Sunday, June 26, 2016

Брэкситийн маргааш

6 сарын 24-ий өглөө босоод иртэл Их Британичууд ЕХ-оос гарахаар саналаа өгсөн байлаа. Санал асуулгын өмнөх хамгийн сүүлийн тандалтаар үлдэх санал дийллээ гэсэн мэдээ 22 нд уншаад эд нар гарчих байх гэсэн миний таамаг буруу байж гэж бодоод өнгөрсөн юм. Ингээд хоёр, гуравхан өдрийн дотор олон юм гинжин урвал аятай болоод өнгөрсөнийг чадах ядахаараа эвлүүж тоймлох гэж оролдов.
Нийт оролцогчдын 52% нь ЕХ-оос гарах хүсэлтэй гэж саналаа өгсөнөөр гарагчид дийлэв. Бүс нутгаар нь үзвэл Лондон болоод Лондонгийн эргэн тойрны тойргууд, Шотланд, Умард Ирландын тойргуудад үлдэх санал олонх байсан байна. Харин Уэлсэд гарах санал олонх болсон хүмүүсийн гайхлыг төрүүлж байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн саналын хувьд мэдэгдэхүйц ялгаа байсангүй.
Хамгийн том ялгаа харин насны ангиллаар гарсан байна. 18-24 насны сонгогчдын 75% нь холбоонд үлдэх санал өгсөн бол тавиас дээш насныхны хувьд гарах санал давамгайлсан байна. Ер нь дөч хүртэлх насныхны дунд үлдэх санал олонх нь байжээ. Залуучууд бидний ирээдүйг балласан хөгшчдүүдэд гомдож байна гэсэн мэссэж сошиал медиагаар их явж байна.
Санал хуваасан дараагийн ангилал нь баян, ядуу эсэх байлаа. Ядуучуудын дунд гарах санал дийлэнх байсан нь ерөнхийдөө засагтаа итгэх итгэл үгүй болсоны шинж гэж шижээчид үзэж байгаа юм байна. Санал асуулгын дүн гарсаны дараа Их Британичуудын хамгийн ихээр гүүгэлдсэн асуулт "ЕХ гэж юу вэ?" байсан гэнэ.
Санал асуулгын маргааш нь гарах кампанийг толгойлж байсан Лондон хотын захирагч асан Борис Жонсон иргэд санал өглөө гэхдээ одоо яаравчилж холбооноос гарах гээд яахав гэсэн ухааны юм ярьж олныг гайхашруулав. Ерөнхий сайд Дэвид Камерон олон нийтийн санал асуулын хариу ийм гарсанд энэ улсыг цаашид удирдах боломжгүй болсон тул гээд огцорч байгаагаа зарлав. Их Британийн паундны ханш, үнэт цаасны ханш тэр өдрөө бүгд навс унав. Долоо хоног бүр ЕХ-нд өгдөг 350 сая паундыг бид эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах болно гэсэн амлалт алдаа байсныг Их Британийн тусгаар тогтнолын намын дарга Найжил Фараж хүлээн зөвшөөрөв. Ингэхээр гарахын төлөө уриалж байсан хүмүүсийн амлалт ихэнх нь хоосон бас худлаа байжээ. Би хувьдаа гарах санал ялна гэж хэн ч тооцоолоогүй харин гарахын төлөө уриалж байсан хүмүүс өөрсдийн амбиц, эрх ашгийн төлөө л ингэж явсан байх гэж хардаад байгаа. Борис Жонсон бол Ерөнхий сайд болох төлөвлөгөөтэй яваа хүн.
Брэкситийн гол уриа ЕХ-ны цагаачдыг хязгаарлах байсан гэж ойлгож болно. Бас бус асуудлууд байх байсан гэхдээ дундаж сонгогч чухам ийм л сэдэлтэй гарах сонголт өгсөн гэж хэлж болно. Жишээ нь, Уэлсийн ЕХ-оос асар их татаас авдаг, цагаач бараг байхгүй жижиг хотынхон гарах санал өгсөнөө бид цагаачдын тоог хязгаарлах гэж ийм санал өгсөн гэж тайлбарласан байна. Энэ нь байхгүй асуудлыг хэт дөвийлгөж, олон нийтийн сэтгэхүйгээр тоглох ийм амархан байдгийн тод жишээ. Гэтэл өнөө өглөө гарах кампанийн томоохон толгойлогчдын нэг нь хэрвээ бид Европийн нэгдсэн зах зээлд хамрагдахыг хүсвэл ЕХ-ы иргэдийн чөлөөтэй нүүж, шилжих дүрмийг дагаж мөрдөхөөс өөр арга байхгүй гэж мэдэгдсэн байна. Тэгэхээр цагаачдын тоог бууруулах гэж саналаа өгсөн сонгогчид хоосон амлалтанд хууртагдсан бол таарч байнаа даа.
Шотландын нэгдүгээр сайд Никола Стөржин шотланын хүн амын 62% нь үлдэх санал өгсөн тул тусгаар тогтнолын санал асуулгыг дахин явуулах шаардлага бий болсоныг зарлав. Умард Ирландад тусгаар Ирландтай эргэн нэгдэх хөдөлгөөн сэргэж байгаа сурагтай.
ЕХ-ы удирдлага эдийн засаг, улс төрийн байдлыг тогтворжуулахын тулд Их Британийг бушуухан гар гэж уриалсан боловч эднийхэн яарахгүй байгаа нь угаасаа гарчихвал ингэнэ гэсэн төлөвлөгөө байгаагүй юм уу гэж харагдаад байгаа.
Энэ санал асуулгын нэг онцлог нь амлалтын үнэн худал нь санал асуулга явсаны маргааш илэрснээрээ онцлог. Үүнээс улс төрийн амлалт худлаа байдаг, асуудлыг дөвийлгөж шуугиан тарих нь хүмүүсийг төөрөгдүүлдэг гэх мэт өнөөгийн улс төр сонгуультай холбоотой муу муухайг харж болно. Үүнийг ухаарсан хүмүүс дахин санал асуулга явуулахыг шаардаж гарын үсэг цуглуулж байгаа нь өчигдрийн байдлаар 2 саяд хүрчихэн байсан. Ийм гарын үсэг цуглуулах хөдөлгөөн зуун мянгаас билүү дээ олон гарын үсэг цуглуулсан тохиолдолд эдний засгийн газраас албан ёсны хариу өгөх хуультай. Гарах сонгууль өгсөн олон хүн миний санал эсэргүүцлийн санал байснаас яг гарах хүсэл биш байсан гэх. Ямар ч гэсэн гарах санал ялсанд харамсаж, гэмшиж байгаа нь олон байна. Харин гаръя гэж уриалж байгаа хүмүүс л хачин чимээгүй болсон нь гайхалтай.

