Wednesday, October 6, 2010

Шинжлэх ухааны мэдээллийг олон нийтэд хүргэх нь

"Бага унтах тусам урт насална
Хоногт ердөө таван цаг унтахад хангалттай гэдгийг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд баталжээ. Тэд хоногт 5-6 цаг нойрсдог 500 гаруй хүнийг 14 жилийн турш судлан ийм дүгнэлтэд хүрсэн аж. Судалгаанд оролцогчид ихэнх хүмүүстэй харьцуулахад бага унтдаг ч бие эрүүл, оюун ухаан саруул хэвээр байсан байна.
“Хоногт наймаас доош цаг унтдаг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй гэдэг. Харин бидний явуулсан судалгаа үүнийг үгүйсгэлээ. Бага унтах тусам ихийг хийж бүтээж, эрч хүчтэй байж чадна шүү дээ” хэмээн Калифорнийн их сургуулийн Анагаах ухааны профессор Даниел Крипк ярьсан байна."

Нэг ийм мэдээ Өнөөдөр сонины цахим хуудсанд саяхан гарсаныг уншаад манайд шинжлэх ухааны ололт шинэ мэдээг олон нийтэд хүргэхдээ зүгээр л хаа нэгтэй гарсан мэдээ хуулаад тавьчихдагт эмзэглэж явдагаа бичихэд хүргэсэн юм. Гарчигнаасаа эхлээд хүнийг төөрөгдүүлсэн эн мэдээг жишээ болгоод яагаад ийм мэдээлэл бичихэд заавал мэргэжлийн хүний оролцоо хэрэгтэйг дурдах гэсэн юм.
1. Уг мэдээнд тухайн судалгааны ажил хэвлэгдсэн эсэх, хэвлэгдсэн бол ямар сэтгүүлд хэзээ хэвлэгдсэнийг огт дурдаагүй байх юм. Аливаа судалгааны ажлын чансааг хамгийн түрүүнд ямар сэтгүүлд хэвлэснээр нь дүгнэдэг. Жишээ нь эх мэдээнд дурдаснаар энэ үнэхээр том нээлт юм шиг санагдахаар, гэхдээ ийм том дүгнэлтэнд хүрэхэд хаана хэвлэгдсэн нь маш чухал. Science, Nature гэх мэтийн чансаа өндөртэй сэтгүүлд эсэвэл аль нэг нэрийг нь дуулаагүй сэтгүүлд хэвлэгдэх тэнгэр газар шиг ялгаатай.
2. Хоногт таван цаг унтах хангалттай гэдгийг баталжээ гэсэн байх юм. Уг судалгааны аргачлал тун бүдэг бадаг, 5-6 цаг нойрсдог 500 хүнийг 14 жилийн турш судалсаны үр дүнд баталгаанд хүрнэ гэдэг тиймэрхүү. Миний ойлгосноор бага унтдаг хүмүүсийг судалгаанд шилж авчээ. Энэ статистик талаасаа бүдүүлэг арга юм. Хүн хоногт төдөн цаг унтахад хэрэгтэй гэсэн ажиглалт мөн л ийм статистикийн аргаар тогтоогдсон байдаг. Харин бие хүний хувьд тухайн хүний удамшил, физиологийн онцлогоос хамаарч өөр байж болно. Жишээ нь, нүдний хор гаргах төдий унтаад болчихдог хүн байхад, 7-8 цагаа унтахгүй бол маргааш нь ажлын чадваргүй болчихдог над шиг хүн бас байх. Тэгэхээр энэ судалгаанд зөвхөн нэг төрлийн хүмүүсийг тусгайлан сонгосон болохоор гаргасан дүгнэлтийг баталгаа гэж хэлэхэд хэцүү болчихож байгаа юм. Хэрвээ их унтахгүй бол болдоггүй хүмүүсийг сонгосон бол судалгааны дүгнэлт өөр гарнаа даа?
3. Гарчиг нь бага унтдаг хүмүүс урт насалдаг гэснээс үүдээд энэ судалгаанд хамрагдсан хүмүүс өндөр настай хүмүүс байжээ гэж хувьдаа бодлоо. Тийм бол хүн хөгшрөхдөө ер нь л нойр багатай болчихдогийг тооцсон болов уу гэх асуулт зүй ёсоор гарна. Тэгвэл энэ хүмүүс залуудаа бас бага унтдаг байсан уу? Судалгааны хугацаанд унтсан цагийг яаж тооцсон бэ? 14 жилийн хугацаанд унтсан цагийг дунджилж авсан юм уу, эсвэл залуудаа унтсан цагийг бас тооцсон юм уу? Хэрвээ зөвхөн судалгаанд хамрагдсан үеийн үзүүлэлтийг тооцсон бол бас л өрөөсгөл болчих юм. Жишээ нь, хэн нэгэн залуудаа дунджаар 8 цаг унтдаг байжээ. Сайн амарч чадсан учраас тэрбээр идэвхтэй амьдарч, биеийн тамираар хичээллэдэг, тэр ч утгаараа эрүүл саруул байж. Харин нас ахиад нойр багасч хоногт ердөө 5 цаг унтдаг болжээ. Тэгвэл энэ хүний эрүүл мэндийн байдал хоногт тавхан цаг унтдагийн үр дүн мөн үү?
4. Судалгаанд оролцогчид ихэнх хүмүүстэй харьцуулахад бага унтдаг ч.. гэсэн байх. Тэр ихэнх хүмүүс гэдэг нь хэн бэ? Их унтдаг боловч ижил насны хүмүүс үү? Ийм харьцуулалт хийхдээ хэдэн хүн сонгосон бэ? гэсэн асуултууд бас хариугүй.
5. Бас дахин дурдах хэрэгтэй зүйл бол иймэрхүү судалгаанд оролцогчид асуултанд өөрсдөө хариулдаг нь бас л өрөөсгөл. Жишээ нь манай эмээ өглөө болгон шөнө унтаж чадсангүй гэж гомдоллосоор босч ирдэг. Шөнө болохоор хурхирах нь сонстоод яах аргагүй унтаад байх шиг. Хэрвээ надаас асуувал би манай эмээ 6-7 цаг унтдаг гэж хариулна, харин эмээ өөрөө огт унтаагүй гэж хариулна шүү дээ. Тэгэхээр судалгааны дүн бас л найдваргүй байгаа биз. Зөвхөн энэ тохиолдол ч биш, эпидэмиологийн судалгаанд оролцогчид өөрсдөө асуултанд хариулдаг болохоор зөвхөн үүнд тулгуурлаж дүгнэлт гаргах тийм ч чамбай байж чадахгүй. Харин оролцогчид тусгаарласан тасалгаанд 14 жил ажиглагчийн нүдэнд амьдарсан бол бас өөр хэрэг. Наад захын жишээ тамхичин хүнээс өдөрт хэдэн тамхи татдаг вэ гэж асуувал бодож байснаа хамгийн цөөхөн тамхи татсан өдрийнхөө тоог хэлэх жишээтэй.

