Thursday, April 28, 2016

Өдрийн аялал

Өнөөдөр охины ангийнхан Глазгоу хотын Мичтэлийн номын санд очиж шотландын алдарт яруу найрагч Робэрт Бөөрнсийн цуглуулга үзэх аялалтай байв. Иймэрхүү аялалд явахад эцэг эхчүүд нь сайн дураар туслагч хийж хамт явдаг юм. Өнөөдөр тэр сайн дурынх нь эцэг эхийн нэг би байлаа. Өглөө дурдсан цагт нь яваад очвол хүүхдүүд сургуулийн үүдэнд бэлэн хоёр эгнээгээр жагссан байв. Туслагчаар надаас гадна хоёр хүн байна. Нэг нь хэн нэгний эмээ бололтой настай хүн, нөгөө нь скэйтбоорд барьж, сэгсгэр үсээ боогоод, өмдөө унжуулсан залуу. Арван наснтны аав байж арай боломгүй харагдахаар нь хэн нэгний ах бололтой гэж таав. Багш бид гуравт хариуцах хүүхдүүдийн нэрсийн жагсаалт гардуулаад автобусанд сууж номын сангаа зорив. Хүүхдүүд шаагилдаж байснаа жолооч сүүлийн үеийн поп дуу тавихад бүгд дагаж дуулах нь хөөрхөн юмаа.
Номын сан дээр ирсэн хойноо энэ аялал шагналын аялал байсныг олж мэдэв. Хавар Робэрт Бөөрнсийн нэрэмжит шотланд шүлгийн уралдаан жил бүр болдог. Эдний ангийн охин энэ уралдаанд түрүүлж ийм шагнал хүртсэн юм байна. Хамгийн инээдтэй нь уралдаан түрүүлсэн охин польш, шотланд үг аялгын талаар зөвлөж тусалсан хүн нь гэсэн манай охины нэр тууж явна, хөгжилтэй ч юм шиг. Уг нь эдний ангид шотланд биш хүүхэд маш цөөхөн л дөө.
За тэгээд Митчэлийн номын санд орж үзээгүй явсан би бас шинэ юм үзэж башийв. Глазгоу хотын хамгийн том номын сан л даа. Эдний Робэрт Бөөрнсийн цуглуулга бас их томд ордог юм байна. Робэрт Бөөрнс амьдралынхаа туршид ердөө ганцxан шүлгийн ном хэвлүүлжээ. Хамгийн анхны хэвлэлт нь 1786 оны Килмарнокийн эдишн байсан байна. Нийт 600 хувь хэвлэгдсэнээс 30 ширхэг ном өнөөг хүртэл бүтэн үлдэж. Митчэлийн номын санд 2 ширхэг бий гэнэ. Түүнийхээ нэгийг нь гаргаж хүүхдүүдэд үзүүлж байна. Хүүхдүүд хавтасыг нь сонирхвол, тайлбар хийж байсан номын санч тухайн үед ном хэвлээд хавтасгүй зардаг байсан бөгөөд худалдаж авсан хүмүүс нь өөрсдийн номын санд байх өнгө стилээ тохируулан өөрсдөө хавтаслаж авдаг байсан тул хавтас тийм их чухал биш гэж тайлбарлав.
Мөн Робэрт Бөөрнсийн хамгийн алдартай Auld Lang Syne дууны үгийн гар бичмэл байна. Мөн найрагчийн гавлын ясны хэв. Цаашлаад Бөөрнстэй холбоотой ном, зурагтай эд зүйл бүгдийг нь цуглуулдаг бөгөөд өдгөө байдаг танхимдаа багтахаа больсон учир багахан хэсгийг нь ил дэлгэж үзүүлдэг гэнэ.
Робэрт Бөөрнс шүлгээ олон хувь хуулаад ойр дотныхондоо тараачихдаг байсан тул олон ном хэвлээгүй гэнэ. Түүний шотландын уран зохиолд оруулсан хамгийн том хувь нэмэр нь шотланд даяар уйгагүй аялаж цуглуулсан ардын дуу гэдэг юм байна. Хэрэв тэр ингэж цугуулаагүй байсан бол бид өнөөдөр маш цөөхөн дуутай ард түмэн байх байлаа гэж номын санч хүүхдүүдэд ярилаа.
Цаашлаад Жэффрийн танхимаа бас үзүүлж байна. Энэ танхимыг зуугаад жилийн өмнө энэ номын санд өөрийнхөө номын санг хандивласан баян үйлдвэрийн эзний нэрээр нэрлэсэн байна. Ноён Жэффри миний номнуудыг нэг дор өөрийнх нь тавиур шүүгээнд хадгалах гэсэн болзолтойгоор Галзгоу хотын өмч болгон хандивлсасан гэнэ. Бүгдээрээ Жэффрийн гэр бүлийн сүлд тэмдэгтэй юм, тэр дунд ховор сонин ном олон бий гэж тайлбарлаж байна.
Глазгоу хотын сэргэн мандалтын үе нь аж үйлдвэрийн хувьсгалтай давхацдаг бөгөөд тэр үед төрж гарсан хөрөнгөтөнүүд байшин сав, үнэтэй цайтай цуглуулгаа хотын мэдэлд өвлүүлж үлдээсэн байх нь олон. Хамгийн том содон жишээ Бюрэллийн урлагийн цуглуулга. Усан онгоцны тээврийн бизнесмен Уиллиам Бюрэлл бүх л амьдралынхаа турш цуглуулсан уран зураг, баримал, хуучны эд өлөг, тавилгын маш том цуглуулгаа 1944 онд Глазгоу хотод өгсөн нь том музеи болсон бөгөөд өнөө хүртэл энэ цуглуулгыг хотын иргэд, зочид үнэгүй сонрихож үзэж, таашаал авсаар буй.
Өнөөдөр нэг ийм сонирхолтой сайхан өнгөрөв. Номын сан зүгээр л ном авч уншдаг газар биш бас соёлын өвийг ингээд цуглуулдаг хадгалдаг чухал газар юм гэдгийг хүүхдүүдэд ойлгуулсан сайхан аялал боллоо.

