Sunday, May 24, 2009

Сонгууль, сумо, хөл бөмбөг бас бус...

Өнөөдөр энэ нутагт ховорхон тохиолддог үүлгүй цэлмэг нартай дулаахан сайхан өдөр болов. Нар таатайхан ээж, шувуу жиргээд зун гэж ийм л байдаг даа гэмээр. Байшингийнхаа гадаах алгын чинээ цэцэрлэгтээ дэвсгэр дэвсэж хэвтээд ном сонин уншсан шиг сайхан байлаа. Цонхоор харвал хүмүүс бүгд л шорт майкаар гоёод зуны уур амьсгалд бүрэн оржээ. Халуун нартай өдөр ховор тохиолддог болохоор тэр үү эндхийнхэн нарны бараа үзэгдээд тэрмомэтр 17-18 хэм заахад л нүцгэлж орхино. Би гэдэг хүн цонхоор харж хувцасаа тохируулаад олон өдөр даарсан юмдаг.

Өглөө сумогийн сүүлийн өдрийн барилдаан үзэхэд хайртай бөх түрүүлээд сайхан байлаа. Хоёр гурван жилийн өмнөдөө сумогийн талаар бичдэг вэб сайтанд тэр үед Ама нэртэй байсан Бямбадоржийг уран барилдаантай хэдий ч жин ахидаггүй болохоор озэки, ёкузона болох боломж бараг үгүй ухааны юм бичсэн нийтлэл уншиж байснаа санадаг. Таамаг эвдэж озэки болоод бүр түрүүлж буй түүгээр бахархахаас ч өөр аргагүй юм даа. Үзүүр түрүүнд монгол хөвүүд өрсөлдөөд сайхан байна лээ шүү.

Ерөнхийлөгчийн сонгууль давхцаад дүнгийн талаар чих тавиастай. Манай мэдээллийн сайтууд шуурхай мэдээ хүргэж байгаа боловч тавьсан тоонууд нь зөрөөд учир нь сайн олдохгүй юмаа. Нэг нь тоолсон 236 багийн 156 д нь Элбэгдорж яллаа гэсэн байхад өөр нэг сайт 170 багт Энхбаяр ялав гэсэн байх юм. Уг нь нийт хэдэн баг тойргийн тоо, хэн нэг нь ялахад хэдэн санал хэрэгтэйг дурдаагүй болохоор тооллогын дүн хараад хэн нь илүү явааг тааж мэдэх аргагүй юм байна. Хүний санаанд багтамгүй хачин сонин юм уншиж залхаад за даа надад ямар хамаатай гэж бодож үзсэн хэдий ч бас л орхиж төвдөхгүй юм. Тэгээд бас яаж зүгээр байхав халз мэтгэлцээний бичлэг олж үзэв. Гайгүй гэж үнэлдэг "Өнөөдөр" сонин Энхбаяр илүү байлаа гэж бичсэн дүгнэлтийг үзээд нүд орой дээр гарах шахав. Наад захын ярианы чадвар гэхэд л том ялгаа тодоос тод дурайж байв гэж би дотроо бодсон юмсан. Бас хүндэлж явдаг урлаг спортын зүтгэлтэнгүүд ерөнхийлөгч гуайг учиргүй магтаалаар булсаныг нь үзээд хүндлэх сэтгэл дундрав гэж. Хэн хэнийгээ сонгох нь тухайн хүний эрх боловч хуучин нийгмийн магтан дуулдаг сэтгэхүй арилаагүйд гонсойсон хэрэг. Даяар монгол дээр гарсан төрийн тэргүүн дуу гээд хэн нэгний өмнөөс ичмээр зовмоор юм их болжээ. За яахав магтдаг нь магтдаг л юм байгаа биз гэхэд магтуулж байгаа хүнд ичиж нэрэлхэх гэж байхаа больжээ хөөрхий. Хараад байхад манай одоогийн ерөнхийлөгч яах аргагүй хуучин цагийн магтаал шагналд ханадаггүй (мөнгөнд ч бас нугасгүй юм шиг байгаа юм) Брежнев маягийн хүн үү дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм. Хэн нэг нь ялах л биз, бага шиг хэрүүлтэй л дуусаасай гэж. Уг нь манайх шиг бэлгэдлийн төдий ерөнхлийлөгчийг бусдын жишгээр парламэнтаасаа сонгодог болчихвол ядаж л хэдэн цаас хэмнэх юм даа гэсэншүү юм бодоод л.

