Tuesday, October 12, 2010

Аяны богц 5 - Том болоод жижиг хүмүүсийн яриа

Түрүүний бичлэгүүдэд аяны замд олуулаа явсанаа дурдсан билээ. Замд ханьтай байх хол ойрын сонин, элдэв хошин явдал сонсох гээд тун зугаатай. Зугаатай санагдсан хэдэн яриаг энэ удаад тавилаа.

Бүл дүүгийн маань 4 настай хүү бидэнтэй нэг машинд явсан юм. Тэрбээр хэл яриа үеийнхнээ бодвол сайн хөгжсөн, ам хуурай байдаггүй бас дээр нь баахан дүрсгүй хүү. Нэг удаад буудалласан газар маань шумуул элбэгтэйн дээр дүүгийн хүүд шумуул бас их дуртай. Мань гадаа тоглож байснаа над дээр:
- Аниа шумуул хазчихлаа загатнаад байна тос түрхээд өгөөч гэж ирсэн юм.
- За, хаана байна тэр шумуул хазсан газар чинь?, хүү нуруугаа заав.
- Үгүй ийм зузаан цамцтай хүний нурууг яаж хазсан байнаа? гэвэл,
- Аниа, шумуул миний хүзүүний ханцуйгаар ороод л хазчихгүй юу даа.

Дүүгийн хүү, манай охиноос асууж байна:
- Чи хотод очоод хамгийн түрүүнд юу идэх вэ?, охин жаахан бодож байснаа,
- Моёожин!
- Үгүй ээ чи буруу хэлээд байна тэр чинь морозон байхгүй юу даа. Тэр хоёр хагас цаг хэртээ хэний зөв болох талаар маргаж, би маргааныг нь мөхөөлдөс гэдэг юм гэж тайлав.

Хөвсгөлд газарчилж өгсөн залуу нэг ийм онигоо (уг нь үнэн юм гэнэлээ) ярьсан юм.
Дээхнэ хоёр цаатан ууланд хоёр сар хэртээ ан хөөж нэг их олз олсон юмгүй, өлсөж ядраад нутгийн буриад айлд буув. Айлынхны хийж өгсөн таргийг ууж нам унтаад, өглөө хоорондоо ярьсан нь:
- Энэ айл ямар айхавтар архи өгчихөвөө чи бид хоёрт, ганц аяга уугаад тас үсэрсэн байна.
- Тэгэж их согтсон мөртлөө ерөөсөө шартахгүй их сайхан эд байна шүү, гэсэн гэнэ.

3 comments:

Tsatsral said...

Morozon gedeg n ih taalagdlaa, he he.

xvv said...

Зун хонины тараг уугаад халуун наранд унтвал тэр чигээрээ маний бадми хум болдог юм гэсэн. Тараг ер нь наркозны үйлчигээтэй гэдэгшд. Аяншиж ядарсан хоёр дулаан байшинд тараг уугаад нам яваа биз. Бас тараг уугаад нөгөө цагдаагийн үлээдэг юм үлээхэд архинаас бараг илүү өндөр гардаг гэдэг байх шүү.

peakfinder said...

Tsatsral>> Би бас зөндөө их инээж билээ. Эгдүүтэй золиг байдаг юм.
xvv>>Тийм байх л даа. Үүнийг хуучилсан хүн тайлбарлахдаа цаатангууд тараг бүрдэггүй болохоороо мэддэггүй юм гэсэн шүү.