Saturday, February 18, 2012

Хагас сайны бичлэг

Эдинбүрг уруу ажилд явдаг болсоор нэг жил болж. Хол явах чинь бас их ядраадаг юм байна. Өглөө 6:30 ийн галт тэргээр гарахад ажил дээрээ хамгийн хурдандаа 8 цагийн үед очиж байгаа юм. Орой болохоор арай удаан яваад байх шиг байдаг юм. Энэ хооронд буруу галт тэргэнд 2 удаа суусан байна, нэг удаа унтаа сэрүүний хооронд явж байгаад буух буудлаа өнгөрсөн байна, нэлээн хэдэн удаа галт тэрэгнээс хоцорчээ. Хоцрохгүйн тулд гэр галт тэрэгний буудал, автобусны буудлын хооронд дандаа гүйж байна. Эдинбүрг-т гүйх хэцүү, галт тэрэгний буудал хавиар зүг чигээ олж амжаагүй жуулчид багшраад юун гүйх, ингээд л галт тэрэгнээс ганц минут заримдаа хагас минут хоцрооно шүү дээ. Олон дамждаг болохоор нэг хоцорвол дараа дараагийн цагийн хуваарь будилчихаж байгаа юм. Дээр нь эдний галт тэрэг хоцрох нь элбэг. Залуу хүн бол ажрахгүй байх л даа, нас явна гэдэг тийм сайхан эд биш юмаа. Гэр орны ажил, үр хүүхэд бас хаягдчих гээд бас хэцүү. Гэр орон, хоол унд, хүүхдийн асуудал хар хүний үүрэг болсон ш дээ.
Өнөөдөр сайн ээж/эхнэр болохоор шийдээд өглөө боссон цагаасаа хойш гал тогоотой зууралдавай. Өглөө овьёосны каш чанаж нөгөөдүүлээ дайлав. Энэ ч тийм хэцүү эд биш л дээ. Жаахан овьёосны хэмхдэс (энэ зөв үү, дээр нэг газар ингэж бичсэнийг харсан санагдана) дээр ус сүү хольж хийгээд зөөлөн буцалгаад (3-4 min), чимх давс, чихэр, цөцгийн тосоор амтлаад болоо. Зарим хүмүүс дан усанд чанаад байдаг нь амт муутай санагдаад байдаг юм.
Өдрийн хоолонд франц маягийн ногоотой шөл, ойрхи дорнод стилийн гамбир (pancake: yotam ottolenghi). Хоёулаа цагаан хоолны тоонд орох байх. Шөл нь их амархан...
Орц: төмс, лууван, leek (болор толь дээр гогод гэж орчуулсан байх юм, монголд хүнсний зах дээр хятад сонгино гээд байсан шиг санана), тахианы бульон (нэг дөрвөлжин)

Би энэ bouquet garni ямар ч ногооны шөлөнд хийдэг, их гоё амт оруулдаг юм (үүнийг заавал хийх албагүй). Лаврын навч хийж бас болно.

Би ийм даралттай тогоо хэрэглэдэг, цаг бас хийнд хэмнэлттэй буянтай эд байгаа юм.


Ногоогоо шоо дөрвөлжин хэрчээд, лууван leek-ee бага шиг цөцгийн тосонд зөөлөн гал дээр шарна. Leek зөөлрөнгүүт, төмсөө хийгээд давc, перец, тахианы бульоноо хийгээд, ус нэмнэ (зурганд дээрх хэмжээний ногоонд айрагны шаазангаар 2-3, ер нь ус нь бага байж болно..)
Тогоогоо таглаад шуугиж эхэлсэнээс тоолж 20-25 минут чанана (тогоо шуугиж эхлэнгүүт галаа зөөлрүүлнэ).
Bouquet garni болоод лаврын навчаа гаргаж аваад гар mixer-ээр зутан болгоно. Амсаж үзээд давсаа тааруулна, ус нь бага санагдвал сүүгээр шингэж болно. Жаахан цөцгийн тос нэмж бас болно.
Бэлэн болсон шөл нэг иймэрхүү...
Би ийм шөл хагас бүтэн сайнд ахиухан чанаад хөргөгчиндөө хийчихээд, ажлын өдрүүдэд орой иддэг. Өвөл их зүгээр байдаг юм.

