Sunday, November 22, 2015

Түргэн хоолонд донтож болох уу?

(Таргалалт болоод түргэн хоолны талаар бичиж байгаа ухаантай. Тэрнээсээ хэсэгчлэн оруулав.)
Сайхан хоол идэх амьдарлын сайхан мэдрэмжүүдийн нэг. Бидний хувьд наадмын хуушуур, битүүний бууз, зуны хорхог гээд бодох бүрд идмээр санагддаг хоол олон бий. Сүүлийн үед дэлхийн олон оронд хүмүүс түргэн хоолонд дуртай болсон. 1950-иад оны үед АНУ-д гадуур хооллож байгаа хүмсүүсийн 4% нь л түргэн хоол иддэг байж. 1994 онд энэ тоо 34% болж нэмэгджээ. Өнөө өдөр бүр америкчуудын 30% нь түргэн хоолны газар хооллодог бөгөөд МакДоналдс өдөрт 46 сая америкчуудыг хооллодог гэсэн тоо байх юм. Америкчуудын хувьд түргэн хоол бидний хувьд бууз хуушуур шиг байр эзэлдэг юм биз гэтэл дэлхийн олон оронд түргэн хоолны хэрэглээ өссөөр л байгаа. Хөгжингүй орнуудад түргэн хоол хямд учраас хэрэглээ нэмэгдэж байна уу гэтэл хөгжиж буй орнуудад (манайх бас энд орно) түргэн хоол тийм хямд байж чадахгүй. Наад захын жишээ манайд KFC-д хооллох, хэдэн бууз юм уу хуушуур аваад идчих үнийн хувьд том ялгаатай. Эрүүл хооллолтоос тэс хол, тэгээд үнэтэй түргэн хоолонд хүмүүс яагаад дурлаад байна вэ? Түргэн хоолонд дурлах нь нэг төрлийн дон болчихсон гэсэн үг үү?
Хүний тархи, мэдрэлийн эсний сүлжээнд сэтгэл ханамж маш чухал үүрэгтэй. Чихэр идэх, бэлэг авах гэх мэт үйлдлүүд тархинд сэтгэл ханамжийн дохио өгөгч үйлдлүүдийн жишээ болно. Энэ сэтгэл ханамж авах үйлдэл хүний амьдралд чухал үүрэгтэй юм. Үүнтэй холбоотой нэг жишээ дурдъя. 2007 онд таргалалтын эсрэг римонабант хэмээх эм туршигдсан юм. Энэ эм канабинойдын эсрэг үйлчилгээтэй бөгөөд ерөнхийдөө сэтгэхүйн урамшуулал, сэтгэл ханамж авах чадварыг хаадаг. Өөрөөр хэлбэл хэрэглэсэн хүн хоол идэхдээ таашаал авах чадвар буурна, тэр хэмжээгээр хоол идэх дуршил багасна, жин хасна гэсэн үг. Туршилтанд оролцогчид ихэнх нь амжилттай турсан боловч нийт оролцогсдын 20%-д нь сэтгэцийн таагүй үйлчлэл илэрсэн юм. Ихэнх тохиолдол сэтгэлийн гүн гутрал хямрал байсан бөгөөд амиа хорлосон тохиолдол ч хэд гарчээ. Ингээд энэ эм батлагдаж чадаагүй.
Хүний тархины суваг судлууд ерөнхийдөө сэтгэлийн ханамж, таашаал авах зорилоготой програмчлагдсан байдаг. Дээрх жишээгээр энэ таашаал үгүй болчихоор амьдрах сонирхол үгүй болчихно. Таашаал үгүй бол хоол идэх сонрихол үгүй, үр удмаа үлдээх нөхөн үржих үйлдэл үгүй гээд тоочиж болно л доо. Энэ нь мөн л байгалийн шалгарлын үр дүн гэж хэлж болох юм. Үүний сүүдэртэй тал нь архи, тамхи, хар тамхинд донтох чадвар.
Хүний тархины таашаал урамшууллын систем хоорондоо холбоотой тархины хоёр хэсгээс тогтоно: ventral tegmental area (VTA), nucleus accumbens (NA; таашаал авах төв ч гэж бас нэрлэдэг). Таашаалтай мэдрэмж дээрх системд допамин ялгарч хүртэхүй рэцэптортэйгээ холбогдоход төрнө. Допамин рэцэптор нь таашаалтай мэдрэмжийн цоож түлхүүр гэж ойлгож болно.
