Wednesday, November 4, 2015

Гурил, цагаан будааны хэрэглээ

(хүсэлтийн хариу)
Гурил, цагаан будаа бага хэрэглэ гэдэг болсон байна, энэ талаар бичлэг оруулж өгнө үү гэсний дагуу хэдэн үг бичээдэхье. Дээхэн үед цагаан будааны хэрэглээ, чихрийн шижин өвчний хамаарын тухай нэг жижигхэн бичлэг хийсэн байгаа.
Хүний иддэг хүнсний гурван бүрэлдэхүүн хэсэг нь өөх тос, уураг, нүүрс ус юм. Хүний бие элдэв доголдолгүй зөв ажиллахад энэ гурав гурвуулаа чухал. Бидний идсэн хоол хүнс бодисын солилцоо, энерги шилжих процессоор эхлээд ходоодонд, цаашлаад нарийн гэдсэнд задарч, гэдэсний ханаар шимэгдэж, цусаар дамжин элгэнд хүрдэг. Элэг өөх тоc, уураг нүүрс усыг (энэ үед задраад глюкоз, фруктоз хэлбэрээр байна) тухайн үеийн энергийн шаардлага бас бус нөхцөлийг харгалзан үзээд зарцуулж ("шатаах") эсвэл өөхөн нөөц болгон хадгалдаг. Хүний үгүй ер нь л амьд организмын  энергийн тэнцвэр бол амьд явах баталгаа шүү дээ. Энерги дутвал амьдрал байхгүй, тиймээс хүний бие энергиэ нөөцлөх их дуртай. Нөөцөлсөн энергиэ зарахдаа маш хойрго. Гарч орж байгаа энергийн тэнцвэр нэг их хэлбийхгүй бол хүний бодисын солилцооны үзүүлэлтүүд сайн, эрүүл байна гэсэн үг. Илүүдэл маань таргалуулна, таргалах нь бодисын солилцооны доголдол эмгэгтэй хамааралтай байдаг (дандаа биш). Бодисын солилцооны эмгэгт чихрийн шижин, цусны даралт, зүрх судасны өвчин ордог.
За өөх нөөцлөх гол үүргийг хүний биед инсулин гэх даавар биелүүлдэг. Хүмүүс инсулинийг чихрийн шижинтэй холбож цусны глюкозны хэмжээ бууруулах төдий үүрэгтэй гэж боддог ч хүнийг өөхлүүдэг гол тоглогч нь энэ юм.
Хоол идсэний дараа цусан дахь нүүрс ус, өөх тос, уургийн хэмжээ нэмэгдэхэд нойр булчирхай инсулин ялгаруулна. Инсулин илүүдэл өөх тос, уураг, нүүрс усыг нөөц болгон цуснаас зайлуулна. Цусан дахь хэмжээ их байх өөрөө өвчний шинж тэмдэг шүү дээ.
Инсулиний хэмжээ хүний биеийн жингийн индэкстэй хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл инсулин их байх тусам хүн тарган байна гэсэн үг. Инсулин өөхөн нөөц бий болгогч болохоор мэдээж тийм. Инсулиний хэмжээ хүний бодисын солилцооны эрүүл мэндийн чухал үүүлэлт юм. За одоо гурил будааны хэрэглээ энд ямар хамаатай вэ гэхээр, гурил будааны гол бүрэлдэхүүн нь цардуул. Цардуул нь олон глюкозноос тогтсон нийлмэл чихрийн молекул. Гурил будаа ходоод гэдсэн амархан задарч (шингэц сайн гэж хүмүүс сайшаах нь бий), цусан дахь глюкозны хэмжээг огцом өсгөдөг. Цусан дахь глюкозны хэмжээ огцом өсөхөөр инсулиний хэмжээ огцом өснө. Огцом өссөн инсулин глюкозыг нөөцлөөд цаана нь өшөө юу байна гэж хайхаар хүн өлсдөг. Тэгэхээр хүнийг их идүүлэх нь. Ингээд инсулин ихээр биед яваад байх нь тийм сайн биш. Эсүүд инсулиний их хэмжээнд дасан зохицохын тулд инсулиний рэцэпторын тоогоо цөөлчихнө. Үүний дүнд хүний инсулин мэдрэх чадвар доройтно. Инсулин мэдрэх чадвар муудахаар цуснаас глюкоз зайлуулахад илүү их инсулин хэрэгтэй болно. Ингээд удаан явбал нойр булчирхай ачааллаа дийлэхгүй инсулин нийлгэжүүлэх чадалгүй болно. Чихрийн шижин өвчин ингэж эхэлдэг.
Зүгээр гурил бидаа ч биш ер нь инсулин огцом өсгөх хүнсийг аль болох бага хэрэглэх, хэрэглэсэн тохиолдолд муу нөлөөг нь бууруулж чадах эслэг ихээр агуулсан ногоо жимс ихээр хэрэглэх хэрэгтэй л дээ. Эслэг нарийн гэдэсний хананд шүүр маягийн давхраа бий болгоод нүүрс ус, уураг, өөх тос шимэгдэх хурдыг сааруулдаг. Ингээд хурд саарахаар инсулиний хэмжээ огцом өсөхгүй, элэг, нойр булчирхайн ачаалал нэмэгдэхгүй гэсэн үг. Ингэхээр бүтэн үрийн гурил, будаа хэрэглэх нь зүгээр, учир нь бүтэн үр хивэгний эслэгээсээ салаагүй байдаг.
Сүүлийн үед хүнсний хэрэглээний зөвлөгөө нөгөө нүүрс ус голдуу байх пирамидаа болиод, хоолны 1/4 нь цардууллаг нүүрс ус, 1/4 уураг, үлдсэн нь эслэг агуулсан ногоо жимс болж өөрчлөгдсөн байна лээ шүү.
Ийм учиртай. Будаа их хэрэглэдэг азийн орнуудад их бага идсэнээс хамаарч чихрийн шижин өвчний эрсдэл хэлбэлздэг. Ногоо бага хэрэглэдэг монголчуудын хувьд бас бодох л асуудлын нэг.
Нэг их сунжирсан юм болчихов уу. Асууж тодруулах юм байвал сэтгэгдлээр үлдээнэ бизээ.

1 comment:

Anonymous said...

Bayarlalaa,sonirholtoi um bn.