Thursday, April 30, 2009

Явцуу сэтгэлгээ

Хийж байгаа ажлынхаа юунд нь дуртай вэ гэсэн асуулт гарахад хамгийн түрүүнд судалгаа хийж байгаа улс ихэнхдээ нээлттэй сэтгэж алив юманд баригдаж явцуурдаггүй гэсэн хариулт нэлээн түрүүнд давхиж явдаг юм. Энд ирсээр салбартаа хийсэн ажлаараа танил болсон бас Нобэлийн шагнал хүртсэн гээд алдар цуутай эрдэмтдийн лекцэнд суух завшаан хэд хэд таарсаныг азтай хэрэг хэмээн бодож явдаг билээ. Өчигдөр Даунинг коллэжид Үүний (Oon) шагнал авсан эрдэмтэн Дуглас Мэлтон лекц уншина гэхээр нь бас л олзуурхаад ажлаасаа жаахан эрт гарлаа. Энэ коллеж жил бүр анагаахын салбарт амжилт гаргаж буй нэг судлаачид сингапурын малай гаралтай инженерийн нэрэмжит шагнал олгодог аж. Миний хувьд цаашдаа чихрийн шижин өвчний талаар судалгаа хийхсэн гэж мөрөөдөж явдаг нэгэн болохоор олонд зартай энэ эрхэмийн яриаг сонсох гэж хичээсэн хэрэг.

Хийж буй ажлаа гүйцээж гарах гэсээр бараг хоцрох шахсанаа мэдээд автобусанд сууваа. Ороод мөнгөө төлөх гээд цүнхээ уудалсан түрийвчээ мартсан байлаа. Азаар хамт ажилладаг залуу зам нийлж таараад автобусны мөнгө зээлдүүлж намайгаа аврав. Ажил тарахтай давхардсан болохоор хаа сайгүй бөглөрөө арай гэж хүрэх буудалдаа буугаад гүйх шахам явж зарласан байшинд очоод мэл гайхав. Эрчүүд нь бүгд костюм зангиатай, бүсгүйчүүд нь гоёлын даашинз өмсөж өндөр өсгийтэй туфли жийгээд, анхилам үнэртэй сүрчиг ханхлуулцгаасан байх юм. Манай ажлын гурав (намайг оруулаад) хүмүүсийг дээрээс нь доош нь шилжүүлж хараад дараа өөрсдийгөө харвал халуунд яаруу алхаад нүүр ам нь улайсан, хааш яашхан хувцасласан нь бусдаас дэндүү содон харагдав. Би ч дотроо арай андуураад үдэшлэг энэ тэрлыы орчихсон юм биш байгаа гэж бодож бас үзэв. Гэтэл яах аргагүй зөв газар, шагналын лекцийн дараа хүндэтгэлийн зоог барих учир хүмүүс ингэж гоёсон гэнэ. Тэр зоог нь ч маньд хамаатай биш, лекц болох танхим уруу нэг их хүний анхаарал татахгүй санаатай зөөлөн зөөлөн гишгэсээр ороод явчихлаа.

За тэгээд лекц ч эхлэв. Нөгөө миний рок одын дайтай хүндэлж явдаг нэгний нэр хүнд миний хувьд шалдаа буугаад явчихаваа. Хэргийн учир хийсэн бүтээсэндээ биш юмаа. Хийсэн бүтээснийг нь ярих юм бол үнэхээр гайхалтай нэгэн боловч нэг тийм явцуу номлол маягаар лекцээ уншсан нь ингэж гонсойлгосон хэрэг. Шинжлэх ухаанд баталж чадаагүй юмаа огт байхгүй гэж зүтгэх жаахан бүдүүлэг хэрэгт тооцдог. Мань эр өөрөө олоогүй зүйлээ байхгүй хэмээн нэгэн салбарт ажилладаг бусдын судалж олсоныг бараг л үгүйсгэж орхив. Шинжлэх ухаанд хар цагаанаар хандаж болохгүй ямар ч гэсэн зуун хувь баталж чадаагүй зүйлийг байж болох зүйл хэмээн нээлттэй сэтгэх зарчим бий. Өөрөө олоогүй л бол бусдын олж харсан үнэ хүндгүй хэмээн үзэх үнэндээ бүдүүлэг хэрэг биш гэж үү.

