЕХ-ноос гарахад тул улсын эдийн засаг болоод улс төрийн тавцанд яг чухам юу өөрчлөгдөхийг тааж хэлэх хэцүү. Гаръя гээд байгаа улс бид нар холбоонд өгдөг их мөнгөө улс дотроо мэдэж захиран зарцуулах тул нээх муудах юм байхгүй гэдэг. Харин үлдье гэсэн хүмүүс нь ЕХ-ны нэгдмэл зах зээлийн гадна үлдчихвэл манай эдийн засагт маш их хохирол учирна гэж учирлаж байна. Нэгдмэл зах зээл гэдэг нь элдэв экспорт, импортийн татвар байхгүй, иргэд чөлөөтэй хүссэн улс орондоо суурьших эрх цаашлаад холбооны өөр улсад аялаж, амарч байхдаа эрүүл мэндийн үйлчилгээ суурин иргэдтэй ижил нөхцөлтэй авдаг гээд олон юм бий. Нэгдмэл зах зээлээс гарчихаар энэ бүх асуудлаар улс бүртэй гэрээ байгуулах шаардлага гарч ирнэ, тэр бүр тохироо ч уу урдчилж таахад бэрх.
ЕХ-ноос гарлаа ч ирж суурьших цагаачдын тоо тэр дороо буухгүй. Хамгийн сүүлийн тоо баримтаар сүүлийн жилд энэ улсын хүн амын тоо 300 мянга гаруй цагаачдаар нэмэгдсэн бөгөөд багцаагаар тал нь л ЕХ-ны иргэд байгаа юм. Гарлаа гээд ажиллах, сурах зөвшөөрөл аваад ирж байгаа хүн цөөрөх эсэхийг тааж хэлэх бэрх. Ялангуяа эрүүл мэндийн системд ажиллах хүчин дутагдалтай байдаг улс чинь хүн авахаас өөр сонголт байхгүй гэх мэт. Яг нарийндаа гараад эсвэл үлдээд юу өөрчлөгдөхийг хэн ч хэлж чадахгүй нь үнэн юм.
Сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явж байгаа анализ тоо баримт үзэхээр яг долоо хонгийн дараа британичууд ЕХ-ноос гаръя л гэсэн санал нь дийлэх байх гэсэн миний таамаг байна.
Санал агуулгын кампанит ажлын үр дүн ч гэх үү, хүмүүсийн дунд тавгүй эсвэл янз бүрийн эсэргүүцэл илэрхийлсэн үймээн маягийн асуудал олширч байгаа шиг бас санагдана. Өнөөдөр л гэхэд Английн хойд нутгийн парламентийн гишүүн, хөдөлмөрийн намын төлөөлөл бүсгүйг буудсан хэрэг гарлаа. Хөл бөмбөгийн европийн аваргын тэмцээний үеэр англи хөгжөөн дэмжигчид үймээн самуун тарьж байгаа нь бас л санал асуулгатай холбоотой байж мэднэ гэж ярьцгааж байна даа.
Янз бүрийн албан ёсны тоо баримт харж амжсангүй, гар дор үзсэн харсанаа нэгтгээд бичвэл нэг иймэрхүү.

3 comments:

Unknown said...

Баярлалаа Хулан эгчээ. Үнэхээр сонирхолтой сайхан бичжээ. Завтай үед тань эргээд холбогдоё.

miracle said...

Саналын зөрүү бага бгаа харагдаад бгаа болохоор би бол үлдэх бх гэж бодоод бгаа. ЕХ-нд бол Их Британийг алдана гэдэг нилээн том асуудал болно. Өөр баян улсууд дагаад гарах магадлал ч их. Уул нь европын нэгдмэл байдал европчуудад бол их олон эерэг бдал авчирсан гэж боддог шдээ. Ядаад л виз, мөнгөн тэмдэгт, элдэв гадаад худалдааны татвар гэх мэт. Герман бол словакт Volkswagen-аа аваад ирлээ. Германаас хэд дахин хямд ажиллах хүч, словакуудад бол олон ажлын байр нээгдсэн гээд л хэн хэндээ ашигтай.

Unknown said...

харин би ч гэсэн үлдэх байх гэж найдаж байгаа. Манайхан шиг аливаа шийдвэрт савлаад байдаггүй ард түмэн шиг санагддаг. Үлдсэнээрээ ЕХ-г шинэчлэх тал дээр ч гэсэн ахиц дэвшил авч ирэхэд нөлөөлнө байх.