7 comments:

miracle said...

Энэ санал асуулгын өмнө уул нь улстөрчид шоудаад бнаа. Нэг асуудлын дандаа буруу, муу талыг хэт дөвийлгөөд, гуйвуулж бна гээл хэдэн шинжээчид бичээд л бсан. Ер нь яг асуудлыг мэддэг мэргэжлийн хүмүүс л зөв бурууг сайн дэнслэхээс биш мань мэтийн мэргэжлийн бус хүмүүс бол янз бүрийн мэдээлэл, дүгнэлтүүд дээр л өөрийн сэтгэл хөдлөлийг нэмээд шийдвэр гаргачихдаг шиг. Би ч бас санал асуулга их ойрхон зөрүүтэй бна, үлдчих бх гсн хүлээлттэй бсан. Таны энэ бичлэгийг фб дээрээ шэйрлэчих үү? Сонирхолтой, нэгдсэн дүгнэлт бна

peakfinder said...

miracle>> Тэг тэг. Харин тийм мэргэжлийн бүх байгууллага хэрэггүй гээд байсан. Популизмийн хүч ихийн л шинж байх даа.

Zolboo Dashnyam said...

Баярлалаа Таньд... Би ч бас уул нь үлдчих байх гэж найдаж байсан юм. Улс төр, улс төрчид хаана ч адилхан байх юм даа...

Arsun said...

Их сонин сонин үйл явдал өрнөж байна аа.

Barimalch said...

London evropiin sanhuugiin barag gol zangilaa tuv gedeg talaas evropiin heden tomoohon bankuud EU bus geed Londongoos tuvuudee tatna genee, yur n oiriin 2-4 jildee ih evgui ediin zasgiin hyamral boloh n todorhoi l gej baina. Medeej 40 jiliin tursh niiluulsen yumiig salghaar ehnii heden jildee hyamral boloh baih. Odoogoor 1 dehiin udriin baidlaar 3.5 say britaniud dahin sanal asuulga yavuulah meduulgiig meduuljee ene too barag udurt 1 sayar usch baina. Manaihnii huvid 1 sumaar 10-20 tuulai buudaj olon ornoor aylah surah bolomj maani negeer dutav bololtoi. UK-d ajillaj amidardag evropiin 3 say orchim irgedees nileen heden arvan myanga n bidnii erhiig zurchluu geed 7 sariin 4nd eserguutsliin jagsaal hiine geed zohion baiguulaltand orj baina.

Anonymous said...

Ёстой юу болоод өнгөрөв өө болцгоож байх шиг байна даа Британичууд. Маш хортой сэтгэл хөдлөлийн үр дүн боллоо доо. Үүнийхээ шанг хүртэх байх даа.

Гуталчин said...

Sain uu, ooroos chni maileer yum lavlaj asuuj boloh uu?