Одоо харин сонирхолтой санагдсан нэг түүхийг хуваалцъя. Кэмбриж хот орчин цагийн хөл бөмбөгийн тэмцээний дүрмийг өлгийдөж авсан газар гэнэ шүү. Xотын төвд Parker's Piece хэмээх томоос том зүлгэн талбай бий. Цаг агаар сайхан бол хүмүүс их цуглана. Зарим нь дэвсгэр дэвсээд хэвтэж л байх, зарим нь хөл бөмбөг, крикэт тоглоно, цаасан шувуу нисгэнэ. Чухам яг энэ талбайд орчин цагийн хөл бөмбөгийн дүрэм бий болсон гэдэг. Хөл бөмбөг эрт цагаас английн сургуулийн сурагчдын хамгийн дуртай тоглоом байж. 1579 онд хотын оршин суугчид болоод Кэмбрижийн их сургуулийн оюутнуудын хооронд болсон хөл бөмбөгийн тэмцээ асар том зодооноор өндөрлөсөнөөс үүдээд сургуулиуд хоорондоо тэмцээн зохиохыг хориглосон байжээ. 1830-аад оноос өөр өөрийн дүрмээр тоглодог байсан сургуулиуд хоорондоо тэмцээн зохиож эхлэсэн бөгөөд тоглоомын нэгдсэн дүрэмтэй болох шаардлага гарч ирж л дээ. 1848 онд дүрмийн эх бий болж, 1897 онд албан ёсоор бичигдэж түүхэнд Кэмбрижийн дүрэм гэж нэрлэгджээ. Кэмбрижийн дүрмийг хөл бөмбөгийн холбоо 1867 онд мөрдөж эхэлсэн гэнэлээ. Parker's Piece өнөөдөр нэг иймэрхүү харагддаг юм.

7 comments:

ganga said...

Sumo-d gants Dagvadorj avarga bolood dahin mongol avarga toroogui bol tohioldol geh bailaa. Gurviin gurvan mongol avraga bolohoor 'mongol bolohoos yahav' gesen zui togtol shig bolj baigaad yunaas iluu bayarlav. Manaihan sumo-goos oor yumand za ene ch mongolchuud avahaas argagui gemeer zui togtoloo tunhaglaasai gej moroodnom.

Unknown said...

Халз ярилцлага гэж үнэн инээдтэй юм болсон байгаа биз. Мань хүн аягүй стрэсстэй байх шиг байсаан. Ашгүй сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн байна Энхбаяр гуай.

Anonymous said...

Bi ter Elbegee Enhee nariin halz yariag internetees uzsen 2uulangiinh n yaria ogt taalagdaagui geed yahav huuchin balar namiin hun yalsanaas arai shinevter tal n garval heregtei baij magad. ;-)

Barimalch

tumee 33 said...

Mongol blogiin uugeer tuugeer nileen shogshij , olnii ug sonsoj yavahad...bugdiin zurh Mongoliin tuloo tsohilj baigaag medreh yum...(jaahan haluurav)

peakfinder said...

ganga >> Heleed yah ve... Moroodol biyeleh boltugai.
Damdaa>> Yamar ch gesen heruul margaan bagatai duussand bayarlaj baigaa shuu.
Barimalch >> Minii huvid ch bas yalgaagui tegej l bodoj bailaa. Shine hun garlaa, odoo harj l baiya.
tumee 33 >> Yah argagui torson nutag yum hoino oor arga baihgui shuu dee. Eceg eh, elgen sadan naiz nohod, ireeduidee ur huuhdiin maan' amidral bolohoor.

Anonymous said...

