Friday, May 15, 2009

Толстойнд эргэж нэг зочилбол...



Лев Толстой оросын уран зохиолд жинтэй хувь нэмэр оруулсан гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ. Арван жилийн уран зохиолын хичээл дээр түүний хэд хэдэн зохиол заавал унших ёстой зохиолын тоонд багтаж арван тав зургаатайдаа "Анна Каренина", "Дайн ба энх" болоод бас бус зохиолуудтай танилцаж байжээ. Тухайн үедээ "Анна Каренина"-г уншаад юунд тэгэж сүйд болоод байгааг ойлгоогүйгээ санадаг юм. Харин "Дайн ба энх" ийг шимтэн дурлан уншиж билээ. Гуч гарсан хойноо энэ хоёр зохиолыг англи хэл дээр хэрэг болгон авч дахин уншихад хүүхэд ахуйдаа олж ойлгоогүй зүйл олон байсныг ойлгож, тэдгээр зохиолуудын тухай бодол маань тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн юм.

Анна Каренинаг хайр сэтгэл, хүнтэй ханилахын утга учрыг мэдээгүй жаахан охин уншаад тэрхэндээ ээ энэ хүүхэн хүүхдээ бодоод нөхөртэйгөө л байж байхгүй тэнэг гэдэг нь гэж шүүмжилж байлаа. Гуч гарсан хойноо энэ бүсгүйн зовлонг мэдрэхийн ихээр мэдэрч ойлгож өрөвдөн уншиж билээ. Сэтгэлгүй хүнтэй амьдарна гэдэг санаанд багтамгүй, тэр дундаа хэн нэгэнд дурласан нэгэнд бол бүр хэцүү. Харин ч тухайн нийгмийн эсрэг сөрөн зогсож зориг гаргасан бүсгүй гэж үнэлэн, олон жил шүүмжтэй хандсан энэ бүсгүйг сэтгэлдээ цагаатгаж билээ. Түүний амиа хорлодог бас аргаүй байж. Үр хүүхдээ золиод хайртай хүнтэйгээ нийлсэн. Гэтэл тэр нь урвахад дээр тэнгэр хол, дор газар хатуу болсон хүн яалтай ч билээ.

Энэ романыхамгийн сэтгэл хөдлөм хэсгүүд бол Левин Китти нарын хайр сэтгэлийн тухай хэсэг. Утга зохиол судлаачид энэ хэсэг Толстойн өөрийн амьдрал түүний эхнэртэйгээ учирсан тохиолд дээр үндэслэн бичсэн гэж үздэг. Левиний дотоод сэтгэл, үзэл бодлыг жигтэйхэн ойрхоноос гаргасан нь тийм дүгнэлтэнд хүргэсэн байж болох. Левин Киттигээс гэрлэх саналдаа үгүй гэсэн хариу аваад хөдөө тосгонд очиж амьдарч байгаа хэсэг надад хамгийн ихээр таалагддаг. Түүний гар хадуураар өвс хадаж буй хэсгийг шинэхэн хадсан өвсний үнэр номноос сэнхийх шиг томруун дүрсэлсэн нь гайхалтай. Базаад хэлэхэд арван тавтай уншсан Анна Каренина гучин хэдтэй уншсан Анна Каренинагаас тэс өөр ном шиг санагдаж билээ. Энэ нь нас явахад амьдралыг үзэх үзэл өөрчлөгдсөний гэрч юм болов уу.

Харин "Дайн ба энх"-ийн хувьд өмнө бодож байсан бодол тэгтлээ орвонгоороо эргээгүй юм. Энэ зохиолд гарах хайр сэтгэлийн асуудлууд тийм ч нарийн ээдрээтэй биш. Харин ч цайлган сайхан сэтгэлтэй гэж үнэлж явсан Пьер Безухов жаахан мангардуу нөхөр шиг санагдаад болсонгүй. Мэдээж хорвоо дэлхийд олон янзын хүн бий, тийм хүнээр гол баатраа хийхэд буруу нь юу байхав. Эргэж уншсан маань уг номыг тухайн үеийн түүхийг сайхан хүүрнэсэн зохиол болж гэсэн шинэ үнэлэмж авчирсан юм байна. Ингээд бодоход энэ хоёр ном олон параллэл санаа агуулсан нь хөгшин залуу хэн ч амтархан унших боломж олгосон юм уу даа.