Wednesday, March 23, 2016

Биеийн тамир хийсээр байтал турдаггүйн учир юу вэ?

Хөлсөө гартал гүйгээд л, дугуй унаад л байхад жин хассангүй, фитнесс клубт өчнөөн мөнгө төлөөд ямар ч үр дүнд хүрсэнгүй гэх гомдол их сонсогддог. Мэдээж хамгийн энгийн бөгөөд логиктой хариулт орж байгаа илчлэг чинь гарч байгаагаасаа их болоод тэр гэж болох. Тэгвэл биеийн тамираар хичээллээд жин хасаагүй хүмүүс бүгдээрээ тийм их иддэг байж таарах уу? Тийм байх боломж бага тул энэ асуултанд хариулах тийм амархан хэрэг биш ажээ.
Мэдээж энд тухайн хүн хэр олон удаа, хичнээн хугацаанд, хэр зэрэг ачаалалтай дасгал хийсэн бэ гэдэг нь маш чухал боловч идэж ууж байгаа хүнсний төрөл болоод илчлэг энд бас тун нарийн хамааралтай.
Хэн нэгнээс та хэр их иддэг вэ гэж асуухад яг байгаагаар нь хэлдэг хүн ховор гэнэ. Магад их идэх, таргалалтын талаар их ярьдаг нь энд нөлөөтэй байж магад. Харвардын анагаахын сургуулийн судлаачид түргэн хоолны газрын 3400 үйлчлүүлэгчээс дээрх асуултыг асууж судалгаа хийхэд ихэнх хүн идсэн ууснаасаа дунджаар 500 ккал хасч мэдүүлдэг гэж тооцоолсон байна. Тэгсэн хэрнээ биеийн тамир хийж зарцуулсан илчлэгээ харин дөвийлгөж тооцоолдогийг Канадад хийсэн судалгаа бас тогтоосон байдаг. Уг судалгаанд оролцогчдыг дасгал хийж зарцуулсан илчлэгтэй тэнцүү хоол унд ид гэхэд ихэнх нь 2-3 дахин илүү илчлэг идсэн гэдэг.
Биеийн жингийн асуудал нь биеийн энергийн тэнцвэртэй холбоотой учраас биеийн тамир болоод хоол ундыг салгаж үзэх аргагүй юм.
Орчин цагийн хүмүүс болоод хоол хүнсний харилцаа их ярвигтай болсон байх юм. Олонх хүнд хоол бол зүгээр нэг энергийн эх үүсвэр биш харин ямар нэг шагнал уруумшууллыг орлох болсон гэхэд хилсдэхгүй. Фитнэсс клубт эрчимтэй дасгал хийх юм уу, олон цагаар дугуйгаар аялсаныхаа дараа хүмүүс арай ахиухан хоол идэх эрхтэй болсон гэж үздэг. Энэ нь үнэндээ хүний хоолны дуршилтай огт холбоогүй сэтгэл зүйн төлөв бөгөөд нарийндаа биеийн тамир физиологийн хувьд хоолны дуршил нэмэгч биш юм. Үүнийг 1997 онд Канадад хийсэн судалгаа тод томруун харуулсан байдаг. Оролцогчдыг гурван хэсэг хуваагаад эхний хэсгийнхэн эрчимтэй кардио дасгал, хоёр дах хэсгийнхэн бага зэргийн ачаалалтай дасгал хийх даалгавартай, харин гурав дах хэсгийн хүмүүст ямар нэг дасгал хийх даалгавар өгөөгүй байна. Энэ гурван хэсгийнхнээр хэр их өлсөж байгааг нь дүгнүүлээд дараа дураараа хоол нэмж идэж болох буффет маягаар хоолложээ. Гурван хэсгийн хүмүүсийг харьцуулахад хэр өлсгөлөн байгаагаа дүгнэсэн болоод хэр их идсэний хувьд ямар нэг мэдэгдэхүйц ялгаа байсангүй. Өөрөөр хэлбэл биеийн тамир хийсэн хийгээгүй нь хэр их өлсөхөд нөлөөгүй байсан гэсэн үг.