Сайн сайхнаар төсөөлж байсан зүйл ингээд нүдний өмнө шалчийж орхихоор сэтгэл үнэхээр гонсойж орхих юмаа.

8 comments:

Tsatsral said...

Uul n
Ih murun dulguun, Erdemtei hun daruu
gedeg dee, tee?

A.Амарсайхан said...

Хааш яаш хувцаслаж очсон нь болж дээ

Дамдаа said...

Хэ хэ хэ, шинжлэх ухаан гэж.

та бид чинь одоо бас энэ салбарын нөхдүүд болох гээд байна уу даа тийм ээ. Ер нь бол хүн төрөлхтөнийг эмх замбараагүй болгож, хамаг проблэмын эх үүсвэрийг тавигч нь шинжлэх ухаан шахуу л байх шив дээ,ккк.

Манай салбар бол яана, онол зохиож зохиож амьдрал дээр туршиж туршиж уучилаарай буруу байжээ гээд л хээв нэг.

Ганга said...

Сонин тохиолдол болж! Ийм хүмүүс тийм ч гойд биш ажлаа рекламдсаар нэрд гардаг, элдэв шагнал авдаг ч юм билүү гэж хардах шиг хачин сэтгэгдэл төрлөө.
Чинагийн Галсан олон улсын хэмжээний утга зохиолын шагнал авлаа. Чехэд тэр арга хэмжээ болсон зурагтаар гарсан. Монголоо муулсан, бөөгийн хувцас өмссөн, онгиргон маягийн хачин нөхөр байсан чинь бас урам хугарсан. Герман хэлээр нэг их хоцрогдсон агуйд бүгсэн амьтас шигээр нутаг нэгтнээ муулан бичиж буйгаас биш яг уран яруу сайхан бичдэгээрээ энэ нөхөр монголын зохиолчдын сор нь биш гэж бодогдсон шүү.

biochemiker said...

Мелтон бол хүний хөврөлийн үүдэл эсийн судлагаа хийдэг топ эрдэмтэдийн нэг шиг санагдана... Их л өөр илтгэл болж дээ... Нөгөө талаас өндөр зиндааний эрдэмтэд, тэр тусмаа профессоруудад өөрийн онол, үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь гоё илтгэх, баримтад тулгуурлахаас огт өөр болохыг хэд хэдэн тохиолдлоор харж байсан санагдана... Үгүйсгэх, нухчин дарах нь энгийн үзэгдэл, харин ч эрдэмтдийг жинхэнэ хурцалж өгдөг зүйл... Хэдхэн зуун жилийн өмнө эд нар өөрийн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөөгүйн төлөө олны өмнө шатаадаг байсан гэдэг... Энэ илтгэлийг подкаст байвал сонсмоор байдаг... холбоос байвал тавиарай!

Anonymous said...

Mash olon erdemted zarim talaaraa gemt etgeed baidgiig martaj bolohgui ee.

Byambiin Rinchen guaig eldev sudalgaa yumaaraa delhiid ers ovoij haragdsan uyed orsiin erdemted Mongoliin zasgiin gazraar doosh n darj helmegduuleh gej hachin eserguutsliin maygiin zahia Uls toriin tovchoond bichsen ch geluu ene erdemted akamediinhend sanaand oromgui gaj yavdluud olon boldog gesen.

Barimalch

peakfinder said...