Магадгүй эх ажил зөв сайн хийгдсэн байж болох ч Өнөөдөр сонинд тавьсан хувилбараар итгэж хүлээж авахад бэрх ажил болжээ. Гэхдээ мэргэжлийн биш хүмүүс өө тийм байдаг юм байна гэж хүлээж аваад бага унтах гэж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарахыг үгүйсгэж болохгүй. Тийм болохоор аливаа шинжлэх ухааны мэдээлэл ялангуяа эрүүл мэндтэй холбоотой мэдээлэлд тун хариуцлагатай хандаж, мэргэжлийн хүн оролцуулах шаардлагатай байгаа юм. Ер нь олонд алдартай том сонин сэтгүүлүүд ийм мэдээг тухайн салбарт судалгаа хийж байгаа хүнээр бичүүлэх юм уу, эсвэл хариуцсан сэтгүүлч ийм хүнтэй ярилцаж зөвлөгөө авдаг жишигтэй.
Зүгээр хаа нэг интэрнэтэд гарсан мэдээг халтар хултар орчуулж тавих нэгд уншигчдын боловсрол, цаашлаад хүний эрүүл мэндэд хохирол учруулах аюултай эд.
Ийм мэдээ New York Times сонинд гарчээ гэж бодъё. Мэдээг уншсан нэгэн итгээд унтах нойроо хассаны улмаас ажил дээрээ осолд орвол мэдээг тавьсан сэтгүүлчтэй зад заргалдаж хэдэн сая доллар нэхэмжлэн шүүхдэнэ шүү дээ.
Бас нэг жишээ Өнөөдөр сонин физикийн салбарт Нобэлийн шагнал авсан ажлыг атомыг нимгэн болгосон хэмээн бичсэн байх юм. Арай дэндүү байгаа биз. Нийтлэхээсээ өмнө ямар нэг физикийн багшаас зөвлөгөө авчихсан бол ийм бүдүүлэг болхи алдаа гаргахгүй л байсан. Энэ мэдээ оруулсан хүн маш залхуу нөхөр юмаа даа гэж би бодоод байгаа. өөрөө ойлгохгүй мэдэхгүй байж болно, гэхдээ ойлгож мэдье гэсэн бодол байхгүй нь тун харамсалтай.
Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд судлаач шинжээч хүмүүсийг гэрээгээр ч юм уу авч ажиллуулж, гарч байгаа мэдээгээ ядаж хянуулж байгаасай.