Pancake жорыг нь энэ долоо хоногт сонингоос авсан юм хийж үзээгүй л дээ. Энэ жорыг зохиосон еврэй тогоочийн оролцсон ойрх дорнодын хоолны тухай баримтат кино үзсэнээс хойш тэр зүгийн хоол хийж үзье гэж бодогдоод байсан юм.
Эхлээд lime-тай цөцгийн тосоо бэлдэнэ.
Орц: 100 гр цөцгийн тос, нэг ширхэг lime-ний үрсэн хальс, мөн 1.5 хоолны халбага lime-ний шүүс, хоолны халбагаар 1 coriander (болор толь дээр үсүү гэсэн байна), цайны халбагаар хагас цагаан перец, чимх давс, жижиглэж татсан сармисны хагас хумс, чимх халуун перец.

Эднийгээ бүгдийг нь нийлүүлж аваад хутгана даа. Охин маань халуун ногоонд тааруу тул халуун перец маш бага хийсэн (бараг амтагдахгүй).

Гамбиранд: 250 гр бууцай, 110 гр гурил (self-raising flour: сод нэмсэн гурил), хоолны халбагаар 1 сод, 50 гр цөцгийн тос, 100 гр ногоон сонгино, 1 өндөг, 1 өндөгний цагаан, цайны халбагаар хагас давс, 1 цайны халбага гоньдны үр, 150 мл сүү, 2 ширхэг ногоон chilli (энд ногоон chilli хэрэглээгүй)


Хайлуулсан цөцгийн тос, өндөг, гурил, сод, давс, гоньдны үр (ground cumin), сүүгээ нийлүүлж бөндгөргүй болтол нь хутгана.

Өндөгний цагааныг тусад нь хөөсөртөл хутгаад зуурмагтайгаа нийлүүлж зөөлөн хутгана.



Угаасан бууцайгаа халбага тосонд 1 минут хэртээ хайруулын тавган дээр болгоод усыг нь шүүж, жижиглэн хэрчээд ногоон сонгины хамтаар зуурмагандаа хийж хутгана.




Хоолны халбагаар 2 орчим зуурмагаа хайруулын тавганд тосонд зөөлөн галаар нэг талыг нь 2 минут орчим шарж болгоно.
Бэлэн болсон гамбир дээрээ lime-тай цөцгийн тосоо түрхэж иднэ.



Амтны хувьд манай хэд сайхан болсон гэсэн. Оргинал нь ямар амттайг мэдэхгүй болохоор бас таахад хэцүү юм. Ногоонд тааруу охин харин сайн идсэн шүү. Үзэхсэн гээд байсан хорхой дарагдав. Зуны халуунд хөнгөн шингэн зүгээр хоол юм уу гэж бодлоо.

Tuesday, February 14, 2012

Mont Saint Michel

Монсанмишээл (нэрнүүдийг дуудахад хамгийн ойроор галиглав) бол далайн түрлэгийн арал дээрx католик хийд ЮНЕСКО-ий дэлхийн соёлын өв бүртгэлтэй үзүүштэй газрын нэг билээ. Газар зүйн хувьд доод Нормандад, Ла Маншийн хоолойн эрэг хавьцаа байрлана. Авранчийн хамба ариун Ообэрт-д архангэл Мишээл үзэгдэж, тэнд хийд барь хэмээн тушаасан гээд, 708 оноос хийдийн барилгын ажил эхэлж, хэдэн зууныг дамжин үргэлжилсэн гэдэг. Тэр утгаараа уран барилгын өвөрмөц цогцолбор юм. Түүхийн уртад дайн самуунд өртөж дараа нь сэргээгдсэн ул мөр хаа сайгүй, 18-р зууны францын хувьсгалын үеэр хийдийг хааж энд барилгыг нь шоронгийн зориулалтаар удаан ашигласан гэх. Харин 19-р зуунд Виктор Хюго зэрэг тэргүүлэх соёлын зүтгэлтэнүүдийн санаачилга чармайлтаар дахин хийд болгон сэргээн засварлах ажил эхэлжээ.