Асуудлыг арай өөр өнцгөөс харахаар чухам хэр идсэн биш юу идсэн нь илүү чухал харагдана. Хоол хүнсний цатгах чадварын индэкс гэж бий. Энэ нэршлийг Австралийн судлаач Сюзан Холт өнгөрсөн зууны ерээд онд дэвшүүлсэн байна. Ижил хэмжээний илчлэг агуулдаг ч хүнийг хэр удаан цатгалан байлгах чанар нь хүнсний бүтээгдэхүүний хувьд өөр өөр байдаг. Жишээ нь нэг ширхэг жигнэмэг идсэний дараа нэг ширхэг алим идсэнээс илүү хурдан өлсөнө. Энэ нь тухайн бүтээгдүхүүний нүүрс ус, уураг, өөх тос болоод эслэгийн харьцаанаас хамаардаг байна. Ингэхээр илчлэг бүр ижил биш байх нь. Ерөнхийдөө нийт илчлэгийн 35% нь уурагных байхад өег байлгах, булчингийн хөгжил болоод эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж үздэг. Сүүлийн үед бага зэрэг муу нэр дуулаад байгаа нүүрс ус ч гэсэн тодорхой хэмжээнд хүний биед хэрэгтэй, хүнсний тэнцвэрт чухал бүрэлдэхүүн гэдгийг бас мартаж болохгүй. Ялангуяа хатуужил, тэсвэр шаардсан биеийн тамираар хичээллэж байгаа бол нүүрс ус их чухал. Гэхдээ хүний бие ердийн физиологийн төлөвд байхдаа 90 минутын биеийн тамирын дасгалд шаардлагатай энерги агуулсан нүүрс усны нөөцтэй байдгийг санах хэрэгтэй.
Тэгвэл орсон гарсан нь тэнцэж байвал яах вэ гэсэн асуулт гарнаа даа? Гүйж байгаа трэдмилл таныг 500 ккалорийн энерги зарлаа гэж. Томоохон шоколад 500 ккалорийн илчлэгтэй тул идчихэд энергийн тэнцвэрт нөлөө байгүй гэж үзэж болох уу? Яахав хүний бие амьгүй битүү систем байсан бол тэр яах аргагүй үнэн. Харин бидний энергийн тэнцвэр маш олон шат дамжлагатай зохциуулагддаг тул дээрх харилцаа тийм энгийн бас биш юм.
2010 онд АНУ-ын Луизианна муж улсын их сургуулийн судлаачдын хэвлүүлсэн ажил дээрх харилцааг тодорхой хэмжээгээр тайлбарлсан байна. Судалгаанд бага зэрэг жингийн илүүдэлтэй хүмүүсийг оролцуулж гурван хэсэгт хуваажээ. Эхний бөгөөд хянлтын хэсэг тул хоолны дэглэмийг өөрчлөх шаардлага байсангүй. Хоёр дах хэсгийнхэнд авах нийт илчлэгээ 25 хувиар, гурав дах хэсгийнхэн 12.5 хувиар бууруулах даалгавартай байв. Судалгаанд оролцогсод ижил хэмжээний ачаалалтай дасгалын горим барьсан бөгөөд хоёр дах ба гурав дах хэсгийнхэн ижил хэмжээний жин хасчээ. Харин гурав дах хэсгийнхэн буюу 12.5 хувиар илчлэгээ бууруулсан хүмүүсийн холестеолын хэмжээ ба цусны даралт бууж, инсулин мэдрэх чадвар сайжирсан байна. Ингэхээр илчлэг бүр өөрөөс гадна илчлэг багатай дэглэмээр биеийн жин хасагдах ч цаана нь илүү чухал эрүүл мэндийн үзүүлэлтүүд байдгийг анхаарах нь зөв юм.
