Monday, October 4, 2010

Аяны богц 4 -Булган сайхан хангай

Зүүн урагш аялж ирээд тун удалгүй олон жил ярьж төлөвлөсний дагуу Хөвсгөл нутгийг зорьсон юм. Хөвсгөл нутгийн уугуул дүүгийн найзыг дагаад 5 машин (над мэт дагуул олон байсан болно) явах сурагтай байсан ч заримынх нь ажил амжаагүй гээд бид түрүүлж гарваа. Хар замаар давхиж яваа улс юу байхав яах ийхийн зуургүй л Дархан, Эрдэнэт хүрчихдэг юм байна. Хэдхэн хоногийн өмнө явсан газар гандуу байсных уу Улаанбаатараас хойш ёстой л нов ногоон хивс дэвсчихсэн юм шиг газрын өнгө тун ч сайхан санагдаж явлаа. Зам хазайх тул Дархан орсонгүй наахнаас нь Эрдэнэт орох замаар салахад хэдэн хоногийн өмнө бороо орсон бололтой шавар шавхайгүй ч "ээ дээ яасан сайхан" гэж дуу алдмаар ногоон, хэтрүүлдэг хүнд бол шотланд нутгийн өнгийг санагдуулж байв гэж. Эрдэнэт гэж товхийсэн сайхан цэвэрхэн хот байдаг юм байна. Машин тэргийн бөглөрөө байхгүй, цэнгэг сайхан агаартай амьдарч болмоор газар уу даа гэх бодол өөрийн эрхгүй төрөх.















Эрдэнэтээс цааш жар далаад км яваад Булган хот, бас л сайхан цэвэрхэн тохитой хот байна лээ. Ингээд бодохоор монголын хамгийн заваан хот Улаанбаатар болчих гээд байнаа даа? Аймгийн төвөөс гараад удалгүй хар зам дуусахад аяны хэм илт буурах аж. Энэ хавьд сум, суурин, давааны нэрийг тодоор бичсэн замын самбарууд байсан нь олзуурхууштай санагдсан.






Булган аймгийн нутагт орж ирэнгүүт л таарсан айл болгон гүү барьсан харагдах бөгөөд таарсан айл бүхний айрагны амт гэж чихэр. Нээрээ л яахын аргагүй айрагтай нутаг мөн дөө. Бараг л айл бүрийн гадаа машин, нарны зай, том сателит антенна харагдах нь амьдрал бас муугүйгийн шинж болов уу. Ямар ч гэсэн ажилсаг хүн сайхан амьдраад байх боломж байдаг л юм байна гэж санагдсан.
Тал нутгийг бодвол мод ихтэй хангай газар зуны дүнзэн байшинтай айл их элбэг харагдсан, бас аргал түүнэ гэсэн ойлголт байхгүй бололтой.





Донсолсоор явтал газар нэг их хорогдсонгүй ч нар жаргах дөхөв. Араас ирэх улстай уулзахаар товлосон Уран тогооны ойролцоох жуулчны баазад буулаа. Энэ бааз Уран тогоо уулын хойхнотой уулын аманд өндөр дээвэртэй дүнзэн байшин, хэдэн жижиг гэр, бас хэдэн жижиг гурвалжин байшинтай товхийсэн бааз байна лээ. Нэр нь "Туст тур" гэсэн байхаа. Жижигхэн байшингуудынхаа хаалганы дээхнэ хөөрхөн жижигхэн нарны зайтай, тэр нь орой гэрэл асаахад хангалттай. Байшин дотроо зайтай, цэвэрхэн, 3-4 ортой, тун боломжийн. Нэг байшин 20000 төгрөг орчим байсан санагдана. Энд тусгайлан дурдсаны учир гэвэл баазын эзэд бас их ажилсаг сүрхий улс байсных юм. Би эхлээд тэр том байшинг баазын эздийн гэр болов уу гэж бодсон харин тэднийд амрагсдын хоолны газар юм байсан юм байна лээ. Хөөрхөн тохижуулчихсан, цэвэрхэн, хоолоо цаг хэрийн өмнө захиалаад идчихнэ. Өөрсдөө малтай тэр уулын амны доохно амьдардаг, бас цагаан идээгээ гайгүй үнээр зардаг юм байна лээ.



Араас ирэх улс маргааш нь ч сураггүй байсан тул тэр хавийгаа сонирхож Уран тогоо ууланд гарав. Нэг их өндөргүй ч уулын бэл орчимд буух гэж машин маань нэлээн уухилав. Яг орой уруу нь явган гарахад бас нэлээн зүтгүүлсэн. Насны хувьд Хоргыг бодвол нэлээн эртнийх бололтой тогоон дотор нь битүү ногоон өвс, бас бус мод ургачихсан, яг голдоо тогтмол устай. Ус нь газрын хий үнэртсэн эвгүй үнэртэй, тэр орчимд бас л нөгөө жижигхэн хөөрхөн мэлхий олон харагдана лээ. Хэдий түүх цаг оройтсон ч их гүзээлзгэнэтэй газар болов уу гэж санагдсан. Уулын оройд гарсан улс бас яахав сан тавьж сэржим өргөөд, орчин тойрноо харж нүдээ баясгаад буусан юм.










Оройхон зам нийлэх улс ирж нөгөө бааздаа хонoглоод маргааш өглөө нь Хөвсгөл далайгаа зорин хөдөлцгөөв.

7 comments:

Cаарал said...

ай даа...! гэхээс өөр хэлэх үг ч алгоо

Дeстини said...

Айраг ууяа. Толгой шийр бас идэх сэн.

Anonymous said...

Ochigdor tom hotuudiin hog haygdliin asuudliin tuhai chuhal nevtruuleg uzlee. UB manai 1 say hunii amidrliin tseg gazar hogoo tseverlehgui bol udahgui Beejingiin zamaar oroh bololtoi. Beejind odort 18000 tonn hog gardag zahiin horoololuud n gej yostoi hogon uurhai bolj duussan gazar baishd. Manaihan hyataduudiin aldaanaas surgamj avch tom jijig hotuudiinhaa hogiig mash bodlogtoi handahgui bol hog n ergeed hotoo suiruuldeg gamshigiig hyataduud uzej baigaa yum baina. Medeej ene asuudliig ted hezee ch niited delgedeggui harin amerikiin heden sergelen survaljilagch nar baruund delgejiine.

Barimalch

peakfinder said...

Cаарал >> Ай даа..
Дeстини >> Хэлээд юу гэхэв. Энэ зун ямар сайахн айраг ууваа гэсэн арааны шүлс асгарах нь.
Barimalch >> Бодох юм их байноо. Хамгийн түрүүнд хогоо бүр их сайн боловсруулдаг болмоор байгаа юм.

Жаагий said...

хэзээ явсан аяллын зураг вэ? нутгийнхаа зургийг үзээд сайхан болчихлоо. ойрд блогуудаар ороогүй их юмнаас хоцорсон догоо.

D.Battulga said...

Булган аймаг дахь Туст тур жуулчны баазын эзэн Д.Баттулга байна а. Манай амралтын газрын талаар блогтоо сайхан тэмдэгдэл үлдээсэнд уншихад их таатай байлаа. Манайхаар дахин тавтай ирж тухлан амраарай. Танд болон танай гэр бүлийнхэн найз нөхдөд аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе!

peakfinder said...

Д. Баттулга >>> Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Танд болоод таны гэр бүлд аз жаргал, амжилт хүсье.