Бид 8 сард жуулчин цуглах оргил үе таарч очсон, олон хүн хөлхсөн, дараалал ихтэй нь тиймэрхүү. Өвөл зочилбол харин сайхан сэлүүхэн байдаг гэж нутгийнхан хуучилна билээ.

Жижиг арал болохоор гудамжнууд нь давчуу нарийхан...




Сүмийн орой дээрх ариун Мишээлийн алтан баримал

Далайн түрлэг өндөр үед энэ харагдаж байгаа машины зогсоол, эргэн тойрон усанд автаж арлыг эх газраас тасална.

Сүм...











Ийм лифт ашигалж овор ихтэй ачаа бараагаа дээш нь зөөдөг байж.





Monday, January 23, 2012

Гэрийн даалгавар

Энэ долоо хоногт охины гэрийн даалгавар шотланд шүлэг цээжлэх юм. Уншиж чадахгүй юм чинь бид дуудаж өгөх хэрэгтэй байдаг. Гэтэл шүлэг нэг иймэрхүү, бид нүдээ гурвалжин дөрвөлжин болгоод харахаас цаашгүй. Хамт ажилладаг шотланд хүүхнээр дуудуулж нэг юм баримжаа олж авах шив...

Snailie
by Sheila Blackhall

Snailie snailie on the waa,
Are ye niver feart ye'd fa?
Wi yer hoosie on yer back
Like a hiker wi a pack?
Feech, snailie! Ditch yer snoot!
Slivvrin ower the watter spoot!

Saturday, December 31, 2011

Шинэ оны мэнд

Ирж буй шинэ жилдээ амжилт бүтээлээр арвин, эрүүл энх, элэг бүтэн байгаарай гэж ерөөе. Сайхан баярлаарай.

Sunday, October 16, 2011

Хойд Солонгосын ажилчид Монголд?

Хоё хонoгийн өмнө BBC мэдээгээр шотландын "Edinburgh Woollen Mill" компанийн зардаг ноолууран эдлэл монголд хойд солонгосын ажилчдын гараар бүтдэг гэжээ. Сурвалжлах хэсэг Улаанбаатар хотод очиж нягтлан шалгасан байна. Үнэхээр "Ээрмэл" хувьцаат компанид хойд солонгосын ажилчид ажилладаг юм байна. Тэднийг уг компани халуун устай байр, хоол ундаар хангаад харин цалинг нь Хойд Солонгосын засгийн газарт төлдөг гэнэ. Цалингийн хэдэн хувь нь ажилчдын гар дээр ирдэг нь тодорхой биш, ингэхэд Ээрмэл хувьцаат компани дарангуйлагчийг санхүүжүүлж байгаа хэрэг биш үү? Их Британийн "Edinburgh Woollen Mill " компани ямар учраас ийм сонин гэрээ байгуулж ажиллаж байгаа хэрэг вэ, энэ нь цаашлаад хүний эрхийг ямар нэг хэмжээгээр зөрчиж байгаа хэрэг бус уу гэж BBC асуудал тавьж байх юм.
Ингэхэд ямар шугамаар ямар гэрээгээр ийм ажилчид монголд орж ирсэн нь надад сонин санагдлаа. Монгол залуусаа мянга мянгаар нь харь оронд илгээдэг атал хойд солонгосоос ажилчид авчирч ажиллуулж байдаг. Ингэхэд ажилчдын цалингаа ямар түвшинд бодож хойд солонгосын засгийн газарт төлж байгаа бол? Хойд Солонгосын засгийн газрын гэрээгээр учраас их бага лав биш байгаа. Явсан нь байг гэхэд үлдсэн дунд нь ажил хийгээд амжиргаагаа дээшлүүлэх чадалтай хүн байж байгаа ш дээ.
Нөгөө талаар дарангуйлагчийг тэтгэж, хүний эрхийг зөрчиж байгаа улсын тоонд орчихож байгаа юм шүү дээ. Нөгөө ардачлалын үлгэр жишээ энэ тэр гээд байсан хаана байна? Энэ хэнбугайн хийсэн бизнес юм бол? Ер нь яахаараа манай төр Хойд Солонгостой сүүжрээд байдгийг ерөөсөө ойлгодоггүй юм. Арай ч дээ...
Эндээс эх нийтлэл болоод бичлэгийг үзэж болно.

