Sunday, June 12, 2016

Шэрри


Сүүлийн үед ийм ундаанд дурлаад байгаа. Шэрри гэж настай улсын унтахынхаа өмнө ганц хундага уудаг чихэртэй дарс гэж боддог байж билээ. Номноос л уншиж тийм төсөөлөлтэй болсон юмдаг уу даа. Гэтэл их чихэртэй, чихэргүй, сай, муу гэж их олон янз байнаа. Чихэргүй хуурай шэрри намайг хүүхэд байхад аавын минь хааяа хийдэг байсан хар чавганы дарстай ойр санагддаг. 
Шэрринд дурласан түүх энд ирээд найзалсан испани гэр бүлтэй холбоотой. Яагаав эхнэр нь манайд төрсөн тухай дээр бичиж байсан даа. Шэрри бол Испанийн Андалуз нутгийн цагаан усан үзэм дарж хийсэн ундаа гэнэ. Гол төлөв Паломино гэх үүлдрийн усан үзэм хэрэглэдэг бөгөөд арай хатуу Амонтиядо эсвэл Олоросо нэртэй шэррийг модон торхонд хөгшрүүлдэг юм байна. Шэрри гэсэн нэр испанийн Jerez гэсэн нэрний англичилсан хувилбар. Британичууд шэрри их уудаг болохоор энд төрөл бүрийн шэрри худалдаж авах боломж бий. Франц тэр бүү хэл Испанийн хойд хэсгээр явж байхдаа сүпэрмаркэтаас шэрри хайгаад олоогүй, хаа сайгүй байж л байдаг эд биш юм шиг байгаа юм. 
Өчигдөр өнөөх найзууд маань хариад ирсэн гээд нэг ийм шэрри авчирч өгөв. Хийдэг нутгаас нь шилж авчирсан юм хойно сайхан юмөө. Унтахынхаа өмнө жаахныг уухад сайхан санагддаг нь миний хөгширч байгааг л харуулаад байнаа даа. 

2 comments:

Anonymous said...

Тэгээд энэ нэг шил (0.5? or 0.75?) шеррийг хэд хоног уух вэ?

Unknown said...

Сайхан зусч байна уу? Танаас нэг зүйл хүсье. Brexit-ийн талаарх жирийн британичуудын хандлага ямар байгаа талаар хуваалцах боломж байна уу? Баярлалаа...