Tsatsral >> Хэт даруу байх ялангуяа америкийн орчинд сайнаар үнэлэгддэггүй юм байна лээ. Юу мэдэж байгаагаа харуулж үзүүлж чадах ёстой гэсэн үзэл яваад байх шиг санагддаг.
А.Амарсайхан >> Ажлаасаа шууд очсон болохоор өөрөөр очих боломж угаасаа байсангүй.
Дамдаа >> Байгалийн ухаан арай өөр юм уу даа. Гэхдээ янз бүрийн алдаанаас болоод олон хүн амь амьдралаараа хохироод үлдсэн жишээ олон бий. Жишээ нь 50-60 аад онд жирэмсэний хордлого анагаах эм гарлаа гээд баахан жирэмсэн эхчүүдэд уулгаад ийм эм хэрэглэсэн эмэгтэйчүүдийн хүүхдүүд тахир дутуу болсон тохиолдол байдаг. Бас энэ алдаанаасаа сурч байгаа юм уу эм, эрүүл мэндтэй холбоотой асуудалд арай ул суурьтай хандах болсон.
Ганга >> Нээрээ тэр Чинагийн Галсан гээд сонин хэвлэлээр их яригддаг, ном зохиолыг нь уншаагүй болохоор сайн мэдэхгүй юмаа. Манай салбарын хувьд нэгэнт нэрд гарсан хүмүүсийн ажил өндөр шалгууртай сэтгүүлүүдэд хэвлэгдэх арай амар, өөрөөр хэлбэл энэ нэртэй хүн юм чинь гээд чанар муутай ажлыг нэг их шүүж хэлэлцэлгүй хэвлэчих жишээтэй.
biochemiker >> Энэ хүн салбартаа яах аргагүй томд орно. Миний хувьд ямар нэг барин тавин нотолгоогүй байж их тийм чанга дүгнэлт хийхэд тааламжтай санагддаггүй. Подкаст энэ тэр алгаа хө. Миний гомдоллосон шалтгаан бол өөрийнх нь дүгнэлтээс тэс өөр дүгнэлттэй нийтлэл Cell сэтгүүлд хэвлэгдсэн юмаа. Тэр ажил бол бас яах аргагүй сайн ажил байсан. Энэ хүн тэр нийтлэлд зориулж editorial бичихдээ нэг тийм санал зөрсөн энэ тэр юм бичээгүй боломжийн гэж дүгнэсэн санагдана. Харин ярихдаа түүнийг ор тас үгүйсгэсэнд л байгаа юм. Тэрнээс хийсэн ажилд нь ийм тийм гээд өөнтөглөөд байх юм байсангүй. Ер нь өрсөлдөгчөө үнэлж хүндэлж чадах нь бас нэг авууштай сайхан чанар шүү. Өмнө нь ажлуудыг нь уншиж байсан болохоор шинэлэг санагдаагүй байж магад.
Барималч >> Тэр бол бүр экстрэм гажуу асуудал л даа. Тийм улсыг эрдэмтэн гэхэд бас хэцүү.

jagdag said...

Тун сайхан бичлэг болсон байна шүү. Үдлээсэн сэтгэгдэлүүд ч дутахааргүй сайхан санаа олныг агуулжээ. Олон зүйлд санаа олж харсандаа их баяртай байна. Нэгэнт эрдэмтний талаар уншссан юм байна, эрдэм шинжилгээ сонирходог улс ч байх шиг байна, нийтлэлтэй холбоогүй ч эх орондоо дуулсан жаахан өөтэй мэдээг хуваалцья.

Монголын шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичиг залуу ярьж байсан зүйл л дээ. Мань хүн миний мэдэх хамгийн сайн сургуулиудаар дамжсан, итгэж хүндэлдэг залуу эрдэмтэн. Германд доктор хийсэн мань эр эрдэмтэн нарийн бичиг болоод доктор горилогчийн судалгааны сэдэв батлах анхныхаа хуралд суугаад нилээд ажигласан байна. Хурлыг удирдагч нар шинэ бүтээл л оролдох хэрэгтэй гэсэнд гориогч маань "өө шинэ сэдэв, цоо шинэ. Google-р хайгаад юу ч олдохгүй" гэж авч байна гэнэ. Нөгөө хэд нь сэдвийн үгнүүдээр гүүглэдээд алга гэнэ. За үүнийг батлая гэх нь тэр шүү.

Арай дэндүү санагдсан. Тийм эрдэмтэд байх гэж, тэгэж гарч ирдэг судлаач байх гэж. Шинжилгээ судалгаанаас хол мань мэтээр ийнхүү дооглуулж, заалгах нь холгүй академи байна гэхээр ...

Та нар минь энэ эрдэм шинжилгээг Монголд минь жинхэнэ байх ёстой замд нь оруулж өгөөч, тэгэх үү!