7 comments:

Anonymous said...

Ёстой голыг нь олж бичжээ Тэр сүүлийн "атомыг нимгэн болгосон" гэдэг ч арай дэндэнэ ээ Зузаан нимгэнээрээ атомын хэмжээтэй гэхийг үнэхээр хол зөрүүлж дээ Хэрэг алга Ойлгохгүй байсан юм бол ядаж хэт нимгэн гээд л авчихгүй

Cаарал said...

Дээрх мэдээллийн эх хувилбар нь энд явж байх шиг байна. Эх хувилбарыг монгол орчуулгатай харьцуулж харахад дээр дурдагдсан бүх асуудлууд тун тодорхой дурдагдсан байгааг харж болохоос гадна орчуулагчийн хэлний мэдлэгийн түвшингийн талаар дүгнэлт хийж болмоор. Манай сайтууд ихэвчлэн ашиг орлого олох боломж хязгаарлагдмал байдаг болохоор орчуулгын болон мэдээллийн чанарт тэр болгон анхаардаггүй юмшиг байгаа юм. Өнөөдөр сонин монголын өдөр тутмын томоохон сонин гэхэд арай дэндүү мэдээллүүд мэр сэр харагддаг. Хангалттай сайн орчуулж чаддаггүй юмаа гэхэд ядаж над шиг эх үүсвэрээ дурдаад яваад байвал зүгээр санагддаг юм.

Arsun said...

Атомыг давтаад нимгэлчихдэг айхтар улсууд юмаа манайхан.

Дeстини said...

Сааралын явуулсан линк-с ингэж ойлголоо.
1. Энэ судалгааны арга нь урьдах судалгааны аргаас өөр юм байна. Судалгаанд унталтыг хянах бугуйвч ашигласан юм байна (аман асуулга биш юм байна).
2. Нас ахиж, унтах цаг багассан ч санаа зовох хэрэггүй юм уу даа.

Тэгвэл сайн л байна.

Оогий said...

Ёстой хэрэгтэй мэдээлэл байлаа. Би ч бас өмнө нь таны шүүмжилсэн шиг юм л орчуулж байсан бичиж суудаг байлаа ш дээ. Ичиж үхмээр юмааа ...

peakfinder said...

Алтанхүү >> Голыг олж гэж магтсанд баярлалаа. Ийм юм уншаад чимээгүй байж чадсангүй. Миний хувьд ойлгоогүй юмаа бичнэ гэдэг хоосон мэдэмхийрэхтэй адилхан санагдаад байдаг юм. Гэхдээ энд ойлгох үгүй нь чухал биш дэндүү залхуу байгаа нь сэтгэл эмзэглүүлээд байх юмаа.
Cаарал >> Эх мэдээ нь арай өөр ойлголт өгч байгаа биз? Линк олж өгсөнд талархсан шүү. Чимээгүй өнгөрч чадаагүйн учир нь манай урдаа барьдаг том сонин шүү гэж бодсондоо тэр.
Arsun >> Хэлээд юу гэхэв.
Дeстини >>Уг нь тийм, орчуулга болохоор тэс өөр дүгнэлт тавьчихсан байх.
Оогий >>Нэг ч гэсэн хүнд хэрэг болж байгаа бол баярлана. Миний бодлоор иймэрхүү мэдээг мэрэгжлийн хүнтэй зөвлөж байвал зүгээр гэж бодоод л.

ganga said...

Эмзэглэж явдаг асуудлыг хөнджээ. Ойлгоогүй юмаа "орчуулчихдаг", бас биччихдэг, түүнийг нь хянаж харахгүй олон уншигчтай сонинд хэвлэчихдэг ...