Өөхийг тань шатаана гэсэн дасгалын горим, фитнесс клуб дах машины заалтууд бий. Хүмүүс ойлгохдоо удаан хугацаагаар заасан дасгалыг хийгээд байвал өөх шатаад л байна гэж шууд ойлгодог. Энэ нь чухам хүний биеийн энергийн тэнцвэр хадгалах механизмыг сайн ойлгоогүйгээс бий болсон ухагдахуун бөгөөд яг бодит байдал бас арай өөр юм.
Бид биеийн тамирын дасгал хийхдээ эсийн дотор хуримтлагдсан өөх, нүүрс усыг энергийн эх үүсвэр болгон хэрэглэдэг. Ачаалал багатай явган алхах, дугуйгаар аялах гэх мэтийн дасгал өөхийг ихээр зардаг бол ачаалал нэмэгдэж зүрнхний цохилтын тоо хүрч болох дээд хэмжээний 60 хувьд хүрэхэд нүүрс ус ихээр зарж эхэлдэг. Гэхдээ зарцуулах өөхний хэмжээ ихээр буурахгүй, ердөө зарцуулалт нь өөх болоод нүүрс усны хувьд ихэсдэг л гэсэн үг юм.
Турах хэцүү ч турсан жингээ барих бүр хэцүү. Ямар нэг горим барьж турсан бол горимоо өөрчлөхөд л хaсагдсан жин буцаад ирэх эрсдэлтэй. Тэгэхээр хоолоо хасч турсан бол буцаад ердийн горимд ороход буцаад л таргална гэсэн үг. Тийм учраас илчлэг ихээр хассан горим удаан хугацаанд явцгүй. Богино хугацаанд эрчимтэй жин хасахад өөхөн эсийн ялгаруулдаг лэптиний төвшин огцом буурах тул хүний бие энерги нөөцлөх төлөвд орох ба орсон бүхнийг хадгалж эхэлнэ.
Тэгээд яах билээ гэсэн асуулт гарнаа даа. Яг одоогоор хүн болгонд таарах төгс горим байхгүй.  Хоол хүнсэндээ инсулин бууруулах үйлчилгээтэй эслэгээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэх, булчин бэхжүүлэх дасгал хийх, жингийнхээ 5-7%-ийг л хасах зорилт тавих нь илүү бодитой үр дүнд хүрэх магадлалтай зорилт гэнэ. Жингээ эрс хасч загвар өмсөгч шиг болохгүй ч хэвлийн хөндийн өөх багасаад, булчингийн масс  нэмэгдэхэд бодисын солилцооны үзүүлэлтэнд маш сайн чанарын өөрчлөлт гарах тул эрүүл мэндийн хувьд илүү чухал ач холбогдолтой болно. Булчин бэхжүүлэх дунд зэргийн ачаалалтай дасгалын горим амарч байх үеийн энергийн зарцуулалтыг нэмэх тул илүү үр дүнтэй. Учир нь хүний энергийн зарцуулалтын ихэнх хэсгийг амарч байх үеийн зарцуулалт эзэлдэг.  Цаашлаад үйлдвэрт боловсруулсан хүнснээс аль болох зайлсxийж, чихэрлэг хүнс, ундаа болоод жимсний шүүснээс татгалзах нь зөв. Хүний бодисын солилцоонд идэж байгаа хүнсний бүрэлдэхүүний чанар маш чухал. Жишээ нь бэлчээрийн малын мах, эрдэнэ шишээр бордсон малын махны уургийн бүтэц өөр. Эрдэнэ шишээр бордсон малын маханд салаалсан гинжин амин хүчил, омэга 6 тосны хүчил их байдаг нь бодисын солилцоонд таагүй нөлөөтэй. Веган хүнс үйлдвэрт боловсорсон бол бэлчээрийн малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэснээс дор гэх жишээний. Тэгэхээр цагаан хоолтон эсвэл бус гэдэг нь чухал биш харин хоолондоо хэр зэрэг байгалийн хэлбэрээр байгаа бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ гэдэг нь илүү чухал юм байна.