Friday, October 14, 2011

Норманд нутаг

Францын баруун хойд хэсгийг эзлэн орших Норманд нутаг Францын газар нутгийн 5%-ийг эзэлдэг аж. Үүх түүх нь энд ирж суурьшсан викинг гаралтай хүмүүсийн нутаг гэх. Викингчууд хот тосгод дайрч дээрэм тонуул хийгээд болохгүйд нь тухайн үеийн эзэн хаан нутаг тасалж өгч, Норман гүнлэг хэмээн нэрлэсэн гэдэг. Өдгөө энэ нутаг засаг захиргааны хоёр мужид хуваагддаг (Haute-Normandie, Basse-Normandie); дээд доод Норманд. Энэ зун дээд болоод доод Норман нутгаар овоо хэдэн хоног хэсүүчлэх боломж таарсан юм.
Дээд Норманд нутаг хөдөө аж ахуйн том бүс нутаг. Бороо хур ихтэй, үржил шимтэй хөрсөнд юу ч тарьсан сайхан ургадаг гэлцдэг юм байна. Улаан буудайн ургац жилдээ хоёр удаа авдаг гэж уулзсан тариаланч хэлж байсан. Норманд бас сүүн бүтээгдэхүүнээрээ алдартай. Хүрэн алаг Норманд үнээний сүү тослог ихтэй, ийм сүүний цөцгий, цөцгийн тос, бас тослог зөөлөн бяслаг (brie, camamber) нь алдартай.
Эндхийнхэн алим их тарина, цаг агаар нь тохиромжтой болоод тэр биз. Алимны нухаш, алимтай бялуу, исгэсэн алимны шүүс (cider; манайхаар бараг бараашиг гэвэл болмоор), бас шүүсээ нэрж хийсэн алимны архи (calvados) нь энэ нутгийн онцлох бүтээгдэхүүн аж.

Гахайн цусан зайдас төмс алины нухаш, алимны бараашигтай

Эндхийн үнээтэй бас газар тариалан эрхэлдэг хоёр ч фэрмээр зочлох завшаан таарсан юм. Бидний байрлаж байсан байрнаас холгүй томоохон фэрмийг нэг залуу авга ахтайгаа хамтарч ажиллуулдаг. Яг хэн нь эзэн болохыг мэдэхгүй учраас ажиллуулдаг гээд тавьчихлаа. Өөрийн болоод түрээсний 40 гаруй га газарт маалинга, эрдэнэ шиш, арвай, улаан буудай тариад хурааж байхтай нь таарсан юм. Тариагаа хураагаад сүрлээр нь том том ороомог хийгээд фэрмдээ жимбийтэл хурааж... Залуугийн ярьсанаар аав нь энэ фэрмийг ажиллуулж байгаад тэтгэвэртээ гарсан, эднээс холгүй амьдардаг. Тариалнгаас гадна 200 аад үнээ саадаг гэсэн байх юм.


