Wednesday, June 22, 2016

Нараа эгч


За энэ бол ашиг сонирхолын зөрчилтэй байж мэдэх бичлэг юм шүү. Найз бүсгүйдээ эгчийнхээ тухай бичээч гэж загнуулаад хэдэн үг хэлхэж сууна. Улаанбаатарын Баянзүрх дүүргийн 49-р тойрогт нэр дэвшиж байгаа Ринчингийн Нарангэрэл гэдэг эмэгтэй миний авга эгч юмаа. Энэ жилийн сонгуулиар МАН, АН-аас өөр сонголт хийх юмсан гэсэн хүсэл олон хүнд байгаа нь ажиглагдсан тул хүмүүст тийм сонголт хийх боломж байгааг мэдүүлэхийн тулд хэдэн үг холбохыг оролдов. Хүний олон мэдрэмж, дурсамж оролцдог болохоор тэр бүрийг цэгцтэй буулгах хэцүү учраас надад ойр дотныхоо хүмүүсийн тухай бичих хэцүү байдаг.
Таньдаггүй хүмүүст л бол орос хэл шинжлэлийн ухааны доктор, олон жил МУИС, Орос хэлний дээд сургуульд багшилж байсан гавьяат багш цолтой хүн. Шавь нартаа Нараа багш нь, гэр бүл дотроо Нараа эгч нь. Ерээд оны эхээр гарсан гарсан нийгмийн өөрчлөлтөнд гар бие оролцож, УИХ-ийн гишүүнээр сонгогдож явсан, хууль тогтоох ажилд туршлагатай хүн. Ингээд хийснийг нь дурдаад байвал уртаас урт жагсаалт болно. Албан ёсны мэдээллийг Фэйсбүүк дэх Ринчиний Нарангэрэл хуудаснаас бас намтар энэ тэрийг нь МСДН-ын хуудаснааc олоод харчихаж болох байх.
Би хэдэн жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах Эко Ланд зусланд эгчтэйгээ золгохоор зочилсон нь их л олон сонин сайхан дурсамж үлдээсэн юм. Зуслан яг л миний өндөр өвгийн Монгол нутагт ирээд суурьшсан газар бий. Зундаа цэцэг, эрвээхэй алаглаж, гүзээлзгэнэ ширэглэж ургаад гишгэх газаргүй шахам болчихдог тийм л нутаг. Зусланд очоод хоолны байранд нь орж цай уух зуур ханаар өлгөсөн хүүхдүүдийн гараараа бичсэн цагийн хуваарь, зуслангийн дүрэм, байгал орчны талаар хийсэн ажиглалт, зурсан зураг өлгөөтэй. Хоолны цагаар хүүхдүүд шаагилдаж орж ирээд, арай томчууд нь багачууддаа ширээгээ засч, хоолоо авахад нь туслаад бөөн инээдэм шуугиан дунд хоолоо идэцгээв. Тэнд чимээгүй бай, зүгээр суу гэх томчуудын дуу байсангүй.