Tuesday, March 22, 2016

Үсний хагнаас салах арга бий юу?

(Түрүүний ББС цувралын үргэлжлэл)
Үсний хаг гэж юу вэ? Хүний арьс гуужих циклтэй. Өөрөөр хэлбэл хэсэг хугацааны дараа арьсны хамгийн гаднах даврхааны эсүүд үхжиж, хатаж гууждаг. Үсний хаг болохоор энэ арьс гуужих цикл хэт хурдан болсоных юм. Үүний учир шалтгаан нь  Malassezia globosa хэмээх мөөгөнцөр болно. Энэ мөөгөнцөр хүн бүхэнд бий, эсний тосоор хооллох энэ мөөгөнцөрт нийт хүмүүсийн 50 хувийнх нь дархлааны систем хариу үйлдэл үзүүлсэнээр арьс гуужих явц хурдасдаг гэнэ.
Хагийг бүрэн үгүй болгох эмчилгээ одоогоор байхгүй. Хагтай хүмүүс ерөнхийдөө гурван төрлийн шампунь хэрэглэдэг. Дээрх мөөгөнцрийн эсрэг Nizoral гэх мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй химийн бодис агуулсан шампунь байна. Энэ нь мөөгөнцрийн тоог цөөрүүлж, арьс гуужих явцыг удаашруулдаг. Гэхдээ байнга хэрэглэхээр дасдаг тал бий.
За нүүрсний бохь агуулсан Neutrogena фирмийн шампунь байдаг. Энэ нь арьс гуужих явцыг удаашруулах үйлчилгээтэй. Гэм нь цайвар үстэй хүний үсийг улам гандуу болгох үйлчилгээнээс гадна таатай бш үнэртэй. Салицилийн хүчил агуулсан шампунь илүү их өргөн хэрэглэгддэг ч мөөгөнцөр, арьс гуужилтанд ямар нэг нөлөөгүй зүгээр гуужсан хагийг л зайлуулах үйлчилгээтэй гэнэ.Хагийг агаарын бохирдолт даамжруулдаг бол нарны UV туяа бууруулдаг юм байна. Харин тосоор хооллох мөөгөнцрөөс болдог тул янз бүрийн тос хуйхандаа түрхээд нэмэргүй. Эмчилгээг дээрх олон хэдэн төрлийн шампунийг сэлгэж хэрэглэх маягаар тогтоож барих нь илүү үр дүнтэй гэв.
Нэвтрүүлэгтэй холбоогүй ажиглалтнаас нэгийг дурдвал; намайг багад эмээ маань үсэндээ тараг түрхэхийг зөвлөж байсан. Тараг, тарган дах бактери мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байдаг тул бас дажгүй үр дүнтэй байдаг гэж санадаг.