Таны блог, бичлэгүүд сонирхолтой юм аа. Харин тухайлан энэ бичдэгийн зарим дүгнэлттэй хувьдаа санал нийлэхгүй байна л даа. Хэ хэ хэ. Энхбаярыг дэмжинэ гэдэг хуучин нийгмийг санагалзаж, магтан дуулна гэсэн үг биш шүү дээ. Би жишээ нь саяны сонгуулиар Энхбаярыг дэмжсэн. Гэхдээ би ардчиллын үнэт зүйлсэд дуртай, соёл иргэншлийн ололтуудыг хүртэж яваа нэгэн. Бас үзэл бодлын олон ургальч байдлыг хүндэтгэдэг, бас ойлгодог ч нэгэн гэж өөрийгөө боддог. Нэг форум дээр "Энхбаярыг дэмжсэн олон нийтийн танил хүмүүс бүгд биеэ үнэлэгч, хөгийн янхнууд" гэсэн байсан. Үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг ингэж болохгүй шүү дээ. Эсвэл ингэж хэлүүлэхээсээ айгаад амаа хамхиад бэмбэгэнээд явж байх ёстой юм бол уу. Тэгвэл ёстой нөгөө хуучин нийгмээс ялгаа юу байна. Ер нь ажиглаад байхад (энэ миний хувийн ёстой хувийн бодол шүү!) манай улс төрийн хоёр хүчний талынхан, дэмжигчдийг харьцуулахад нэг тал нь арай хүлээц муутай, улс төрийн соёл багатай, үзэл бодлын маргаан өрнүүлж сураагүй, бүдүүлэгдүү, хэдэн үг солиод л хараал урсгаад эхэлдэг, маргалдахаараа нөгөө хүнээ элдвээр дуудаг эхэлдэг нь түлхүү юм билээ. Асуулт.нэт форумд ийм байдал их ажиглагддаг. Магадгүй жаахан хүүхдүүд, омголон залуучууд дийлэнх нь болохоороо тэр байх л даа. Аман дээрээ ардчилал гэж орилдог ч гаргаж буй авир нь жинхэнэ большевик коммунист шинжтэй (өөр үзэл бодолд хүлээцгүй ханддаг гэсэн утгаараа) хүмүүс олон юм билээ.
Ер нь хаа хаанаа соёлжмоор байна л даа. Ахуйн хүрээнд ч, ухамсрын хүрээнд ч...
Энхбаяр гэдэг хүнийг 4 жил муулсаар байгаад сөрөг имижтэй болгосон. Баабар ах үүнд их үүрэг гүйцэтгэсэн л дээ. Одоо тэгээд Элбэгдоржийг тасралтгүй 4 жил бэлтгэлтэйгээр муулвал 4 жилийн дараа бас адилхан сөрөг имижтэй болчихсон явж байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид бүхэлдээ соёлжиж, улс төрийн маргааныг хэрүүл гүжирдлээс ялгаж, олон угальч үзэл гэдэг юмаа жинхэнэ утгаар нь ойлгож сурах хэрэгтэй байна. Ёох, баахан юм нуршаад сүүлдээ өөрөө залхаад зогслоо :D

peakfinder said...

kakadu>> Манайхаар зочилсонд баярлалаа. Миний хувьд хүмүүсийг бичсэн болгонтой маань санал нийлнэ гэж хүлээдэггүй ээ. Улс төрд хэнийг дэмжиж, хэний төлөө саналаа өгөх гэдэг тухайн хүний эрх юм чинь. Энхбаярын хувьд энэ бас л миний хувийн бодол. Энэ хүний хийж байгаа үйлдэл бүр өөрийгөө ямар нэг аргаар дөвийлгөж, магтуулах гэсэн хүслийг илтгээд байх шиг санагддаг болоод тэр. Бидний хувьд хамгийн гол нь үзэл бодлоо элдэв хараал ерөөлгүй соёлтой солилцож сурах нь чухал гэж боддогоо.
Танайхаар бас орсон, орчуулгын тухай бичлэгүүд чинь хүнд их хэрэгтэй сайхан болсон гэж бодсон шүү.