Хоол идэх нь таашаал авах нэг л суваг/үйлдэл юм. Энэ энергийн төлөв байдал нэг их чухал биш харин дуртай хоолоо идэж таашаал авах хүсэл илүү чухал. "Зөндөө идээд цадсан байгаа ч тэр бялуу яасан сайхан харагдаж байнаа" гэсэн бодол. Гэхдээ энэ суваг зөв ажиллаж байгаа үедээ цатгалан байгаа учраас тавагтай хоолоо дуусгах хэрэггүй шүү гэж бас сануулдаг. Ямар нэг байдлаар гажсан тохиолодолд харин дуртай юмаа зогсоо зайгүй идэх үйлдлийг дэврээж таргалуулах эрсдэл бий.
Лабораторид хулгана харх мэтийн мэрэгч амьтад амттай (жигнэмэг мэтийн чихэр тос ахиу) тэжээл идэхэд допамин ялгарч байгаа учир таашаалтай мэдрэмж төрнө. Энэхүү таашаалтай мэдрэмж авахын тулд дээрх мэрэгч амьтад дахин дахин иддэг. Эндээс хийсэн 3 ажиглалт:
1. Допамин ялгаруулах үйлдэл бүхэн таашаалтай мэдрэмж төрүүлнэ.
2. Допамин биеэс зайлуулагдахад таашаалтай мэдрэмж үгүй болно.
3. Таашаалтай мэдрэмж ихээр төрөх нь тархи мэдрэлийн системийн мэдрэх чадварыг допамины рэцэпторын тоог цөөрүүлэх замаар ихэсгэнэ. Допамины рэцэпторын тоо цөөрөхөд ижил хэмжээний таашаал авахын тулд илүү их допамин хэрэгтэй болдог. Илүү их допамин ялгаруулахын тулд таашаал өгч байгаа үйлдэл илүү их шаардлагатай. Өөрөөр хэлбэл илүү олон жигнэмэг идэх хэрэгтэй гэсэн үг. Энэ нь аливаа юманд донтох зам юм.
Энэ утгаараа хүн идэхийн дон, архи тамхинд донтохтой адил тусч болох юмаа гэсэн дүгнэлт хийж болох нь. Донтолт юу гэдгээсээ хамааралгүй нэг л сувгаар бий болдог учир нэгэнт энэ суваг идэвхжсэн бол өөр юманд дурлах донтох амархан болдог. Наад захын жишээ; архинд автсан хүн болихоороо тамхи их татдаг ч юм уу, тамхинаас гарсан хүн чихэр идэх, бохь зажлах нь ихэсдэг гэх мэт.
Энд дахиад лэптин инсулиний оролцоо бас бий. Жирийн төлөв байдалд хүн хангалттай хоол идсэний дараа лэптиний дохиолол цадсаныг мэдэгдэхээс гадна тархинд допамин ялгаруулахаа зогсоо гэсэн мэдээлэл дамжуулдаг. Харин хүн хэт тарган бөгөөд лэптин мэдрэх чадвар муу бол яах вэ? Лэптиний дохиолол ажиллахгүй бол допамины үйлчилгээ үгүй болохгүй, хоолны дуршил буурахгүй. Тархинд өлсгөлөн бас таашаал авах хүсэл байхад ердөө тэвчээр заагаад хоолоо хасчихна гэж бодох нь арай гэнэн үйлдэл биш гэж үү.
Инсулиний оролцоо энд бас бий. Инсулин тархинаас допамин зайлуулах үүрэгтэй. Хооллох үед инсулиний төвшин нэмэгдэх нь бас л таашаал авах процессийг бууруулж, хүн "би цадсан байна, хоол нэмэх шаардлага алга" гэж боддог. Тарган хүний инсулин мэдрэх чадвар муу, тэгэхлээр нөгөө таашаал авах хүсэл сонирхол буурдаггүй ээ л гэсэн үг.
Инсулин, лэптин мэдрэх чадвар муу байх нь зөвхөн хоолны дуршил нэмэх биш бүр амттай хоол (чихэрлэг, тослог) идэх хүслийг улам нэмдэг байна.

3 comments:

Anonymous said...

bi 30 kg iluudel jintei. tanii suuliin uyiin bichleguudees bolood yagaad ideh geed bdagiinhaa uchir shaltgaaniig olj medeed iluudel jinteigee temtseh husel turj iluu medlegtei bolj nuhatstai bodoh bolson. uchnuun sonsson unshsan ch neg l tolgoid ordoggui zuilsiig ingej bazaad oilgomjtoi bolgoj bichdegt tani bayarlalaa tand. sain uils buhe delgereh boltugai.

Тэмээчин бүсгүй said...

Манайхан түргэн хоолонд дурлаж байгаа нь нөгөө л гадны юмыг гоё гэж бодож, дуурайдаг ядуу сэтгэлгээ яваад байна гэж ойлгодог.

Anonymous said...

uuchlaarai ta ymr mergejiltei hun be? hool sudlaach, eruul hoolloltiin mergejilten uu