Saturday, March 5, 2016

Март дөхсөн тул

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдгийг марталгүй, утга учиртай тэмдэглэж өнгөрөөх ёстой өдөр гэдгийг та нар минь санаарай даа. Эдний Independent гэдэг сонинд Март дөхсөнийг тохиолдуулж нэг ийм нийтлэл гарсан байна. Тоо баримтыг нь товчлон оруулав:
1. Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн гуравны нэг нь амьрдалынхаа туршид ямар нэг хүчирхийлэлд өртдөг.
2. Насанд хүрээгүй охидын 10% нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг.
3. Нийт бичиг үсэггүйчүүдийн гуравны хоёр нь эмэгтэй.
4. Дэлхийн бүх парламентийн гишүүний 20% нь л бас дэлхийн 19 орны төрийн тэргүүн нь эмэгтэй.
5. Дэлхийд тэргүүлэх 500 компанийн дөрвөн хувь нь эмэгтэй даргатай.
6. Дэлхийн хамгийн баян 500 хүний 55 нь эмэгтэй.
7. Яг өнөөгийн хурдаар бол 118 жилийн дараа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа үгүй болно.
8. Хөгжиж буй орны эмэгтэйчүүдийн гуравны нэг нь гэр бүл дотроо шийдвэр гаргахад орлоцох эрхгүй.

Wednesday, February 10, 2016

Сар шинийн мэндээ

Та нар минь сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Цахим хуудсаар дүүрэн гоё дээлтэй, гоё хүмүүсийн зураг үзэж, даган баясаж сууна даа би нь. Битүүн, шинийн нэгэнд хэдэн бууз хийж идээд, хүүхдүүддээ гарын бэлэг өгөөд, хол суугаа бид бол цомхон л ёслох. Шиний нэгэнд хүмүүс шуугиад байхаар нь Баасанжав гуайн оролцсон 100 эрхэм нэвтрүүлгийг үзээд хавьд л тэгэж сэтгэл хөдлөөгүй, сэтгэлийн мухар дах олныг хөдөлгөж, баахан мэлмэрүүлэв. Зүгээр тэр хүний сайхан муухайд биш, ярианы үнэ цэнэ гэдэг бас чухал юмаа. Тэр хүний яриа бүрлээч болсон аав, эмээ, өвөөг бодогдуулж сайхан мөртлөө хэцүү олон дурсамж авчрав.
Жиргээ, нүүр номоор бид энэ хүнээс сурах юм их гээд л шуурч байна. Миний бодлоор тэр хүний ухаан туулсан амьдрал, үзсэн зовлонгийн хэмжүүр биз. Соёлын хувьсгалыг даваад гарсан хүний үзсэнийг мань мэт зах сэжүүрт нь хүрэх ч аргагүй айхавтар амьдрал бий дээ.
За тэгээд манайхаар орж гарч, эрээчсэнийг минь уншиж, санаа бодлоо хуваалцдаг хүн бүхэнд ирж буй бичин жилдээ эрүүл энх байхыг хүсье дээ. Бие эрүүл бол бусад нь тэгээд болно шүү дээ хө.