11 comments:

Бүсгүй said...

аан харин тх, би бас жаахан байхдаа Анна Каренина уншаад, нээх сонирхол төрөлгүй, бараг дутуу хаячихсан байхаа. Жаахан байхдаа хэт том сонгодог ном унших чинь гэм нь тэр юм шиг билээ. Хожим уншсан гэж ярих ч хаашаа юм. Утгыг нь сайн ойлгоогүй. Нэг хүүхэн яваад л байдийн ухааны юм ярилтай ч биш

A.Амарсайхан said...

Би харин багадаа барьж аваад, багшийн даалгавар тул хүчилж баахан үзэх гээд хаясан. Одоо бодоход орчуулгын муугийнх байсан болов уу, гэж боддог.
"Алтан загасны үлгэр" шиг гайхалтай орчуулга ховор доо.

Damdaa said...

Чи одоо Madame Bovary-г уншиж үзээрэй. Тэр Эмма бүсгүй, Эмма гэдэг байх аа, Анна хоёр яг адилхан. Байж байгаад л нэг их гунигт автаад л. Угаасаа би бас тэгдэг юм шиг ээ, би өөрийгөө ухаарахын л ийм байсан.

Анна гэхдээ Вронскийг хэт их дэмий хардсан л даа, үгүй тэгээд бас хэцүү л дээ тийм дээрээс "унасан" хатагтай Вронскийд юм л бол тунирхах сэтгэл өөрийн эрхгүй төрөөд байдаг байсан ч байж мэднэ гэж бодоол.

Толстой бас л язгууртан шүү, тийм ээ.

ganga said...

Монгол арван жилд найм есдүгээр ангид байсан санагдах юм. Эгч ах хойно сургуульд оюутан болоод орос хэл сур гээд захиа бичээд, сайн бичдэг зохиолчын сонгодог бүтээл унш тэгвэл хэл сайжрана гэж сонсоод "Анна Каренина" толь бичигтэй уншиж билээ. Мэдээж бараг ойлгоогүй. Сургууль төгсөж ирээд хорин төв зургаатай байхдаа, арваад жилийн дараа уншаад сайхан ном санагдсан, хожим нас нэлээн явсан хойноо уншаад маш их таалагдсан. Нас насанд номыг хүн өөрөөр хүлээж авдаг гэдэг үнэн шүү. Өөр номыг ингэж олон уншсан санаанд ордоггүй юм. Толстой гайхалтай сэтгэл зүйч, амьдрал даан ч сайн мэддэг хүн дээ. Сайн зохиолчыг түүний зохиолоо бичсэн тэр төрлөх хэлээр нь уншвал илүү амтлагдах шиг санагддаг. "Аз жаргалтй гэр бүлүүд хоорондоо төстэй, өөр өөрийн зовлонтой жаргалгүй гэр бүлүүд ондоо" билүү нэг тиймэрхүүгээр эхэлдэг шиг санагдана.

БЭ said...

Сайн зохиолуудыг унших бүрт шинэ зүйлс гарч ирээд, хөөх энийг би яагаад анзаараагүй юм болоо гэх бодлууд их гарч ирнэ ээ.
Толстойн зохиолуудын талаар ч юу хэлхэв, уулаасаа дэндүү гарамгай. Анна Каренинаг нээрэн л арван хэдтэйдээ хамгийн сүүлд уншаад сайн ойлгоогүй одоог хүртэл орхичихсон юм байна шүү. Сүүлийн үед овоо ном унших зав гараад байгааг ч хэлхүү ахиж нээрэн нэг уншиж үзье байз.

Жич: Гарчиг чинь Толсойнд гэхээр эвгүй уншигаад байх юм. Толстойгийнд гэвэл арай дээр юм болов уу?

БЭ said...
This comment has been removed by the author.
ZAYA said...