Энэ зусланд хүүхдүүд хүрээлэн байгаа байгал орчноо хайрлаж хамгаалах талаар ихийг сурч авдаг газар. Зуслангийн ойролцоо урагдаг ургамал амьтны нэр шинж чанарын тухай эсвэл яагаад орчин тойрноо бохирдуулахгүй амьдрах ёстой вэ гээд хүүхдүүдэд тэр бүү хэл насанд хүрсэн хүмүүст ч хэрэгтэй мэдээллийг энд олгодог. Угаасаа зуслангийн уг зорилго нь тэр болохоор аргагүй. Харин энэ дээр нэмээд хүүхдүүд ардчилал, эрх чөлөө болоод нийгмийн удирдлагын талаар амьдралд дөхүү маш сайн ойлголт олж авдаг нь онцлог. Сургалт болоод заавал хийх ёстой үйл ажиллагаанаас бусад цагийг хэрхэн өнгөрүүлэхээ хүүхдүүд өөрсдөө сууж байгаад ярилцаж шийддэг. Өглөө хэдэн цагт босч, хэдэн цагт унтах болоод орой ямар тоглоом тоглох, юуны тухай ярих гээд. Цаашлаад тухайн ээлжийнхний мөрдөх дүрмийг зуслангийн хамгийн эхний өдөр хүүхдүүд танилцсаныхаа дараа ярилцаж тогтдог байна. Бүгдээрээ ярилцаж тогтсон дүрэм учраас дүрэм зөрчих тохиолдол бараг л гардаггүй гэж байгаа.
Магад хүмүүст энэ их жижигхэн зүйл шиг санагдаж болно л доо. Харин миний хувьд Нараа эгчийн итгэл үнэмшил болоод барьдаг зарчмынх нь илрэл юм. Нараа эгч ерээд оноос хойш төрийн бус байгууллага, иргэний боловсрол гэсэн хоёр чиглэлээр тууштай ажиллаж байгаа хүн. Хүмүүст зүгээр л та нар одоо сонгох эрх чөлөөтэй болсон гээд орхисонгүй, ардчилсан засаглалын талаар олон нийтэд боловсрол олгох, бас засаглалд олон нийтийг татан оролцуулах нь чухал гэдгийг их эрт олж харжээ. Тэр зорилгоор дунд сургуулийн нийгмийн ухааны багш нар, сурагчид болоод залуучуудыг хамарсан маш олон сургалт, семинар, арга хэмжээ зохион байгуулж, бас үр дүнд хүрч байгаа. Нараа эгч хүсэл зорилгодоо үнэнч, зүтгэлтэй бас зоригтой эмэгтэй. Цаашлаад Нараа эгчид ямар нэг хөрөнгө мөнгө хураах сонирхол, татаж чангаах бизнес өөрт нь ч ойр гэр бүлийнхэн дунд нь ч байхгүй. Миний л мэдэхийн байгаадаа сэтгэл хангалуун, дуртай ажлаа хийж яваа жаргалтай эмэгтэй. Сонгогдоогүй тул гээд алга болохгүй олон зорилго тээж яваа хүн.
Эдний намын мөрийн хөтөлбөр миний энд бичсэн агуулгатай хамгийн дөхөж очсон мөрийн хөтөлбөр болсон байна лээ. Чухам ямар нийгэм байгуулах вэ гэдэг нь гол, аж ахуй чухал хэдий ч засаглалын цорын ганц зорилго байх ёсгүй юм. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх, хүүхэд бүр амьдралаа нэг л гараанаас эхлэх гээд миний сэтгэлд ойр явдаг зарчим.



Сонгуулийн 49-р тойрогт бүртгэлтэй сонгогч илүү их мэдээлэл авахыг хүсвэл Дарь эхийн шинэ буудалд ийм гутал засварын газрыг сонгуулийн штаб болгож ажиллаж байгаа, очиж ярилцаж болно шүү.



1 comment:

miracle said...

МҮОНТВ-ээр МСДН-аас нэр дэвшиж бгаа МУИС-ын МКС-ын багш Даваадуламтай цуг оролцсон ярилцлагыг нь үзсэн. Дотроо ийм хүмүүсийг дэмжээд л суудаг юм. 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд санал өгөхөд СХД-т лав иймэрхүү өөрийгөө боловсруулсан, боловсролын салбарт зүтгэж яваа хүмүүс бгаагүй. Энэ удаа сонгууль өгөхгүй болохоор алсаас л ажиглаад сууж бна. МСДН харин дажгүй боловсон хүчинтэй, улс төрийн чиг шугамаа мэдэрсэн, мөрийн хөтөлбөрөө ч УИХ-ын гишүүний хийх ажлын эрхийн хүрээнд боловсруулсан санагдаад бгаа юм.