Saturday, January 30, 2016

Trust me I'm a doctor (BBC)

BBC ийм нэртэй цуврал сонирхолтой цуврал нэвтрүүлэг хийж, эрүүл мэнд, биеийн тамир дасгал хөдөлгөөн, хоол хүнс, эмийн хэрэглээ, согтууруулах ундааны нөлөө гэх зэрэг асуудлаар анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, нээлт дээр тулгуурласан тайлбар, зөвлөгөө өгчээ. Уг нэвтрүүлгийн албан ёсны хуудас энд. Клипийг нь Их Британиас өөр улсад байгаа хүмүүс үзэж болохгүй бол Chrome браузерийн Hola better internet гэсэн апп ашиглаж болох юм байна.
Хамгийн сонин санагдсан зарим мэдээлэл, зөвлөгөөнөөс сийрүүлбэл:
1. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биеийн өөхөн эдийн хувь өөр учраас бодисын солилцоо, энергийн зарцуулалт бас өөр. Нэвтрүүлгийн явцад дасгал хоолны өмнө хийх, хоол идсэний дараа хийхэд энергийн зарцуулалтын ялгаа хэр байхыг үзэхээр нэлээд хэдэн хүн оролцсон туршилт хийв. Эндээс эрэгтэйчүүд хоолны өмнө харин эмэгтэйчүүд хоол идсэний дараа биеийн тамир дасгал хийхэд энергийн зарцуулалт өндөр байна гэж дүгнэсэн байна. Энэ урд өмнө хэвлэгдэж байгаагүй шинэ ажиглалт болсоныг нэвтрүүлэгт дурдав.
2. Ижилхэн хоолны дэглэм барьж байгаа мөртлөө зарим нь тураад зарим нь турах бүү хэл бүр жин нэмэх тохиолдол бий. Энэ хувь хүний онцлогт таарсан эмчилгээ (personalized medicine) шаардлагатайг ямар нэг хэмжээгээр харуулж байгаа хэрэг. Хүний хоол боловсруулах эрхтэн, системд 3 триллион давсан тоотой бичил биетэн амьдардаг (бидний биеийн эсийн тоо ойролцоо). Чухам эдгээр бичил биетний тоо төрлөөс тухайн хүний бодисын солилцоо ихээхэн хамааралтай болохыг сүүлийн хоёр гурван жил их ярьдаг болсон. Израйлийн Уайзман Хүрээлэнгийн судлаачид гэдсэн дэх бичил биетний тоо төрөл тухайн хүн ямар нэг хоол идэхэд инсулиний хэмжээ хэт их өсөх үгүйд нөлөөлдөгийг тогтоосон бөгөөд үүндээ тулгуурлан хувь хүнд тохирсон хоолны дэглэмийн зөвлөгөө өгдөг гэнэ. Тэгэхээр хэн нэгний турсан дэглэм танд тохирохгүй байж болно, хүн бүрт таарах жор гэж үгүй.
3. Жимд машин дээр дасгал хийснээс гадаа гүйх нь илүү сайн. Жигд хурдтай машин хүний үе мөчинд таагүй бол гадаа гүйж, явж байгаа хүмүүсийн хурд тогтмол биш байдаг нь энергийн зарцуулалтыг нэмэхээс гадна сэтгэл санаанд гадаа дасгал хийх нь илүү тааламжтай гэнэ (харин монголд өвөл гадаа гүйх тийм сайн нөлөөтэй байж чадахгүй болов уу?).
4. Шинэ жил гарангуут бид энэ жил идэвхтэй байна, турна гэх мэт амлалт авдаг ч тууштай хэрэгүүлж чаддаг хүн цөөн. Энэ нэвтрүүлэгт сайн дурын хэдэн хүнийг 3 бүлэгт хуваагаад, эхний бүлгийнхэнд биеийн тамир, дасгал сайн гэх мэт ердийн олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой зөвлөмж өгч, хоёр дах бүлгийнхнийг нэг баг учраас нэг нэгэндээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж, харин гурав дах бүйлгийнхнийг хэн нь илүү идэвхтэй байж чадах вэ гэж уралдуулсан байна. Хоорондоо уралдсан гурвадугаар бүлгийнхэн хамгийн их жин хасчээ. Дараа нь нэг нэгэндээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн багийнхан хоёрт, ердөө зөвлөмжөөс өөр дэмжлэг, сэдлэг үгүй байсан багийнхан сүүлийн байранд оржээ.
5. Богино долгионы зууханд хоол болгох, халаах муу гэсэн мэдээ, зөвлөгөө цахим хуудаснуудад их харагддаг. Үнэхээр муу юу гэдэг асуулатнд хариулахын тулд олон төрлийн хоолыг богино долгионы зуух, зүгээр гал дээр халааж болгосны дараа шинжилж үзсэнийг энд бас харуулсан. Богино долгионы зуух усны молекулыг түргэн хөдөлгөөнд оруулж, чичиргээ үүсгэж халаадаг. Туршилтын дүгнэлт богино долгионы зуух, ердийн зуухан дээр халаасан хоолонд том ялгаа байхгүй. Зарим уураг болоод амин дэм дээрх хоёр аргаар халаахад хоёуланд нь задардаг нь тухайн уураг амин дэмийн шинж чанар юм гэсэн байна.
6. Антиоксидант ихтэй гээд жимс, ногооны шүүс, зутангийн хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Чухам хүний биед ямар нөлөөтэйг тогтоосон судалгаа цөөн, олонх ашигтай тал гээд байгаа нь уг бүтээгдэхүүн зарж байгаа компанийнхны сурталчилгаа төдий. Энд дахиад олон сайн дурынхан оролцсон туршилт хийсэн байна. Эрүүл мэндэд ашигтай гэх шүүс, зутан уусан хүмүүсийн бие дэх антиоксидантийн хэмжээ тэр дороо эрс өсдөг ч, ганц хоёр цагийн дараа ердийн хэмжээнээс бага болж буурдаг. Энэ бууралт 24 цагийн дараа буцаж ердийн хэмжээндээ хүрдэг гэнэ. Учир нь алив химийн элемент, нэгдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс хүний бие ямар нэг илүүдэл бий элемент нэгдлийг биеэс зайлуулах, нийлэгжүүлэхээ зогсоох механизмтай. Биенд сайн гэх хүнсний бүтээгдэхүүнийг их хэрэглэх тэр бүр ашигтай байдаггүйн тайлбар ийм.
Гэх мэт зөндөө олон туршилт байна, нэг дор бүгдийг оруулж амжихгүй нь . Заримыг заваараа дараа оруулахыг бодноо. Та нар намайг хүлээлгүй өөрсдөө бас эхийг нь үзнэ бизээ.