Хүүхэд байхдаа уншиж байсан номыг сүүлд уншихаар шал өөр бодол төрдөг юм билээ.
Бүр сүүлд уншвал бас л нэг өөр бодол төрөх вий.

peakfinder said...

Бүсгүй >> Тэр үнэн шүү. Ялангуяа ээдрээтэй, хүний харилцаанд тулгуурласан ном бол бүр хэцүү.
A.Амарсайхан >> Орчуулгын чанар их нэмэртэй л дээ. Гэхдээ угаасаа бага залуу насныханд тохироогүй ном бол сайн орчуулгатай ч бүрэн хүрч чадахгүй болов уу.
Damdaa >> Анна зайлуул хардахаас өөр яах билээ. Ертөнцийн ганц цонх нь Вронский байхаар...
ganga >> Энэ Анна Каренинагийн эхний өгүүлбэр их таалагддаг шүү. Ном болгоныг дахин унших сонирхол төрөхгүй байх л даа. Толстой гайхалтай..
болжгоно >> Уншаад үзээрэй. Би бас л багын дурсамжиндаа хөтлөгдөөд дурамжхан эхэлсэн юм. Гарчиг эвгүй сонсогдоод байна уу? Дараа бичихдээ сайн бодноо.
ZAYA >> Хүн нас явах хэрээр амьдралыг таньж, ухааждаг болохоор бас алив юмыг гүнзгийрүүлж олж харж чаддаг болдог байхаа. Нээрээ тэтгэвэрт гарсан хойноо дахиад уншаад үзнээ.

Anonymous said...

"Эцэс төгсгөлгүй цаг хугацааны дунд эхэн адаггүй түмэн бодисын дунд зах хязгааргүй уудам зайнд нэгэн өчүүхэн хөөс бий болоод удахгүй сарнина тэр хөөс би билээ " гэж Левин бодоол..... Яах гэж амьдарч байгаа билээ нтр гээл бөөн бодолд дарагдуулчдийн. Ямар сайндаа л уйлхав дээ гэсэн хэ хэ
" Аз жаргал гэж чухамдаа юу болохыг бид мэдэхгүй.Гэвч энэ хайр сэтгэлгүйгээр жаргал ч зовлон ч амьдрал ч байхгүй " гэж бас их сайхан хэлсэн шүү.

Anonymous said...

"Эцэс төгсгөлгүй цаг хугацааны дунд эхэн адаггүй түмэн бодисын дунд зах хязгааргүй уудам зайнд нэгэн өчүүхэн хөөс бий болоод удахгүй сарнина тэр хөөс би билээ " гэж Левин бодоол..... Яах гэж амьдарч байгаа билээ нтр гээл бөөн бодолд дарагдуулчдийн. Ямар сайндаа л уйлхав дээ гэсэн хэ хэ
" Аз жаргал гэж чухамдаа юу болохыг бид мэдэхгүй.Гэвч энэ хайр сэтгэлгүйгээр жаргал ч зовлон ч амьдрал ч байхгүй " гэж бас их сайхан хэлсэн шүү.

Anonymous said...

Здравия всем,

Надежная и проверенная [url=http://popplers.ru/]партнерская программа[/url] [b]Popplers.ru[/b] предлагает Вам сотрудничество на выгодных условиях. Мы покупаем ваш ру трафик по выгодным ценам. Владельцам сайтов, вебмагазинов и веб мастерам мы предоставляем выгодные условия, отзывчивую поддержку и проффесиональный подход в непростом бизнесе рунета.
прекрасная возможность надежно заработать, выгодная рефферальная программа, направьте ваш ру трафик в нужное русло, в русло прибыли которое принесет вам [url=http://popplers.ru/]Партнерка[/url] [b]Popplers.ru[/b] . Вывод средств в WebMoney или PayPal, возможность срочных выплат в любой день недели, персональный подход к каждому партнеру.

Покупаем ру трафик по следующим ценам за 1000 уникальных переходов:

DoorWays - 6у.е.
Popunder - 5у.е.
CJ - 5 у.е.
Clickunder - 4 у.е.

Ждем Вас на пути к успеху!

ICQ: 498994074