Thursday, October 8, 2015

Хэнд юунд хэрэгтэй гэж

Өмнөx бичлэгт маань атомын жижиг хэсэг масстайг батлах хэнд юунд хэрэгтэй юм гэж асуужээ. Би хувьдаа шинжлэх ухааны нээлт бүхэн чухал гэж боддог. Хэдий бидний цуглуулсан мэдээлэл асар их гэлээ ч тайлбарлаж чадахгүй олон асуудал байсаар л байгаа. Би онолын физикч биш, нарийн ширийн асуудлыг тайлбарлаж чадахгүй байх гэхдээ дээрх асуултанд уншсан, сонссон болоод өөрийм мэргэжлийн туршлагаас санаа аваад хариу өгөх гэж оролдъё.

1. Ер нь атомын жижиг хэсгүүдийг судлах ямар хэрэгтэй юм бэ? Атомын бүтцийг ойлгох нь хамгийн түрүүнд байгал дээрх процессийг ойлгож, тайлбарлах цаашлаад ашиглахад маш хэрэгтэй. Химийн урвалыг багцаалаад атомууд хоорондоо холбогдож нэгдэл бий бий болгох эсвэл ямар нэг атомын нэгдэл задрах гэж тодорхойлбол ийм урвалгүй юм бидний эргэн тойронд байхгүй. Чухам ямар атомууд хоорондоо нэгдэх эсвэл задрах вэ гэдгийг атомын бүтэц өөрөөр хэлбэл атомыг бүтээдэг жижиг хэсгүүд тодорхойлно. Сургуульд тоймлоод протон, неитрон, электрон гээд заадаг. Цаана хүмүүс бага мэддэг маш олон хэсгүүд бий. Жишээлбэл, неитрино (өмнөх нийтлэлд дурдагдсан), пион, кваркс, ламбда барион, хиггсийн босон (нээсэн хүн нь 2 жилийн өмнө салбарынхаа Нобэлийн шагнал хүртсэн) гээд урт жагсаалт бий. Чухам эдгээр хэсгүүдийн шинж чанар ямар урвал хэзээ хаана явах вэ, ямар энерги зарцуулагдах/ялгарах вэ гэдгийг тодорхойлно. Химийн урвалын механизмыг ойлгох нь зөвхөн байгалийн процессийг тайлбарлаад зогсохгүй техник технологийн салбар, анагаах ухаан, бүх төрлийн үйлдвэрлэл, эрчим хүчний эх үүсвэрийн судалгаанд маш их ач холбогдолтой.
Анагаах ухааны салбараар жишээ авъя л даа. Шинэ эм бүтээх, үйлдвэрлэх нь тэр чигээрээ химийн процесс. Шинэ синтетик бодис гаргаж авах эсвэл байгалийн түүхий эдээс хэрэгтэй бодисоо ялгаж авахдаа химийн урвал дээр суурилсан технологи хэрэглэж байгаа. Цаашлаад орчин үеийн оношлогооны технологи мөн энд хамаарна; MRI, компьютерийн оношлогоо мөн л атомын жижиг хэсгүүдийн шинж чанарт тулгуурласан аргууд.
Бүр гэр зуурын цахилгаан хэрэгсэл, шинэ материал гээд тоочоод байвал барагдахгүй. Ер нь химийн урвал хэрэггүй юм юу вэ гэвэл илүү богино жагсаалт гарах биз.
2. Тухайлаад неитриногийн тухай хэдэн үг хавчуулаад орхиё. Мэргэжлийн биш учраас нарийн ширийн тайлбар хийж чадахгүй. Миний ойлгож байгаагаар неитриногийн нээлт энергийн спектр болоод цөмийн бэта задралыг тайлбарлахад хэрэг болсон гэдэг. Цөмийн задралд оролцдог гэхээр цөмийн энергийн салбарт тун чухал. Масстай массыг тодорхойлохын хэрэг юу вэ? Энерги масс 2 хоорондоо нарийн хамааралтай. Тэгэхээр цөмийн задралыг судлахад хэрэгтэй байх нь. Цөмийн энергийг өнөө ашиглаж байгаа ч жолоодож чаддаггүй нь энергийн том эх үүсвэрээс татгалзах үндэс болчихоод байдаг. Тэгэхээр ийм судалгаа хэрэгтэй.
Нөгөө талаар неитрино чинь маш жижиг, масс тодорхойлох нь тийм амар асуудал биш. Ямар ч байсан атомоос салгаж авчраад жинлүүр дээр тавьж болохгүй. Тиймээс судлаачид маш нарийн багаж хэрэгсэл зохион бүтээж, нарийн бодож боловсруулсан томьёолол хэрэглэсэн байж таараа. Энэ болохоор цэвэр хүний оюун ухааны чадамж, тийм ч учраас үнэлэгдэх ёстой зүйлүүдийн нэг.
Дутуу нэмчихмээр юм байвал бодлоо үлдээгээрэй, баярлана шүү. Би нь хүүхэд унтах хооронд хам хум иймэрхүү юм сараачив.

1 comment:

Anonymous said...

100 гаруй жилийн өмнө электроныг нээхэд хүмүүс бас яг ингэж асууж байсан гэдэг. Хэрвээ бид электроныг олж мэдэж чадаагүй гэж үзвэл компьютер, телевиз, өөр юу байдын өч төчнөөн технологи бидний амьдралаас арчигдах байсан. Яг энэ шиг одоогоос 100 жилийн дараа юу болох нь их сонирхолтой.