Сүрлэн бухалнууд

Нөгөө нь хуучны танил фэрмэр. Эднийх бас тариа тарьж 50 орчим үнээ саадаг. Хоёр хоног тутам 2000 литр сүү тушаадаг гэсэн байх шүү. Нэг үнээнээс хоногт 20 литр сүү гардаг гэхэд нь анх их л гайхаж билээ. Үнээний фэрм их тохьтой, үнээгээ цахилгаан саалтуураар саана, саасан сүү нь шууд 4000 литрийн багтаамжтай хөргүүртэй манайхны хэлдэгээр ёмкст шууд орчихдог юм билээ. Тавиас олон үнээ саах сонирхолгүй, жил бүр илүү гарсан тугалаа борлуулдаг гэж байсан. Эхнэр нь фэрмийн ажил цаг наргүй, амралт авч ийш тийш аялах юм үзэх боломж гардаггүй гэж гомдоллоод авна лээ.





Эднийх хэдэн жилийн өмнө фэрмийнхээ "байшинг" өвлөж авсан юм. Хашилтанд хийсний учир байшин нураад гаднах 4 хананаас өөр юм үлдээгүй басныг тэр жил очиход харуулж байсан юм. Хоёр жилийн дараа нөгөө байшингаа сайхан засаж янзлаад орчихсон байна лээ. Тохь тух бол ярих юмгүй.

Байшингийн дотор (гаднах зураг авахаа мартсан байна лээ)

Доод Нормандад түүх дурсгалын олон газраар явсан учир хүмүүсийн аж амьдралтай нэг их ойр танилцаж чадаагүй. Дээд нутгаа бодвол цаг агаар нь дулаан бас үзэх харах юм ихтэй учир жуулчин овоо цугладаг гэх. Дээр дурдсан Ренёнвилийн цайз доод Нормандад бий. Бас алдартай Mont Saint Michel үзэх боломж гарсан, энэ тухай тусад нь бичнээ.




Ла Маншийн хоолойн эрэг; өмнө зүгийн эргийг бодвол хүн сэлүүхэн

Дэлхийн хоёрдугаар дайны баруун фронт Их Британи, Америкийн цэргүүд Нормандын эрэг дээр бууж эхэлсэн. "Байлдагч Райаныг аварсан нь" гэдэг киноны үйл явдал чухам энэ нутагт болсон хэрэг. Гэхдээ кино зургаа Ирландад авсан юм билээ. Бид Colleville тосгоны америкийн дайчдын оршуулгын газраар орсон юм байна. Дайн гээд ярих нэг хэрэг ч энд ирсэн хэн бүхэнд амь үрэгдсэн залуу хөвүүдийн хойноос харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ.



Omaha beach

D day-д зориулж барьсан бетонон усан онгоцны зогсоолын үлдэгдэл

Thursday, October 13, 2011

Бэлэг дэмбэрэл үү, зөрүүдийн шинж үү...



Охин маань нэгдүгээр ангийн сурагч болоод хоёр сар өнгөрчээ. Энд тэнд таньдаг үсэг таарвал дуудаж сонирхуулаад байхыг бодоход юм сурч байгаа юм байлгүй дээ. Өчигдөр багш нь анги дээрээ хийсэн зүйлсийг нь нэгтгэсэн хавтас өгч явуулжээ. Үгүй яахав муруй хазгай үсэг тоо бичсэн баахан цаас, бас хэрэндээ их л чармайдаг бололтой. Олон хуудсан дунд энэ цаас миний анхаарлыг татсан юм. Эвлүүлж бичсэн анхны үг нь юм уу даа, монгол хүн болсон хойно охин минь морь гэж анх бичжээ гэж бэлэгшээв. Цаашаа хартал багш нь уг нь туулай гэж бич гэсэн бололтой юмаа. Манай хүний сараачсан олон үсгэн дунд туулайтай ойр юм ердөө ч алга. Аа тийм тэр улаан бөндгөр нь зүрх юм гэсэн. Ингэхээр бас өөрийнхөөрөө зүтгэдэг зөрүүд хүн болж таарав уу?