Monday, January 18, 2016

Бордо нутгаар аялав

Та нар минь шинэ оноо сайхан угтацгаасан биз дээ? Шинэ жилдээ тавьсан зорилгодоо хүрч, эрүүл энхэ байхыг ерөөе.
Манайхан зул сар, шинэ жилийн амралтаар Бордо нутгаар аялав. Дээр үед Амарсайханы үлдээсэн Бордо дарсны тухай инээдтэй сэтгэгдэл бодогдож л явлаа. Бордо нутгийн хамгийн алдартай бүтээгдэхүүн дарс. Жуулчин олон явдаг газар бүр дарсны дэлгүүр олон гэж. За тэгээд усан үзэм тариалж, дарс исгэдэг олон газар дарсаа амсуулж, дарс яаж хийдгээ бас үзүүлдэг юм байна. 
Энэ удаад Бордо хотод авсан хэдэн зураг. Энэ хотын хуучин хэсэг нь ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй гэнэ. Их ч эртний хот юм. Он гараад удаагүй байхад Нью Иорк Таймс сонин 2016 онд аялахад аятай газрын жагсаалтанд дээрээсээ хоёрт орсон байсан. Жуулчны сонирхол татах талаараа Парисын дараа бичигддэг гэсэн байх.
Надад хамгийн сайхан санагдсан зүйл нь бидний байх хугацаанд дулаахан нартай, ердөө ч бороо ороогүй явдал байлаа гэж. Шотландаас ирсэн хүн л ийм үнэлэлт өгөх байх даа. 
Ямар ч олон янзын дарс амсчихав. Дарсны талаар нэлээн л олон юм сонслоо.